Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00098

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2018/00098

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Г-д  холбогдох,

 

Гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батхүү, иргэдийн төлөөлөгч Б.Буриад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 280/А тогтоол дээр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Норовтүн” ХХК-ийн оффисын өрөөнд Д.Г нь Ш.Эаас ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүй авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч н.Мөнхтөр, н.Батсүх, н.Улаанхүү нарын мэдүүлгээр тогтоогдож байна гээд  6 сарын хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хариуцлага тооцож болохгүй нөхцөл байдал үүссэн. Анх энэ материалыг татгалзаж, Улсын Ерөнхий Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. н.Чимгээ гэж хүний мэдүүлгийн тухайд энэ хүнийг шүүхэд яагаад дахин гэрчээр асуулгасан юм бэ гэвэл цагдаагийн газарт хэрэгт бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгөх үедээ мөнгө авсан хүн нь Д.Г гэж нэрийн хэлсэн боловч байцаагч нь нэрийг нь бичээгүй. Тийм учраас үнэн бодит байдлыг дахин яриулах гэж шүүхэд хүсэлт гаргасан юм. 4 000 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээ биш, иргэд хоорондын гэм хороор үүссэн гэж үзэж болно. Гэрч нарын мэдүүлэг дээр байцаагч нэрийг нь бичээгүй учраас эргэлзээтэй байна гэж үзээд 4 000 000 төгрөгийг хасчихсан. Харин шүүхэд Чимгээ гэрчлэн мэдүүлсэн учраас 4 000 000 төгрөг нотлогдох бөгөөд 9 000 000 төгрөгийн гэм хор учирсан юм. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Э “Норовтүн” ХХК-ийн захирал. Хариуцагч Д.Г “Сайн инженеринг групп” ХХК-ийн ерөнхий захирал, миний бие “Сайн инженеринг групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай компани “Норовтүн” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж  Ш.Эын “Норовтүн” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд газрын тосны агуулахын барилгын төсөлд ажилласан. Манай компани гэрээний 28 000 м.куб ажлын тоо хэмжээг давуулан 45 030 м.кув газар шорооны ажлыг хийж дууссан боловч “Норовтүн” ХХК нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан учир манай компани 2015 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахмад н.Мөнх-Эрдэнэ “Норовтүн” ХХК-иас 11 000 000 төгрөг залилсан гэх гомдлын дагуу намайг дуудаж шалгасан бөгөөд тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан ба эхлээд 11 000 000 төгрөгийг залилсан зээлэсэн гэх зэргээр гомдол гаргаж байгаад “Норовтүн” ХХК-ийн логотой хөдөлмөр хамгаалалын хувцасны 2 000 000 төгрөгийг хасч 9 000 000 болгож багасгасан. Мөн Ш.Эын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг дандаа зөрүүтэй байдаг бөгөөд миний эхнэр н.Одончимэг мөнгө өгөхийг харсан гэх боловч Одончимэг манай нөхөр өгсөн гэж ярьсан. Нөхөр нь гэрээт ажлын төлбөрт 4 000 000 төгрөг өгсөн гэх боловч эхнэр нь гэрээт ажлын төлбөртэй ямар ч хамааралгүй гэж ярьдаг. Гэрч н.Чимгээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг дээрээ хар машинтай хүнийг хараагүй, хэн гэдгийг нь мэдэхгүй харин Ганбааг харвал танина гэж мэдүүлсэн атлаа Хан-Уул дүүргийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хар машинтай хүн орж ирсэн, тэр хүнийг Д.Г гэдэг гэж хууль сануулсаар байхад худлаа мэдүүлэг өгсөн.  Нэхэмжлэгч анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Ганбат өмгөөлөгч өөрөө гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага хэсэгтээ иргэн Ш.Эаас иргэн Д.Гт зээлсэн 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэм хор хохирол болгосон. Улсын Ерөнхий Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 280/а тогтоол гаргаж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын Ерөнхий Прокурорын газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Сагсай прокурор тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шалга гэж явуулаад шалгаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон бөгөөд Прокурорын тогтоолоор тогтоосон зүйл ерөөсөө байхгүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. 13 дугаар зүйлийн 13.2-т хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шалгаад эргэлзээ төрвөл холбогдогч буюу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол дээр гэм бурууг огт тогтоосон зүйл байхгүй. Мөнгө залилж авсан байна уу зээлж авсан байна уу ажлын хөлс авсан байна уу гэдэг нь тогтоогдохгүй. 2 компанийн өглөг авлагатай холбоотой маргаан яваад юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ш.Э хариуцагч Д.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 280а дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгт холбогдох хэсэг нотлогдоно, үлдэх 4 000 000 төгрөгийг Д.Гт хүлээлгэн өгсөн нь эрүүгийн болон иргэний хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

 Хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, эрүүгийн болон иргэний хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, гэрчүүд нэхэмжлэгчийн эхнэр, эсхүл удирдлаганд нь ажилладаг хүмүүс байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, шүүхийн шийтгэх тогтоолоор 9 000 000 төгрөгийг залилан мэхлэх аргаар авсан гэдэг тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Хэрэгт авагдсан баримтаар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 280 дугаар тогтоолоор Ш.Эаас  Д.Гт 11 000 000 төгрөг өгсөн боловч эргүүлэн өгөхгүй залилан мэхэлсэн гэх гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад иргэний шүүхээр шийдвэрлүүлвэл зохих иргэд хоорондын маргаан гэж үзээд 280 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, үүний дараа нэхэмжлэгч Ш.Эын өмгөөлөгч Д.Ганбат дээрх тогтоолд гомдол гаргаснаар Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/66 дугаар тогтоолоор 280 дугаар тогтоолыг хүчингүй болгон хэргийг сэргээсэн, улмаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 280а дугаар тогтоолоор гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүх “Сайн инженеринг групп” ХХК-ний нэхэмжлэлтэй “Норовтүн” ХХК-д холбогдох иргэний хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байх ба Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны  001/ХТ2017/01466 дугаар тогтоолын хянавал хэсэгт хариуцагч “Норовтүн” ХХК нь 9 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлээсээ шүүх хуралдаанд татгалзсан тухай дурджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар болон ийнхүү арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус зохицуулсан.  

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280а дугаар тогтоолд  “2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Норовтүн” ХХК-ний оффисын өрөөнд Д.Г нь Ш.Эаас 5 000 000 төгрөгийг ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байгаагаас үзэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 5 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна.

 

Энэ нь дээр дурьдсан гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэх ба харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна. Учир нь: 

 

Нэхэмжлэгч шаардлагынхаа 4 000 000 төгрөгт хамаарах хэсгийг гэрч нотлоно гэж тайлбарлах боловч гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг гаргадаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт гэрч Ш.Чимгээ 2 ширхэг 20 мянгатын дэвсгэртийг “захирал Ш.Э хар машинтай хүнд өгч байсан, хар машинтай хүнийг танихгүй” гэж мэдүүлсэн бол 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт “2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр компаний хашаанд хар машинтай орж ирсэн Ганбаа гэдэг хүнд захирал Ш.Э 2 боодолтой 20 мянгат авч өгөхийг харсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан тул нэг гэрчийн өөр хоорондоо  зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Д.Гаас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ш.Эт олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ. гчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Гаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас 94 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Эт олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР

 

       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ