Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00193

 

Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02181 дүгээр магадлалтай,           

            “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

        Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1921 дүгээр шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 32.855.296.74 ам.доллар буюу 51.596.943.659 төгрөгийг гаргуулж иргэн Э.Сүрэнд олгох, хариуцагч нь уг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Хадгаламж банк” ХХК-ийн баталгааны гэрээний дагуу Тнаас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/8591 тоот мэдэгдлээр “төлбөр төлөгч “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсанаар Танай банк банкны баталгааны гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, нийт 51.885.286.327 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлэх”-ийг шаардаж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Жаст групп” ХХК нь 2013 оны 8 дугаар сараас үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд тус компанийн өмчлөлд нийт 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх боловч Олон Улсын хамтын ажиллагааны банк болон Хадгаламж банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч “Жаст групп” XXК-ийн үүсгэн байгуулагч Ш.Батхүү шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй талаарх тайлбарыг удаа дараа гаргасан гээд төлбөрийг Т төлөх ёстой гэж үзэж, Тны нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаа явуулан банкны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч үндсэн этгээдээр төлбөрийг төлүүлэх талаар хуульд заасан журмын дагуу хангалттай ажиллагаа явуулаагүй атлаа гуравдагч этгээдийн хэвийн үйл ажиллагаанд доголдол учирхуйц үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж байна. Тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь “Жаст групп” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг бодитойгоор явуулсан зүйлгүй, зөвхөн компанийн нэр дээрх хөрөнгийн лавлагаа авах, “Жаст групп” ХХК-иас тайлбар авах төдийхнөөр үйл ажиллагаагаа хязгаарласан, төлбөр төлөгчийн тайлбарыг үндэслэн түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгчийг хариуцлагаас чөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл юм. “Жаст групп” ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь түүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэх, улмаар төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тус компанийн нэр дээр:

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4 ширхэг шатахуун түгээх станцын барилга /бусдад барьцаалсан талаар ямар нэгэн мэдээлэлгүй/,

            Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1 шатахуун түгээх станцын барилга /Хадгаламж банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/,

            Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2 ширхэг шатахуун түгээх станцын барилга, 2 орон сууц, 1 нефьтийн агуулахын байр, 17 айлын орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай барилга /Голомт, Хадгаламж болон Олон Улсын хамтын ажиллагааны банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2 ширхэг шатахуун түгээх станцын барилгууд /Хадгаламж банк болон иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн/ зэрэг олон тооны үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хавтаст хэрэгт авагдсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5-д заасны дагуу дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулах тэдгээр хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх, улмаар хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулж, борлуулсан орлогоор төлбөр төлүүлэх бүрэн боломжтой байна. Дуудлага худалдаанаас олсон орлого нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар зохицуулсан байна. Дээрх зохицуулалтын хүрээнд:

1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “Жаст групп” ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн хэргүүдийг нэгтгэж төлбөр төлөх ажиллагааг явуулах,

2. Ийнхүү нэгтгэсний дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчийн шаардлага хангах дарааллыг тогтоосны үндсэн дээр бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах бүрэн боломжтой.

Гэтэл хуульд заасан дээр дурдсан ажиллагааг явуулах шаардлагатай нөхцөл байдал байгааг шийдвэр гүйцэтгэгч нь зориуд орхигдуулж, “Жаст групп” ХХК төлбөр төлөх боломжгүй болох нь юугаар нотлогдож байгаа тухай баримт, нотолгоо, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тухай нотлох баримт байхгүй, Тнаас төлбөрийг гаргуулахаар ажиллагаа явуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Иймд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1921 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 9994/С дүгээр захирамжийн дагуу Тинд холбогдуулан явуулсан тус албаны 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчин явуулж буй ажиллагааг хүчингүй болгуулахаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/2820 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Т.Энхбатад, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгт хандаж тус тус гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 51.596.943.659 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Тнаас дээрх төлбөрийг гаргуулан Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал “Жаст групп” ХХК-ийн нэр дээр эд хөрөнгө байхад Таар төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4 ширхэг шатахуун түгээх станцын барилга бусдад барьцаагүй, бусад хөрөнгө нь Хадгаламж банк, Голомт банк, Олон Улсын хамтын ажиллагааны банкны зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн талаар нэхэмжлэлдээ дурьдсан байна. Хан-Уул дүүргийн Өмч, Газрын харилцааны албаны 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 09/890 тоот албан бичгээр Ш.Батхүү болон “Жаст групп” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газар эзэмшиж, өмчилж аваагүй талаар хариу ирүүлсэн. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 403 тooт албан бичгээр “Жаст групп” ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010848 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам ШТС 109 бүртгэлтэй байх бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хадгаламж банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн 1 ширхэг шатахуун түгээх станц “Жаст групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Дээрх барьцааны газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 4.749.270.896 төгрөгийг гаргуулан Хадгаламж банкны эрх хүлээн авагчид олгох, “Жаст групп” ХХК нь үүргээ биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Иргэний хуулийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн ... үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана”. Мөн хуулийн 179.2-т “хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнэ нь ипотекийн эрх бүхий бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байвал дуудлага худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдон гарсан зардлыг хасч, үлдсэн мөнгийг тусгай дансанд хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуваарилна” гэж тус тус заасан байх тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр битүүмжлэн хураан авч албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй болно. Мөн “Жаст групп” ХХК нь иргэд болон хуулийн этгээдэд их хэмжээний төлбөртэй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар capын 25-ны өдрийн 2621 дүгээр шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 694.289.637 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2303 дугаар шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 10.301.022.930 төгрөгийг гаргуулан Чингис хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаар магадлалаар “Жаст групп” ХХК-иас 42.045.183.593 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гарсан байна. Иймд нэхэмжлэлд дурьдсан хөрөнгөөр төлбөрийг төлүүлэх боломжгүй тул Тны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэлийн тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь албан бичиг бичсэнээс өөр ажиллагаа хийгээгүй. “Жаст групп” ХХК нь хөрөнгөгүй болсон гэдэг нь тодорхой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар хөрөнгө нь хүрэхгүй байгаа гэдэг тогтоогдсон. Бид нарын хүсээд байгаа зүйл гэвэл “Жаст групп” ХХК нэгэнт хөрөнгөгүй болсон юм бол батлан даагчаас гаргуулж өгөх нь зүйтэй. Үүний дагуу гаргаж өгөөч гэсэн боловч ажиллагаа хийхгүй байгаад нь шийдвэр гүйцэтгэлийн албанд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9994/с дүгээр захирамжийн дагуу Тинд холбогдуулан явуулсан 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02181 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2017/02181 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хууль буруу хэрэглэн тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-нд Г.Мөнхболдод, 2015 оны 12 дугаар сарын 02-нд Х.Гэрэлчулуунд, 2016 оны 03 дугаар сарын 01-нд Ш.Батдоржид, 2016 оны 12 дугаар сарын 21-нд Э.Ганбат, Н.Батгэрэл нарт тус тус итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ... ” гэж дүгнэн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь оролцох боломжтой байсан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хэргийн 5 дугаар талд Г.Мөнхболдод 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд хэргийн 92 дугаар талд авагдсан итгэмжлэлээр Г.Мөнхболдоос татгалзаж, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Хаш-Эрдэнэ оролцохоор болсон байдаг. Мөн “Т” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Эрдэнэчулууныг оролцуулахаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байдаг. Түүнчлэн хэргийн 93 дугаар талд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ш.Батдоржид олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд хугацаа заагаагүй итгэмжлэл байсан тул Иргэний хуулийн 64.5 дах хэсэгт заасны дагуу итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх нэр бүхий этгээдүүдэд олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх, хугацаа дуусгавар болсон эсэх талаар нягталж шалгалгүйгээр хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Мөн эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг нэг бүрчлэн мэдэгдээгүй тул Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүгчиин туслах Г.Намуун нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбат, Н.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чулуунбат нарт хурлын тов мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ... ” гэж дүгнэн шүүх хурал давхацсан гэсэн үндэслэлээр бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг ч мөн адил оролцох боломжгүй гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүйгээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан гэж үзнэ... ” гэж дүгнэсэн нь мөн л үндэслэл муутай болжээ. Учир нь Д.Чулуунбат өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байгааг нотолсон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эсхүл өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт хавтаст хэрэгт бичгээр авагдаагүй, өмгөөлөгч Д.Чулуунбат нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад өмгөөлөгчид нь хурлын тов мэдэгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Харин хэргийн 121 дүгээр талд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э.Ганбат, Н.Батгэрэл нарт олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд хэргийн 187 дугаар талд авагдсан тов мэдэгдэх хуудсаар Э.Ганбатад утсаар хурлын тов мэдэгдсэн байна. Тэрээр “...би ажлаасаа гарсан... ” гэж мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ хэлсэн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбатаас татгалзсан тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдээгүй гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцох боломжгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож, үлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан давхцсан үндэслэл зааж хүсэлтээ бичгээр гарган холбогдох баримтын хамт ирүүлснийг хүндэтгэн үзэх үндэслэл мөн гэж үзэх бүрэн боломжтой байжээ.

3. Тухайн хэрэг нь нэхэмжлэгч “Т” ХХК-иас их хэмжээний мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой маргаан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд “СБД-ийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт”-ийг дурьдаж үндэслэл болгосон байхад нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2 “хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх” болон 25.1.3 “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрх”, 6.1, 6.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь ИХШХШТХ-д заасан мэтгэлцэх зарчмын гол үндэслэл болсон “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй” байх боломжийг алдагдуулж мөн хуулийн 6 дугаар зүйл, 15.2.2, 107.2, 107.3 гэсэн эрхийг хязгаарласан. Энэ эрхийг шүүх хэрэгжүүлж боломж олгохгүй бол хэн хангах юм. Дээрх шүүхийн шийдвэрээр "МУ-ын Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” эрх огт хангагдсангүй гэж үзэж байна.

4. Мөн анхан шатны шүүх уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан Э.Сүрэнгийн бичгээр гаргасан хүсэлт нь хэргийн 107, 108 дугаар талд авагдсан бөгөөд энэ хүсэлтийг Э.Сүрэн өөрөө бичсэн гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх ба хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан энгийн нүдээр үзэхэд З.Сүрэнгийн өөрийнх нь гарын үсэг биш, түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад шүүгч захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг засч магадлаагүй байна. Хэргийн 116 дугаар талд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э.Сүрэн, Л.Сарангэрэл нарын хооронд байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” авагдсан бөгөөд гэрээнд зурагдсан Л.Сарангэрэл, Э.Сүрэн нарын гарын үсэг нь яг адилхан нэг хүнийх байх төдийгүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэд зурагдсан гарын үсэг болон бичгийн хэвтэй адилхан байх тул Э.Сүрэнгийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг Л.Сарангэрэл бичсэн, мөн Э.Сүрэнг төлөөлж өөрөө өөртэйгөө “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан хэргийн оролцогч болсон гэж үзэж байна.

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэс болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн 1921 дугаар шийдвэр нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг шийдвэрийг биелүүлэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 9994/с дугаар Шийдвэр гүйцэтгэх захирамжийг үндэслэн 2014.02.04-ний өдрийн 95 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор мөн өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхийг Ахлагч гүйцэтгэгч, ахмад Н.Уранчимэг зөвшөөрсөн байдаг. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд энэ цаг хугацаанаас өмнө хийгдсэн ажиллагаанууд байдаг. Өөрөөр хэлбэл, “Жаст групп” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагаа хийж байсан “өөр төлбөр авагч буюу өөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байсан ажиллагаа”-г үндэслэж “Жаст групп” ХХК-ийг төлбөрөө төлөхгүй байна гэж шийдвэр гүйцэтгэгч үзсэн нь хууль бус юм. Мөн хариуцагчийн тайлбар болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:

“..он, сар, өдөр тодорхойгүй 3638 дугаар шийдвэрээр 4.749.270.890 төгрөг ХЭХА-д төлбөртэй, 2014.03.25-ны өдрийн 2621 шийдвэрээр 694.000.000 төгрөг гаргуулан “Ориент инвест” ББСБ-д олгуулахаар шийдвэр гарсан, 2013.12.30-ны 2303/с дугаар шийдвэрээр 10.301.022.930 төгрөг Чингис хаан банкинд, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.11.14-ний 1073 дугаар магадлалаар “Жаст групп” ХХК-иас 42.450.183.593 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үүн дээр манайд гүйцэтгэх хуудас ирээрүй байгаа” гэж маргасан байдаг.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шүүхүүд нь хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн. Үндсэн төлбөр төлөгчийг хариуцлагаас чөлөөлж, “Т” ХХК-иас төлбөрийг гаргуулж өөрийн дураар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хялбарчилж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус үйлдлийг зөвтгөсөн шийдвэр, магадлал болжээ. Хариуцагч тал хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд дараах ажиллагааг хийгээгүй байдаг.

а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэж төлбөр төлүүлэх ажиллагааг явуулах,

б. ШШГТХ-ийн 77 дугаар зүйлд заасны дараа шаардлага хангах дарааллыг тогтоох,

в. “Жаст групп” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх, хураах,

г. Тус компанийн хөрөнгийн үнэлгээг хийх,

д. Дуудлага худалдаа зохион байгуулж, төлбөрийг төлүүлэх,

е. Дуудлага худалдаанаас олсон орлого нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол ШШГТХ-ийн 54.1-д “төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр барагдуулах” ажиллагааг хийгээгүй байна.

6. Эцэст нь дурьдахад Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж иргэн Эдуард Сүрэн нь “2010 онд Жаст групп-д зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж 3 удаагийн үйлдлээр нийт 32.855.296 ам.долларыг зээлдүүлсэн, ингэхдээ Хадгаламж банк нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр “Жаст групп”тэй зээлийн гэрээ байгуулсан юм гэж дурьдаад “Шүүхээс А. “Жаст групп” ХХК-иас үндсэн зээлийн дүн 32.855.296 ам.доллар гаргуулж өгнө үү. Б. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн огноо тодорхойгүй нэхэмжлэлийг “Жаст групп” ХХК-д холбогдуулан гаргаж, дараа нь “Т” ХХК-ийг хариуцагчаар нэмж татсан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.855.296 ам доллар буюу 51.596.943.659 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох, “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Тнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэж шийдвэрлэсэн. Иргэн Э.Сүрэнгийн гаргасан дээрх нэхэмжлэлийг “Жаст групп” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг бол харин “Т” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, “Хадгаламж банк нь төлбөрийн чадваргүй болсны улмаас Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилогдож, “Хадгаламж банк” дахь банкны эрх хүлээн авагч болон Тны хооронд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013 БЭХА/154 дугаартай “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ” -гээр хүлээн авсан Актив, пассивын үүрэгт иргэн Э.Сүрэн, “Жаст групп” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх зээлийн гэрээнд тус банкнаас гаргасан баталгаа, батлан даалттай холбоотой ямарч үүрэг шилжиж ирээгүй” гэж татгалзлын үндэслэлээ нотолж мэтгэлцсэн. Гэвч шүүх Хадгаламж банкны эрх хүлээн авагч Тны хооронд хийгдсэн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013 БЭХА/154 дугаартай “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ны 2.3-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө шилжүүлэгчийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг, эд хөрөнгийн эрх болон эд хөрөнгө нь Т буюу хөрөнгө хүлээн авагчид шилжсэнд тооцно” гэснээс үзвэл Т хариуцах үндэслэлтэй байна гэж Гэрээний заалтыг тайлбарлан хэрэглэж Тинд дээрх төлбөрийн үүргийг хүлээлгэсэн байдаг.

Нэхэмжлэгч Э.Сүрэн нь нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсарган гаргаж өгсөн “Хадгаламж банк” ХХК-ийн Төлбөрийн баталгаа, баталгааны гэрээ, Хадгаламж банкны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл зэрэг нь бүгд хуурамч болох нь хожим илэрсэн ба одоо АТГ-т тус банкны тухайн үеийн удирдлагад холбогдох Эрүүгийн хэрэгт тухайн үйл баримт шалгагдаж байгаа юм. Нөгөө талаар иргэн Э.Сүрэн нь хуйвалдаж хариуцагч “Жаст групп” ХХК-тай тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, талуудын хооронд тухайн цаг хугацаанд хийгдсэн гэх зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээнд хийгдээгүй зэрэг нь хожим тодорхой болсон тул дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж “Т” ХХ-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг иргэн Э.Сүрэн, “Жаст групп” ХХК нар нэгдмэл сонирхолтойгоор улайран зүтгэж байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01782 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2017/02181 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.  

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Э.Сүрэн оролцсон ба хариуцагч албан бичиг бичсэнээс өөр ажиллагаа хийгээгүй гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл тайлбар гаргасан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрээр “Жаст групп” ХХК-иас 51.596.943.659.3 төгрөгийг гаргуулан Э.Сүрэнд олгохоор, “Жаст групп” ХХК нь 51.596.943.659.3 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу “Т”-аас дээрх төлбөрийг гаргуулан Э.Сүрэнд олгохоор шийдвэрлэж, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 9994/с дугаар шүүгчийн захирамж, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 156 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 1921 дүгээр шийдвэр, 9994/с захирамж болон 156 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Жаст групп” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагааг хийгээгүй атлаа үндэслэлгүйгээр тус банкнаас төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан” гэж тодорхойлжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2015 оны 03 сарын 30-ны өдрийн 1/8591 тоот мэдэгдэлд “...”Жаст групп” ХХК нь 2013 оны 8 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд тус компанийн өмчлөлд нийт 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй боловч Олон Улсын хамтын ажиллагааны банк болон Хадгаламж банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч “...Жаст групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Батхүү шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулах боломжгүй, төлбөрийн чадваргүй талаарх тайлбарыг удаа дараа гаргасан. “...”Жаст групп” ХХК нь төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдснаар Танай банк банкны баталгааны гэрээний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийн 51 596 943 659 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 258 142 668 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 200 000 төгрөг, нийт 51 855 286 327 төгрөгийг ...дансанд шилжүүлж, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү” гэсэн боловч мэдэгдэлд дурдсан үйл баримтын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг, мөн хуулийн 58-60 дугаар зүйлээр төлбөр төлөгч-хуулийн этгээдээс төлбөр гаргуулах харилцааг тус тус зохицуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2., 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин  төлбөр төлөгч “Жаст групп” ХХК-ийг төлбөр авагч иргэн Э.Сүрэнгээс гадна бусад этгээдэд өр төлбөртэй байгаа тухай шүүхийн шийдвэр, арбитрын шийдвэрийг шүүхэд ирүүлсэн байна. Төлбөр төлөгч “Жаст групп” ХХК нь бусад этгээдэд төлөх өртэй байгаа нь банкны баталгааны гэрээний нэг тал болох “Т” ХХК нь төлбөрийг шууд хариуцах үндэслэл болохгүй юм. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч “Жаст групп” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагааг хийгээгүй атлаа банкны баталгаа гаргагч “Т” ХХК-иас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1,34.2, 57, 58, 59, 60 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн 2014 оны 01 сарын 29-ний өдрийн 156 дугаар Гүйцэтгэх хуудас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт бичигдсэнээс зөрүүтэй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-д нийцээгүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдан шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2017/02181 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 03 сарын 30-ны өдрийн 1/8591 тоот мэдэгдлээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “... 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН