Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 677

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, БЮ66050317 регистрийн дугаартай, Жадик овогт Тумарбайн Даулетханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төв /дарга М.Алмагүл/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Даулетхан, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл, түүний өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Даулетхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тумарбайн Даулетхан нь 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон юм. 2014 он хүртэл манаач болон галчийн ажлыг тогтвортой хийж ирсэн. 2014 онд дарга М.Алмагүл надад хандаж: эмнэлэгт манаачийн орон тоо байх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ танд галчийн үүргийг гүйцэтгүүлж урьд авч байсан цалин хөлсийг тогтвортой олгоно гэж хэлж галчаар ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ ажил олгогчийн зүгээс миний ажиллаж байсан манаачийн орон тоог цомхтгож ажил албан үүргээ өөрчилсөн талаарх тушаал, шийдвэрээ албан ёсоор танилцуулж гардуулаагүй юм. Гэтэл дарга маань хэлсэн үгэндээ хүрэлгүй 2015 он болон 2016 оны зууны улирлуудад цалин хөлс олголгүй намайг хохироож эхэлсэн юм. Цалин хөлс олгоогүй талаар гомдлоо дарга М.Алмагүл болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гаргаж байсан боловч М.Алмагүл миний зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөөгүй учраас ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Байгууллагын даргын зүгээс цалин хөлс хүрэлцэхгүй байна гэсэн тайлбар гаргах боловч 2015 оны 12 дугаар сарын үед нэг галч ажилтныг нэмж авсан ба түүнээс болж миний урьд авч байсан цалин хөлс, нэмэгдлийг мөн адилхан хассан юм. Өөрөөр хэлбэл 2012 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэл Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн Засаг даргын конторын галыг гэрээгээр түлж ирсэн ба сар тутам гэрээнд заасны дагуу 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хөлсийг үндсэн цалинд маань нэмж авдаг байсан. 2015 оны 12 дугаар сараас эхлэн манай байгууллагад нэг галч нэмж авснаар урьд нь гэрээний дагуу авч байсан 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хөлсийг авч чадаагүйд хүрсэн юм. Үүнээсээ болж банкнаас авсан зэлээ ч төлж чадахгүйд хүрч байна. Ажил олгогч нь ажилтан намайг анх тус эмнэлгийн галч, сахиулын ажилд томилсон боловч сүүлд эмнэлгийн дарга М.Алмагүл нь намайг үзэл бодлын хувьд хавчин гадуурхан төрөл бүрийн заль мэх хэрэглэн аажим аажмаар ажилгүй болгох алхам хийж байгаа явдалд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан манаач, галчийн ажилд эргүүлэн тогтоож намайг байнгын ажлын байртай болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Даулетхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2005 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчаар томилогдож ажилд орсон. Үүнээс хойш нийт 12 жил болсон. 2005 оноос эхлээд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус өрхийн эрүүл мэндийн төвд галч, манаачаар ажилласан. Тэгээд хариуцагч М.Алмагүл нь надад та гэрээт ажилтан болсон манаачийн орон тоо хасагдсан, цалин хөлс хүрэлцэхгүй болсон гэж хэлсэн. Тэгээд би яагаад орон тоо хасагдсан бэ гэж асуухад байгууллагыг камержуулсан, ойр хавьд айлууд байдаг болсон тул манаачийн шаардлага хэрэггүй болсон гэж хэлсэн. Би зун 5 сар цалингүй байсан. Дарга М.Алмагүлд амьдралын боломж муу, банкны зээлтэй, 3 оюутан сургаж байгаа тул эдгээр нөхцөл байдлыг харж үзээрэй гээд удаа дараа хэлсэн, өргөдөл бичсэн, мөн хамт олны хуралд бас хэлсэн боловч анхаарч үзээгүй. Надад янз бүрийн байдлаар дарамт үзүүлдэг. Ажлаас буугаад гэртээ амарч байх үед дуудаж засварын ажил ч юм уу өөр бусад ажил хийлгэдэг байсан. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 дугаартай тушаал гаргаж намайг галч болгосон байсан. Би үүнийг мэдээгүй. Тиймээс шүүхээс тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жадик овогтой Тумарбайн Даулетханы Манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байгаа тухайгаа тус төвийн дарга М.Алмагүл би тайлбарлаж байна. Үүнд: 1.Т Даулетханы 2005 онд тус төвд галч, манаачаар ажилд орсон тухай гэх ямар нэгэн баримт материал, төвийн даргын тушаал байхгүй. Намайг тус төвд даргаар 2012 онд томилогдоход Т.Даулетхан нь манайд манаач биш галчаар ажиллаж байсан хүн. Манай төвд манаач" гэсэн орон тоо байгаагүй бөгөөд одоо ч байхгүй. 2. Урьд нь Даулетхан нь өвөл галчаар ажиллаж байгаад зуны сард түүний хүсэлтээр манаачийн цалин олгож байсан байжээ. Гэтэл нэгэнт манаачийн орон тоо байхгүй тул бид Даулетханд 2015 оноос эхлэн зуны сард түүний сул ажилгүй байсан ч гэсэн сар бүр 19200 төгрөг олгож байсан болно. Энэ бол бидний Даулетханыг харж үзэж байгаа хэрэг юм. Энэ үед Даулетхан нь нэг ч өдөр, нэг ч цаг ажил хийдэггүй үүнийг өөрөө хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Хэрэв Даулетханы 2012 оноос өмнө манаачаар ажиллаж байгаад гарсан бол тухайн үед гомдол гаргах ёстой байх гэж бодож байна. 3. Даулетхан нь 2013 оноос өнөөдөр хүртэл манай төвд галч гэсэн орон тоон дээр ажилладаг бөгөөд баталсан тарифаар сард 350000 төгрөгөөр цалинждаг болно. Дээр нь бид энэ хүнд ажлын хувцас, ариун цэврийн хэрэгслээр хангахаас гадна түлээ, нүүрсний мөнгө өгдөг. Даулетхан нь урьд нь манаачийн ажлыг давхар хийх ёстой гэж аймгийн МҮЭ-н зөвлөл, МХГ, аймгийн ЗД-д хандаж өргөдөл гаргаж байсан боловч эрх бүхий байгууллага шалгаад өөрт нь үүний хүсэлтийг авах боломжгүй гэж хариулт өгч байсан байна. Бидний тайлбар хүргүүлсэн нотлох баримт, танай зүгээс гэрчээр асуух хүмүүсийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийж, Даулетханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Алмагүл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл маань Т.Даулетханы өөрийг нь байлцуулж байгууллагын хамт олны хурлаар авч хэлэлцэж байгууллагыг камержуулна гэж шийдвэр гаргасан. Намайг анх тус өрхийн эрүүл мэндийн даргын ажилд томилогдох үед өмнөх даргын ямар нэгэн тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг байгаагүй. Би Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2013 оноос эхэлж томилогдсон. Би ажилтнуудыг баталсан орон тоогоор л цалинжуулах ёстой. Манайд сахиул гэсэн орон тоо байхгүй, зөвхөн галчийн орон тоо л байгаа. Өмнө нь манай байгууллагад 2 сахиул байсан. Гэтэл санхүүгийн бэрхшээлээс болж 2012 оны сүүл, 2013 оны эхэнд 2 манаачийн нэгийг нь ажлаас нь халж, Т.Даулетханыг сахиулын цалингаар цалинжуулж, 40 хувийн урамшуулал өгч ажиллуулахаар тохиролцсон. Т.Даулетхан би хонохгүй гээд асуудал гаргаад байсан болохоор 40 хувийн урамшуулал өгөхөөр тохиролцсон. Гэвч Т.Даулетхан нь ажлын байранд архи ууж хэл ам гаргаад байсан тул та одоо цагаар ажиллана, камер байршуулна гэж хамт олны хурлаар авч хэлэлцсэн. Хамт олны хуралд нэг галчийг хасаад Т.Даулетханд яагаад 40 хувийн урамшуулал олгож байгаа гэсэн асуудал гарсан тул энэ сард өгөөд дараа сараас өгөхгүй байхаар шийдвэр гарсан. Үүнийг Т.Даулетхан өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул тушаал гаргаж өгсөн. Т.Даулетхан түрүүн тушаал гардаж аваагүй гэж хэлж байна. Хэрэв үнэхээр тушаал гардаж аваагүй бол 2014 онд яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ, цалин хөлс нь буурсан бол яагаад дуугүй яваад байсан бэ. Тухайн үед би тушаал гаргаж нэг хувийг Т.Даулетханд, нэг хувийг нягтлан бодогчид өгсөн. Нягтлан бодогч уг тушаалын дагуу цалин хөлсийг бодож олгож байгаа шүү дээ. Тийм учраас Т.Даулетхан нь өөрийгөө галч гэдгийг мэдсэн. Түүнчлэн жил болгон гэрээ байгуулдаг, үүнд албан тушаал нь галч гэж байгаа. Батлагдсан орон тоо, өрхийн эмнэлэг ажиллуулах стандарт зэргийг харуулж байсан. Т.Даулетхан нь манаачийн орон тоо байхгүй, зөвхөн галчийн орон тоо байгаа, өөрийгөө галч гэдгийг мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр яагаад би мэдээгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Дандаа хэл ам гаргана, ажлын байранд байнга согтууруулах ундаа хэрэглэдэг. Манайд сахиул, манаач гэсэн орон тоо байхгүй тул уг орон тоонд эгүүлэн авах боломжгүй. Орон тоо батлагдаж ирсэн төсвийн хүрээнд хамт олны хурлаар батлагддаг. Төсөв маань янз бүрээр батлагдаж ирдэг гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Даулетхан нь анх тус шүүхэд аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн орон тоо хасах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, мөн хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Даулетхан нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар намайг өөр ажилд буруу шилжүүлсэн мөн манаачийн орон тоог хассан талаарх эрхийн актаа надад гардуулж өгөх үүргээ биелүүлээгүй би мэдээгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гараагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нь нэхэмжлэгч Т.Даулетхантай 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба уг гэрээндээ албан тушаалын нэр: сахиул, галчийн гэж бичсэн боловч нэхэмжлэгч Т.Даулетханыг сахиул, галчийн албан тушаалд томилсон тухай тушаалыг зохигчдын аль аль нь нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул Т.Даулетханыг сахиул, галчийн ажилд томилсон тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй байна гэж дүгнэлээ.

Иймд хавтаст хэрэгт Т.Даулетханыг тус өрхийн Эрүүл мэндийн төвийн манаачаар томилсон тушаал байхгүй ч гэсэн түүнийг аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2005 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тушаалаар манаачийн ажилд томилсон болох нь түүний 0014943 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн 26 ба 27 дугаар хуудсанд бичигдсэн бичилтээр нотлогдож байна.

Гэтэл Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т зааснаар өрхийн эрүүл мэндийн төвийг ...сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага гэж тодорхойлсон байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас доорх тогтоолыг гаргаж, эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг баталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм-ийн 1.3-д Төв нь нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна. ... мөн дүрмийн 1.4-д төв нь улсын бүртгэлд бүртгүүлэн холбогдох хууль, журмын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байна. Төвийг үүсгэн байгуулах, өөрчлөх, нэгдэх, татан буулгахтай холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна гэж заасан ба Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг гишүүдийн саналын эрхийн дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж заасан ба 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хамт олны буюу нөхөрлөлийн хурлын протоколоор 3 асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүний нэг нь бол тухайн байгууллагад хяналтын камер тавьж, сахиул буюу манаачийн орон тоог цомхтгох тухай асуудлыг шийдвэрлэсэн байна. Уг хуралд хүн бүр саналаа хэлсэн байх ба Даулетхан нь өөрөө Би гал түлж байна. Гал түлж байгаа хугацаандаа хяналтын камер байршуулах хүртэл сахиулын мөнгийг 1 сар 40% авъя гэж санал гаргасан байна. Олонхын саналаар шийдвэрлэсэн гэх хэсэгт ... 2.Хяналтын камер байршуулах. 3. Даулетханд 1 сар сахиулын 40%-ийг олгоё. 4.Даулетханыг дараачийн сараас эхэлж галчаар ажиллуулах. 5.Хурлаас гарсан шийдвэр болох галчаар томилсон тушаалыг гаргаж, 1%-ийг Даулетханд гардуулж өгөх гэж шийдвэрлэсэн ба хурлын протоколд Даулетхан болон бусад бүх хүмүүс гарын үсэг зурсан байна. Уг хамт олны буюу нөхөрлөлийн хурлын протоколыг үндэслэж мөн өдөр 2 дугаартай Орон тоог хасах тухай тушаалаар Б.Даулетханыг галчаар томилсон байна.

Иймд 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны буюу нөхөрлөлийн хурлын протоколоос дүгнэхэд тухайн байгууллагад хяналтын камер тавьж, манаачийн орон тоог хассан байх ба уг хуралд нэхэмжлэгч Б.Даулетхан нь өөрөө биечлэн сууж, өөрийнхөө саналыг гаргаж хяналтын камер тавих хүртэл 1 сар сахиулын 40% авахаар болж хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайн хурлаас шийдвэрлэсэн асуудлыг Б.Даулетхан нь мэдэж байсан ба уг шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гаргасан эрхийн актыг би аваагүй ажил олгогч гардуулаагүй гэх боловч уг асуудал нь тухайн хурлаас шийдвэрлэсэн асуудлаас үүдэлтэй гарсан эрхийн акт байх тул нэхэмжлэгч тэр үед энэ талаарх гомдлоо шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Даулетхан нь уг манаачийн орон тоо хасагдаж галчийн ажил олгогчийн ажилд томилсон тухай тушаалын талаар огт мэдээгүй гэх боловч ажил олгогчтой 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 5 дугаар сарын 01, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 2016 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл тус тус хугацаатай галчийн ажлыг хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байна. Энэ хугацаанд цалин хөлстэй холбоотой Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар дамжуулж аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад хандаж байсан нь гэрч Т.Нурлан, А.Кеншилик нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Даулетхан нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Хамт олны буюу нөхөрлөлийн хурлын протокол, 2014 оны 9 дүгээр сарын 10, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнүүдэд зурсан гарын үсгийг өөрийнхөө зурсан гарын үсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үүнд маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа энэ хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч зөрчсөн боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд гомдлоо 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу 3 жил 4 сарын дараа гаргаж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэртэй холбоотой аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц орон тоог батлах тухай тушаалаар тус Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог баталсан байна.

Нэхэмжлэгч Б.Даулетхан нь Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн орон тоо хасах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцсэн боловч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Т.Даулетханы Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаартай орон тоо хасах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ