Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01027

 

Ш.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 688 дугаар магадлалтай

Ш.Э-ын нэхэмжлэлтэй

Д.Г-т холбогдох

Гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Г- нь 2015 оны 9 сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хэлцэл хийлгүйгээр зээлж авсан. Үүнээс хойш нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Д.Г-т бусдыг залилан мэхлэх гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүссэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. 4 000 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ биш, иргэд хоорондын гэм хороор үүссэн гэж үзэж болно. Гэрч нарын мэдүүлэг дээр байцаагч нэрийг нь бичээгүй учраас эргэлзээтэй байна гэж үзээд 4 000 000 төгрөгийг хасчихсан. Харин шүүхэд Чимгээ гэрчлэн мэдүүлсэн учраас 4 000 000 төгрөг нотлогдох бөгөөд 9 000 000 төгрөгийн гэм хор учирсан юм. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Норовтүн ХХК-ийн захирлаар, би Сайн инженеринг групп ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани Норовтүн ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Норовтүн ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд газрын тосны агуулахын барилгын төсөлд ажилласан. Манай компани гэрээний 28 000 м.куб ажлын тоо хэмжээг давуулан 45 030 м.кув газар шорооны ажлыг хийж дууссан боловч Норовтүн ХХК нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан учир манай компани 2015 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахмад н.Мөнх-Эрдэнэ Норовтүн ХХК-иас 11 000 000 төгрөг залилсан гэх гомдлын дагуу намайг дуудаж шалгасан бөгөөд тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан ба эхлээд 11 000 000 төгрөгийг залилсан, зээлсэн гэх зэргээр гомдол гаргаж байгаад Норовтүн ХХК-ийн логотой хөдөлмөр хамгааллын хувцасны 2 000 000 төгрөгийг хасч 9 000 000 болгож багасгасан. Мөн Ш.Э-ын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг дандаа зөрүүтэй байдаг н.Одончимэг мөнгө өгөхийг харсан гэх боловч Одончимэг манай нөхөр өгсөн гэж ярьсан. Нөхөр нь гэрээт ажлын төлбөрт 4 000 000 төгрөг өгсөн гэх боловч эхнэр нь гэрээт ажлын төлбөртэй ямар ч хамааралгүй гэж ярьдаг. Гэрч н.Чимгээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээрээ хар машинтай хүнийг хараагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй харин Ганбааг харвал танина гэж мэдүүлсэн атлаа Хан-Уул дүүргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хар машинтай хүн орж ирсэн, тэр хүнийг Д.Г- гэдэг гэж хууль сануулсаар байхад худлаа мэдүүлэг өгсөн.  Нэхэмжлэгч анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Ганбат өмгөөлөгч өөрөө гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ иргэн Ш.Э-аас иргэн Д.Г-т зээлсэн 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэм хорын хохирол болгосон. Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 280/а тогтоол гаргаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сагсай прокурор тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шалга гэж явуулаад шалгаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон бөгөөд прокурорын тогтоолоор тогтоосон зүйл ерөөсөө байхгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол дээр гэм бурууг огт тогтоосон зүйл байхгүй. Мөнгө залилж авсан байна уу зээлж авсан байна уу ажлын хөлс авсан байна уу гэдэг нь тогтоогдохгүй. Хоёр компанийн өглөг авлагатай холбоотой маргаан яваад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 94 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 688 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00098 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-аас гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 688 дугаар магадлалыг эс зөвшөөрч, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын "Хянавал” хэсэгт: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280А дугаар тогтоолоор хариуцагчийг гэм буруутай болохыг тогтоогоогүй, гэрч нарын мэдүүлгээр Ш.Э-аас Д.Г- нь мөнгө авсан гэх үйл баримтын талаар агуулж байгаа боловч ийнхүү мөнгө авахдаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш юм” гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэн Ш.Э-ын гомдлын дагуу Д.Г-т холбогдуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад Баянгол дүүргийн прокурорын газраас иргэний маргаан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ч өмгөөлөгчийн гомдлын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/66 дугаар тогтоолоор 280 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл энэ бол эрүүгийн хэрэг, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзээд хэргийг сэргээсэн байдаг.

Улмаар хэргийг шалгаад шүүх рүү хэргийг шилжүүлэх үед хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар бөгөөд дээрх хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй хугацаа өнгөрсөн тул дээрх үндэслэлээр хэргийг шүүх рүү шилжүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан прокурорын 280А тогтоолоор тогтоогддог атал шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бичгийн баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь зөв үнэлээгүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч Д.Г-т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Г- нь 2015 онд 9 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт шалгагдаад тогтоогдсон боловч хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280А дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...манай “Сайн инженеринг групп” ХХК нь Ш.Э-ын “Норовтүн” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд Газрын тосны агуулахын барилгын төсөлд ажилласан. Гэрээний дагуу “Норовтүн” ХХК ажлын хөлсийг өгөөгүй тул 38 317 157 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлын хөлсний авлагатай байтал түүнээс 9 сая төгрөгийг зээлж авна гэдэг нь үнэнд нийцэхгүй, ажлын хөлсөө өгөхгүй гэсэн арга гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 280А Прокурорын тогтоолд “...Д.Г- нь Ш.Э-аас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөгийг авсан нь тогтоогдохгүй байна, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр авсан нь тогтоогдсон боловч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна...” гэж дүгнэн Д.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолоор Д.Г-ыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй тул тус тогтоолыг үндэслэн “эрүүгийн хэргийн улмаас 9 000 000 төгрөгийн хохирол учирсан” гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 688 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ш.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД