Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00994

 

Я.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэр

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00444 дүгээр магадлалтай

 

Я.Н-гийн нэхэмжлэлтэй

“Ш” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Н- миний бие “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаа болно. Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сард “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Цэрэнжаргал томилогдсон. Ингээд миний бие гаргасан зөрчилгүй байхад дарамтлах, доромжлох байдал гаргах болсон ба 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн.

Иймд ...намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний бие “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Я.Н- 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.30 минутын үед сахилгын зөрчил гаргасан, энэ үед байцаагч Б.Батболд, үйлчлэгч П.Мөнхдөл нар хажууд байсан. Тухайн үед ажлаа аваад ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, тэдний цалинг өөрөөсөө олгож байсан. Гэтэл Я.Н- Солонгос улс явах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байх шаардлагатай байна, тэнд очоод 3 сар болчихоод ирнэ гээд надтай дээрэнгүй, хайнга байдлаар хандсан. Я.Н- ямар ажил үүрэг гүйцэтгэдэг болохоо мэддэггүй, дуртай үедээ явчихаад дуртай үедээ ирээд хийдэг ажил биш гэдгийг ойлгодоггүй. Харуул маш хариуцлагатай байхыг шаарддаг албан тушаал юм.

Тухайн үед дахин зөрчил гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг амаар хэлж анхааруулахад Я.Н- Тэгвэл бүгдийг нь халчихгүй юу гээд тоосон шинжгүй байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр автомат хаалтыг дугуйтай хүүхэд мөргөөд рейк төмрийг хугалж, 250 000 төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл Я.Н- ажил үүргээ гүйцэтгэж байсан мөртлөө уг хүүхэд хэн болохыг тодруулаагүй орхисон байдаг. Уг нь хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, учруулсан бол хохирол төлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй байтал ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Сахилгын шийтгэлийг заавал шат дараалсан хэлбэрээр ногдуулсан байхыг шаардахгүй.

Я.Н-г ялгаварлан гадуурхсан зүйлгүй, цалин дээр нь унааны мөнгө олгодог, үүгээр түүнийг илүү дутуу дорд үзсэн гэхгүй байх гэж бодож байна. Өмнөх гүйцэтгэх захирал нь Я.Н-д сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэхдээ ажилтнууд СӨХ-ны дотоод журмын 4.4-д зааснаар удирдлагаа хүндлэх, дэг журмыг баримтлан ажиллах ёстой.

Нэхэмжлэгч Я.Н-гийн сарын цалин 450 000 төгрөг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 32 удаа харуулын үүрэг гүйцэтгэх байсантай маргахгүй. “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17-20 тоот тушаалаар Я.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Я.Н-г “Ш” Сууц Өмчлөгчдийн холбооны харуулын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Ш” Сууц өмчлөгчдийн холбооноос дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 215 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Я.Н-д олгож, хариуцагч “Ш” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 33 710 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00444 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Я.Н- нь манай СӨХ-д харуулын албан тушаалд ажилладаг бөгөөд миний бие СӨХ-ны даргын ажлаа аваад удаагүй байсан учраас ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, тэдний цалинг өөрөөсөө олгож байсан. Гэтэл Я.Н- нь Солонгос улс явах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байх шаардлагатай байна, тэнд очоод 3 сар болчихоод ирнэ гээд надтай дээрэнгүй хайнга байдлаар хандаж эхэлсэн.

Я.Н-г сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр халсан бөгөөд тэрбээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 09.30 цагийн үед зөрчил гаргасан, энэ үед байцаагч Б.Батболд, үйлчлэгч П.Мөнхдөл нар хажууд байсан.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр автомат хаалтыг дугуйтай хүүхэд мөргөөд рейк төмрийг хугалж 250 000 төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл Я.Н- нь ажил үүргээ гүйцэтгэж байсан мөртлөө уг хүүхэд хэн болохыг огт тодруулаагүй орхисон байдаг. Уг нь түүний үүрэг хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, учруулсан бол хохирол төлүүлэх талаар холбогдох байгууллага болон СӨХ-д мэдэгдэх үүрэгтэй боловч ямар ч арга хэмжээ аваагүй.

Ер нь Я.Н- харуул гэдэг хүн ямар ажил үүрэг гүйцэтгэдэг болохоо мэддэггүй, дуртай үедээ явчихаад дуртай үедээ ирээд хийдэг ажил биш гэдгийг ойлгодоггүй. Харуул бол маш хариуцлагатай ажил үүрэг гэдгийг огт ухамсарладаггүй.

Я.Н-гийн зөрчил гаргаж байсан нь дээр дурдсанаар байцаагч Б.Батболд, үйлчлэгч П.Мөнхдөл нарын мэдүүлэг болон гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №16 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Удирдах зөвлөлд харуул Л.Мөнхбаатарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Мягмарсүрэнгийн өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байгаа юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 тоот шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Я.Н- нь “Ш” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Я.Н-г “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байхад нь “Гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1720 дугаар тушаал”-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., Сууц өмчлөгчдийн холбооны дотоод дүрмийн 8.1. дэх заалтыг үндэслэн “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа бүрэн буюу зохих ёсоор биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалздаг, мөн хийж буй ажлаа хангалтгүй гүйцэтгэж, байгууллагын дотоод уур амьсгал эвдэж байнга хэрүүл хийж, удаа дараа сахилгын зөрчил гаргасан” гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., Сууц өмчлөгчдийн холбооны дотоод журмын 8.1. дэх заалтууд нь ажил олгогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон зохицуулалт байх бөгөөд ажилтны гаргасан зөрчилд хамаарахгүй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч ажилтан хэдийд ямар зөрчил гаргасан, тухайн зөрчлийг ямар үндэслэлээр сахилгын зөрчилд тооцсон болох, Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал, үндэслэлээ нотлоогүй байна.

Хэргийн 56 дугаар талд ажилтанд 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал авагдсан байх бөгөөд дээрх шийтгэлийг ногдуулснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул тус зөрчлийг удаа дараа, давтан зөрчил гаргасанд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2. дахь заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар  зүйлийн 172.2.-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана” гэжээ.

Хариуцагч “Ш” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнжаргалын хяналтын журмаар гаргасан гомдол хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00444 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Ш” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ш” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 910 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД