Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00997

 

Т.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00015 дугаар магадлалтай

Т.Д-ы нэхэмжлэлтэй

Ш-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 4 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Алмагүл, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ш-д манаач, галчийн ажилд орсон. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл манаач болон галчийн ажлыг тогтвортой хийж ирсэн. Ажил олгогч эмнэлгийн дарга М.Алмагүл нь намайг үзэл бодлын хувьд хавчиж, гадуурхан хууль бусаар халсны дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс намайг эгүүлэн тогтоож, ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон.

Гэтэл ажил олгогч М.Алмагүл нь гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад надад ажил өгөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 сар ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор болох 4 200 000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч нь “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжилсэн мөнгөө нэхэхгүй байх, хариуцагч нь Т.Д-ыг галчаар авч, гэрээнд заасан цалин хөлсийг олгох”-оор тохиролцсон Эвлэрэн хэлэлцэх тухай гэрээг шүүхэд өгч, энэхүү гэрээг үндэслэж, эвлэрэн хэлэлцэхээр шийдэж өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ш-өөс 2 821 336 төгрөгийг гаргуулан Т.Д-д олгож, илүү нэхэмжилсэн 1 378 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш-өөс 60 091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00015 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00015 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж ойлгоод доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Д-ы Ш-өөс ажилгүй байсан хугацааны цалин гэх 4 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ тус төвд улирлын чанартай зөвхөн 10 дугаар сарын 01-нээс дараа жилийн 5 дугаар сарын 01-ний хүртэлх 6 сар галчийн ажил хийдгийг байнгын ажиллагаатай ажилтан мэтээр ойлгож түүний зуны улиралд Казахстан Улсад хувийн ажлаар явж байсан саруудыг нэмж түүнд манай төвийн санхүүгээс 2 821 336 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бид тус аймгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд маш тодорхой зааж, шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбараа ярьсан боловч бидний гомдол, тайлбарыг уг магадлалд буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн найруулах боломж байсаар байхад шүүхийн шийдвэрт Т.Д-ы манай төвөөс авах ажилгүй байсан цалин хөлсийг 710 000 төгрөг байх ёстойг /6 сар х23 511 төгрөг -700 000 төгрөг =710 666 төгрөг/ анхан шатны шүүхийн буруу тооцсон 2 821 336 төгрөгийг хэвээрээ баталсан тул бид дээд шатны шүүхэд ийнхүү гомдол гаргаж байна.

Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Ховд голын нөгөө талд буюу аймгийн төвөөс 4-5 км газарт айлын хорооллын дунд байрлалтай оршдог бөгөөд 10x9 метр кв талбайтай 2 давхар жижиг байрт үйл ажиллагаа явуулдаг юм. Т.Д- нь манай эрүүл мэндийн төвтэй хийсэн хөдөлмөрийн гэрээ болон тус төвийн дотоод журамд зааснаар улирлын чанартай галчаар ажилладаг хүн. Манайд галчаар ажилладаг 3 галчийн Т.Д-аас бусад 2 нь адилхан улирлын чанартай ажил хийдэг хүмүүс тул хөдөлмөрийн гэрээнд заасан цалин авдаг юм. Бид энэ талаарх нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргах гэж байтал шүүх хуралдаан гэнэт зарлагдсан тул бэлдсэн нотлох баримтаа өгч чадаагүй, шүүх хуралдаанд ч оролцож чадаагүй. Үүнийг бид давж заалдах шүүх хуралдаанд гаргасан давж заалдах гомдолдоо тодорхой заасан тул энэ удаад дахин давтан бичих шаардлагагүй гэж үзлээ. Та бүхэн бидний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой сайтар танилцана гэдэгт итгэлтэй байна.

 

Нөгөө талаар Т.Д-ы анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсний дараа тэрээр өөрөө ирж эвлэрэх талаар гэрээ хийе гэж хэлснээр бид эвлэрлийн гэрээ байгуулаад уг гэрээг анхан шатны шүүхэд өгсөн тэр өдөр би авах ёстой ажилгүй байсан хугацааны цалинг авна, тооцоогоо тэгж байгаад дуусгая гэж хэлэхээр нь бид түүнд 6 сар ажилгүй байсан 1 410 666 төгрөгөөс эхний удаад нь 700 000 төгрөг олгож үлдсэн 710 666 төгрөгийг дараа сард нь өгөхөөр өөрт нь тохиролцсон юм. Гэтэл Т.Д- нь уг 700 000 төгрөг авчихаад шүүхэд өгсөн нэхэмжлэлийг сая байгуулсан эвлэрлийн гэрээгээр биш шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүхийн нарийн бичиг бид нарыг дуудаж Т.Д-ы шүүхэд гаргасан уг хүсэлтийн нэг хувийг гардуулснаар мэдсэн бөгөөд шүүхийн туслах гарын үсэг зур гэсэн хуудсанд гарын үсэг зураад явсан юм. Тухай үед би Т.Д- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг танилцуулж байгаа юм байх гэж бодоод гарын үсэг зурсан мөртлөө уг хуудасны дээд талд байгаа үгийг уншаагүй юм. Тухайн үед нарийн бичгийн дарга Т.Д-ы гаргасан хүсэлтийн нэг хувийг бидэнд гардуулж өгсөн тул шүүх хуралдааны зар гэж ойлгоогүй. Тэгээд ч тухайн цагт эмч Алмагүл би хүнд хүүхдийн дуудлагад явах гэж маш их яаран явж байсан. Гэтэл миний гарын үсэг зурсан уг хуудас маань шүүх хуралдааны товыг бичсэн мэдэгдэх хуудас байжээ. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед шүүхийн нарийн бичгийн дарга гэх нэг хүн утсаар “шүүх хурал 10 минутын дараа болно” гэж ярихаар нь би голын цаанаас 4-5км гүйж ирэх хүртэл 10 минут болчихоод шүүх хуралдаан эхэлчихсэн тул шүүх хуралдаан эхэлсэн гэж намайг оруулаагүй тул би шүүх хуралдаанд оролцож чадаагүй юм.

Тус аймгийн шүүхийн 212/МА2018/00015 дугаартай магадлалыг аваад бид сая Т.Д-ыг өрөөндөө дуудаж авчраад шүүхийн шийдвэрт заасан төгрөгийн тооноос таны шүүх хуралдаан болохоос өмнө, таны нэхэмжлэлийг шүүх хянан шалгаж байх үед олгосон 700 000 төгрөгийг хасаж үлдсэн мөнгийг таны анх тохиролцсоноор өгье, одоо хэн хэн ч дээшээ доошоо гомдол гаргахгүйгээр тооцоогоо дуусгая гэж учирлахад тэр хүн маань тэгж ярихгүй би шүүхийн шийдвэрт заасан төгрөгийг л авна, авсан 700 000 төгрөгийг хасуулахгүй гэж гараад явсан тул би шүүхийн шийдвэрийн албаны хүмүүстэй уулзаж Т.Д-ы урьд авсан 700 000 төгрөгийг хасаж тооцох боломж байна уу гэж лавлахад тэд бидэнд шүүхийн шийдвэрээс хасах ямарч боломж байхгүй гэж хариу өгсөн тул анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахыг хүсэж гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт: Энэхүү хяналтын журмаар гаргасан гомдол нь хяналтын журмаар гомдол гаргах журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.4-т заасны дагуу гомдлыг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж өгнө үү.

...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн хяналтын журмаар гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан юм. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэсэгчлэн хангахдаа хууль зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Д- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарны 02-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ш-ийн галчийн ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 200 000 төгрөгийг  гаргуулахаар Ш-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч нь зохигчид эвлэрсэн үндэслэлээр талуудын эвлэрлийг батлуулахаар “Эвлэрэн хэлэлцэх тухай гэрээ”-г шүүхэд өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээг дэмжсэн, татгалзсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үндэслэлээр эвлэрэх боломжгүй гэх үндэслэлээр эвлэрлээс татгалзсан тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаас 2 821 336 төгрөгийг хангаж, хариуцагчаас гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх ба давж заалдах шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагч Ш нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээ дэмжиж мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд “...ээлжийн ажилтай ажилтанд олговрыг буруу тооцож олгосон, нэхэмжлэгч нь өөрөө эвлэрэх хүсэлт гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 700 000 төгрөгийг авсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Алмагүл, түүний өмгөөлөгч Т.Байгонак нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Ш- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД