Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 000006

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0388/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

                        Прокурор                                          Т.Ганзориг

                        Шүүгдэгч                                           С.Г

                        Хохирогч                                           Т.Г

                        Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолтой С.Г-д холбогдох, 1725000000060 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол услын иргэн 1986 оны 12 дугаар сарын 10-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Шанд багийн тоотод оршин суух хаягтай, урьд нь  2012 оны 09 дүгээр сарын 17-ны 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1 .д зааснаар 5 жил хорих ял, 2017 оны 09 сарын 14-ний  241 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сар хорих ялаар  шийтгүүлж байсан,регистрийн дугаартай, А овогт С.Г..

 

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 08 сарын 22-нд Орхон аймаг Баян Өндөр сум Эрдэнэ баг тоот Т-ийн байшингийн цонхоор орж “кен” маркийн дрель, мах шарагч, 50 метрийн уртасгагч, уран хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 22-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын тоотод оршин суух иргэн П.Г-ийн байшингийн цонхоор орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат,” Jordan” 13 маркийн 43 размерийн пүүз, 42 раземерийн хоромон гутал, хонины мах, “coco chanel” үнэртэй ус, “miss dior” үнэртэй ус 100 мл, савхин куртик, “самсунг” маркийн зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, 25 кг үхрийн мах  зэрэг эд зүйлийг хулгайлж 2 845 000 мянган төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч А овгийн С.Г-г орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч С.Г-г 2 жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 2 жил хорих ял дээр нь Дархан уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч С.Г.д оногдуулсан 4 жил 10 сар 14 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч С.Г-аас 110.000 төгрөг гаргаж хохирогч Т.Г-д, 1.185.000 төгрөг гаргаж хохиргч П.Г-д тус тус олгох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би хохирогч Г-ийн гэрээс авсан 2 хаалгатай хөлдөөгч, зөөврийн комьпютер, 3 савхин куртик зэргийг өөрийн танил Баяраа гэдэг хүнд өгсөн. Энэ хүнээс дээрх эд зүйлсийг буцаан авч эзэнд нь хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа мөрдөн байцаалтын шатнаас авхуулан анхан шатны хурал дээр хүртэл хэлсэн боловч авч хэлэлцсэнгүй.

 

Хохирогч Т.Г, П.Г нар нь анхан шатны шүүх хуралдаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргаад оролцоогүй. Ийм байхад шүүх 1 295 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Миний бие нь үйлдсэн хэрэгтээ болон бусдыг хохироосондоо гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  саналтай  байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 08 дугаар сарын 22-нд Орхон аймаг Баян Өндөр сум Эрдэнэ баг Урд хабитадын тоот иргэн Т.Г-ийн байшингийн цонхоор орж “кен” маркийн дрель, мах шарагч, 50 метрийн уртасгагч, уран хөрөө, гагнуурын аппарат зэрэг эд хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 08 дугаар сарын 22-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн урд Хабитатын  тоот П.Г-ийн байшингийн цонхоор орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат,” Jordan” 13 маркийн 43 размерийн пүүз, 42 раземерийн хромон гутал, хонины мах, “coco chanel” үнэртэй ус, “miss dior” үнэртэй ус 100 мл, савхин куртик, “самсунг” маркийн зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, 25 кг үхрийн мах зэрэг эд зүйлийг хулгайлж 2.845.000 мянган төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 

Шүүгдэгч С.Г өөрөө хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

...2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Эрдэнэ багт явж байгаад улаан өнгийн дээвэртэй байшингийн цонхоор ороод гагнуурын аппарат, дрел, мах шарагч уртасгагч, хөрөө зэрэг зүйлийг хулгайлан аваад баруун тийшээ явж нэг эзэнгүй хашаанд нуусан.., 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед Эрдэнэ багт зүүн тийш харсан модон хаалгатай байшингийн хаалганы цоожийг эвдэн орж хоёр тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, “Жордан” 13 маркийн пүүз, хромон гутал, хонины мах, үнэртэй ус 2 ширхэг, савхин куртик, зөөврийн компьютер, хар өнгийн цүнх зэргийг аваад ертөнцийн зүгээр баруун тийшээ эзэнгүй хашаанд нуусан... гэсэн мэдүүлэг , /хх-ийн 06-07, 42-43-р хуудас/

                           

Хохирогч Т.Г-ийн өгсөн ... 2017 оны 08 дугаар сарын 22-оос 24-нд манай гэрт хулгай орсон..., гагнуурын шинэ аппарат, дрель, 50 метрийн уртасгагч, цахилгаан мах шарагч, уран хөрөө зэрэг эд зүйлс алдагдсан..., хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас миний хулгайд алдсан багажнуудаас уртасгагч гагнуурын аппарат, мах шарагч зэргийг хүлээн авсан Г гэдэг хүн хулгайлсан байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14,15-р хуудас/

 

Хохирогч П.Г-ийн өгсөн ... 2017 оны 08 дугаар сарын 22-ноос 24-ны хооронд манайд хулгай орж тасалгаатай хөлдөөгч, зургийн аппарат, “Jordan13” маркын пүүз, 42 размерийн хромон гутал, хонины мах, 2 үнэртэй ус, савхин куртик, зөөврийн компьютер, хар өнгийн цүнх зэрэг эд зүйл хулгайд алдагдсан..., хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуудаад миний хулгайд алдсан эд зүйлээс хромон гутал, пүүз, үнэртэй ус, зургийн аппарат зэргийг хүлээлгэн өгсөн ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 54-55 дугаар хуудас/ болон шүүгдэгчээс эд зүйл хураан хохирогчид хүлээлгэн өгсөн өгсөн тухай тэмдэглэл “Бан хас” ХХК-ний шинжээчийн 158 дугаар гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-25-р хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51-р хуудас/ зэрэг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.Г-аад холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд С.Г Дархан уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 7 сар 16 хоногийн ял эдэлж, 2 жил 10 сар 14 хоногийн ял эдлээгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан түүний нийт эдлэх ялыг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Хохирогч Т.Г, П.Г нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаан дээр “...шүүгдэгчид гомдол саналгүй..., гэж мэдүүлсэн  бөгөөд харин “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө авахгүй...” гэсэн мэдүүлэг өгөөгүй байх тул анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчээс хохирлыг гаргуулахаар заасан нь зөв байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ийн гаргасан

 

 ...би хулгайлсан зарим зүйлийг Б-д өгсөн ... түүнийг авч хохирогчид өгмөөр байна..., мөн хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт өгсөн байхад надаас 1.295.000 төгрөг төлүүлэхээр шийдсэн нь буруу байх тул энэ заалтыг хүчингүй болгож өгөн үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА