Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0022

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг тус аудитын газрын Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0210/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан “Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг тус аудитын газрын Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Тус шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, унаа, хоолны мөнгийг хасаад ажил хүлээлцсэн тушаал гаргасан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 дүгээр сарын 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нэхэмжлэлийн шаардлагын цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн төлүүлэх мөнгөн дүн 29,513,041.06 /Хорин есөн сая таван зуун арван гурван мянга дөчин нэгэн төгрөг нойл зургаан мөнгө гарахаар байхад Нийслэлийн анхан шатны шүүхийн 0594 тоот шийдвэрт 25,535,054.01 /Хорин таван сая таван зуун гучин таван мянга тавин дөрвөн төгрөг нойл нэг мөнгө/ төгрөгөөр тогтоож, 3,977,987.05 /гурван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун наян долоон төгрөг нойл таван мөнгө төгрөгийн зөрүүтэй байгаа тул ажиллавал зохих хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрын мөнгийг бүрэн тооцуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.2.Төрийн албаны тухай хуульд дээрх асуудлаар зохицуулсан зохицуулалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд л зохицуулсан байдаг бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

3.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлээр энэхүү асуудлыг зохицуулах бөгөөд 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу цалин хөлсийг тооцно.

3.4. Дундаж цалин хөлс гэдгийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт буюу “Дундаж цалин хөлс тооцох журам"-аар бодох ёстой. Энэхүү журмын 7.а-д “7.Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу бодох ёстой байсан гэж үзэж байна.

3.5.Мөн журмын 6-д “Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/ -ийн дундаж хөлсийг тодорхойлно” гэж заасны мөрдөх ёстой байсан. Дээрх үндэслэлүүдээр бодохоор гаргасан шийдвэрийн мөнгөн дүнгээс 3,977,987.05 /Гурван сая есөн зуун далан долоон мянга есөн зуун наян долоон төгрөг нойл таван мөнгө төгрөгийн зөрүүтэй байгаа тул энэхүү зөрүүг тооцож нэмж гаргуулахаар давж заалдах шатанд гомдол гаргаж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 тоот шүүхийн шийдвэрт заасан 2020 оны 12 дугаар сарын 12 ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн хугацааны олговрын хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 29,513,041.06 хорин есөн сая таван зуун арван гурван мянга дөчин нэгэн төгрөг нойл зургаан мөнгө төгрөг байхаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийг судлан үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг ялгамжгүйгээр, эрэгтэй, эмэгтэй адилхан 60 нас байхаар нарийвчлан хуульчилсан” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заасан.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах насыг заасан байна.

Ажил олгогч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т " ... Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэсэн зохицуулалтын дагуу Ц.Быг төрийн албанаас чөлөөлсөн.

Ц.Б нь 55 насанд хүрснээр түүнийг төрийн аудитын байгууллагаас чөлөөлөх эрх ажил ологчид үүссэн бөгөөд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитороор ажиллаж байхдаа төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан нь тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах үр дагавар шууд үүсэхгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийг 46.3-т заасныг харгалзан шийдвэрлэсний илрэл гэж үзэж болно.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тус маргаанд хамааралгүй гэж дүгнэн, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн " гэх зохицуулалттай холбон тайлбарлаж хуулийн зохицуулалтыг өргөжүүлсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нарын гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

3.1.Нэхэмжлэгч Ц.Б-аас “Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг тус аудитын газрын Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргажээ.

Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192[1] дугаар тушаалаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ц.Б-ыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

3.2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, 46 дугаар зүйлийн 46.2.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байхаар зааж, харин “тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх” гэдэгт хамаарах насыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулахаар байна.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх зохицуулалтыг төрийн албан хаагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг олгосон бөгөөд ажил олгогч бус төрийн албан хаагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх төрийн албан хаагчид үүсэх нөхцөл гэж үзнэ.

Иймд уг хуульд заасны дагуу 55 нас хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчийг өөрөө өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргаагүй тохиолдолд түүнийг  Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй юм.

Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тус маргаанд хамааралгүй гэж дүгнэн, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэх зохицуулалттай холбон тайлбарлаж хуулийн зохицуулалтыг өргөжүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.3.Маргааны тохиолдлын хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 55 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг маргаан бүхий Б/192 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч Ц.Б нь өөрөө гаргаагүй, ажил олгогч буюу хариуцагчаас “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” тул ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл, шаардлагыг гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь 55 нас хүрч, тэтгэврээ тогтоолгох, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаагүй, нэхэмжлэгч ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарах 60 насанд хүрээгүй байхад түүнийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий Б/192 дугаар тушаал нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

3.4.Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлд  хамаарах тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэх заалтыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх “Ц.Б нь 55 насанд хүрснээр түүнийг төрийн аудитын байгууллагаас чөлөөлөх эрх ажил олгогчид үүссэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.5.Түүнчлэн нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, улмаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн карт[2] зэрэг баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг холбогдох журамд заасны дагуу нэг бүрчлэн тооцоолох боломжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолон бодсон нь үндэслэл муутай байна.

          Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх цалин, бусад нэмэгдлийг түүний цалин, нэмэгдлийг олгосон эрх бүхий этгээдийн тушаал, холбогдох цалин, нэмэгдлийн тодорхойлолт, зохих журмыг үндэслэн нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

            Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16–ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Ц.Б-д 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 /хорин таван сая, таван зуун гучин таван мянга, тавин дөрөв/-төгрөгийг олгож” гэснийг “Ц.Б-д 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 64 дахь тал

[2] Хэргийн 13-16, 86-89, 190-192 дахь тал