Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00015

 

    Т.Д-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэртэй, Т.Д-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Ш” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч Т.Байгонак  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны олговорт 4200000 төгрөг гаргуулах” тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “Ш” өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл манаач болон галчийн ажлыг тогтвортой хийж ирсэн. Ажил олгогч эмнэлгийн дарга М.А нь намайг үзэл бодлын хувьд хавчин гадуурхан хууль бусаар халсны дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс намайг эгүүлэн тогтоож, ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл ажил олгогч М.А нь гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад надад ажил өгөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 сар ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор болох 4.200.000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “Ш” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2821336 төгрөгийг гаргуулан Т.Д-д олгож, илүү нэхэмжилсэн 1378664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай “Ш” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дугаартай шийдвэрийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Т.Д-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсны дараа Т.Д нь эвлэрэн хэлэлцэх журмаар шийдвэрлүүлэхээр санал гаргасныг би зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “эвлэрэн хэлэлцэх тухай гэрээ”-г бичгээр байгуулж хоёр тал гарын үсэг зурж, нэг нэг хуулбар хувь авч үндсэн материалыг шүүгчийн туслахад өгсөн. Тухайн хэргийг эвлэрэн хэлэлцэх гэрээний дагуу шийдсэн гэж бодож байтал Т.Д нь гэрээнээс татгалзсанаа мэдэгдэж нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүсэлт гаргасныг шүүгчийн туслах мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Би тухайн үед шүүгчийн туслахын надаар гарын үсэг зуруулсан уг бичгийн дээд талд юу бичсэнийг уншаагүй бөгөөд гэрээнээс татгалзсаныг мэдэгдсэн баримт л гэж ойлгож гарын үсэг зурсан.  Тэгээд анхны нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичиж, зохих нотлох баримтаа бэлтгээд шүүх хуралдаан зарлах тухай шүүгчийн захирамж гарч надад хавтаст хэрэг танилцуулах үед өгнө гэж бодож байлаа. Шүүгчийн туслах надаар гарын үсэг зуруулсан уг бичгийг шүүх хуралдааны мэдэгдэх хуудас гэж ойлгуулж хэлээгүй. Шүүх хуралдааны товыг зарласан шүүгчийн захирамж ч миний танилцсан 4 хуудас бүхий материалд байгаагүй. Намайг хэрэгтэй танилцахад Т.Д-ы нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, Т.Д бид хоёрын байгуулсан эвлэрлийн гэрээ, шүүгчийн туслахын надаар гарын үсэг зуруулсан хүснэгттэй бичгээс өөр ямар ч юм байхгүй байсан. Хэрэв шүүгчийн туслах шүүх хуралдаан болох эсэх асуудлыг надад ойлгуулан хэлсэн бол би дээр бичсэн нотлох баримт, тайлбараа шүүхэд авч ирж өгөөд хариуцагчийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлтэй холбоотой мэтгэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг эдлэх байлаа. Хэдийгээр шүүгчийн туслахын надаар гарын үсэг зуруулсан дээр дурдсан бичгийн дээд талд бичигдсэн тайлбарыг уншаагүй нь миний өөрийн буруу боловч, шүүх хуралдаан болох өдрийг урьдчилан надад хэлж ойлгуулах үүрэг нь шүүгчийн туслахын гол үүргээ биелүүлээгүйгээс болж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,4 дүгээр “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь Т.Д өөрийгөө манай эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл “тогтвортой хийж ирсэн” гэжээ. Т.Д нь манаач биш, энэ хүн 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн улирлын чанартай галчаар ажиллаж байсан. Үүнийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 212/МА2017/00008 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн  иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХГ2017/00587 дугаартай тогтоолоор тус тус батлагдсан байсан. Гэтэл Т.Д нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүй байсан. 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 08:50 минутад шүүх хуралдаан 10 минутын дараа эхлэх гэж байна гэж утсаар шүүх хуралдааны нарийн бичиг гэсэн хүн хэлсэн. Би шүүгч рүү холбогдож шүүх хурлыг хойшлуулах талаар учраа хэлэхээр залгахад, шүүгч холбогдоогүй. Би ойрхон байсан Эрүүл мэндийн газрын нягтлан бодог Н-ээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлсэн боловч хурал эхэлсэн гээд хүсэлтийг буцаасан байсан. Би гүүрний цаанаас таксигаар ирсэн боловч хурал дууссан байсан. Би бэлтгэсэн баримт бичгээ өгч тайлбарлах гэтэл шүүгч Х.Мейрамбек  миний туслахтай уулзаарай гэсэн.  Шүүгчийн туслах Х.Талгатад хүсэлтээ өгөхөд хурал дууссан одоо авахгүй гэхээр нь ширээн дээр нь орхиод гарсан. 

2. Т.Д нь Хөдөлмөрийн хууль, манай байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн тул бид түүнийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр галчийн ажлаас халсныг анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг галчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00821 тоот тогтоолоор хэвээр нь үлдээсэн. Ингээд Т.Д нь 2016 оны 11,12 дугаар сар, 2017 оны 1,2,3,4 дүгээр сард бүгд 6 сар галчийн ажил хийгээгүй./ Манай төвийн галч хүн халаалт жил бүр 10 дугаар сард эхэлж 5 дугаар сарын 1-ний өдөр зогсдог улирлын чанартай тул зуны цагт галч Т.Д нь хувиараа ажил эрхэлдэг. Улирлын чанартай галчийн төсвийг бусад байгууллагуудтай нэгэн адил манай эрүүл мэндийн төвд ч улирлын чанартай төсөв баталж өгдөг бөгөөд байнга ажиллагаатай биш улирлын чанартай ажил учир, манай галч Т.Д-тай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу зуны улиралд сул зогсолтын мөнгө олгодоггүй. Т.Д нь шүүхийн энэ шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин авах ёстой гэж үзэж 6 сарын /6 сар х 235111= 1.410.666/ цалин авах ёстой. Гэтэл анхан шатны шүүх түүнд 2.821.336 төг гэж 1.470.670 төгрөг илүү гаргахаар буруу дүгнэлт хийж тооцсон байна. Т.Д нь манайхаас шүүхийн шийдвэр гаргахаас өмнө 11,12 сарын цалин 700,000 төгрөг мөн цалингийн зөрүү авсан авсан тул түүний авах ёстой 14010666 төгрөгөөс 700,000 төгрөгийг хасаж 710.666 төг авах ёстой.

Т.Д нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш бидэнтэй уулзаагүй байсаар байгаад 2017 оны 11 дүгээр сард ирж галчийн ажлыг хийж эхэлсэн хүн. Энэ хооронд тэрээр Казахстан Улсад явж хувиараа ажил хийж өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр ирсэн. 2017 оны журналаас нь шүүж үзвэл тодорхой болно. Иймд Т.Д-ы нэхэмжлэлтэй энэ хэрэг болон урьд гарсан 677 дугаартай хавтаст хэргийг сайтар судлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Т.Д-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсвэл бидний эрх, үүргээ хангах, хэн хэний хууль ёсны ашиг сонирхлыг хангах үүднээс үүднээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ш” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан нийт хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрсэн гэж шүүхэд тайлбарлан эвлэрлийн гэрээг гаргаж өгчээ.

 

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ш” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн хууль бус шийдвэрийн улмаас тус төвд галчаар ажиллаж байсан Т.Д-ыг ажлаас үндэслэлгүй халсан тул тэрээр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдож, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд ажилгүй байсан нь зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2017/00033 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/0081 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

            Анхан шатны шүүх Т.Д-ы ажилгүй байсан нийт хугацаа, ажлаас халагдахаас өмнөх авч байсан цалин хөлсийг үндэслэж нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ, түүнд олгогдох нийт ажилгүй байсан хугацааны олговор зэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 2821336 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо (1) талууд эвлэрсэн учраас маргааныг дуусгавар болгосон гэж ойлгосон, (2) шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, (3) ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх буруу тооцсон гэсэн гурван үндэслэлийг дурджээ. Хэргийн 22 дугаар талд авагдсан Эвлэрэн хэлэлцэх тухай гэрээнээс үзвэл, уг гэрээний 2 дахь заалт нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй бөгөөд гэрээний эхний заалтаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах тухай заажээ. Хэргийн 24 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг уг эвлэрлийн гэрээний агуулгатай харьцуулан судлахад, талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сайн дураараа, харилцан тохиролцсон гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна. Иймээс уг маргааныг ердийн журмаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хууль ёсны гэж үзнэ.

           

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08:30 минутад эхлэх шүүх хуралдааны зарыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүгчийн захирамжаар товлогдсон өдөрт нь хариуцагчид мэдэгдэж, баримтад гарын үсэг зуруулан баталгаажуулсан бөгөөд мөн өдөр хариуцагчийг хэргийн материалтай танилцуулсан байна. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдэж, анхан шатны шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2018/00001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК