Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 036

 

М.Жазирагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй, М.Жазирагийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч М.Жазира, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн томилуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: М.Жазира би дээд боловсролтой оёдол нийтийн хоолны мэргэшилтэй бөгөөд тус МСҮТөвд 2009 оноос эхлэн нийт 7 дахь жилдээ ажиллаж байгаа ба хамгийн сүүлд тус сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №99 тоот тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар бүр орон тоонд томилогдон энэ албан тушаалд ажиллаж ирсэн юм. Би сард 496000 төгрөгийн цалин авдаг байсан ба цалингийн ТҮМБ-р зэрэглэлийн 1-р шатлалаар байсан ажилдаа мэргэшсэн бөгөөд захиргааны арга хэмжээ авхуулаагүй. Миний ажилласан энэ албан тушаалын орон тоо бүтэц одоо хүртэл хэвээр нь байгаагаас гадна төсөв цалин нь хасагдаагүй, цомхотгогдоогүй ажилтан нь цөөрөөгүй юм. Тус сургалтын төвийн захирал И.Жанболат нь 216 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №Б/109 тушаалаараа намайг гэнэт энэ ажиллаж байсан албан тушаалаас минь чөлөөлж оёдлын хичээлийн цагийн багшаар томилсон тухай тушаалын нэг хувийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр надад өгсөн тул би хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн гэж үзэж шууд шүүхэд хандаж байна. Тушаалын гарчигт хөдөлмөрийн гэрээг цуцлах гэжээ. Ажил олгогч нь надтай хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй бөгөөд гэрээ хийх үүргээ биелүүлээгүй байж хөдөлмөрийн ямар гэрээг цуцлах гэж байгааг нь ойлгохгүй байна. Ажил олгогч нь ажилтантай эхлээд тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ хийгээд эсвэл цуцлаад дараа нь тушаал гаргах ёстой гэж би ойлгодог. Энэ байдлаар тушаал нь өөрөө хууль бус зөрчилтэй болсон байгааг эрхэм шүүгч анхаарна уу. М.Жазира би 1,5 насны Ботагөз гэдэг хөхүүл хүүхэдтэй бөгөөд хүүхэдтэй байдлыг минь ажил олгогч мэдээд ажлаас чөлөөлж чадалгүй туршлагын албан тушаалын гэх нэрийдлээр цөөн хэдэн төгрөг цалин өгсөн болж байгаад намайг дуугүй болмогц туршлагын хугацаа дууссан гэсэн шалтгаар бүр мөсөн хөөж явуулах гэж байгаа нь тодорхой юм. Энэ байдал нь ажил олгогчид ажилтнаа ямар байдлаар хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчих байх боломжтой дархан эрхтэй гэдгээ бүлээхэн харуулж байгаа юм. Иймд дээрх үндэслэлүүдэд дурдсан байдлаар миний хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн тул хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн хянаж намайг тус мэргэжил сургалтын төвийн оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн орон тоонд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Жазирагийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Жазира нь сургуульд 2009 онд ажилд орж, 2015 оны 10-р сарын 22-ны өдрийн тус МСҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 99 дүгээр тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилогдсон байна. Сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамаарч багш нарын хичээлийн цаг нэмэгдэж, хорогддог бөгөөд энэ талаар тогтоосон норм, нормативыг сургуулийн захиргаанаас мөрдөж ажиллах журамтай. Энэ жилийн хувьд оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас сургалтын төлөвлөгөөний дагуу багш нарын заах хичээлийн цаг үүнтэй уялдан хорогдсон. Хичээл заах ангигүй, сурагчгүй багшийг үндсэн багшаар ажиллуулахгүй нь мэдээжийн хэрэг. Ийм шаардлагын үүднээс хичээл заах цаг нь хорогдсон оёдол, нийтийн хоолны ангид хичээл заах багш нарын хичээлд сургалтын төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж, Жазираг цагийн багш болгосон. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.", мөн хуулийн 18.3-т "Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна." гэж МСҮТ-ийн багш заавал багшлах эрхийн үнэмлэх авсан байх хуулийн шаардлага тавьсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд тус МСҮТ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор шалгалт хийж шалгалтын мөрөөр 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04-09-49/286 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжид оёдлын багш М.Жазира нь багшлах эрхгүйгээр хичээл заасныг зөрчилд тооцон, багшлах эрхтэй мэргэжлийн багшаар ханган ажиллахыг зөвлөсөн. МСҮТ-ийн захирлын зөвлөл хуралдаж сургуулийн цалингийн фонд, анги дүүргэлт, сургалтын төлөвлөгөөг харгалзан хичээлийн цагт зохицуулалт хийж зарим багш нарыг цагийн багш болгохоор шийдвэр гаргасан. Иймээс ажил олгогчийн зүгээс дээрх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар Жазирагийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж цагийн багшаар томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн "ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" гэж заасан учир заах хичээлийн цаг хүрэлцэхгүй багшид үндсэн багшийн цалин олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч М.Жазирагийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 765 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч М.Жазирагийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд урьд эрхэлж байсан оёдлын дадлага нийтийн хоолны дадлагын багшийн албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Жазира нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа тухайн албан тушаалын орон тоог хассан эсвэл цөөрүүлсэн эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхөөс өмнө энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсан.Мөн намайг ажлаас чөлөөлөхдөө 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоог цөөрүүлэх болсон тул тухайн мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалсугай гэж оруулсан нь үүнийг давхар нотолж байгаа юм. Ийм байхад анхан шатны шүүх ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэстэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байдаг. Миний бие 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Шынарбекийн Ботагөзийг төрүүлсэн бөгөөд охин ажлаас чөлөөлөгдөх өдөр 1 нас 5 сар 20 хоногтой, анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр 1 нас 7 сар 21 хоногтой байсан. Би хүүхдийнхээ төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ огт харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаанд бодиттой дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч М.Жазира нь 2009 оноос эхлэн багшлах эрхгүйгээр хичээл зааж ирсэн бөгөөд энэ хугацаанд суралцан багшлах эрх авах боломжтой байсан ч эрх аваагүй, сургуулийн зүгээс багшлах эрхийн сургалтад хамруулах талаар захиалга өгч боломжит бүх талын арга хэмжээг авсан боловч тэрээр сургалтад хамрагдаагүй байна. Өөрөөр хэлбэл багшлах эрхтэйгээр хичээл заах нь ажилтны үүрэг бөгөөд багшлах эрх аваагүй асуудал нь ажил олгогчоос шалтгаалаагүй явдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04-09-49/286 дугаартай зөвлөмжид оёдлын багш М.Жазира нь багшлах эрхгүйгээр хичээл заасныг зөрчилд тооцон, багшлах эрхтэй мэргэжлийн багшаар ханган ажиллахыг зөвлөсөн учраас Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна, мөн хуулийн 18.3-т Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах аргазүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна. гэх хуулийн шаардлагыг Жазира хангаагүй байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэлд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 2009 оноос хойш 8 жилийн хугацаанд Жазирагийн хувьд суралцан багшлах эрх авах боломж байсан боловч аваагүй юм. Мөн түүний хүсэлт, хүүхэдтэй байдлыг харгалзан цагийн багшаар томилон ажиллуулж байгаа тул. нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хориглолт үйлчлэхгүй юм. Учир нь Жазираг ажлаас нь бүр мөсөн чөлөөлөөгүй одоогоор тэрээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цагийн багшаар тус сургуульд ажиллаж байгаа юм. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д гурав хүртэлх настай хүүхэдтэй эхийг мөн хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглосон ч заавал багшлах эрхтэй байх хуулийн шаардлага тавигдсан тул тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан буюу сүүлд хүчин төгөлдөр болсон манай сургуулийн эрх зүйн харилцааг зохицуулсан гол хууль Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан М.Жазираг ажлаас нь чөлөөлсөн юм. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч оёдол, нийтийн хоолны ангид элсэгчдийн тоо цөөрсөн учраас багш нарын заах хичээлийн цаг үүнтэй уялдан хорогдсон, М.Жазира нь багшлах эрхгүй хичээл зааж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Ажилтан М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 4.1 дэх заалт, тус төвийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлийг тус тус үндэслэн 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоо цөөрүүлэх болсон тул тухайн мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж, М.Жазираг оёдлын хичээлийн цагийн багшид томилж 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч М.Жазира нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба оёдлын хичээлийн үндсэн багшийн орон тоо цөөрүүлэх болсон тул тухайн мэргэжлийн хичээлийн багш М.Жазиратай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн цуцалж, М.Жазираг оёдлын хичээлийн цагийн багшид томилсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан журамд нийцээгүй байна. Мөн М.Жазираг 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 99 дугаартай тушаалаар оёдлын дадлага, нийтийн хоолны дадлагын багшаар томилсон байхад оёдлын дадлагын багшаас чөлөөлж, цагийн багш болгосон ба нийтийн хоолны дадлагын багшаас чөлөөлсөн эсэх, нийтийн хоолны дадлагын цаг байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх байжээ. Энэ талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч талын гаргаж өгсөн /хэргийн 41-43, 52-56 дугаар тал/ баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг үнэлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан журмыг зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ... Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй... гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ажилтан М.Жазира нь 2015 оны 05 дугаар сарын 24-ны өдөр охин Ш.Ботакөзийг төрүүлсэн болох нь /хэргийн 5 дугаар тал/ төрсний гэрчилгээгээр нотлогдсон байхад уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ