Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 260

 

Иргэн Б.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, гуравдагч этгээд Ж.Батцэцэг, түүний өмгөөлөгч Г.Золзаяа нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2016/0270 дугаар магадлалтай, иргэн Б.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Ж.Батцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2015 оны 03 дугаар сард Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан тушаалын сул орон тоонд шалгалт өгч тэнцсэн бөгөөд тус албан тушаалд томилуулахаар миний нэрийг Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад хүргүүлсэн. Тухайн үед би 1 сартай хүүхэдтэй байсан, аймгийн Санхүү хяналт, аудитын албаны даргатай очиж уулзахад “чи нялх хүүхэдтэй тул томилох боломжгүй, он гаргаад манайх хүн авна, тэр үед чамайг авна” гэж хэлээд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр хариу өгсөн. Би 2016 он гаргаад тус албаны даргатай дахин уулзахад “манайх хүнээ томилчихсон, мөн тус албан тушаалд тавигдах шалгуур өөрчлөгдсөн тул дахин сонгон шалгаруулалт зарлана” гэсэн. Б.Дэлгэрбаяр би тус албан тушаалд сонгон шалгаруулалт өгч, нөөцөд бүртгэгдсэн, томилох эрх бүхий этгээдэд миний нэрийг дэвшүүлсээр байхад үндэслэлгүйгээр өнөөдрийг хүртэл намайг томилоогүй тул Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын даргад Төрийн албаны Салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны 57, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр албан бичгүүдийг биелүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус Санхүүгийн хяналт, аудитын алба нь Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/545 дугаар захирамжаар бүтэц, орон тоог баталсан. Үүнд, улсын байцаагч 5 байхаар тогтоосон. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 4 улсын байцаагч шилжин ажилласнаас 1 нь 2015 оны 05 дугаар сард чөлөөлөгдсөн тул нэг улсын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах саналыг Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтаар Б.Дэлгэрбаяр тэнцсэн байсан боловч тухайн үед төрөөд удаагүй байсан учир ажлын ачаалал, хөдөө явах тохиолдол их гардаг зэрэг онцлогийг харгалзан, “хүүхдээ том болохоор ир” гэсэн хариуг амаар болон бичгээр өгсөн. Ингээд ажлын их ачааллаас болж зайлшгүй хүн авч ажиллуулах шаардлагатай байсан тул “нөөцөд бүртгэлтэй, шаардлага хангасан боловсон хүчний судалгааг ирүүлэх” хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр Төрийн албаны Салбар зөвлөлд мэдэгдсэн. Энэхүү албан бичигт Төрийн албаны Салбар зөвлөл хариу өгөөгүй тул албаны зүгээс ажлын нөхцөл шаардлагыг хангасан иргэнийг шууд авч ажиллуулсан. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор Санхүүгийн хяналт, аудитын дотоод аудит нь “санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэсэн шаардлагыг тавьсан ба Б.Дэлгэрбаяр нь энэхүү шаардлагыг одоо хангахгүй байгаа болно” гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Батцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2006 онд Мандах бүртгэл Дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцан 2010 онд бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр, 2012-2014 онд Хөдөө аж ахуйн Их сургуулийн магистр, докторын сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2010-2012 онд “Лакримоса” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, “Хаан хүнс” ХХК-ийн нягтлан бодогч, 2013 онд “Арвиндөлт хөлөг” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн шалгалтыг 2015 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймагт өгч нөөцөд, 2015 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн “дэс түшмэл”-ийн ангилалд шалгалт өгч тус тус тэнцэн нөөцөд бүртгэгдсэн. Миний бие Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан тушаалд ажиллах хүсэлтээ өгсний дагуу тус албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Санхүүгийн хяналт, аудитын газрын улсын байцаагч, бичиг хэргийн ажилтнаар томилогдсон юм. Намайг ажилд ороход тус албан тушаалд түр томилогдож байгаа талаар огт хэлээгүй бөгөөд энэ ажилд хуулийн дагуу орж ажилласан гэж үзэж байна” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг баримтлан Б.Дэлгэрбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан тушаалд Б.Дэлгэрбаярыг томилсон шийдвэр гаргахыг тус албаны даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2016/0270 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Батцэцэгийн гомдлыг хангахгүй орхижээ.

Гуравдагч этгээд Ж.Батцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан  болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  болж чадаагүй тул хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Төрийн албаны Салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сард гарсан тогтоолыг хэрэгт нотлох баримтаар авах хүсэлтийг гуравдагч этгээдийн зүгээс гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн. Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоод Аудитын дүрэм”-ийн 4.6.1-д “санхүүгийн нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль эрх зүйн салбарын мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх”, 4.6.2-т “тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагуудыг хангаагүй этгээдээс шалгалт авсан байсан. Энэхүү нөхцөл байдлыг нотлоход ач холбогдолтой дээрх баримтыг хэрэгт нотлох баримтаар авахуулах хүсэлт гаргахад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч “ажилд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар энэ хүнийг ажлаас үндэслэлгүйгээр татгалзсан албан ёсны шийдвэр гараагүй байхад түүнийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Намайг тус ажилд авахдаа “чи төрсөн хүний оронд түр ажиллаж байгаа” гэж огт хэлээгүйн зэрэгцээ тухайн албан тушаал нь өөрөө түр ажлын байр биш учраас би өөрийн урьд эрхэлж байсан ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөн, Улаанбаатар хотоос шилжин ирж ажиллаж байгаа” гэжээ.

ХЯНАВАЛ

Төрийн албаны Зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сард тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны “аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч”-ийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулснаас нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгджээ.

Улмаар Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаар албан бичгээр “санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч”-ийн ажлын байранд Б.Дэлгэрбаярыг томилуулахаар нэр дэвшүүлсэн байх бөгөөд Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “Б.Дэлгэрбаяр 1 сартай нярай хүүхэдтэй тул ажлын онцлогоос шалтгаалан түүнийг ажиллуулах боломжгүй” гэсэн хариу өгч, дээрх үндэслэлээр түүнийг өнөөг хүртэл тус ажлын байранд томилоогүй байна.

Б.Дэлгэрбаяр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж, нөөцөд бүртгэгдэн, “санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч”-ийн албан тушаалд тавих шаардлагыг хангасан байхад “нярай хүүхэдтэй” гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно” гэж заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрхийг зөрчжээ.

Төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлөөс сонгон томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.6-д заасны дагуу ...иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулах учиртай байх тул шүүхээс “Б.Дэлгэрбаярыг санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж” шийдвэрлэсэн нь зөв байна.

Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд Ж.Батцэцэг Дэлгэр сумын Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн албан тушаалд шалгалт өгч тэнцсэнээс бус Санхүүгийн хяналт, аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдөөгүй атлаа тус ажлын байранд тавигдах шаардлагыг буруу тодорхойлж, сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Уул маргааны зүйл болох Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоонд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Б.Дэлгэрбаярыг томилохгүй байгаа захиргааны албан тушаалтны хууль бус шийдвэр /эс үйлдэхүйн/-ийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Ж.Батцэцэгийн “сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг шүүхээс цуглуулаагүй, хүсэлт гаргахад хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2016/0270 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН