Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 413

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суух, утас 95968401, РД:ФА66041216 Найман саржомарт овогт Хавдрашын Тогталханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багт орших, ХотгорХХК /гүйцэтгэх захирал З.Кадирхан, утас99425313/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагч З.Кадирхан, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр 12589588 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Тогталхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус ХайнарХХК-ны харъяа болох Хотгор нүүрсний уурхайд анх 1993 он гагнуурчин, цахилгаанчнаар ажилд орсон бөгөөд уурхайн нүүрсний тоосонцор миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж би 2007 онд мэргэжлээс шалтгаалах өвчин гэсэн оношоор 7 дугаар сард өвчний групп буюу тэтгэвэрт гарсан. Анх группэд гарахад байгууллагаас нөхөн төлбөрийг авсан юм. Дараа нь 2010 онд миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн үед байгууллага буу ХайнарХХК-аас мөн тэтгэмж болох нөхөн төлбөрийг байгууллагатай харилцан тохирч авсан минь үнэн. Гэтэл улсын мэргэжлийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% гэж тооцож, дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 75% гэж тооцож, сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа нь дуусна гэж тус тус хөдөлмөрийн чадвар алдалтын акт 2 удаа гараад байхад тус ХайнарХХК-ны захирал, удирдлагууд нь нөхөн төлбөрийг өгөхгүй болохоор нь шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа юм. Миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% болж, тэтгэвэр, тэтгэмж авах мөнгө ч өөрчлөгдсөн 217284 төгрөг болсон бөгөөд би энэ мөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 75% болтол өөрчлөгдөх өдрийг хүртэл бүгд 3 жил 3 сар 2 хоногоор нийт сард 217284 төгрөг тэтгэвэр тэтгэмж болгон авч ирсэн. Энэ 217284 төгрөгийг хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 18 сарын турш авч байсан тэтгэврийн мөнгөний хэмжээгээр нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь 217284 төгрөгийг 36 сараар /2011.11.12-оос 2014.11.12/ үржүүлэхэд 7822116 төгрөг болж байх тул энэ мөнгийг ХайнарХХК-аас нэхэмжилж байна. дараа нь миний хөдөлмөрийн чадвар алдалт 2014 оны 11 дүгээр сарын 03-д 5510 дугаартай актаар 75% гэж өсөж тогтсон бөгөөд энэ үеэс эхлэн би сар бүр 297967 төгрөг авч байгаа ба энэ 297967 төгрөгийг 16 сараар үржүүлж 4767472 төгрөг /2014.11.03-аас 2016.05.01-ний хооронд/ гарч байна. энэ 4767472 төгрөг, 7822116 төгрөг, нийт 12589588 төгрөг болж байна. би тус ХайнарХХК-аас 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх нийт 5 жил 5 сарын хугацааны хөдөлмөрийн чадварыг алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөний нөхөн төлбөр болох бүгд 12589588 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжилж байгаа тул тус компаниаас энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Тогталхан нь анх 1993 онд Хотгор уурхайд гагнуурчнаар орсон. Энд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 2007 онд анх группэд гарсан. Одоо энэ групп сунгагдаад үргэлжлүүлэн авч байгаа. Энэ хугацаанд анх группэд гарахад нэг удаа тэтгэмж авсан гэдэг. Дараа нь уурхайн удирдлагад хүсэлтээ гаргаж 600 000 хэдэн төгрөг авсан. Түүнээс хойш огт аваагүй байдаг. 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71 хувиар өөрчлөгдсөн байна. Тэр үед тэтгэмжийн хэмжээ нь 217 284 төгрөг байсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэмжийг нэхэмжилнэ. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 75 хувь болж өссөн. Үүнийг нэхэмжилнэ. Бүгд 3 жил 3 сар 02 хоногийг сарын тэтгэмжийн хэмжээ 217 284 төгрөгөөр үржүүлснийг нэхэмжлэлдээ дурдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар 18 сарын турш авч байсан тэтгэврийн мөнгөний хэмжээгээр нэхэмжилж байна. Энэ бол 7 822 116 төгрөг болж байна. Хөдөлмөрийн чадвар алдалт 2014 оны 11 дүгээр сарын 03 өдөр 5510 дугаартай актаар 75 хувь болж өөрчлөгдсөн. Энэ үед 297 967 төгрөг авч байсан. Энэ бол 16 сар үргэлжилсэн. 2014 оны 11 дүгээр сарын 03-наас 2016 оны 5 дугаар сарын 01-ний хооронд үржүүлэхэд гарсан тоон дээр 7 882 116 төгрөгийг нэмээд нийт 12 589 588 төгрөг болж байгаа. Үүнийг Хотгор зам ХХК-наас нэхэмжилж байгаа. Уг мөнгийг нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлахад нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл байна. Хоёрдугаарт хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт, хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Улсын Дээд шүүхийн тайлбарт нэг ба түүнээс дээш удаа олгоно гэсэн. Нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдгийг тайлбарлахдаа хувьд нь өөрчлөлт орсон, эсвэл буурсан тохиолдолд олгоно гэж бичсэн. Нэг удаа олгоод зогсоочихно гэсэн заалт бас байхгүй. Олон удаа олгоно гэсэн заалт бас байхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын тогтоох комиссын үзлэг, шалгалтад ороод тогтоогдсон тохиолдолд олгоно гэсэн. Тайлбар дээр нэг удаа, эсвэл хоёр ч удаа олгоод байгаа. Цаашид олгох боломж ч байхгүй. Дотоод журамд заасан гэсэн. Бид нарын дагаж мөрдөөд байгаа Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам бүгд Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэгдсэн байх ёстой. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэлийг хангах ёстой гэж үзэж байна. Түүнээс гадна Тогталхан нь Кемелек-ийн уурхайд ажиллаж байсан. Хотгор зам ХХК-д ажиллаж байсан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Энэ хүн эрүүл чийрэг, одоо ч хөдөлмөр эрхэлж байгаа хүнд олгохгүй гэж тайлбар өгөөд байгаа. Энэ хүнийг өвчтэй гэдгийг мэргэжлийн комисс тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар комиссын тогтоосон хувь хэмжээгээр зайлшгүй тэтгэмжээ авах ёстой. Энэ хүн амьдрахын тулд энэ тэнд хөдөлмөр хийдэг. Хөдөлмөр хийж гэр бүлээ асран хамгаална. Энэ тухай Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд ч байгаа. Өвчтэй хүн ажил хийхгүй гэсэн зүйл байхгүй. Тийм учраас үүнийг хүндэтгэн үзэх тайлбар гэж үзэхгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Уг уурхайн эзэн нь "Хайнар" компани байсан. "Хайнар" ХХК-наас салбарлаад Хотгорын уурхай болсон. Хотгор уурхайгаас урьд нь авч байсан. Хотгорын уурхайд ажиллаж байсан. Тэгэхээр Хотгорын уурхайгаас нэхэмжлээд гомдлын дагуу уурхай төлж байсан. Тэгээд бид "Хайнар" ХХК гэж нэхэмжлэл гаргахад "Хайнар" биш гээд хариуцагч тал хүсэлт гаргаад "Хотгор"ХХК болгож зассан. "Хотгор" ХХК-ныг төлөөлж Кадирхан тайлбараа бичиж өгсөн. Тэгээд "Хотгор" ХХК-наас нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирал З.Кадирхан шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Хотгор ХХК-ны гүйцэтгэх захирал З.Кадирхан би Өлгий сумын 7 дугаар Хотгор багт оршин суудаг, Х.Тогталханы нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учраас тайлбар гаргаж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь зохих хувиар үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг ба түүнээс дээш удаа олгох ёстой юм. Тус Хотгор ХХК-ны ажилтан Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн учраас ажил олгогч буюу Хотгор ХХК-иас 2007, 2011, 2013 онд тус тус 3 удаа мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний нөхөн төлбөрүүдийг олгож байсан юм. Тухайлбал Х.Тогталхан нь 2011 оны 01, 02 дугаар сард манай байгууллагын захиргаа, санхүүд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа урьд 55 хувиар алдсан байсан ба шинээр 65 хувь болж өссөн тул 9 сарын нөхөн олговрыг олгож өгөх тухай хүсэлт гаргасан юм. Тус байгууллагын захиргаанаас Х.Тогталханы хүсэлтэд дурдсан 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу төлбөрт 675,000 төгрөгийг түүнд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр олгосон юм. Дараа нь Х.Тогталхан нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа шинээр 71 хувь болгон тогтоолгосон учраас 18 сарын тэтгэмжийг олгож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан юм. Ингээд түүнд компаниас 650,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр олгосон юм. Ажилтан Х.Тогталхан нь тухайн үед байгууллагын захиргаанд хандаж гаргасан хүсэлтэд ... Хотгор компаниас МШӨ-ний нөхөн төлбөрийг 2007 онд эхний удаа, 2011 оны 2-р сарын 8-ны өдөр хоёр дахь удаа авсан юм. 2012 оны МШӨСТ-ийн эмч нарын үзлэгээр миний хөдөлмөр чадвар алдалтын хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон боловч компанийн санхүүгийн хувьд 3 удаа нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг ухамсарлан ойлгож байгаа болно. УБ хот орж эрүүл мэндийн талаар шинжилгээ хийлгэж эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул 650,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно уу. Хэрвээ компаниас дээрх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн тохиолдолд миний бие компаниас нэхэмжлэх 3 дахь удаагийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин төлбөр нэхэмжлэхгүй болно гэжээ. Иймд одоо Х.Тогталхан нь тухайн үед компаниас 3 дахь удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж байгаа учраас тэрээр нөхөн төлбөр төлүүлэх талаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Энэхүү асуудал нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 25 дугаар зүйлийн 25.1-т заасан шаардлагад нийцэж байгаа юм. Х.Тогталханы энэхүү байр суурь нь тус байгууллагаас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр буюу хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсаны нөхөн олговрыг олгох боломжгүй гэдгийг нотолж байна. 2. Тус Хотгор ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын Хоёрдугаар бүлгийн 2.7-т Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийн 97.1.1-т заасан үндэслэлээр Мэргэжлээс шалтгаалах өвчний комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг актаар тогтоолгосон нөхцөлд нөхөн төлбөрийг зөвхөн нэг удаа олгоно. 2.8-т Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон бөгөөд эмнэлгийн хяналтад байх үед тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд нэмж өөрчлөлт ороход нөхөн төлбөрийн нэмэгдсэн зөрүүг нэг удаа олгоно. Жишээ нь ажилтан Д нь 2008 онд Хөдөлмөрийн нөхцөл, МӨСҮТ-ийн эмч нарын комиссын шийдвэрээр Хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгосон байна. 6 жилийн дараа буюу 2014 онд ажилтан Д-ийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг дээрх комиссын шийдвэрээр 60 хувиар нэмж тогтоосон тохиолдолд, нэмэгдсэн 10 хувийн нөхөн төлбөр олгоно" гэжээ. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан асуудлыг Хотгор ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2014 оны 09-р сарын 03-ны өдрийн № 14\02 дугаар хамтарсан тогтоолоор баталгаажуулан Хамтын гэрээ-ний Гуравдугаар бүлгийн 3.8, 3.9 дэх заалтаар нэгэн адил зохицуулсан байна. Тус байгууллага хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасан болзол нөхцөлийн дагуу Х.Тогталханд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас авах нөхөн төлбөрийг олгосон учраас одоо нэмж нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 3. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан гэх Х.Тогталхан нь одоо СС Монголия ХХК-д гагнуурчины ажлыг хийж байна. Гагнуурчины ажил бол маш хүнд,'хортой ажил юм. Ер нь Х.Тогталхан нь тус байгууллагаас 2007 онд гагнуурчины ажлаас чөлөөлөгдсөн ба үүнээс хойш өөр байгууллага болон хувь хүмүүст гагнуурчинаар ажиллаж байсан юм. Иймд түүний хөдөлмөрийн чадвараа нэмж алдсан асуудалд ажиллаж байсан байгууллагууд ч буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл А.Тогталхан нь манай компаниас хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эдүгээ 9 жил болж байна. Иймд А.Тогталхан нь зөвхөн Хотгор ХХК-нд гагнуурчинаар ажиллаж байснаас болж хөдөлмөрийн чадварыг 75 хувиар алдсан нь гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хэрвээ Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хөнгөн ажилд шилжих ёстой. Энэ нь бүр 2007 оноос эхэлнэ гэсэн үг юм. Тэр үед Х.Тогталхан нь хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан гэдгийг эмч нарын комиссын шийдвэрээр тогтоогдсон юм. Асуудлыг энэ өнцгөөс авч үзвэл Х.Тогталхан нь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол мэргэжлээс шалтгаалах өвчин авсан гагнуурчины ажил хийх ёсгүй ба харин өөр төрлийн хөнгөн ажил хийх ёстой юм.

4.Нэхэмжлэгч Х.Тогталхан нь нийт 12 589 588 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл Х.Тогталхан нь 1 сард 297 967 төгрөгийн тэтгэмж авч байгаа ба үүнийг 18 сараар үржүүлэхэд 5,363,406 төгрөг гарч байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгч Х.Тогтолхан нь 7226182 төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжилж буй 12589588 /Арван хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун наян найман мянга/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирал З.Кадирхан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Тогталхан нь Хотгор ХХК-д 1993 оноос 2007 оны хооронд гагнуурчинаар ажиллаж байсан. 2007 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас Хөдөлмөрийн чадварын алдалтаа 50 хувиар тогтоолгосон. Хөдөлмөрийн чадвар алдалтаа гагнуурчин мэргэжлээр алдсан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2007 онд чөлөөлөгдөхдөө компаниас нөхөн төлбөр олгож байсан. Тэр үед Тогталханы хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай байсан. 2011 онд мэргэжлийн өвчин судлалын эмч нарын үзлэгээр хөдөлмөрийн чадвар алдалтаа 65 хувиар тогтоолгосон байдаг. Тэгээд тухайн үед бид хүсэлт гаргасныг хүлээн авч 2011 онд 675 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Дараа нь 2012 онд хөдөлмөрийн чадвар алдалтаа 71 хувиар алдсан учраас 18 сарын тэтгэмжийг олгож өгөх тухай хүсэлт гаргасан. Тэгээд манай компаниас Тогталхантай тохиролцож 650 000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож байсан. Тогталханы хавтаст хэрэгт өөрийнх нь хүсэлт байдаг. Үүнд: Хотгор компаниас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрийг 2007 онд эхний удаад, 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь удаад авсан. 2012 онд мэргэжлийн өвчин судлалын эмч нарын үзлэгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон боловч компаний санхүүгийн хувьд 3 удаа нөхөн төлбөр олгох боломжгүйг ухамсарлан ойлгосон болно. Улаанбаатар хот орж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх хүсэлттэй байгаа тул 650 000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож өгнө үү. Хэрэв компаниас дээрх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн тохиолдолд миний бие компаниас гурав дахь удаагийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтээ бичсэн байдаг. Дараа нь сүүлд нь Тогталханы хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувь болж нэмэгдэхэд дахиж нөхөн төлбөр нэхэмжилсэн. Тэгээд хүлээн авах боломжгүй гээд нэгэнт харилцан тохиролцсон учраас зөвшөөрөөгүй. Тэгээд бид нар зөвшөөрөхгүй байгаа учраас Тогталхан шүүхэд хандсан юм байна. Тогталхан нь 2007 онд ажлаас чөлөөлөгдсөн. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр ажлаас гарсан хүн тухайн мэргэжлээрээ ажиллах ёсгүй. Дараа нь хөнгөн ажилд шилжих ёстой. Манай компанид олон хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр ажлаас гарсан байдаг. Тийм хүмүүсийг бид нар заавал хөнгөн ажилд шилжүүлдэг юм. Жишээ нь тэсэлгээ хийж байсан хүн дараа нь хөнгөн ажил болох манаач зэрэг ажилд шилжих ёстой байдаг. Тогталхан нь 2007 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж одоо хүртэл өөр компанид гагнуурчины ажлаа хийж байгаа. Тийм учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нь өөр компанид ажиллаж байхдаа нэмэгдсэн байж магадгүй гэж бодож байгаа. Тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгож харилцан тохиролцсон учраас дахиж олгох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Тогталхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хотгор ХХК-аас ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол буюу нөхөн төлбөр 12589588 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, шүүх энэ хэрэгт зохигчдоос хуульд заасан журмын дагуу цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүллэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Х.Тогталхан ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болох нь Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирлын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалаар, мөн 2013 оны 07-10 дугаар саруудад Хотгор зам ХХК-нд ажиллаж байсан нь гэрч А.Талгат, Б.Намжилхүү, Б.Сайннэргүндэг нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр, мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс СС Монголиа ХХК-нд гагнуурчнаар ажиллаж байгаа болох нь тус компаний үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 228/02 дугаартай Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Тогталханы гагнуурчины ажил үүрэгтэй холбоотойгоор химийн бодис, хий утаа, уур амьсгалснаас үүсэх амьсгалын эрхтний эмгэг мэргэжлийн өвчтэй тул Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн ЭХМК-ийн шийдвэрээр 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 55%, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 65%, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 71%, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 75%-иар тус тус тогтоон сунгаж байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5510 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Хотгор ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тогталханд 2007 онд эхний удаа, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь удаа 675000 төгрөгийн буюу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг, мөн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 650000 төгрөгийн эмчилгээнд зориулан буцалтгүй тусламжийг тус тус олгож байсан нь нэхэмжлэгч Х.Тогталханы тухайн үеийн гарын баримт, хариуцагч Хотгор ХХК-ний захирлын санхүүд бичсэн мөнгө олгохыг зөвшөөрсөн бичгээр тус тус нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Х.Тогталхан нь хариуцагч Хотгор ХХК-аас хөдөлмөр чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр нэгээс дээш удаа буюу 2 удаа нөхөн төлбөрийг гаргуулж авсан, гурав дахь удаа нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж тухайн үед гарын баримт өгч байсан, мөн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хариуцагч Хотгор ХХК-аас үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд өөр компанид мэргэжлээр /гагнуурчинаар/ ажиллаж байгаад хөдөлмөр чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр хариуцагч Хотгор ХХК-наас 3 дахь удаагаа нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Тогталханы үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр 12589588 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой гаргасан маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-ийг баримтлан хариуцагч Хотгор ХХК-аас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр 12589588 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Найман саржомарт овогт Хавдрашын Тогталханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тогталхан нь нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК