Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 147

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 20 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, РД:ОД77060914, Цагаагчууд овогт Гүнтэвсүрэнгийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдох,

     Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-д 2013 оны 12 дугаар сард Ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Намайг анх ажилд ороход Увс аймгийн “ЦТС” ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэл эмх цэгцгүй, зөрүүтэй, тухайн ондоо 4 өрөнхий нягтлан бодогч сольсон, аудитын сөрөг дүгнэлттэй байгууллага байсан. Ажил авснаас хойш эхний 3 сар илүү цагаар сууж санхүүгийн үйл ажиллагааг цэгцлэн, борлуулалтын программ болон санхүүгийн программыг шалгаж үзэхэд 2010 оноос хойших гүйлгээнд ашиглангийн 78.000.000 төгрөгийн зөрчил илэрч хуулийн байгууллагад шилжүүлж нэхэмжлэл гаргасан. 2008-2013 оны хооронд бүртгээгүй байсан 2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгийг бүртгэлд тусгасан. Ажиллах хугацаанд хийсэн ажлыг үнэлж Увс аймгийн “ЦТС” ХХК, Увс аймгийн ЗДТГазар, Сангийн яам шагнаж урамшуулж байсан. Жил бүрийн Санхүүгийн тайлан аудитын шалгалтаар эерэг дүгнэлттэй ажиллаж ирсэн ба тус компани болон харилцагч байгууллагад учруулсан хохирол байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захирал Ц.Эрдэнэбаатар “Ажлаас гарах өргөдлөө бичиж өг” гэсэн. “Надад өргөдөл бичих шаардлага байхгүй ажлаа хэвийн явуулж байгаа” гэсэн боловч хүчээр ерөнхий нягтлан бодогчийн ажлыг авсан ба өөр ажлын байр санал болгоогүй. Огноо нь 2012 оны 2 дугаар сар юмуу 12 дугаар сар юмуу сартай 02-ны өдрийн Увс “ЦТС” ХХК-ийн захирлын 120 дугаар тушаал гэгчээр ажлаас халсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.Мөн санхүүгийн хяналтын байгууллага, аудит ажилдаа тэнцэхгүй, зөрчил гаргасан гэсэн ямар нэгэн акт, дүгнэлт байхгүй нь халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Санхүүгийн анхан шатны мэдлэггүй, өөр мэргэжлийн инженер удирдлага санхүүгийн мэргэжлийн байгууллагын ямар нэгэн акт, дүгнэлт, саналгүйгээр нам бус ажилтныг улс төрийн шалтгаанаар, хувийн ашиг сонирхлоор захирлын зөвлөлөөр оруулахгүйгээр өөрөө шийдвэр гарган намайг ажлаас үндэслэлгүй халсан. Иймд 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаал гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Г.Жаргалсайханы танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй биечлэн танилцлаа.

1. Жил жилийн санхүүгийн тайлан балансыг эрх бүхий аудитын компаниар аудитын дүгнэлт гаргуулдаг байсан ба 3-4 жилийн хугацаанд санхүүгийн хяналт шалгалтаар шалгуулж зөрчил дутагдалгүй гэсэн дүгнэлт болон тодруулга авч ажиллаж байсан.

2. 78.000.000 төгрөгийн холбогдолтой асуудлыг цагдаагийн эдийн засгийн албаар шалгуулж тус компаний ажилтан Э.Цэндсүрэн, Ц.Лхагвасүрэн, С.Түвшинжаргал, Д.Бадрал нар хуулийн хариуцлага хүлээсэн.

3. Бүртгэлд тусгаагүй үндсэн хөрөнгийн тухайд бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар орлого аваагүй хөрөнгийг бүртгэлд тусгах нь энэ албыг хашиж буй албан тушаалтны ажлын үүрэг мөн болно.

4. Г.Жаргалсайхан нь манай компаний ерөнхий нягтлан бодогчоор тухайн үедээ ажиллаж цалин авч байсан болохоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар бүх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Иргэн Г.Жаргалсайхан Увс аймгийн “ЦТС” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа үндсэн хөрөнгө бараа материалын нягтлан бодогч Г.Одонхүүг ямарч шалтгаангүйгээр өөр ажилд шилжүүлж, тус ажлыг өөрөө хавсран гүйцэтгэж байсан. Ингэж бараа материал орлогод бүртгэж авах, зарлага гаргах, тайлан тэнцэл гаргах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хянах ажлыг ганц хүн гүйцэтгэж, компаний эд хөрөнгийг дураараа зарцуулах боломжийг өөртөө олгож байсан нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.6, 13.7, 20.1.4, 20.2.11 дэх заалтуудыг санаатайгаар ноцтой зөрчсөн үйлдэл болно. 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр намайг Увс аймгийн “ЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал гарч ажлаа хүлээн авахаар ирэхэд тус компаний удирдлагууд нь ажилдаа ирэлгүй байсаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авсан. Би ажлаа авсны дараа алба, хэсгүүдийн ажилтай нэг бүрчлэн танилцаж байсны дагуу няравыг дуудаж, “Агуулахын бүртгэл”-ийн дэвтрийг авч үзэхэд бүртгэл хөтлөлт нь ямарч эмх замбараагүй хэдэн оны, хэдэн сард хэн бүртгэж авсан нь тодорхойгүй, дэвтрийн хөтлөлтийг шалгаж, хянадаг хариуцсан нягтлан бодогчийн гарын үсэггүй “Агуулахын бүртгэл” гэхэд хэцүүхэн зүйл байсан. Мөн тус дэвтэрт бичсэнээр манай компаний УАЗ-452 пургон маркын автомашиныг иж бүрэн шинэчилсэн жагсаалтыг нягтлан үзэж жолоочоос нь асууж лавлахад тус машинд шинээр ямарч сэлбэг хэрэгсэл тавиагүй болох нь тогтоогдсон. Энэ сэлбэг хэрэгслийн үнэ нийт 11.000.000 гаруй төгрөг болж байна. Ингэж хуурамчаар баримт үйлдэж, хөрөнгө завшиж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээх ноцтой үйлдэл гэж үзэж байна. Үүнээс гадна компаний эд хөрөнгүүдийг дур мэдэн удирдлагуудтайгаа үгсэн хуйвалдаж өөрсдөө завшиж байсан зарим зүйлсээс дурдвал Үүнд:

-Land-105, УАЗ-469, 5 тн авто кран зэрэг машин механизмуудыг удирдлагууд нь өөрсдөө “Акталсан” нэрээр дуудлага худалдаанд оруулахгүйгээр бараг үнэгүй худалдаж авсан. Эдгээр машинууд бүгд техникийн хувьд ямарч доголдолгүй хэвийн ажиллаж байсан.

-Дизелийн байран дотор байсан 25 тн багтаамжийн түлшний савыг байшингийн ханыг нурааж байгаад ачиж “М-Ойл” компанид худалдсан. Энэ савыг Г.Жаргалсайхан бусадтай нийлж авч яваад хувьдаа завшсан.

-1980-аад онд баригдсан З ширхэг модон агуулахыг балансын үнэгүй болсон нэрээр буулгаж Г.Жаргалсайхан, захирал нар нь хувьдаа авсан. Байгууллагад төлсөн төлбөр огт байхгүй.

-Намайг ажилд томилогдоод ажлаа авч чадалгүй байсан 3 хоногийн хугацаанд байгууллагын хашаанаас бетон хөлтэй шонгийн моднуудыг захирал нь ачиж яваад хашаандаа буулгасан гэх мэт зүй бус үйлдлүүд их байдаг. Энэ бүхнийг манай компанийн ажиллагсад бүгд баталдаг. Эд хөрөнгүүдийг авч явахдаа гадна хяналтын камерыг унтраачихаад аваад явдаг байсан. Ер нь ерөнхий нягтлан бодогчийн үндсэн үүрэг нь байгууллагын эд хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хадгалалтын байдалд хяналт тавьж байх явдал юм. Гэтэл Г.Жаргалсайхан энэ үүргээ бүрэн орхигдуулж, эд хөрөнгө завшихад өөрөө оролцож бусдыг өөгшүүлж байсан нь дээр дурдсан зарим нэр бүхий зүйлүүдээр бүрэн илэрч байна. Мөн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан тушаалын он сарыг өөрөө засч хуурамч баримтаар нотлох баримтыг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээх явдал гэж үзэж байна. Тушаалыг 2 хувь үйлдэж нэгийг Г.Жаргалсайханд өгсөн. Нэхэмжлэлд засвартай хуурамч тушаалыг хувилаад хавсаргасан уг нь эх тушаал байх ёстой. Г.Жаргалсайхан Зүүнговь сумын Хаан банкинд ажиллаж байхдаа мөнгөний хэрэгт холбогдон ажлаас халагдаж, ял эдэлж байсан. Манай компанид ажиллаж байх үедээ тус компаний ажилтан Ж.Солонгын найз эмэггэйг согтуугаар машинтай явж байгаад дайрч хөдөлмөрийн чадваргүй болгочихоод “Чиний хохирлыг барагдуулна, гомдолгүй гэсэн бичиг хийж өг” гэж гуйж байгаад бичгээ авсны дараа хохирлыг барагдуулалгүй өдий хүрч тэр эмэгтэй одоо хүртэл хохирсоор явна. Г.Жаргалсайхан нь Зүүнговийн Хаан банкинд байхдаа Г.Сандаг гэдэг нэртэй байсан. Хэрэгт холбогдсоны дараа нэрээ сольж Г.Жаргалсайхан гэдэг болсон. Г.Жаргалсайханы дээрх үйлдлүүдээс харахад хувь хүний ёс суртахуунаас гадна цаашид санхүүгийн салбарт ажиллах ёс суртахууны эрхгүй болсон гзж үзэж байна. Г.Жаргалсайханы дээр дурдсан байдлыг харгалзан үзээд хяналт шалгалтын байгууллагад хандвал энэ хүний хувьд болон хамт ажиллаж байсан зарим хүмүүсийн хувьд ч гэсэн их л сөрөг хандлага үүсэх нь тодорхой. Ийм учраас “Чи энэ байдалдаа дугнэлт хийгээд өөрөө ажлаас халагдах өргөдлөө бичиж өг” гэсэн зарчмын шаардлага тавьсан. Хүлээн аваагүй учраас ажлаас халах тушаал гаргасан. Манай компаний 2013-2016 оны санхүүгийн баримтыг холбогдох мзргэжлийн байгууллагаар шалгуулах болно. Ноцтой гэж үзэж байгаа баримтуудыг эдийн засгийн цагдаагийн албанд давхар шалгуулна гэдгийг үүгээр дамжуулан мэдэгдэж байна. Иймд иргэн Г.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д холбогдуулан Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатарын 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1.1, 5.1.7, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус үндэслэн Г.Жаргалсайханыг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас албан тушаалаа ашиглан, санхүүгийн зөрчил гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

     Г.Жаргалсайханыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба нотлох баримтаар “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн актын тооцоо гэх баримтууд буюу Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/17 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/18 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/19 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/20 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот акт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/22 тоот актуудыг гаргаж өгсөн ба энэхүү актуудад дурдсанаар нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь зөрчил гаргаж, мөнгө төлөхөөр акт тогтоогдсон байгаа боловч энэхүү актууд нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гарчээ. Иймд эдгээр баримтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

        Мөн тушаалын оныг 2012 он гэж бичсэн байгаа ба Г.Жаргалсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байгаа тул техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж дүгнэлээ.

     23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримталсан ба ямар хуулийн заалт болох нь ойлгомжгүй байна.

    Иймд нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд холбогдуулан Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв. 

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР