Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00444

 

       Я.Н-гийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг. даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ”Ш” СӨХ-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Н нь "Ш" Сууц өмчлөгчдийн холбоонд харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаа болно. Энэ хугацаанд Я.Н ажил үүрэг гүйцэтгэх явцдаа урьд өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 4 дүгээр сард "Ш" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Б.Ц томилогдсон. Энэ үеэс эхлэн Я.Н-г гаргасан зөрчилгүй байхад дарамтлах, доромжлох байдал гаргах болсон ба 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан шалтгаанаар ажлаас халсан. Я.Н 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын хугацаанд шимтгэл тасралтгүй төлсөн талаарх бичилтийг хийлгэх шаардлага тавьсныг сахилгын зөрчил гаргасан гэж үздэг. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргаагүй. Ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн, уг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй болохыг нотолсон баримт байхгүй.

Иймд “Ш" СӨХ-ны захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №17-20 тоот тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр хүчинтэй болох өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 32 удаагийн гарааны 1 532 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” СӨХ-ны төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний бие “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.30 минутын үед сахилгын зөрчил гаргасан, энэ үед байцаагч Б.Б, үйлчлэгч П.М нар хажууд байсан. Тухайн үед ажлаа аваад ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, тэдний цалинг өөрөөсөө олгож байсан. Гэтэл Я.Н Солонгос улс явах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байх шаардлагатай байна, тэнд очоод 3 сар болчихоод ирнэ гээд надтай дээрэнгүй, хайнга байдлаар хандсан. Я.Н ямар ажил үүрэг гүйцэтгэдэг болохоо мэддэггүй, дуртай үедээ явчихаад дуртай үедээ ирээд хийдэг ажил биш гэдгийг ойлгодоггүй. Харуул маш хариуцлагатай байхыг шаарддаг албан тушаал юм.

 Тухайн үед дахин зөрчил гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг амаар хэлж анхааруулахад Я.Н “Тэгвэл бүгдийг нь халчихгүй юу гээд тоосон шинжгүй” байсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомат хаалтыг дугуйтай хүүхэд мөргөөд рейк төмрийг хугалж, 250 000 төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл Я.Н ажил үүргээ гүйцэтгэж байсан мөртлөө уг хүүхэд хэн болохыг тодруулаагүй орхисон байдаг. Уг нь хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, учруулсан бол хохирол төлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй байтал ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Сахилгын шийтгэлийг заавал шат дараалсан хэлбэрээр ногдуулсан байхыг шаардахгүй.

 Я.Н-г ялгаварлан гадуурхсан зүйлгүй, цалин дээр нь унааны мөнгө олгодог, үүгээр түүнийг илүү дутуу дорд үзсэн гэхгүй байх гэж бодож байна. Өмнөх гүйцэтгэх захирал нь Я.Н-д сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Гэхдээ ажилтнууд СӨХ-ны дотоод журмын 4.4-д зааснаар удирдлагаа хүндлэх, дэг журмыг баримтлан ажиллах ёстой.

          Нэхэмжлэгч Я.Н-гийн сарын цалин 450 000 төгрөг бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 32 удаа харуулын үүрэг гүйцэтгэх байсантай маргахгүй. “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17-20 тоот тушаалаар Я.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Я.Н-г "Ш" Сууц Өмчлөгчдийн холбооны харуулын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "Ш" Сууц өмчлөгчдийн холбооноос дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 215 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-д олгож. нэхэмжлэлийн шаардлагаас 321 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Н-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг "Ш" Сууц Өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Н-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Я.Намсрайхүүд олгож. хариуцагч "Ш" Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 33 710 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан бөгөөд ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, тэдний цалинг өөрөөсөө олгож байсан. 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.30 минутын үед байцаагч Б.Б үйлчлэгч П.М нар хажууд байхад Я.Н Солонгос улс явах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байх шаардлагатай байна, тэнд очоод 3 сар болчихоод ирнэ гээд надтай дээрэнгүй, хайнга байдлаар хандсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автомат хаалтыг дугуйтай хүүхэд мөргөөд рейк төмрийг хугалж, 250 000 төгрөгийн хохирол учруулсан. Я.Н ажил үүргээ гүйцэтгэж байсан мөртлөө уг хүүхэд хэн болохыг тодруулаагүй, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, учруулсан бол хохирол төлүүлэх арга хэмжээ аваагүй байдаг.

Нэхэмжлэгч Я.Н-гийн зөрчил гаргасан нь Б.Б, үйлчлэгч П.М нарын мэдүүлэг, гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, харуул Л.М-ын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.М-гийн өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Я.Н хариуцагч “Ш” СӨХ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч “Ш” СӨХ-д харуулаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17-20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, “Ш” СӨХ-ны дотоод дүрмийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчоос ажилтантай байгуусан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлж байгаа үндэслэл тодорхой байх ёстой. Гэвч нэхэмжлэгч Я.Н-г байгууллагын дотоод журмын 8.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч удаа дараа сахилгын зөрчил гаргасан нь гэрч Б.Б, П.М нарын мэдүүлэг, гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаал, харуул Л.М-ын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Удирдах зөвлөлд гаргасан хүсэлт, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.М-гийн өргөдөл зэрэг баримтаар нотлогдоно гэж хариуцагч тайлбарласан бөгөөд дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй талаархи шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Я.Н-г “Ш” СӨХ-ны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 215 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийн талаар шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар татгалзлаа хариуцагч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч байгууллагын энэ талаархи давж заалдах гомдол үндэслэлгүй.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/04042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА