Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0946/З |
Дугаар | 256 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 256
Иргэн Б.Билэгсайханы ХХХнэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0328 дугаар магадлалтай, иргэн Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Билэгсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Голомт банкнаас 65 сая төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээл олгосны шимтгэлд 1.300.000 төгрөгийг банк суутган авсан, ийнхүү суутган авах нөхцлийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай журмаар нээсэн байна. Энэхүү журмын холбогдох заалтууд нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. 1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ” гэжээ. Тэгвэл банкны үйл ажиллагааг зохицуулсан журам гаргана гэдэг нь хадгаламж, зээл, төлбөр тооцоо, санхүүгийн зуучлал гэсэн 4 үйл ажиллагааг зохицуулсан журам байх ёстой гэсэн үг. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар Монголбанк ямар ямар журам, аргачлал гаргахыг нарийвчлан зохицуулж өгсөн. Үүнд, уг хуулийн 6.5-д “мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална”, 13.3-т “төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Монголбанк тогтооно”, 24.4-т “Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэх мэтээр Монгол банкны хэм хэмжээний акт гаргах эрхийг тусгайлан заасан байх бөгөөд зээлийн шимтгэл авах эрхийг арилжааны банканд олгох, энэ талаар журам гаргах эрх олгогдоогүй байна. 2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлий 24.1-д зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү байна”, 22.2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга, хэлбэр, гэрээний нөхцлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн шимтгэл гэдэг ойлголт энд байхгүй. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын холбогдох заалтуудаар зээлийн шимтгэл олгох, түүний хувь хэмжээг тогтоосон нь хууль бус болохын зэрэгцээ энэхүү акт нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул уг журмын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Монголбанкны Ерөнхийлөгч /Н.Золжаргал/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Банк нь иргэдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгөөс бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн нэрийн өмнөөс зээл олгодог. Ийнхүү зээл олгохдоо Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар өөрийн болзол, нөхцөлийн дагуу олгох бөгөөд хүүгийн хэмжээг өөрөө тогтоож, мөн хуулийн 3.1.1-д заасны дагуу учирч болох эрсдэл, хариуцлагыг өөрөө хүлээдэг ашгийн төлөө хуулийн этгээд болно. Дээрх үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан журмын дагуу бус зөвхөн банкны өөрийн бодлого, шийдвэрийн хүрээнд явагддаг. Монголбанк нь Төвбанкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу банкны үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон журам, дүрэм, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг төрийн эрх бүхий байгууллага юм. Энэхүү журмын зорилго нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах бодлогын хүрээнд банкны хүү бодох аргачлал, зарчим, түүнээс тогтоосон хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлыг хангахад оршиж байгаа юм. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр Төвбанкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1.2, 31 дүгээр зүйлийн 32.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т заасныг баримтлан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийг мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.8, 2.9, 2.12, 3.1, 3.1 дахь заалтуудыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0328 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төвбанкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 31 дүгээр зүйлийн 2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг баримтлан Б.Билэгсайханы “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч Б.Билэгсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Банкууд зээл олгосны төлөө хүүгээс гадна шимтгэл авч байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан дээрх журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд Монголбанкны энэ асуудлыг зохицуулсан журам гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэсэн үндэслэлээр маргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Монголбанкнаас баталсан журам нь хүү шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн, банкуудад шимтгэл авах зөвшөөрөл олгоогүй байна” гэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх журамд “шимтгэлтэй” холбоотой заалт байхгүй байсан бол банкууд шимтгэл авах байсан уу гэсэн асуудал гарч ирнэ. Банкны үйл ажиллагаа, зээлийн ажил үйлчилгээг зохицуулсан хуулиудад “шимтгэл” гэсэн ойлголт байхгүй учраас арилжааны банкууд “шимтгэл” авдаггүй байсан ба Монголбанкнаас дээрх журмыг баталсантай холбоотойгоор “шимтгэл” авах болсны зэрэгцээ уг журамд “шимтгэл, хураамж” гэх ойлголтыг тодорхойлж, агуулгаараа банканд шимтгэл авч болох, өөрөө шимтгэлийн хэмжээгээ тогтоогоорой гэсэн илэрхий эрх олгосон байгаа нь харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх илэрхий зүйлсийг үгүйсгэн, шимтгэл авах эрх олгосон зүйл байхгүй гэж дүгнэсэн нь хууль бус, үндэслэлгүй болсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийн хүү нь зээлийн үнэ байна гэдгийг тодорхой заасан ба банкны зээлийн үйл ажиллагааг зохицуулсан ямар ч хууль тогтоомжид /дээрх журмаас бусад/ “шимтгэл” гэх ойлголт хэрэглэгдээгүй, байхгүй болохыг дахин хэлье. Гэтэл шүүх хуулийн нэр, томьёо ойлголтыг өргөжүүлэн тайлбарлаж, “зээл олгохтой холбоотой бусад нөхцөл” гэсэн ойлголтод хамааруулан дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Б.Билэгсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцсэн байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын[1] 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэн Б.Билэгсайханаас гаргаж, үндэслэлээ “зээлийн хариу төлбөр нь зээлийн хүү бөгөөд шимтгэл авах зохицуулалт ямар ч хуульд байхгүй байхад Голомт банк 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон зээлд 1,300,000 төгрөгийн шимтгэл авсан ба ийнхүү шимтгэл авах нөхцлийг дээрх журмын холбогдох заалтууд бүрдүүлсэн” гэж тайлбарлажээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна.
Өөрөөр хэлбэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтууд арилжааны банкуудад зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэл болсон гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн “дээрх журамд “шимтгэл”-ийн талаар тусгаагүй бол арилжааны банкууд зээл олгосны шимтгэл авахгүй байсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын зорилго нь арилжааны банкуудын зээлийн үйл ажиллагаа, зээлийн хүү, шимтгэл, хураамж /авдаг бол түүнийг харилцагчид мэдээлэх/-ийн мэдээллийг нийтэд нээлттэй тодорхой, ойлгомжтой болгох, иргэдийн сонголт хийхэд шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн, Төвбанкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 2/-т “банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм, журам, заавар, тушаал гаргах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан хэм хэмжээний акт байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн харилцаанд оролцох, зээл авах, зээлдүүлэгчийг сонгох /хууль тогтоомж болон гэрээний эрх зүйн харилцаанаас гадуур үндэслэлгүй төлбөр хураамж төлөхгүй байх/ эрхийг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх Төвбанкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Билэгсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2016/0328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
[1] Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-85 дугаар тушаалаар дээрх журмын 1.3.17, 1.3.18 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт орсон.