Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ньюборзон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00195 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Э.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхболд, С.Оюунням нар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус компаниас С.Оюуннямын нэр дээрх гэр бүлийн өмч Тоуоtа Тundrа маркийн автомашинаа эзэн нь унаж явах нөхцлөөр барьцаалан 25 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Улмаар 3 сарын дараа зээлээ сунгах хүсэлт тавьж 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 сараар сунгасан. Энэ нь анхны нотариатын баталгаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө олгосон баримт, зээлийн гэрээний сунгалт зэргээр нотлогддог. Үүний дараа 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нар нь “...миний өмнөх зээл байгаа бас надад нэг Lexus-470 байна, түүнийг мөн “Сайн” ломбардны барьцаанаас чөлөөлөх гэсэн юмаа 18 000 000 төгрөг өгөөч...” гэсэн хүсэлтийг зөвшөөрч нэмж 18 000 000 төгрөг олгосон. 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Э.Энхболд дахин ирж сургуулийн хүүхдийн хоолны тендерт оролцох гэсэн юм 6 000 000 төгрөг хэрэгтэй байна, миний 2 автомашин танайд барьцаанд байгаа гэсэн тул нэмж 6 000 000 төгрөг зээлдүүлсэн. Энэ 2 зээлд зээлийн гэрээ үйлдэлгүй өмнө нь хийсэн гэрээний сунгалт дуусаагүй байсан тул зөвхөн мөнгө олгосон баримт үйлдэн олгосон. Эдгээр нь хариуцагч Э.Энхболдын гарын үсэгтэй мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдоно. 2015 оны 8 дугаар сард хариуцагч Э.Энхболд утасдаж “Lexus-470 маркийн автомашинаа зарах гэсэн юм нэрийг нь шилжүүлж өгөөч” гэсэн тул арга буюу Ховд аймгийн нотариатаар нэр шилжүүлэх баримт үйлдэн Lexus-470 маркийн автомашиныг зарахыг зөвшөөрсөн. Тухайн үед надад өмнөх саруудад төлөх ёстой зээлийн хүүд тооцон 11 000 000 төгрөг өгсөн, түүнээс хойш хариуцагч нар зээл болон зээлийн хүүд мөнгө төлөөгүй.

2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нар нь бид зээлийн үндсэн төлбөрийг хаахын тулд Э.Энхболдын нэр дээрх 1 өрөө байрыг банкны барьцаанаас чөлөөлж 90 000 000 төгрөгийн зээл авах боломж байна. Байр чөлөөлөхөд 46 000 000 төгрөг хэрэгтэй, тэгээд бид чөлөөлөнгүүт барьцаа нэмж байгаад Хаан банкнаас мөнгө зээлээд чиний зээлийг төлнө гэсэн тул би өмнө нь гаргасан зээлээ баталгаажуулж барьцаа нэмэхийн тулд Налайх руу хамт очиж Ү-2205047449 тоот улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хорооллын ХД-34 байр 68 тоот Э.Энхболдын нэр дээрх 1 өрөө байрны эзэмшигчийг нэмж өөрийн нэрийг оруулан бүртгүүлж гэрчилгээг авч 46 000 000 төгрөгийн банкны зээлийг нь чөлөөлж өгсөн. Энэ нь эхний 1 эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, нэр нэмэгдэн 2 эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, банкинд тушаасан 45 546 610 төгрөгийн баримтаар тус тус нотлогдоно. Ингэж нэр нэмж бүртгүүлэхийн өмнө би хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нартай нотариат орж 2 сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлиийг батлуулж, улмаар Баянгол дүүргийн нотариат орж худалдах худалдан авах гэрээ хийж эзэмшлийн 50 хувьд оногдох 2 хувийн татварт 600 000 төгрөг, үйлчилгээний хураамжинд 16 000 төгрөгийг тус тус тушаасан бүгд баримтаар нотлогдоно.

Хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нартай 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хийсэн зээлийн гэрээ ёсоор 60 000 000 төгрөг, Хаан банкнаас чөлөөлсөн байранд 46 000 000 төгрөгийг, үлдсэн 14 000 000 төгрөгийг нь өмнө авсан гэрээгүй зээл олгосон мөнгөний гэрээ болгоно гэж тохиролцон нотариатаар баталгаажуулсан. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээгээр хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нар нь 60 000 000 төгрөгийг зээлж сарын 5 хувийн хүү төлөхөөр 2 сарын хугацаатайгаар, сар бүр хүүд 3 000 000 төгрөг төлөхөөр болсон. Э.Энхболд, С.Оюунням нараас анх 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 25 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон 18 000 000 төгрөг, 2015 оны 6 дугуаар сарын 22-ны өдөр олгосон 6 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон 46 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хүүд тооцогдох 6 000 000 төгрөг нийт 101 000 000 төгрөг төлөх байсан.

Гэрээний хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй явж байгаад дээрх мөнгийг нэхэмжилж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарын гэрийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс С.Оюунням, Э.Энхболд нар тус хаягт оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хариуцагч нарыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Цагдаагийн байгууллага энэ 2 хүнийг эрэн сурвалжилж гэрийн хаягийг тогтоож өгсөн. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Энхболд, С.Оюунням нар Начин заан ломбарданд байр болон “Тоёота тундра” маркийн автомашиныг барьцаалан 86 000 000 төгрөг өгөхөөр болсон. Нийт 101 000 000 төгрөг өгөх ёстой байснаас 86 000 000 төгрөгийг төлөөд 15 000 000 төгрөгийн өр үлдсэн боловч би 4 000 000 төгрөгт нь буулт хийж үлдэгдэл 11 000 000 төгрөгт дахин тэр өдрөө зээлийн гэрээ байгуулсан. 86 000 000 төгрөгийг Начин заан ломбарднаас бэлнээр авсан ба С.Оюунням 10 000 000 төгрөгийг нь өөрийн данснаас чиний дансанд хийнэ гэж аваад дансаар хийгээд 76 000 000 төгрөгийг би бэлнээр тоолж авч 1 000 000 төгрөгийг нь өөрийн өмгөөлөгчид өгсөн бөгөөд тэр өдөртөө өөрийн дансанд 30 000 000, 45 000 000 төгрөгөөр хийсэн. Энэ нь миний дансны хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

Хариуцагч нарын хариу тайлбар дээр хэлж байгаа “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 11 000 000 төгрөг дээрээ гэрээ хийсэн өдрөө мэдэж, тухайн өдрөө Б.Төмөрийн Хаан банкны данс руу С.Оюуннямын Хаан банкны данснаас 10 000 000 төгрөг шилжүүлэн зээлээ хаасан...” гэх тайлбар нь ор үндэслэлгүй худал юм. 10 000 000 төгрөгийг дансаар хийнэ гэсэн сүүлд нь ийм байдлаар өрнөөсөө зайлсхийх зорилготой байсан байна. Иймд С.Оюуннямаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, Э.Энхболдоос 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон зээл 6 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч Э.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ньюборзон” ХХК-иас иргэн Э.Энхболд, С.Оюунням нар зээл авсан боловч зээлийг цаг тухайд нь төлсөн болно. Одоогоор “Нью борзон” ХХК-тай зээлийн тооцоо байхгүй. Харин иргэн Б.Төмөртэй мөнгө зээлж авсан харилцаа байгаа. Б.Төмөрөөс зээлсэн зээлээсээ төлж үлдэгдэл болох 11 000 000 төгрөг дээрээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж тохиролцсон. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол ХД-34 байр 68 тоот хаягт байрлах Ү-2205047449 улсын бүртгэлийн дугаартай, №000445394 тоот гэрчилгээтэй, 54.86 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхболд дээр зээлийн гэрээний барьцаа болгож Б.Төмөр нэмэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө хоёр хүний өмчлөл рүү шилжсэн. Б.Төмөр нь Иргэний хуульд заасан “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэснийг зөрчиж дундаа хамтран өмчлөгч Э.Энхболд миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдын нэр лүү шилжүүлж мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл хийлгэн итгэмжлэл хийлгэсэн өдрөөс хойш 2 сарын хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр хийсэн боловч Б.Төмөр нь танил нотариатаа ашиглан миний өмчлөх эрхэд дур мэдэн халдаж үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэл хийлгэсэн өдрийн маргааш өдөр нь болох 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С.Санжаажамцад шилжүүлсэн байгаа нь хууль бус байна. Ингэж хууль бусаар нэр шилжүүлсэнийг 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдөр үлдэгдэл 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн өдрөө мэдэж тухайн өдрөө Б.Төмөрийн Хаан банкны 5027600310 дугаартай дансруу С.Оюуннямын Хаан банкны 5064252540 дугаартай данснаас зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг шилжүүлэн зээлээ хааж байраа буцаан авахыг шаардахад байрыг чинь өөр хүнд шилжүүлсэн та нар буцаан авах эрхгүй гэж бидэнд хэлсэн. Б.Төмөр нь итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргийг хууль бусаар ашиглаж бидний эд хөрөнгийг залилан мэхэлж авсанд гомдолтой байгаа тул уг хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Оюуннямаас 5 000 000 төгрөг, хариуцагч Э.Энхболдоос 6 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оюуннямаас 94 950 төгрөг, Э.Энхболдоос 110 950 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Энхболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие байр, автомашин гээд бүхий л зүйлээр хохирч, Б.Төмөрт залилуулж, ашиглуулсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Төмөрийн данс руу зээлээ хаахаар хийсэн 10 000 000 төгрөгийг С.Оюуннямыг дансаараа дамжуулан хийсэн гэж худал мэдүүлсэн байна. Тэгвэл тэр өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг Б.Төмөр завшаад өнгөрөх болж байна. Иргэн бидний хувьд дэндүү хохиролтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Тоёота тундра” маркийн автомашиныг барьцаалж 25 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 46 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.                                                        /хэргийн 13-20, 25-26 дугаар тал/

                                       

Зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээний харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч Э.Энхболд нь Хаан банкны зээлийн барьцаанд бариулсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ХД-34 дүгээр байрны 68 тоот 54,86 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаа зээлийн барьцаанаас чөлөөлөхдөө нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 46 000 000 төгрөгөөр уг зээлийг төлж барагдуулснаар дээрх орон сууц банкны барьцаанаас  чөлөөлөгджээ.

                                                                                           /хэргийн 25-26, 29 дүгээр тал/

 

Үүний дараа Э.Энхболд, Б.Төмөр нар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр дээрх 60 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны тал хэсэг буюу 50 хувийг Э.Энхболд нь Б.Төмөрт 30 000 000 төгрөгөөр үнэлж худалдахаар тохиролцож уг төлбөрт 30 000 000 төгрөг төлөгдсөн гэсэн агуулгаар гэрээг хийжээ.                                                                

                                                                                                      /хэргийн 57 дугаар тал/

 

Хариуцагч Э.Энхболд нь нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-иас зээлсэн мөнгөө төлөх баталгаа болгож 1 өрөө орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр Б.Төмөрийг бүртгүүлэхээр тохиролцсон тул дээрх гэрээг үндэслэж Б.Төмөр уг орон сууцны хамтран өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээнд бүртгүүлж, тэрээр хамтран өмчлөгч болжээ.                                                                                                     /хэргийн 31 дүгээр тал/

                    

Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарт 4 зээлийн гэрээний дагуу нийт 95 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд зээлийн хүү 6 000 000 төгрөгийн хамт нийт 101 000 000 төгрөгийн авлагатай байсан талаар талууд маргахгүй байна.

 

Хэргийн 22, 93 дугаар талд итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлд Э.Энхболд нь Б.Төмөрт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ХД-34 дүгээр байрны 68 тоот 54,86 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг иргэд хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй нөхцөлд захиран зарцуулах, худалдах худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, хүсэлт гаргах, материалыг буцаан авах зэрэг бүрэн эрхийг олгожээ.

 

Хариуцагч Э.Энхболдын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ХД-34 дүгээр байрны 68 тоот 54,86 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон хариуцагч С.Оюуннямын Тоёота тундра автомашиныг нэхэмжлэгч 86 000 000 төгрөгөөр худалдан борлуулж талууд тооцоо нийлж, үлдэгдлийг Э.Энхболдын зээлээс 6 000 000 төгрөг, С.Оюуннямын зээлээс 5 000 000 төгрөг, нийт төлөгдөөгүй зээлийг 11 000 000 төгрөг гэж тохирч уг 11 000 000 төгрөг дээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргахгүй байна.

 

Ийнхүү Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нар нь зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүйгээс “Ньюборзон” ХХК нь барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийг хангуулсаныг буруутгах боломжгүй.

 

Талууд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 11 000 000 төгрөгийг төлсөн эсэх үйл баримтын талаар маргаж байна.

 

Зохигчдын хэн аль нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлд 86 000 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 85 000 000 төгрөг дансаар шилжиж ирснийг нотолж Хаан банкны депозит дансны хуулга ирүүлсэн байна.

 

Дээрх дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрийн дансанд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг, 45 000 000 төгрөг, хариуцагч С.Оюуннямаас 10 000 000 төгрөг тус тус шилжиж иржээ.

                                                                                                /хэргийн 80-81 дүгээр тал/

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлд төлсөн 86 000 000 төгрөгнөөс өөрөөр 10 000 000 төгрөгийг төлсөн гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй тул тэдгээрийн тайлбар болон гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оюуннямаас 5 000 000 төгрөг, Э.Энхболдоос 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагч Э.Энхболд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөрт удаа дараа өгсөн итгэмжлэлийн агуулгаас үзвэл өөрийнхөө нэрийн өмнөөс Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ХД-34 дүгээр байрны 68 тоот 54,86 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг иргэд хоорондын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй нөхцөлд захиран зарцуулах, бусдад худалдах худалдан авах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, хүсэлт гаргах, материалыг буцаан авах зэрэг бүрэн эрхийг олгосон тул Э.Энхболдын миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар бусдад 1 өрөө орон сууцыг шилжүүүлснийг 11 000 000 төгрөгийн гэрээ хийсэн өдрөө мэдсэн гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Э.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ