Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/00195

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 01 сарын 23 өдөр                                                     

  Дугаар 184/ШШ2017/00195

                Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар байр, 15 тоот хаягт байрлах, /РД:5400619/ “Ньюборзон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 2-3 тоот хаягт оршин суух, /РД:УЕ70030556/ Эрдэнэ овогт Эрдэнийн Энхболд,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 2-3 тоот хаягт оршин суух,/РД:УЕ70040501/ Пүрэв овогт Санжийн Оюунням нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөр, хариуцагч Э.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.  

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Энхболд болон С.Оюунням нар эхнэр нөхөр бөгөөд 2014 оны 11 сарын 13-ны өдөр тус компаниас С.Оюуннямын нэр дээр эзэмшдэг гэр бүлийн өмч Тоуоtа Тundrа маркын авто машинаа эзэн нь унаж явах нөхцлөөр барьцаалан 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Улмаар 3 сарын дараа зээлээ сунгах хүсэлт тавьж 2015 оны 08 сарын 14 хүртэл 6 сараар сунгасан. Энэ нь анхны нотариатын баталгаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө олгосон баримт, зээлийн гэрээний сунгалт зэргээр нотлогддог юм. Үүний дараа 2015 оны 05 сарын 22-нд хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нар нь “...миний өмнөх зээл байгаа бас надад нэг Lexus-470 байна, түүнийг мөн “Сайн” ломбардны барьцаанаас чөлөөлөх гэсэн юмаа 18.000.000 төгрөг өгөөч...” гэсэн хүсэлтийг зөвшөөрч нэмж 18.000.000 төгрөг олгосон. 2015 оны 06 сарын 22-нд Э.Энхболд дахин хүрч ирэн сургуулийн хүүхдийн хоолны тендерт оролцох гэсэн юм 6.000.000 төгрөг хэрэгтэй байна, миний 2 машин танайд барьцаатай байгаа юм чинь гээд байхаар нь нэмж 6.000.000 төгрөг зээлдүүлсэн. Энэ 2 зээлд зээлийн гэрээ үйлдэлгүй өмнө нь хийсэн гэрээний сунгалт дуусаагүй байсан тул зөвхөн мөнгө олгосон баримт үйлдэн олгосон юм. Эдгээр нь хариуцагч Э.Энхболдын гарын үсэгтэй мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдоно. Дараа нь 2015 оны 08 сард намайг Ховдод байхад хариуцагч Э.Энхболд нь араас утасаар залгасаар байгаад Lexus-470-г зарах гэсэн юм нэрийг нь шилжүүлж өгөөч гээд шалаад байсан. Тэгэхээр нь би арга буюу Ховд аймгийн нотариатаар нэр шилжүүлэх баримт үйлдэн Lexus-470-г зарахыг зөвшөөрсөн. Тэгэж зарахад надад өмнөх саруудад төлөх ёстой зээлийн хүүнд тооцон 11.000.000 төгрөг өгсөн. Тэр үеэс хойш хариуцагч нар надад зээл болон зээлийн хүүнд огт мөнгө өгөөгүй. Намайг очоод уулзах, утасдах бүр өөр өөр зүйл ярьж цааргалж байсан. Ингэж явсаар 2016 оны 03 сарын 01-нд хариуцагч Э.Энхболд С.Оюунням нар нь бид зээлийн үндсэн төлбөрийг хаахын тулд Э.Энхболдын нэр дээрх 1 өрөө байрыг банкны барьцаанаас чөлөөлж 90.000.000 төгрөгийн зээл авах боломж байна. Байр чөлөөлөхөд 46.000.000 төгрөг хэрэгтэй, тэгээд бид чөлөөлөнгүүт барьцаа нэмж байгаад Хаан банкнаас мөнгө зээлээд чиний зээлийг даръя гэсэн. Тэгэхээр нь би зээл чинь яг гарах юм уу үнэн үү гэж асуусан. Тэд хариуд нь Налайх дахь Хаан банкны захирал, эдийн засагч нар нь бүгд бидний танил, бараг зээлийн хурал хийлгүйгээр зээл бүтээгээд өгнө гэсэн. Улмаар би өмнө нь гаргасан зээлээ баталгаажуулж барьцаа нэмэхийн тулд Налайхруу хамт очиж Ү-2205047449 тоот улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12-р хороо, 4-р хорооллын ХД-34 байр 68 тоот Э.Энхболдын нэр дээрх 1 эзэмшигчтэй 1 өрөө байрны эзэмшигчийг нэмж өөрийн нэрийг оруулан бүртгүүлж гэрчилгээг аван 46.000.000 төгрөгийн банкны зээлийг нь чөлөөлж өгсөн. Энэ нь эхний 1 эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, нэр нэмэгдэн 2 эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, банкинд тушаасан 45.546.610 төгрөгийн баримтаар тус тус нотлогдоно. Ингэж нэр нэмж бүртгүүлэхийн өмнө би хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нартай нотариат орон 2 сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлиийг батлуулж, улмаар Баянгол дүүргийн нотариат орж худалдах,худалдан авах гэрээ хийж эзэмшлийн 50 хувьд оногдох 2 хувийн татварт 600.000 төгрөг, үйлчилгээний хураамжинд 16000 төгрөгийг тус тус тушаасан бүгд баримтаар нотлогдоно. Хариуцагч Э.Энхболд С.Оюунням нартай 2016 оны 03 сарын 01-нд хийсэн зээлийн гэрээ ёсоор 60.000.000 төгрөг, үүндээ Хаан банкнаас чөлөөлсөн байранд 46.000.000 төгрөгийг, үлдсэн 14.000.000 төгрөгийг нь өмнө авсан гэрээгүй зээл олгосон мөнгөний гэрээ болгоно гэж тохиролцон нотариатаар баталгаажуулсан юм. 2016 оны 03 сарын 01-нд хийсэн гэрээгээр хариуцагч Э.Энхболд С.Оюунням нар нь 60.000.000 төгрөгийг зээлж сарын 5 хувийн хүү төлөхөөр 2 сарын хугацаатайгаар, сар бүр хүүнд 3.000.000 төгрөг төлөхөөр болсон. Э.Энхболд, С.Оюунням нараас анх 2014 оны 11 сарын 13-ны өдөр олгосон 25.000.000 төгрөг, 2015 оны 05 сарын 21-ний өдөр олгосон 18.000.000 төгрөг, 2015 оны 06 сарын 22-ны өдөр олгосон 6.000.000 төгрөг, 2016 оны 03 сарын 01-ний өдөр олгосон 46.000.000 төгрөг, 2016 оны 03 сарын 01-ний өдрийн гэрээний хүүнд тооцогдох 6.000.000 төгрөг нийт 101.000.000 төгрөг төлөхөөр байсан юм.

Гэрээний хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй явж байгаад дээрх мөнгийг нэхэмжилж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчдын гэрийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс С.Оюунням. Э.Энхболд нар тус хаягт оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний улмаас хариуцагч нарыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Цагдаагийн байгууллага энэ 2 хүнийг эрэн сурвалжилж гэрийн хаягийг тогтоож өгсөн. Ингээд 2016 оны 08 сарын 26-нд Э.Энхболд, С.Оюунням нар Начин заан ломбарданд байр болон тундра машиныг барьцаалан 86.000.000 төгрөг өгөхөөр болсон. Нийт 101.000.000 төгрөг  өгөх ёстой байсанаас 86.000.000 төгрөгийг төлөөд 15.000.000 төгрөгийн өр үлдсэн боловч би 4.000.000 төгрөгт нь буулт хийж үлдэгдэл 11.000.000 төгрөгт дахин тэр өдрөө зээлийн гэрээ байгуулсан. 86.000.000 төгрөгийг Начин заан ломбарднаас бэлнээр авсан ба С.Оюунням 10.000.000 төгрөгийг нь өөрийн данснаас чиний дансанд хийнэ гэж аваад дансаар хийгээд 76.000.000 төгрөгийг би бэлнээр тоолж аван 1.000.000 төгрөгийг нь өөрийн өмгөөлөгчид өгсөн бөгөөд тэр өдөртөө өөрийн дансанд 30.000.000, 45.000.000-аар нь хийсэн. Энэ нь миний дансны хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдоно. Хариуцагч нарын хариу тайлбар дээр  хэлээд байгаа “...2016 оны 08 сарын 26-ны өдөр үлдэгдэл 11.000.000 төгрөг дээрээ гэрээ хийсэн өдрөө мэдэж, тухайн өдрөө Б.Төмөрийн Хаан банкны дансруу С.Оюуннямын Хаан банкны данснаас 10.000.000 төгрөг шилжүүлэн зээлээ хаасан...” гэх тайлбар нь ор үндэслэлгүй худал юм. 10.000.000 төгрөгийг дансаар хийнэ гэсэн сүүлд нь ийм байдлаар өрнөөсөө зайлсхийх зорилготой байсан байна. Иймд С.Оюуннямаас 2014 оны 11 сарын 13-нд олгосон зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, Э.Энхболдоос 2015 оны 06 сарын 22-нд олгосон зээл 6.000.000 төгрөг, нийт энэ 2 хүнээс 11.000.000 гаргуулах нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.    

 

Хариуцагч Э.Энхболд, хариуцагч С.Оюуннямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболдоос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ньюборзон” ХХК-иас иргэн Э.Энхболд, С.Оюунням бид зээл авсан боловч зээлийг цаг тухайд нь төлж хаасан болно. Одоогоор “Нью борзон” ХХК-тай зээлийн тооцоо байхгүй. Харин иргэн Б.Төмөртэй мөнгө зээлж авсан харилцаа байгаа. Б.Төмөрөөс зээлсэн зээлээсээ төлж үлдэгдэл болох 11.000.000 төгрөг дээрээ 2016 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж тохиролцсон. Баянгол дүүргийн 12-р хороо, 4-р хороолол ХД-34 байр 68 тоот хаягт байрлах Ү-2205047449 улсын бүртгэлийн дугаартай, №000445394 тоот гэрчилгээтэй, 54.86 м2 талбайтай, нэг өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.Энхболд дээр зээлийн гэрээний барьцаа болгож Б.Төмөр нэмэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө маань нэг хүний өмчлөлөөс хоёр хүний өмчлөл рүү шилжсэн. Б.Төмөр нь Иргэний хуульд заасан “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэснийг зөрчиж дундаа хамтран өмчлөгч Э.Энхболд миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдын нэрлүү шилжүүлж мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр итгэмжлэл хийлгэн итгэмжлэл хийлгэсэн өдрөөс хойш 2 сарын хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр хийсэн боловч Б.Төмөр нь танил нотариатаа ашиглан миний өмчлөх эрхэд дур мэдэн халдаж үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэл хийлгэсэн өдрийн маргааш өдөр нь болох 2016 оны 08 сарын 19-ний өдөр С.Санжаажамц / РД:76090614/-д шилжүүлсэн байгаа нь хууль бус байна. Ингэж хууль бусаар нэр шилжүүлсэнийг 2016 оны 08 сарын 26-ний өдөр үлдэгдэл 11.000.000 төгрөг дээрээ гэрээ хийсэн өдрөө мэдэж тухайн өдрөө Б.Төмөрийн Хаан банкны 5027600310 дугаартай дансруу С.Оюуннямын Хаан банкны 5064252540 дугаартай данснаас зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлээ хааж байраа буцаан авахыг шаардахад байрыг чинь өөр хүнд шилжүүлсэн та нар буцаан авах эрхгүй гэж бидэнд хэлсэн. Б.Төмөр нь итгэмжлэлээр олгогдсон эрх үүргийг хууль бусаар ашиглаж бидний эд хөрөнгийг залилан мэхэлж авсанд гомдолтой байгаа тул уг хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 сарын 13-ны өдөр барьцааны гэрээ хийж тундра маркийн автомашиныг  барьцаалж зээл авсан нь үнэн. Зээлдэгчийн үнэлгээгээр уг машин нь 40.000 ам.долларын үнэтэй машин юм. Лексус 470, приус авто машинуудыг барьцаалж мөнгө зээлж аваад цаг тухайд нь зээлээ төлж байсан. Сүүлд Э.Энхболдын санхүүгийн байдал хүнд байдалд орж “Ньюборзон” ХХК-ийн зүгээс Э.Энхболд, С.Оюунням нарын авсан бүх өр зээл хаагдсан. Зээл хаав гэж бичээгүй боловч зээл хаагдсан. Ньюборзон ХХК-тай ямар ч тооцоо байхгүй. 2015 оны 03 сарын 01-ний өдөр Б.Төмөр өөрөө Э.Энхболд дээр ирээд таны машиныг чинь авсан юм чинь өөр ямар нэг байдлаар мөнгөн туслалцаа үзүүлмээр байна гээд Э.Энхболдын мөнгөгүй байдлыг овжин ашигласан. 2016 оны 03 сарын 02-ны өдөр Э.Энхболдын нэг өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээ Б.Төмөртэй дундын өмч болсон. Э.Энхболд мөнгөний шаардлагатай байсан учраас Б.Төмөрт нэг өрөө байраа дундын өмч болгон 45.000.000 төгрөг зээлсэн. Б.Төмөр Э.Энхболдолд 45.000.000 төгрөг өгөхөөр болсон. Гэтэл Б.Төмөр 45.000.000 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг Э.Энхболдод өгч үлдэх 15.000.000 төгрөгийг өгөхгүй өөрөө алга болсон. 15.000.000 төгрөгийн хүү алдангийг өсгөх зорилгоор алга болсон. Э.Энхболд алга болсон юм байхгүй. Эрэн сурвалжуулах шаардлага байгаагүй. Б.Төмөр зээлийн мөнгөний хүүгээ өсгөх гэсэн арга байсан. Нэр шилжүүлсэний дараа бэлэглэлийн гэрээгээр Б.Төмөр өөрийн өмгөөлөгч С.Санжаажамцын нэр дээр уг байрыг шилжүүлсэн байдаг. Б.Төмөр Э.Энхболдод мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн. С.Санжаажамц улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч дундын өмч учраас бүртгэх боломжгүй байсан. Б.Төмөр байраа буцааж авах гэтэл Э.Энхболдоос Б.Төмөрт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан учраас Э.Энхболдыг аргалж байгаад дахин 2 сараар сунгуулсан. 2016 оны 08 сарын 16-ны өдөр итгэмжлэл хийлгээд 19-ны өдөр лавлагаагаар улсын бүртгэлийн гэрчилгээ С.Санжаажамцын нэр дээр гараад ирдэг. 15.000.000 төгрөг өгчих энэ зээлийн харилцаагаа дуусгая гэхэд Тундра маркийн авто машин  зарагдахгүй байна. Энэ мөнгийг хүүнд нь авна гэж хэлсэн. 10.000.000 төгрөг С.Оюунням данснаасаа шилжүүлээд гэж худлаа яриад байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөө 10.000.000 төгрөгөө хийсэн. С.Оюуннямын дансаар шилжүүлээд авсан зүйл байхгүй. Нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй. Тундра маркийн авто машинаар энэ зээлийн харилцаа, өр хаагдсан. 2014 оны 11 сарын 14-ний өдрийн гэрээнд зээлээс 20.000.000 төгрөг төлж барагдуулав, үлдэгдэл 5.000.000 төгрөг үлдэв гэсэн байгаа. 05 дугаар сарын 22-ны өдөр Лексус 470 маркийн авто машин барьцаалж 18.000.000 төгрөг зээлэв, эргүүлээд 8 дугаар сарын 22-ны өдөр төлөв гэсэн байгаа. Приус, Тундраг барьцаалж зээлсэн 6.000.000 төгрөгийн төлбөрийг 6.300.000 төгрөг болгож төлсөн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны дансаар төлсөн. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 6.000.000 төгрөгийг хамруулж тусгав гэсэн байна. Б.Төмөрт төлөх төлбөр байхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК нь хариуцагч Э.Энхболд, С.Оюунням нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

“Ньюборзон” ХХК нь 2014 оны 11 сарын 14-ний өдөр С.Оюуннямтай зээлийн гэрээ байгуулан тоёота тундра маркын, 6161УНҮ улсын дугаартай авто машин барьцаалан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, барьцаат зээлийн гэрээний мөнгө олгосон баримт үйлдэж 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.

 

Э.Энхболд нь 2015 оны 05 сарын 21-ний өдөр 18.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2015 оны 06 сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн болох нь барьцаат зээлийн гэрээний мөнгө олгосон баримтаар, 2016 оны 03 сарын 01-ний өдөр 46.000.000 төгрөгийг (үүнээс 600.000 төгрөг нь үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн) зээлсэн болох нь талуудын мөнгө хүлээлцсэн гар бичмэл, мөн өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдов.

 

Хариуцагч С.Оюунням, Э.Энхболд нар нь “Ньюборзон” ХХК-иас нийт 95.000.000 төгрөгийг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгээр нотлогдож байх тул хариуцагч нарын нийт зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаангүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

С.Оюуннямын 2014 оны 11 сарын 14-ний өдөр зээлсэн 25.000.000 төгрөгийн тухайд зээлийн гэрээний дагуу 9 сарын хугацааны хүүг сарын 5 хувиар тооцоход зөвхөн хүүнд 11.250.000 төгрөг төлөхөөр байжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбарласанаар “...нийт үндсэн мөнгө болон хүүнд 101.000.000 төгрөг авах байснаас 86.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 26-нд авсан, үлдэгдэл 15.000.000 төгрөг үлдсэнээс би 4.000.000 төгрөгийг нь багасгаж 11.000.000 төгрөгийг авахаар тохиролцож тэр өдрөө үлдэгдэл мөнгө 11.000.000 төгрөгтөө ямар нэг  хүү алдангигүй 2 сарын хугацаанд төлөхөөр дахин зээлийн гэрээ хийсэн...” гэжээ. Энэхүү тайлбар нь мөн өдрийн зээлийн гэрээгээр нотлогдов.

 

Хариуцагч Э.Энхболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Б.Төмөрөөс зээлсэн зээлээсээ төлж үлдэгдэл болох 11.000.000 төгрөг дээрээ 2016 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж тохиролцсон...” гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд нийт зээлийн төлбөрөөс 11.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан болох нь тогтоогдоно.

 

Хариуцагч нар дээрх зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр С.Оюунням өөрийн Хаан банкны данснаас 10.000.000 төгрөгийг Б.Төмөрийн дансанд шилжүүлж үлдэгдэлийг хаасан гэж маргах боловч энэ нь Б.Төмөрийн Хаан банк дахь 5027600310 тоот дансны хуулгаар уг өдөр нийт 85.000.000 төгрөг орсон баримтаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. С.Оюунням, Э.Энхболд нар нь 2016 оны 08 сарын 26-ны өдөр төлсөн 86.000.000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй атлаа тэр өдрөө нэмж 10.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба хариуцагч нар нийт зээлсэн мөнгөний үнийн дүнд маргаагүй, хэдийд, хэдэн удаагийн төлөлтөөр хэд, хэдэн төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэл, баримтаа нотлоогүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул С.Оюуннямаас 2014 оны 11 сарын 13-ны өдөр олгосон зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, Э.Энхболдоос 2015 оны 06 сарын 22-нд олгосон зээл 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Хариуцагч Э.Энхболд нь хариуцагч С.Оюуннямын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба энэ өдрийн шүүх хурлын товыг 2017 оны 01 сарын 12-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралд ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч С.Оюуннямын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ба Э.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралд оролцсоныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                    

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Оюуннямаас 5.000.000 төгрөг, хариуцагч Э.Энхболдоос 6.000.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оюуннямаас 94.950 төгрөг, Э.Энхболдоос 110.950 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч “Ньюборзон” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ