Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 022

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Бахат кикбай овогт Мусагийн Жазирагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Жанболат/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Жазира, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Урд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн томилуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Жазира шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. М.Жазира би дээд боловсролтой оёдол нийтийн хоолны мэргэшилтэй бөгөөд тус МСҮТөвд 2009 оноос эхлэн нийт 7 дахь жилдээ ажиллаж байгаа ба хамгийн сүүлд тус сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №99 тоот тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар бүр орон тоонд томилогдон энэ албан тушаалд ажиллаж ирсэн юм.

2. Би сард 496000 төгрөгийн цалин авдаг байсан ба цалингийн ТҮМБ-р зэрэглэлийн 1-р шатлалаар байсан ажилдаа мэргэшсэн бөгөөд захиргааны арга хэмжээ авахуулаагүй.

3. Миний ажилласан энэ албан тушаалын орон тоо бүтэц одоо хүртэл хэвээр нь байгаагаас гадна төсөв цалин нь хасагдаагүй, цомхтгогдоогүй ажилтан нь цөөрөөгүй юм.

4. Тус сургалтын төвийн захирал И.Жанболат нь 216 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №Б/109 тушаалаараа намайг гэнэт энэ ажиллаж байсан албан тушаалаас минь чөлөөлж оёдлын хичээлийн цагийн багшаар томилсон тухай тушаалын нэг хувийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надад өгсөн тул би хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн гэж үзэж шууд шүүхэд хандаж байна.

5. Би ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Үндэслэл:

1. Захирал Б/109 тушаалдаа

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэн байх ба энэ заалтаар яг одоогийн байдлаар миний албан тушаал татан буугдаагүй цомхтгогдоогүй цөөрөөгүй хэвээр байгаа бөгөөд Захирал санааны зоргоор албан тушаалыг минь цомхтгогдсон мэтээр тушаалд дурдсан нь хууль зөрчиж, ажилтны хөдөлмөрлөх эрхэнд үндэслэлгүй ноцтойгоор халдсан байдал гэж үзэж байна. Учир нь: уг Б/109 тушаалд аймаг орон нутгийн болон сургалтын төвийн дээд удирдлага Яам, Агентлагаас орон тоо бүтцийг хассан, цөөрүүлсэн тухай ямар нэг шийдвэр, чиглэл, эрхийн актыг үндэслэл болгон дурдаж зааж бичээгүй байгаа нь үүнийг нотлох юм.

2. Уг Б/109 тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, мөн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нь хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон ердийн заалтууд бөгөөд цомхтгогдсон, цөөрүүлсэн албан тушаал хаасан байдалд ямар ч ач холбогдолгүй юм. Захирал нь эдгээр заалтыг дурдахдаа урьд өмнө эсвэл дараа нь ч ажилтантайхөдөлмөрийн гэрээ хийж үүргээ биелүүлсэн мэтээр хандсан нь хуурамч албархал болжээ.

3. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасанчлан ажил олгогч нь намайг өөр ажилд томилохдоо надтай тохиролцоогүй байсныг би онцлон дурдаж байна. Ажилтан надтай зөвшилцөж тохиролцоогүй намайг өөр ажилд томилсон байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар олон жил ажиллаж мэргэшсэн албан тушаалтан намайг 6 сарын хугацаагаар түр дадлага туршлагажих хэмжээгээр мэргэжилтний болон хөдөлмөрлөх эрх зүйн байдлыг минь хэт доордуулж доод хэмжээний бага цалин өгч хохироохоор басамжлан доромжилсонд гомдож байна. Өөрөөр хэлбэл дарга нарын хэллэг, дадлага болсон цомхтгол, цөөрүүлсэн гэх аргаараа хуулийг ноцтой зөрчин ажилчин, ажилтнуудын амьдралаар тоглож байна гэж үзэж байна. Зүйрлэвэл: өөрт нь барьсан том байшингаас хөөж гаргаж жижиг амбаарт оруулан хашсантай адил гэмээр. Харин хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх заалтууд нь захирлын хасах, чөлөөлөх, солих гэх мэт эрх хэмжээг тодорхойлж байгаа ба 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурал нь ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй байна. Намайг ажлаас өөрчлөх талаар дурдагдсан байсан талаар өчигдөр сонсож мэдсэн юм.

4. Дээрх хууль журмын заалтууд болон хурлын шийдвэр нь намайг ажлаас өөрчлөх, хөдөлмөрлөх эрхэнд минь халдах, эрх зүйн байдлыг минь доошлуулсан хохироох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5. Тушаалын гарчигт хөдөлмөрийн гэрээг цуцлах гэжээ. Ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй бөгөөд гэрээ хийх үүргээ биелүүлээгүй байж хөдөлмөрийн ямар гэрээг цуцлах гэж байгааг нь ойлгохгүй байна. Ажил олгогч нь ажилтантай эхлээд тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ хийгээд эсвэл цуцлаад дараа нь тушаал гаргах ёстой гэж би ойлгодог. Энэ байдлаар тушаал нь өөрөө хууль бус зөрчилтэй болсон байгааг эрхэм шүүгч анхаарна уу?

6. М.Жазира би 1,5 насны Ботагөз гэдэг хөхүүл хүүхэдтэй бөгөөд хүүхэдтэй байдлыг минь ажил олгогч мэдээд ажлаасчөлөөлж чадалгүй туршлагын албан тушаалын гэх нэрийдлээр цөөн хэдэн төгрөг цалин өгсөн болж байгаад намайг дуугүй болмогц туршлагын хугацаа дууссан гэсэн шалтгаар бүр мөсөн хөөж явуулах гэж байгаа нь тодорхой юм. Энэ байдал нь ажил олгогчид ажилтнаа ямар байдлаар хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчих байх боломжтой дархан эрхтэй гэдгээ бэлээхэн харуулж байгаа юм. Иймд дээрх үндэслэлүүдэд дурдсан байдлаар миний хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн тул хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн хянаж намайг тус мэргэжил сургалтын төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоонд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Жазирагийн тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан шүүхэд гаргасан "Оёдол, нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах тухай" нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Жазира нь сургуульд 2009 онд ажилд орж, 2015 оны 10-р сарын 22-ны өдрийн тус МСҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 99 дугаартай тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилогдсон байна. Сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамаарч багш нарын хичээлийн цаг нэмэгдэж, хорогддог бөгөөд энэ талаар тогтоосон норм, нормативыг сургуулийн захиргаанаас мөрдөж ажиллах журамтай. Энэ жилийн хувьд оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас сургалтын төлөвлөгөөний дагуу багш нарын заах хичээлийн цаг үүнтэй уялдан хорогдсон. Хичээл заах ангигүй, сурагчгүй багшийг үндсэн багшаар ажиллуулахгүй нь мэдээжийн хэрэг. Ийм шаардлагын үүднээс хичээл заах цаг нь хорогдсон оёдол, нийтийн хоолны ангид хичээл заах багш нарын хичээлд сургалтын төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж, Жазираг цагийн багш болгосон. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.", мөн хуулийн 18.3-т "Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна." гэж МСҮТ-ийн багш заавал багшлах эрхийн үнэмлэх авсан байх хуулийн шаардлага тавьсан. Жазирагийн хувьд 2009 оноос эхлэн багшлах эрхгүйгээр хичээл зааж ирсэн бөгөөд энэ хугацаанд суралцан багшлах эрх авах боломжтой байсан ч эрх аваагүй, сургуулийн зүгээс багшлах эрхийн сургалтад хамруулах талаар захиалга өгч боломжит бүх талын арга хэмжээг авсан боловч тэрээр сургалтад хамрагдаагүй болно. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд тус МСҮТ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор шалгалт хийж шалгалтын мөрөөр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04-09-49/286 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжид оёдлын багш М.Жазира нь багшлах эрхгүйгээр хичээл заасныг зөрчилд тооцон, багшлах эрхтэй мэргэжлийн багшаар ханган ажиллахыг зөвлөсөн. МСҮТ-ийн захирлын зөвлөл хуралдаж сургуулийн цалингийн фонд, анги дүүргэлт, сургалтын төлөвлөгөөг харгалзан хичээлийн цагт зохицуулалт хийж зарим багш нарыг цагийн багш болгохоор шийдвэр гаргасан. Иймээс ажил олгогчийн зүгээс дээрх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар Жазирагийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж цагийн багшаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн "ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" гэж заасан учир заах хичээлийн цаг хүрэлцэхгүй багшид үндсэн багшийн цалин олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч М.Жазирагийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Жазира шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2009 оноос эхэлж Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байна. Тухайн үед ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, тасралтгүй ажиллаж ирсэн. 2015 оноос 2016 оны хичээлийн жилд оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоонд ажиллаж байсан. 2016 оны 9,10 дугаар сард уг орон тоонд ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс надад энэ орон тоо чинь байхгүй, цагийн багшаар томилж байна гэсэн тушаал өгсөн учраас миний эрх зөрчигдөж байна гэж үзээд шүүхэд хандсан. Би ой 7 сартай нялх хүүхэдтэй. Одоо бол оёдлын дадлагын цагийн багшаар ажиллаж байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзэж урьд нь эрхэлж байсан оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд урьд эрхэлж байсан оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Жазираг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах, цагийн багшийн ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 35 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх заалтууд, тус төвийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тэмдэглэлийг тус тус үндэслэн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон тул тухайн мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж, М.Жазираг оёдлын хичээлийн цагийн багшид томилж, сургалтын төлөвлөгөөний дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар эрхийн акт гарсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар оёдлын хичээлийн цагийн багшаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна.

Нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар намайг гэнэт ажиллаж байсан албан тушаалаас минь чөлөөлж, оёдлын хичээлийн цагийн багшаар томилсныг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн гэж маргасан болно.

Ажилтныг ажлаас чөлөөлөх болон ажилд томилох тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай тул нэхэмжлэгч М.Жазираг ажлаас чөлөөлж, ажилд томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал гаргана гэсний дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, холбогдох болон бусад хуулийг баримтлан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр /тушаал/ гаргасан байна гэж үзлээ.

Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/193/215 дугаартай Журам батлах тухай тушаал, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/80 дугаартай Байгууллагын албан тушаалтны нэрсийн жагсаалт батлах тухай тушаал, Баян-Өлгий аймаг дахь МСҮТ сургалтын төлөвлөгөө 2012 оны 12 дугаар сарын 10 өдрийн, Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын төлөвлөгөө, 2015-2016 оны, 2016-2017 оны хичээлийн жилийн ерөнхий эрдмийн багш нарын цагийн хуваарилалт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Жазирааг Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д зааснаар өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргийнхээ дагуу ажил олгогч ажилд томилон ажиллуулж байгаа юм байна.

Ажил олгогч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай тэмдэглэлээр, мөн тухайн үеийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстаны ажилтан М.Жазирад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан болон цагийн багшид шилжүүлэх болсноо хуулийн дагуу мэдэгдсэн байна.

Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилтан ажил олгогч нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016-2017 оны хичээлийн жилийн турш хугацаатай хийсэн хөдөлмөрийн гэрээгээр давхар нотлогдож байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04-09-046/286 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай зөвлөмжийн 3 дугаарт Оёдлын багш М.Жазира багшлах эрхгүй багш ажиллаж байсан гэж зөрчилд тооцож, багшлах эрхтэй багшаар ханган ажиллуулах талаар зөвлөмжид дурдсан байна.

Нэхэмжлэгч М.Жазира нь одоогийн байдлаар багшлах эрх байхгүй, багшлах эрх авахын тулд сургалтад хамрагдаж байгаа гэж шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байсан болно.

Иймд нэхэмжлэгч М.Жазирагийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн урьд эрхэлж байсан оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч М.Жазирагийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд урьд эрхэлж байсан оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Жазира нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН