Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 008

 

Т.Даулетханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Жадик овогт Тумарбайн Даулетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч М.Алмагүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Тумарбайн Даулетхан нь 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон. 2014 он хүртэл манаач болон галчийн ажлыг тогтвортой хийж ирсэн. 2014 онд дарга М.Алмагүл надад хандаж эмнэлэгт манаачийн орон тоо байх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ танд галчийн үүргийг гүйцэтгүүлж, урьд авч байсан цалин хөлсийг тогтвортой олгоно гэж хэлж галчаар ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ ажил олгогчийн зүгээс миний ажиллаж байсан манаачийн орон тоог цомхтгож, ажил албан үүргээ өөрчилсөн талаарх тушаал, шийдвэрээ албан ёсоор танилцуулж гардуулаагүй. Гэтэл дарга хэлсэн үгэндээ хүрэлгүй 2015 он болон 2016 оны зууны улирлуудад цалин хөлс олголгүй намайг хохироож эхэлсэн. Цалин хөлс олгоогүй талаар гомдлоо дарга М.Алмагүл болон Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гаргаж байсан боловч М.Алмагүл миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөөгүй учраас ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Байгууллагын даргын зүгээс цалин хөлс хүрэлцэхгүй байна гэсэн тайлбар гаргах боловч 2015 оны 12 дугаар сарын үед нэг галч ажилтныг нэмж авсан ба түүнээс болж миний урьд авч байсан цалин хөлс, нэмэгдлийг мөн адилхан хассан. Өөрөөр хэлбэл 2012 оноос 2015 оны 12 дугаар сар хүртэл Өлгий сумын 6, 9, 10 дугаар багийн Засаг даргын конторын галыг гэрээгээр түлж ирсэн ба сар тутам гэрээнд заасны дагуу 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хөлсийг үндсэн цалинд маань нэмж авдаг байсан. 2015 оны 12 дугаар сараас эхлэн манай байгууллагад нэг галч нэмж авснаар урьд нь гэрээний дагуу авч байсан 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хөлсийг авч чадахгүйд хүрсэн. Үүнээсээ болж банкнаас авсан зэлээ ч төлж чадахгүйд хүрч байна. Ажил олгогч нь ажилтан намайг анх тус эмнэлгийн галч, сахиулын ажилд томилсон боловч сүүлд эмнэлгийн дарга М.Алмагүл нь намайг үзэл бодлын хувьд хавчин гадуурхан төрөл бүрийн заль мэх хэрэглэн аажим аажмаар ажилгүй болгох алхам хийж байгаа явдалд гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан манаач, галчийн ажилд эргүүлэн тогтоож намайг байнгын ажлын байртай болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жадик овогтой Тумарбайн Даулетханы Манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвд холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байгаа тухайгаа тус төвийн дарга М.Алмагүл би тайлбарлаж байна. Үүнд:

1.Т.Даулетханы 2005 онд тус төвд галч, манаачаар ажилд орсон гэх ямар нэгэн баримт материал, төвийн даргын тушаал байхгүй. Намайг тус төвд даргаар 2012 онд томилогдоход Т.Даулетхан нь манайд манаач биш галчаар ажиллаж байсан хүн. Манай төвд манаач" гэсэн орон тоо байгаагүй бөгөөд одоо ч байхгүй.

2. Урьд нь Т.Даулетхан нь өвөл галчаар ажиллаж байгаад зуны сард түүний хүсэлтээр манаачийн цалин олгож байсан байжээ. Гэтэл нэгэнт манаачийн орон тоо байхгүй тул бид Т.Даулетханд 2015 оноос эхлэн зуны сард түүний сул ажилгүй байсан ч гэсэн сар бүр 19200 төгрөг олгож байсан болно. Энэ бол бидний Т.Даулетханыг харж үзэж байгаа хэрэг юм. Энэ үед Т.Даулетхан нь нэг ч өдөр, нэг ч цаг ажил хийдэггүй үүнийг өөрөө хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Хэрэв Т.Даулетхан 2012 оноос өмнө манаачаар ажиллаж байгаад гарсан бол тухайн үед гомдол гаргах ёстой байх гэж бодож байна.

3. Т.Даулетхан нь 2013 оноос өнөөдөр хүртэл манай төвд галч гэсэн орон тоон дээр ажилладаг бөгөөд баталсан тарифаар сард 350000 төгрөгөөр цалинждаг болно. Дээр нь бид энэ хүнд ажлын хувцас, ариун цэврийн хэрэгслээр хангахаас гадна түлээ, нүүрсний мөнгө өгдөг. Т.Даулетхан нь урьд нь манаачийн ажлыг давхар хийх ёстой гэж аймгийн МҮЭ-н зөвлөл, МХГ, аймгийн ЗД-д хандаж өргөдөл гаргаж байсан боловч эрх бүхий байгууллага шалгаад өөрт нь түүний хүсэлтийг авах боломжгүй гэж хариулт өгч байсан байна. Бидний тайлбар хүргүүлсэн нотлох баримт, танай зүгээс гэрчээр асуух хүмүүсийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийж, Т.Даулетханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар шийдвэрээр: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Т.Даулетханы Баян-Өлгий аймгийн Шипагер Өрхийн Эрүүл Мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаартай орон тоо хасах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна Үүнд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Даулетханы нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхой байхад шүүх хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ажил олгогч нь "Т.Даулетханыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан тухай тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрыг эрх бүхий байгууллагын /аймгийн Эрүүл мэндийн газар болон "Шипагер" ӨЭМТ/ шийдвэрүүдээр байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид ажлын байрыг нь цомхотгосон талаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй.

Нэхэмжлэгч Т.Даулетханыг өөр ажилд шилжүүлсэн тухай шийдвэрийг ажил олгогчоос гардуулсан, ажилтан хүлээж авсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй.

2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан, маргааны үйл баримтад хамааралгүй бичмэл баримтуудыг үндэслэн Т.Даулетхан нь уг манаачийн орон тоо хасагдаж, галчийн ажил олгогчийн ажилд томилсон тухай тушаалын талаар огт мэдээгүй гэх боловч ажил олгогчтой ...хугацаатай галчийн ажлыг хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байна. Энэ хугацаанд цалин хөлстэй холбоотой ...мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад хандаж байсан нь ...зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-Т заасан ... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 жил 4 сар хэтрүүлсэн ... гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь: Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг хүлээж авсан нь нотлогдоогүй тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр тухайн байгууллагад өөр ажил, албан тушаал эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үйл баримтыг тогтоохгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Даулетхан нь Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажилд эгүүлэнтогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Даулетхан нь Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн 2005 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тушаалаар манаачаар, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус төвийн галчаар тус тус томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд түүнийг ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас халаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Т.Даулетхан нь Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай орон тоо хасах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцсэн боловч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 жил 4 сарын хугацаагаар хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Т.Даулетханыг галчийн ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, түүний хөдөлмөрлөх эрх нь ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Шипагер өрхийн эрүүл мэндийн төвийн манаач, галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ галч гэсэн үгийг орхигдуулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын манаач гэсний дараа галчгэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 677 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын манаач гэсний дараа галч гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ