Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0594

 

 

 

 

 

128/ШШ2021/0594

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: МУЕ аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч намайг тус аудитын газрын Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Цэнд овогтой Б миний бие 1965 оны 4 дүгээр сарын 05-нд Төв аймгийн Өндөрширээт сумын цагаан толгой гэдэг газар төрсөн.

Ажлаас халагдсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 нас 07 сартай байсан болно. Миний бие өнөөдрийг хүртэл төрийн албан тасралтгүй 38 жил ажилласнаас төрийн тусгай албанд 14 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа төрийн албандаа алдаа зөрчил гаргалгүй нэр төртэйгөөр албан үүргээ шударга гүйцэтгэж ирсэн.

Ажиллах хугацаандаа Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Төрийн хяналтын тэргүүний ажилтан, Төрийн албаны тэргүүний ажилтан, "Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, 2009, 2019 оны шилдэг аудитор, ММНБИ-ийн хүндэт тэмдэг, 2010 оны шилдэг мэргэшсэн нягтлан бодогч, зэрэг гавьяа шагналыг хүртсэн. Хугацаагүй эрхтэй Монголын Мэргэшсэн Нягтлан бодогч.

Төрийн аудитын байгууллагад 2006 оноос өнөөдрийг хүртэл 14 жил ажиллаж, 2009 оноос хойш ахлах аудитороор ажиллаж байна. Хөдөө орон нутагт орон тоо хүрэлцээ муутайгаас сүүлийн 2 жил санхүүгийн тайлангийн аудитаар 1-2 гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Миний хувьд нийцлийн аудитын ахлах аудитор боловч бүх төрлийн аудит хийж, нийцлийн аудит гэхээсээ илүүтэй санхүүгийн тайлангийн аудитыг санхүүгийн аудитын аудиторуудтай адил ажил үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Орон тооны хүрэлцээгүйгээс аливаа аудитыг хийхдээ багаар ажиллаж чаддаггүй, нэг аудитаас нөгөө аудит руу давхцаж ордог тохиолдол цөөнгүй байдаг. 2020 оны 5 сард Төсвийн байнгын хороогоор Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв, орон тооны дээд хязгаарыг 496 болгохоор 102 орон тоог нэмэгдүүлэхээр баталсан боловч бүтэц орон тооны өөрчлөлт хийгдэхгүй байсаар байна. Манай байгууллагын хувьд 4-5 орон тоо нэмэгдүүлэхээр 2018 оноос хойш Үндэсний аудитын газарт саналаа хүргүүлсээр байгаа боловч нэг ч орон тоо шийдэгдээгүй.

Төрийн аудитын сургалт хөгжлийн хөтөлбөрийн дагуу 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад онлайнаар хамрагдаж, Удирдлагын академийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар *** тоот сертификат авсан.

Мөн Төв аймаг дахь Төрийн аудитын тухай хуулийн хэрэглээ" хичээлийг онлайнаар судлан эхний сорил шалгалтыг 40 оноо авахаас 36 оноо авч 90 хувь, сүүлийн сорил шалгалтыг 60 оноо авахаас 60 оноо авч 100 хувь өгсөн.

Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 11-ний Төв аймаг дахь Төрийн аудитын газрын Тэргүүлэх аудитор дуудаж Үндэсний Аудитын Газраас 2020 оны 04 дүгээр 06-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлж тэтгэвэрт гаргах тухай мэдэгдэл ирүүлээд байна гэж мэдэгдсэн.

Тиймээс би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Тэргүүлэх аудиторт Монгол Улсын Ерөнхий аудитор Д.З даргын нэр дээр Төрийн албаны тухай хуулийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүртэл ажиллахаа үүгээр мэдэгдэж байна гэсэн хүсэлт гаргасан.

Энэ талаар надад эргүүлэн ямар нэгэн хариу огт ирүүлээгүй хэвийн ажлаа хийж байтал 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр удаа дараа дахин дахин 2020

оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлөх мэдэгдэл ирүүллээ гэж менежер, тэргүүлэх аудитороор дамжуулан хэлсэн учраас өөрийн биеэр 2020 оны 10 дугаар сарын 12-нд Үндэсний аудитын газрын орон нутаг хариуцсан хүний нөөцийн шинжээч Г.Өтэй очиж уулзахад удирдлагаас мэдэгдэл өг гээд шахаад байна, та мэдэгдэл авснаар гаргачихгүй ш тээ, тайлбарыг чинь хүлээж авна, та танилцсан гээд л зурчих гэж байгаад тайлбартай гэж зуруулж авсан.

Ингээд би Тамгын газрын дарга Д.Гтой орж уулзсан мөн л дээрээс энэ хүмүүст мэдэгдэл хүргүүл, Үндэсний аудитын газрын хэмжээгээр 2 аймгийн тэргүүлэх , бусад 10, нийт 12 хүн байгаа талаар хэлсэн. Би бусад хүмүүс юу гэж бодож байгааг би мэдэхгүй миний хувьд түрүүчийн хүсэлтийнхээ хариуг авъя гэсэн боловч түүнийг чинь хүлээж аваад өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа захиргааны санаачилгаар чөлөөлөх эрхтэй гэсэн хариу өгсөн.

Тэгээд тамгын даргын өрөөнөөс гараад Ерөнхий аудитор Д.З даргатай уулзах гэсэн боловч ерөнхий аудиторын туслах шинжээч Н.Г хүлээн авах завгүй байгаа тул танд албан ёсоор утсаар мэдэгдэх болно гээд оруулаагүй болно. Дахин дотоод сүлжээгээр холбогдоход мөн л хүлээн авах завгүй тул эргэж албан ёсоор мэдэгдэх болно гэсэн хариу өгсөн. Ингээд хүлээгээд тэсэхээ болиод хөл хорио тогтоогоод уулзах боломжгүй болонгуут [email protected] гэсэн албаны мэйл хаяг руу нь өөрийн албаны мэйл хаягаас 2 дахь хүсэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 18-нд явуулсан боловч өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй.

Миний бие төрийн албаны жинхэнэ мэргэшсэн албан хаагчийн хувьд төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай Тэргүүлэх аудитор Ц.Х******* дарга намайг дуудаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны *** тоот тушаалыг канондож өгсөн.

Уг тушаалын тушаах хэсэгт: Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 10, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсүгэй гэсэн шийдвэр ирүүлсэн.

Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *** тоотоор ажил олгогчийг хууль бус шийдвэр

гаргасан байна гээд гаргасан шийдвэрээ эргэн харна уу гэсэн шийдвэрийг Ерөнхий

аудиторт явуулаад надад хувийг нь ирүүлсэн боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй миний оронд хүн гэрээт ажилтнаар авч ажиллуулж байгаа тул дараах үндэслэлээр тус шүүхэд хандаж гомдол гаргаж байна.

Хууль зүйн үндэслэл:

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ гэж заасны дагуу төрийн албан хаагч бөгөөд тус хуулийн 13.1.3-т Үндэсний болон орон нутгийн аудитын газар зааснаар төрийн тусгай албан тушаал бөгөөд мөн хуулийн 6.2,-т Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч болно. Иймээс миний эрх зүйн харилцаа Төрийн албаны тухай хууль болон тухайлан зохицуулсан Аудитын тухай хуулиар зохицуулагдах ёстой. Төрийн албаны тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгох ердийн насыг тусгайлан тодорхойлоогүй бөгөөд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна , 46 дугаар зүйлийн 46.2.3-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж зааснаар төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан байна.

Ингэж чөлөөлөхдөө ажил олгогч дараах хууль эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой атал шууд ажлаас чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхэнд халдлаа. Тухайлбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т нийтдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж тэтгэвэр тогтоолгох насны доод суурь эрхийг хуульчилж өгсөн болохоос тэтгэвэрт гар гэж тулган шаардах эрхтэй гэж заагаагүй. Энэ зохицуулалтаас үзэхэд ажилтан өөрөө хүсвэл гэсэн хуулийн зохицуулалт алдагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага,

эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах

насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасны дагуу тэтгэвэр тогтоолгож болох эрх үүссэн насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ 2020 оны 03 дугаар сарын 11-нд байгууллагын даргаар уламжлуулан албан ёсоор хүргүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 11-нд дахин дарамталсан мэдэгдэл ирүүлэхэд нь намайг зайлшгүй тэтгэвэрт гаргах шаардлагатай гэж үзэж байгаа бол 38 жил ажиллахдаа нийгмийн асуудал шийдвэрлүүлэх талаар нэг ч тусламж дэмжлэг авч байгаагүй, тэтгэвэр тогтоолгох орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 24 сар болж нэмэгдсэн, нэг удаагийн буцалтгүй олгох тэтгэмжийг хуучин цалингаар тооцсон зэргийг харгалзан үзэж нийгмийн асуудал, тэтгэмжийн мөнгийг одоо авч байгаа сүүлийн цалингаар тооцож олгохоор шийдвэрлэж өгвөл тэтгэвэр тогтоолгох дээд хязгаарт хүрэхгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах болно. /Би тэтгэвэрт гарах хүсэлт, баримт бичиг, тэтгэвэрт гарах өргөдөл зэргийг огт гаргаагүй болно/ гэдгийг цохон тэмдэглээд 2020 оны 11 дүгээр 18-нд хоёр дахь хүсэлтээ албан ёсоор хүргүүлсээр байхад удаа дараа мэдэгдэл хүргүүлж ажлын байрны дарамт үзүүлээд байсан тул тухай бүрд нь хүсэлт тайлбар өгч, 2 дах мэдэгдэл ирүүллээ гэж удирдлагаас хэлсний маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 12-нд Үндэсний аудитын газарт өөрийн биеэр очиж орон нутаг хариуцсан хүний нөөцийн менежер Г.Ө, Тамгын газрын дарга Ц.Г нартай шат дараалан уулзаад Монгол Улсын Ерөнхий аудитортой уулзах гэсэн боловч намайг хүлээж аваагүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын туслах, бичиг баримтын төсөлд хяналт тавих шинжээч Н.Гтой 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл албан чатаар харилцаж өөрийн биеэр уулзах болон явуулсан албан мэйлээр явуулсан хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар байнга хариу нэхсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, хүлээн авч уулзсангүй.

Уг нь ажил олгогч намайг 55 насанд хүрэхэд тэтгэвэртээ гарах гэсэн мэдэгдэл өгөх ёсгүй 60 нас хүрсэн бол та төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртлээ ажиллах уу гээд мэдэгдлээ өгөөд өгөхгүй бол өгсөн эсэхийг харгалзалгүйгээр шууд ажлаас халах ёстой байсан гэж миний бие үзэж байна Учир Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар тэтгэвэр

тогтоолгох нас 55 нас биш 60 нас гэж үзэх ёстой гэж миний бие үзэж байна.

Мөн миний нэхэмжлэлийнхээ утгад өөрийнхөө ур чадвар шагналаа дурдсан асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч миний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх болов уу гээд бичлээ. Ажил олгогч бол үүнийг харгалзаж үзэлгүйгээр шууд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд тулган шаардаад ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс төрийн албаны зөвлөлд миний бие 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны тухай хуульд заасны дагуу гомдол гаргаснаар ажил олгогчийг хууль зөрчсөн байна зөрчлөө арилга гэсэн боловч өнөөдрийг хүртэл ажил олгогч миний асуудлыг шийдвэрлэсэнгүй. Энэ нь ажил олгогч төрийн албан жинхэнэ хаагч намайг ажил олгогч тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасныг зөрчин ажлаас халлаа гэж үзээд тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар Үндэсний аудитын газрын харьяа Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ц.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэж заасан.

Ц.Б  нь 55 насанд хүрснээр түүнийг төрийн аудитын байгууллагаас чөлөөлөх эрх тус байгууллагад үүссэн бөгөөд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитороор ажиллаж байхдаа төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан нь тухайн албаны тушаалд үргэлжлүүлэн ажиллах үр дагавар шууд үүсэхгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар ажил олгогч нь тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар

хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон тул Ц.Б-ыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж төрийн албанаас чөлөөлсөн.

Дээрх шийдвэр нь Ц.Б-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий гэж үзэж байна.

Түүнийг өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу буцалтгүй тусламжийг олгосон. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитороор ажиллаж байсан Ц.Б нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллуулах боломжгүй байх тул түүнийг албан тушаалд нь эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Б-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгож, тус аудитын газрын Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговорт ажлаас халагдсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцон анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулж дээрх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Б-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай *** дугаар тушаалаар ...Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ц.Б  нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх *** дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ

албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 46.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. гэж тус тус заасан байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасан байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн; гэж зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг судлан үзэхэд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг ялгамжгүйгээр, эрэгтэй, эмэгтэй адилхан 60 нас байхаар нарийвчлан хуульчилсан.

Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж ойлгоно.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Б-ыг  60 нас хүрээгүй байхад нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны *** дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Иймээс ... Ц.Б  нь 55 насанд хүрснээр түүнийг төрийн аудитын байгууллагаас чөлөөлөх эрх тус байгууллагад үүссэн... гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4

дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. гэж заасан байна.

Дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалт нь 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүссэн тохиолдолд, нийгмийн даатгалын байгууллагаас хэрэглэх зохицуулалт тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь энэ маргаанд хамааралгүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны *** дугаар тушаалд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцож 25,535,054.01 /хорин таван сая, таван зуун гучин таван мянга, тавин дөрөв/- төгрөгийг олгож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Харин энд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар тушаалын 3 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Ц.Б  нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байх ба уг мөнгө /буцалтгүй тусламж/- ийг нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй, хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд тусдаа /жич/ шийдвэрлэх асуудал болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол

 

Улсын ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц.Б-ыг төрийн албанаас чөлөөлөх тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Б-ыг урьд эрхэлж байсан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.Б-д 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 /хорин таван сая, таван зуун гучин таван мянга, тавин дөрөв/- төгрөгийг олгож, Ц.Б-ын ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ