| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2016/01309/и |
| Дугаар | 634 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 634
“Мадимос групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Сансархүүд холбогдох
Гэм хорын хохиролд 23 529 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уянга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Сансархүү нь “Мадимос групп” ХХК-д ажилд ороод туршилтын хугацаандаа байхдаа тус компанийн өмчлөлийн 03-42 УНӨ улсын дугаартай, “Daewoo Ma 5D-1” маркийн ачааны автомашиныг жолоодож яваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас тус компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан. Манай компанийн зүгээс Т.Сансархүүд уг хохирлыг нөхөн төлөх боломжийг удаа дараа гаргаж өгсөн боловч хохирлыг төлөх талаар ямар ч санаачилага гаргаагүй. “Мадимос групп” ХХК нь Улаанбаатар хотын автозам засвар, шинээр хатуу хучилтат зам барих ажил эрхэлдэг ба осол гарсанаас хойш ажлын зайлшгүй шаардлагын улмаас бусдаас ачааны автомашин түрээслэн хохирсон. Авто ослын улмаас тус компанийн 03-42 УНӨ улсын дугаартай, “Daewoo Ma 5D-1” маркийн ачааны автомашинд учирсан хохирол нь “Бэст-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр нийт 14 240 000 төгрөг гэж гарсан ба Т.Сансархүүг уг хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн боловч төлөх талаар ямар ч санаачилага гаргаагүй бөгөөд манай компанийн зүгээс уг автомашиныг өөрсдийн зардлаар засаад Т.Сансархүүг компанид ажиллаад цалингийнхаа тодорхой хувиар графикаар хохирлыг төлж барагдуулахыг санал болгоход хүлээж аваагүй. Манай компани 03-42 УНӨ автомашиныг гаднаас сэлбэг хэрэгслийг нь худалдаж авч, засч янзалсан ба засварт нийт 13 500 000 төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна осол болсон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш компани хийж гүйцэтгэх ёстой зайлшгүй ажлын шаардлагын улмаас иргэн Д.Нарантуяагаас автомашин түрээслэн хийж гүйцэтгэх ажлаа хийсэн бөгөөд нийт түрээсийн төлбөрт 9 651 000 төгрөгийн зардал гарсан. Автомашины хохирлын үнэлгээг гаргуулахад 365 000 төгрөг, Баянгол дүүргийн прокурорын газраас материал хувилж авахад 13 000 төгрөг, нийт 23 529 000 төгрөгийн бодит хохирол “Мадимос групп” ХХК-д учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу дээрх хохирлыг Т.Сансархүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай нөхөр тус компанид 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орсон. Тухайн үед нөхрийн жолоодож явсан 0342 УНӨ улсын дугаартай, “Daewoo Ma 5D-1” маркийн ачааны автомашин нь даатгалгүй байсан бөгөөд тус автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн эсэх талаар акт байхгүй. Мөн нэхэмжлэгч компани нь хариуцагчийг ажилд авч эрх, үүргээ харилцан тохиролцсон баримт байхгүй тул иргэн хүнийг хохироож байна гэж үзэж байна. Замын цагдаагийн шийдвэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйл 8.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед тус автомашины тормоз барьсан мөр байхгүй ба тормоз нь ажиллаагүй, араа нь дутуу ордог байснаас өөр тээврийн хэрэгслийн араас нь мөргөсөн байсан. Хариуцагч нь тухайн үед бүрэн бус автомашинтай ажилд гарахгүй байж болох байсан боловч нэхэмжлэгч компанийнхан бүрэн бус автомашин гэдгийг мэдсээр байж ажилд гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 1 сарын цалин хөлс нь 800 000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд ажлаа дуустал ажиллуулна гэж тохиролцсон байх гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Сансархүүгээс 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 22 729 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23 300 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК нь хариуцагч Т.Сансархүүгээс шүүхэд өөрийн өмчлөлийн 03-42 УНӨ улсын дугаартай, “Daewoo Ma 5D-1” маркийн автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, дээрх автомашинд учруулсан хохирлыг болон уг осол болсонтой холбогдуулан компаниас гарсан зардлуудыг хохирол тооцон гэм хорын нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлан талуудын хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй маргаан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Хариуцагч Т.Сансархүүгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан гэм буруугийн улмаас нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК-д эд хөрөнгийн гэм хорын хохирол учраагүй байх ба харин Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан байгууллагын өмч хөрөнгийг эвдэж гэмтээснээс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан байна..." гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар “Мадимос групп” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг хариуцагч Т.Сансархүү жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөн болох нь, улмаар уг зөрчлийн улмаас зам тээврийн осол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Дээрх хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарах учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснийг дээд шатны нь прокурор хүчингүй болгосон байдаг. Эдгээр хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүхийн дүгнэлт хийсэн байдлаас эрс зөрүүтэй ба шүүхийн дүгнэлтээр бол Т.Сансархүү нь "Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн мэт байгааг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК нь хариуцагч Т.Сансархүүд холбогдуулан гэм хорын хохиролд 23 529 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, бүрэн бус автомашинтай ажилд гаргасан, автомашин даатгалгүй байсан гэж маргажээ.
Талууд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Т.Сансархүү нь “Мадимос групп” ХХК-д жолоочоор ажилд орсноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.
Т.Сансархүү нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэмтлийн эмнэлгийн ар талын зам дээр 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед 03-42 УНӨ улсын дугаартай, “Daewoo Ma 5D-1” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж, урдаа яваа тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар болон 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, захиргааны шийтгэл ногдуулсан тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 503 тоот мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Дээрх зам тээврийн ослын улмаас Т.Сансархүү нь “Мадимос групп” ХХК-ийн автомашиныг жолоодож явахдаа 14 240 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Бэст-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээнд талуудын хэн аль нь маргаагүй байна.
Тухайн зам тээврийн осол гарах үед хариуцагч Т.Сансархүү нь ажил үүргээ гүйцэтгэж явсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч Т.Сансархүү нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасан талаар талууд маргаагүй, харин хохирлыг нөхөн төлөх эсэх талаар талууд маргажээ.
Нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК нь хариуцагч Т.Сансархүүтэй бичгээр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд хариуцагч Т.Сансархүүгийн хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж нэг сарын цалин болох 800 000 төгрөгийг нэхэмжлэгч “Мадимос групп” ХХК-д гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг шүүх шийдвэрлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ