Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0087

 

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/48 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 822 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ч.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2021/0043/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” СӨХ-ноос Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/48 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 822 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.1.5, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо нь 2800 өрх, 7000 орчим иргэнтэй хүн амын нягтрал хөл хөдөлгөөн ихтэй, хот төлөвлөлтийн хувьд барилгууд нь хэт шигүү баригдсан байдаг. Үүнээс үүдэж оршин суугчид амрах зориулалттай амрах талбайн хүрэлцээ хангалтгүй, зохистой хэмжээнд ногоон байгууламж байхгүй, авто зогсоол хомстолтой, явган хүний болон автомашины зам хэт харийн баригдсан. Замын асуудлаас болж явган хүн зорчихын тулд авто зам руу орох, авто зам дээр иргэд машинаа удаан хугацаагаар байрлуулах, хэт их машин зорчих зэргээс үүдэн автомашины бөглөрөл үүсэх, автомашины хурд, эргэлт, зам талбайн хэмжээнээс үүдэж осол гэмтэл гарах гэх мэт олон асуудал тулгамддаг.

3.2. Гэтэл энэхүү байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу олон айлын буюу 12 давхар барилга барих нь зэрэгцээ амьдарч буй иргэдийн эрхэд халдсан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж ноцтой нөлөөлөл үзүүлэхээр болсон. Учир нь барилга, хот байгуулалтад мөрдөгдөх норм дүрмүүд зөрчигдөж, нэгж талбарт байрлах орон сууцны болон амьдрах иргэдийн тооны нягтрал хэт ихсэж, барилга барих эдэлбэр газрын даац хэтэрч, явган хүний болон автомашины хөдөлгөөнд саад учирч, гамшиг тохиолдсон үед яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж хязгаарлагдаж байгаа юм.

3.3. Бодит нөхцөл байдалд “Т” СӨХ болон иргэн Г.Б-н өмчлөлийн газрын орчимд 6 кв болон 4 кв-н эрчим хүчний 2 ч дэд станц байрладаг. Энэхүү станцын хамгаалалтын асуудал нь шүүхийн дүгнэж байгаачлан “Т” СӨХ-д огт хамааралгүй зүйл биш юм.

3.4. Бага хэмжээтэй газар олон давхар буюу 12 давхар орон сууцны барилга барих нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай орчны аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх эрхийн ноцтой зөрчих юм.

3.5. Шүүхээс хүн амын нягтаршилтай ихтэй үйл баримт нь нийтэд илэрхий тул холбогдох норм ба дүрмийн заалт заавал дагаж мөрдөгдөхгүй байх боломжтой гэх агуулгаар дүгнэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж байна

3.6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын өмчлөгч нь Г.Б болсноор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасны дагуу Г.Э-ий газартай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон хэмээн маргадаг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй, талуудын мэтгэлцээнийг анхаарч үзээгүй юм.

3.7. Шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч Г.Б нарт эрх, үүргийг тайлбарлан өгч энэ тухайгаа баримтжуулаагүй ноцтой алдаа гаргасан. Мөн нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зураагүй байдаг.

3.8. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5654 дүгээр захирамжаар Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/896 дугаар албан бичгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргах нь зүйтэй хэмээн үзэж шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Гэвч энэхүү нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт авагдаагүй. Ийнхүү хуульд заасан журмын дагуу авагдаагүй нь шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэн Г.Ж-д үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 15 давхар барилгыг явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, онцгой нөхцөлд ашиглах орц, гарц төлөвлөх, хөрш газар эзэмшигчтэй зөвшилцсөн байх, тагт, консолыг өөрийн газраас хэтрүүлэн төлөвлөхгүй байх, орчны барилга байгууламж, орц, гарцыг хаахгүй байх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан байдлаар төлөвлөх нөхцөлтэйгөөр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 467 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, улмаар Г.Ж, М.Т нарын захиалгатай 70 айлын орон сууцны барилгыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалт оруулсан байна.

2.2. Харин нэхэмжлэгч “Т” СӨХ-ны хүчингүй болгуулахыг хүссэн орон сууцны барилгын зориулалттай, 12 давхар барилгыг амрах талбай болон зогсоол төлөвлөх, гадна талбайн тохижилт, зам талбайд гэрэлтүүлэх хийх, урд талдаа цонх, хаалга төлөвлөхгүйгээр барилгын зураг төслийг боловсруулах нөхцөлтэйгөөр 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/48 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн Г.Э-д олгосон. Уг 12 давхар барилга одоог хүртэл баригдаагүй, үүнтэй талууд маргаагүй байна.

2.3. Нэхэмжлэгчээс “Иргэн Г.Э-д олгосон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/48 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зэрэгцээ орших орон сууцны барилгууд нар харах боломж хаагдах, нэгж талбарт байрлах орон сууцны болон амьдрах иргэдийн тооны нягтрал хэт ихсэж, улмаар явган хүний болон автомашины хөдөлгөөнд саад учирч, яаралтай эрүүл мэндийн, онцгой байдлын тусламж авах боломж хязгаарлагдаж байгаа ... ” гэж тайлбарлан маргажээ.

2.4. Барилгын тухай хуулийн /2008/ 7 дугаар зүйлийн 7.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.2.2-т “Барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх”, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн /2009/ 3 дугаар зүйлийн 3.3-д “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтална. Архитектур төлөвлөлтийн даалгаварт дараахь зүйлийг тусгана”, 3.3.1-д “байршил тогтоосон эдэлбэр газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот тосгоны нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй уялдуулан зааж, барилгажих талбайн болон зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь, барилгын давхрын тоог тогтооно”, 3.3.2-т “хүрээлэн байгаа орчны байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалан хамгаалах, нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга хэмжээг заана” хэмээн заажээ.

2.5. Ийнхүү төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас хууль болон дүрэмд заасны дагуу байршил тогтоосон эдэлбэр газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийн бүсчлэлтэй уялдуулан архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, ингэхдээ бодит нөхцөл байдал, тухайн үеийн эдэлбэр газрын хүчин чадал, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн олгохоос бус ирээдүйд бий болох барилга байгууламжийн зай хэмжээ, орц, гарцыг тооцоолон олгох боломжгүй юм.

2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн орон сууц болон гуравдагч этгээдийн барилга хоорондын зай хэмжээ Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан шаардлагыг хангахгүй буюу барилга хэт ойртсон, барилгын норм, дүрмээр тогтоосон “зай хэмжээ” зөрчигдсөн гэж үзэх тохиолдолд цаг хугацааны хувьд өмнө төлөвлөгдсөн барилгаас дараагийн баригдах барилгад хууль болон дүрэмд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр зөвшөөрөл олгогдсон байх шаардлага тавигдахаас бус түрүүлж барилгаа барьсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү хамгаалагдана гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах учиртай.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгчээс “зэрэгцээ орших орон сууцны барилгууд нар харах боломж хаагдана” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлох боловч хэрэгт авагдсан фото зураг болон шүүхийн хийсэн үзлэгээр маргаан бүхий барихаар төлөвлөгдсөн 12 давхар барилгын байршил нэхэмжлэгчийн 44 дүгээр байрны хойд талд нь байрлалтай, уг 44 дүгээр байр нь хойд талдаа цонхгүй болох нь тогтоогдсон байна.

2.8. Мөн 44 дүгээр байрны оршин суугчид амрах зориулалттай талбайн хүрэлцээ хангалтгүй, зохистой хэмжээнд ногоон байгууламж байхгүй, авто зогсоол хомсдолтой, явган хүний болон авто машины зам хэт нарийн баригдсан, хүн амын нягтаршил их байгаад гуравдагч этгээдийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.9. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шаардлагатай нотлох баримтыг гаргуулаагүй гэж нэхэмжлэгч тал гомдсон боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх төдийгүй гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН