Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0019

 

 

 

“Б у” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Сод өгөөж” ХХК, “Т х” ХХК, “У а с” ХХК, “Э т” ХХК, Д.Л, Р.Э-О нарын өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “Б т у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б у” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд “Т х” ХХК-ийн төлөөлөгч Ш.Л, гуравдагч этгээд “С-Ө” ХХК, “Т х” ХХК, Д.Л, Р.Э, “У-А с” ХХК, “Эрдэст туруун” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “Б б” ХХК, “У-А с” ХХК, “Т х” ХХК, “Г х б” ХХК, иргэн Д.П, Б.Б, С.Ш, Р.Э, Р.Э, Б.О, Д.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээд “Б т у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд “Б т” ХХК-ийн төлөөлөгч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2020/0017/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б у” ХХК нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б у” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “С ө” ХХК, “Т х” ХХК, “У а с” ХХК, “Э т” ХХК, Д.Л, Р нарын өмгөөлөгч Б.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч “Б у” ХХК анх 2021 оны 10 дугаар сарын 10-нд Засаг дарга А.С-ийн А/75 тоот захирамжаар үр тариа тариалах зориулалтаар Хар хад гэх газарт 3016 га тариалангийн талбай эзэмшихээр болсон бөгөөд 2018 оны 07 дугаар сар хүртэл тухайн 3016 га газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хуулийн хугацаанд хийгээгүй, тухайн газрыг атаршуулсан зэрэг зөрчлүүд гаргасан байгаа. “Б у” ХХК 7 жил гаруй тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулиудыг зөрчсөн учир Баруунтуруун сумын Засаг дарга Л “Б у” ХХК нь 2011 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хууль зөрчсөн үндэслэлээр Баруунтуруун сумын уугуул иргэдийн өргөдөл, гомдлын дагуу сумынхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “У а с” ХХК-д 259 га, “С ө” ХХК-д 253 га, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36 дугаар захирамжаар “Т б” ХХК-д 231 га, “Э т” ХХК-д 200 га, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар иргэн н.Л 50 га, н.Ш-д 100 га, н.Э-О-т 100 га, н.Ө-д 100 га газруудыг захирамжаараа олгосон. Тухайн аж ахуйн нэгж, иргэд сумынхаа газрын даамалд өргөдөл, хүсэлтээ гарган захирамжаар олгогдсон газруудаа хуулийн дагуу хуулийн хэрэг нээлгэн, кадастрын зураглал хийлгэн эзэмших эрхийн гэрчилгээнүүд авсан байдаг. Үйлчлүүлэгч гуравдагч этгээдүүд маань Баруунтуруун сумын уугуул иргэд бөгөөд хувиараа болон компани байгуулан 10 гаруй жил тариа будаа тариалах ажлыг тасралтгүй гүйцэтгэсээр ирсэн юм. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д тариалангийн зориулалтаар газар эзэмшигч ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж заасны дагуу хүчингүй болгоно гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Б т у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ 2011 онд олгосон газрыг 2018 онд сунгасан гэх үндэслэлгүй, газрыг 2018 онд анхлан газар эзэмшсэн байна гэж дүгнэлт хийсэн нь Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн дүгнэлт буруу хийсэн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж , 27 дугаар зүйлийн 27.1-т “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж , 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаар аливаа иргэн, хуулийн этгээд нь тухайн нэгж талбар бүхий газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр “....... тогтоож хугацаа”-аар өөрийн мэдэлд байлгасан бол газрыг эзэмшсэн гэж үзэхээр тодорхой заасан юм.

Анхан шатны шүүх "Баруун туруун сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн 75 дугаар захирамжаар Хар хадад байрлалтай 3058 га газрыг “Б у” ХХК-д үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн” гэж дүгнэсэн.

Ингэхдээ анхан шатны шүүх санаатай, санамсаргүй алин нь тодорхойгүйгээр “Б у” ХХК-д уг газрыг 25 жилийн хугацаатай эзэмшүүлснийг дүгнээгүй орхигдуулсан байна . 

Гэсэн атлаа "Б у" ХХК нь 2018 онд 06 сарын 18 - ны өдөр "Баруун туруун сумын Засаг даргад хандан 3000 га газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлэж өгөхийг хүсч өргөдөл гаргасан , өргөдлийн агуулга нь газар эзэмших эрх сунгуулах тухай бус, шинээр газар эзэмших тухай байна, түүнчлэн Засаг дарга 2011 онд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоод 2018 онд шинээр олгосон байна" гэж дүгнэж, нэхэмжлэгч өөрөө уг газрыг эзэмшиж байгаагүй гэж маргаагүй байхад шүүх хөндлөнгөөс ийнхүү илт хууль бус дүгнэлт хийсэн нь шударга шүүхийн зарчимд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан байна.

4.2.Шүүх шударга ёсны механизм болдгоос гадна, түүний хүлээсэн шууд бус үүрэг бол эрх зүйн соёлыг тухайн нутаг дэвсгэртээ төлөвшүүлдэг буюу шүүх "хуулийн ингэж тайлбарласан, шүүх ингэж үзсэн, хуулийг ингэж ойлгох ёстой" гэх байдлаар иргэн, хуулийн этгээд хуулийг нэг мөр ойлгож, нэг мөр мөрддөг болгодог ач холбогдол бүхий институц билээ.

Иймд анхан шатны шүүхийн энэхүү маргааныг шийдвэрлэж, дүгнэснээр “аливаа этгээд 25 жилийн хугацаатай эзэмшиж байгаа газраа 2 жил тутам шинээр эзэмшүүлнэ үү гэх хүсэлт гаргаж , шийдвэрлүүлээд байвал уг газрыг шинээр газар эзэмшсэн гэж үзэн зориулалтаар нь ашиглахгүй, хадгалах өөрийн мэдэлд байлгаад байх боломжтой  гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж байна .

4.3.Түүнчлэн газраа багасгаж, хувааж эзэмшсэн бол газрыг шинээр эзэмшсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байхад нэхэмжлэгч "Б у” ХХК-ийг ийнхүү 2018 оноос эхлэн шинээр эзэмшсэн гэх дүгнэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтуудыг хэрэглээгүй, газрыг шинээр эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл огт байхгүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, ингэхдээ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй уйл баримтыг дүгнэсэн нь нэхэмжлэгч талд илт үйлчилсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал хариуцагч нь 2019 , 2020 оны А/91, A/31 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо "Б у” ХХК-д 2018 оны А/75 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн гэх газраас илүү хэмжээний газрыг хүчингүй болгосон гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй юм.

Учир нь дээрх захирамжаар нэхэмжлэгчийн эзэмших эрхгүй, түүний эзэмшилд байхгүй газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулаагүй бөгөөд хариуцагчаас техникийн алдаа бөгөөд шүүх маргаан шийдвэрлэсний дараа энэхүү техникийн алдаагаа засах болно гэж тайлбарласаар байхад шүүх “нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй асуудлаар хариуцагчийг зориуд буруутгасан үйлдэл гэж үзэж байна.

4.4.Анхан шатны шүүх "Б у” ХХК - ийг 3016 га газрыг эзэмших эрх 2018 оны 07 дугаар сараас үүссэн гэж үзэж, 2011-2018 оны 07 дугаар сар хүртэл газрын төлбөрийг төлөх ёсгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь хуулийг илтэд гуйвуулсан, "... зөвхөн хууль үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэнэ” гэсэн шүүгчийн тангаргийг зөрчсөн хууль бус үйлдэл болно.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг удаа дараа шийдвэрлэхдээ газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийг хамгаалж, илтэд хууль бус дүгнэлтийг удаа дараа хийсэн нь хувийн сонирхлоор хаацайлсан гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх нь газар эзэмшигчийн үүрэг байхаар, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг , нийслэл , сум , дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж , мөн зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж , газар эзэмших гэрээний нөхцөл , болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн", 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол гэж заасан байдаг.

Хуулийн энэ заалтын дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг газар эзэмшигчид үүснэ гэж тодорхой заасан байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан /энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасан байна.

Хуулийн энэ заалтын дагуу газар эзэмшигч, ашиглагч аливаа этгээд хэн ч байсан газрын төлбөрийг тухайн оны 02 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулсан байх ёстой гэдэг нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, газрын алба нь газрын төлбөрийг төлүүлж тухайн оныхоо 02 дугаар сарын 10-ны дотор төлбөрийг татварын албанд хүргүүлэхээр хуульчилсан нь газрын төлбөрийг төлөх хуульд заасан хугацаа мөн болно.

Гэтэл Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээгээр газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр тогтоосон тул төлөхгүй байж болох, бүүр 2018 оноос хойш 2020 оны хугацааны газрын төлбөрийг төлөхгүй байж болох агуулгатай дүгнэлт хийсэн нь байж боломжгүй хууль бус дүгнэлт юм.

4.5.Анхан шатны шүүх нь хариуцагчийг “Б у” ХХК-д төлбөр төлөх талаар мэдэгдээгүй” гэж буруутгажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Б у” ХХК болон хариуцагч нар нь Газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөр төлөх хугацаагаа харилцан тохиролцож тогтсон тул төлбөрөө төлөхийг мэдэгдэх үүрэг захиргааны байгууллага, албан тушаалтанд үүсэхгүй, "Б у” ХХК газрын төлбөр төлөх хугацаагаа мэдэх ёстой тул анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь өөрөө илт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.6.Мөн анхан шатны шүүх нь хариуцагчийг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой баримт байхгүй гэж анхан шатны шүүх буруутгасан, буруутгасан үндэслэлээрээ газрын төлбөрийг төлөхгүй байж болох мэт үр дагавар үүсгэж байгаа нь шүүх бүрэлдэхүүн эрх зүйн мэдлэг дутуу, эсхүл илт хувийн сонирхлоор хандсан гэж үзэхээр байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч алданги тооцож газрын төлбөрийг төлөөгүй, төлөх оролдлого хийгээгүй байгаа нь уг газрын төлбөрийг төлөхгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа юм.

Нөгөө талаас анхан шатны шүүх нь Газрын тухай хуульд “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлнө” гэж хуульчилсан байхад "гэрээнд заасан журмаар төлж болно” гэж дүгнэсэн нь хуулиас давсан зохицуулалттай зохицуулалтыг баримталж, хууль зөрчсөн.

4.7.Мөн газар эзэмшигч нь хуульд заасан хугацаанд төлбөр төлөхгүй, алданги төлөхөөр тохирсон нь газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хугацаа хэтрүүлэх эрхийг олгож байгаа явдал биш, харин алданги гэдэг нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн төлөө үүргээс гадуур нэмж төлж байгаа төлбөр буюу учруулсан хохиролд төлөх төлбөр болдог эрх зүйн ойлголт гэдгийг анхан шатны шүүх мэдэхгүй байгаа нь шүүгч нарын эрх зүйн мэдлэг, хууль хэрэглээний төвшин нь шүүгч хийх хэмжээнд байна эргэлзэхэд хүргэж байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

3. Шүүх гуравдагч этгээд “С ө” ХХК, “Т х” ХХК, “У а с” ХХК, “Э т” ХХК, Д.Л, Р.Э нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд “Б т у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч “Б у” ХХК-аас “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б у” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Маргаан бүхий актуудын талаар:

3.2.Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгч “Б у” ХХК-ийн Баян-Айраг багийн нутагт “Хар хадад” гэх газарт байрлалтай нийт 5 байршилд сортын 1516 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар[2] нэхэмжлэгч “Б у” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан Баян-Айраг багийн нутагт Хар хадад байрлалтай нийт 6 байршилд 2096 га газрыг хүчингүй болгожээ.

3.3.Баруун туруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны А/92 захирамжаар[3] нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас Баян-айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг гуравдагч этгээд “С ө” ХХК-д, 811 га газрыг “У с” ХХК-д, сортын 290 га газраас 80 га газрыг С.Н-т, 100 газрыг Т.П-д, 60 газрыг Б.Э-д, 50 га газрыг Н.Б-д, сортын 454 га газраас 254 га газрыг “У а с” ХХК-д, 200 га газрыг “Т х ХХК”-д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.4.Мөн Баруун туруун сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 захирамжаар[4] нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газраас шинэ эзэмшигч Т.Б, Б.Х, Б.Б нарт эзэмшүүлсэн 300 га газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд “Б бй” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

3.5.Баруун туруун сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30 захирамжаар[5] сортын 290 га газраас 80 га газрыг эзэмшсэн С.Н-ын газар эзэмших эрхийг “М о а” ХХК-д, сортын 290 га газраас 100 га газрыг эзэмшсэн Т.П-ийн газар эзэмших эрхийг “А х” ХХК-д шилжүүлжээ.

3.6.Баруун туруун сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38 захирамжаар[6] нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас 7 дугаартай 536 га газрыг 5 хувааж иргэн Б.О-д 36 га, Р.Э-д 50 га, Р.Э-т 100 га, Х.Б-д 50 газрыг, Д.Ө-д 100 га, Д.Л-д 50 га, сортын 106 га газрыг 2 хувааж Д.П-д 86 га, Г.Б-д 20 га, Б.С-д 50 га, Б.Н-д 100 га газрыг, З.Б-т 50 газрыг, 18 дугаартай 132 га газрыг 2 хувааж С.Ш-т 100 га, Н.М-т 32 га, 17 дугаартай 603 га газраас О.Ш-д 100 га газрыг, Б.Б-д 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг, М.О-д 50 гар газрыг нийт 16 байршилд 1077 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.7.Баруун туруун сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36 захирамжаар[7] нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас “Т б” ХХК-д Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 газрыг, “Б т” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Г х б” ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Б б” ХХК-д 17 дугаартай 603 га газраас 400 га газрыг, “А х ХХК”-д 3 дугаартай 407 га газраас 150 га газрыг, “Б ө т ХХК”-д 3 дугаартай 407 га газраас 100 га газрыг, “Э т” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг, нийт 7 байршилд 1263 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Маргааны үйл баримтын талаар:

3.8.Анх Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжаар[8] Хар хадад байрлалтай 3058 га газрыг нэхэмжлэгч компанид “үр тариа тариалах” зориулалтаар 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газрын гэрчилгээнүүдийг олгожээ.

3.9.Нэхэмжлэгч компаниас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар[9] нэхэмжлэгч компанид нийт 9 байршилд 3016 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газрын гэрчилгээнүүдийг олгож, энэхүү байршлууд нь өмнөх 2011 онд эзэмшүүлсэн 3058 га газрын байршилтай давхцаж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан газрын гэрчилгээнүүд, газрын нэгж талбарын дугаарууд,  газрын кадастрын зургуудаар[10] тогтоогдож байна.

3.10.Мөн нэхэмжлэгч компани нь 2011 оноос эзэмшсэн газраа “үр тариа тариалах” зориулалтаар ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй, эзэмшлийн газраа ашиглаагүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл мөн тогтоогдоогүй байх бөгөөд газрын төлбөрийг 2011-2014, 2017, 2018, 2020 онд төлсөн[11] харин 2015, 2016, 2019 онд газрын төлбөрөө төлөөгүй[12] гэдэг нь тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч компани нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн маргаан бүхий газарт тариалалт хийх бэлтгэл ажлыг хангах ажлуудын хүрээнд тариалалт хийхэд шаардлагатай улаан буудай болон шатахууныг хөнгөлттэй нөхцөлөөр олгуулах зэргээр дэмжлэг хүсэн Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйг дэмжих санд хандсан, бусад гэрээ, хэлцлийг байгуулж байсан[13] гэдэг нь тогтоогдож байна.

3.11.Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газар нь гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдийн газартай зарим хэсгээр давхцалтай гэдэг нь газрын үзлэг[14], газрыг давхцуулан харуулсан кадастрын зургуудаар тогтоогдож байна.

3.12.Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хөдөө аж ахуйн газарт ...тариалангийн газарт зориулсан бусад газар хамаарна.”, 35 дугаар зүйлийн 35.3.”Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, ... шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1. “..., сумын Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гэж тус тус зохицуулсан.

3.13.Тариалангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, ...тэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.2-д "тариалангийн талбай" гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг хэлэхээр, 10 дугаар зүйлийн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна.”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ:, 20 дугаар зүйлийн 20.2.”Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй:” 20.2.2-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.3-д “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно.”, 20.2.4-д “тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах”, 25 дугаар зүйлийн 25.1.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:” гэж тус тус заажээ.

3.1.14.Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрыг 2011 оноос 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 25 жилийн хугацаанд “үр тариа тариалах” зориулалтаар эзэмших эрх авч, өөрийн мэдэлд байлгах тариалангийн газар эзэмших эрхтэй болсон тул Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг буюу зориулалтын дагуу өөрийн газрыг эзэмших”, “газрыг үр ашигтай эзэмших”,  “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг хэрэгжүүлэхээс гадна Тариалангийн тухай хуульд заасан тариалангийн газрыг бүхэлд нь зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, тус газрыг хоёроос дээш жил атаршуулахгүйгээр тариалалт хийх, ийнхүү хоёр жил ашиглахгүй бол сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх зэрэг үүргийг мөн хэрэгжүүлэх үндэслэл бий болжээ.

Гэтэл нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрх, түүний гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий актууд гарсан 2019 оны 08 дугаар сарын 05, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 жилийн хугацаанд “үр тариа тариалах” зориулалтаар ашиглаагүй, ийнхүү зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь тогтоогдоогүй, мөн газрын төлбөрийг 2015, 2016, 2019 онуудад төлөөгүй байгаа нь дээр дурдсан Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд тус тус заасан газар эзэмшигч, тариалангийн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

3.1.15.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.”Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 40 дүгээр зүйлийн 40.1.“..., сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Тариалангийн тухай хуулийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.” гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 8/12, 2019 оны 10/05 дугаар Увс аймгийн 2019, 2020 оны газрын зохион байгуулалтын төлөвлөгөөг[15] үндэслэн өөрийн сумын нийт тариалангийн талбайг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн газрыг хураан авч, атаржсан талбайг эргэлтэд оруулж, дахин хуваарилах, газрыг урт хугацааны зогсолтгүй эргэх нөөцтөйгээр, тогтмол ашиглалтыг хуваарилалттай хослуулах газар зохион байгуулалтын бодлого, менежментийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн “үр тариа тариалах” тариалангийн зориулалттай 8 жил гаруйн хугацаанд ашиглаагүй газрыг хуульд заасны дагуу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газрыг “үр тариа тариалах” зориулалтаар гуравдагч этгээд иргэн, хуулийн этгээдэд хуваарилан газар эзэмших эрх олгосон маргаан бүхий актууд нь хариуцагч захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан сонгох боломжийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасны дагуу хариуцагчаас сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлж, буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан, хууль зөрчсөн үндэслэлүүд тогтоогдсонгүй.

3.1.16.Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн үндэслэлээр хариуцагчаас тариалангийн газар эзэмших хуульд заасан эзэмшлийн газраа хоёр жилээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар зохион байгуулалтын бодлого, менежментийн болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тариалангийн газар эзэмших хуульд заасан үүргээ нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актууд нь тус тус хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

3.1.17.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нь анх 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс газар эзэмших эрх авч, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг авснаас 25 жилийн хугацаатайгаар маргааны бүхий газрыг эзэмших эрх үүссэн, бодит байдалд уг газрыг ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас эхэлж өөрийн мэдэлд байлган, улмаар 2011 онд эзэмшиж эхэлсэн тухайн газрын байршилд дахин 2018 оны 07 сарын 19-ний өдөр газар эзэмших эрх авч, шинэ газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг авсан, эдгээр шинэ гэрчилгээг авах үед нэхэмжлэгчийн өмнөх гэрчилгээнүүдийн хугацаа дуусаагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрх 2011 онд газар эзэмших эрх авч, гэрчилгээ авснаар үүссэн, 2018 онд авсан газар эзэмших эрх, газрын гэрчилгээгээр нэхэмжлэгчид өмнөх газраас өөр байршилд, өөр зориулалтаар газар эзэмших эрх олгогдоогүй, харин ижил байршилд, “үр тариа тариалах” ижил зориулалтаар олгогдсон, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон агуулгаар гараагүй зэргээс үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/76 захирамжаар олгогдсон газар эзэмших эрх, түүний дагуу олгогдсон гэрчилгээнүүд нь нэхэмжлэгчийн өмнөх 2011 онд үүссэн газар эзэмших эрхийг баталгаажуулсан, үргэлжилсэн шинжтэй харилцаа тул уг 2018 оны А/76 захирамжаар нэхэмжлэгчид шинээр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх  үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн “2011 онд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоод 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар дахин шинээр олгосон, 2011 онд олгогдсон газар эзэмших эрхийг 2018 онд сунгасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон нь маргааны үйл баримт, түүнд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

3.1.18.Газрын тухай хуулийн 35.3.”Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.“..., сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компаниас газрын газрын төлбөрийг 2011-2014, 2017, 2018, 2020 онд төлсөн[16] харин 2015, 2016, 2019 онд газрын төлбөрөө төлөөгүй[17] нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь “газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөх” хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “хариуцагчид гэрээний биелэлттэй холбогдох баримт байхгүй, ...утсаар төлбөрөө төлөхийг мэдэгдсэн гэх тодорхойлолтыг ирүүлсэн боловч нэхэмжлэхийг хүргүүлсэн баримтгүй, гэрээгээ дүгнэж, зөрчлөө арилгах боломжоор хангах үүргээ хариуцагч биелүүлээгүй” гэсэн дүгнэлтээр маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзсэн нь дээр дурдсан Газрын тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан эдгээр үндэслэл нь газар эзэмшигчийн хувьд хуульд заасан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх” үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

3.1.19.Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар зэргээс маргаан бүхий захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид компанид мэдэгдсэн, сонсох ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдсонгүй.

Мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал нь дангаараа нэхэмжлэгчийн “эзэмшлийн газраа хоёр жил дараалан үр тариа тарих зориулалтын дагуу ашиглах”, “газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөх” хуульд заасан үүргээ биелээгүй бодит байдлыг үгүйсгэх, нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх, хариуцагчийн сумын газрын зохион байгуулалтын зорилгодоо нийцүүлэн “сонгох боломж”-ийг хэрэглэн маргаан бүхий захирамжуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд нарт олгосон маргаан бүхий актуудыг хууль бус гэж шүүхээс хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б у” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “С ө” ХХК, “Т х” ХХК, “У а с” ХХК, “Э т” ХХК, Д.Л, Р.Э нарын өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “Б т у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 47-48 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 49-50 дахь тал

[3] Хэргийн 3-р хавтас 42 дахь тал

[4] Хэргийн 3-р хавтас 44-45 дахь тал

[5] Хэргийн 3-р хавтас 46-47 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 42 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтас 6 дахь тал

[10] Хэргийн 4-р хавтас 37, 47-55 дахь тал

[11] Хэргийн 2-р хавтас 76, 79 дэх тал

[12] Хэргийн 2-р хавтас 76,79, 108 дахь тал

[13] Хэргийн 109-156 дахь тал

[14] Хэргийн 4-р хавтас 34-46 дахь тал

[15] Хэргийн 2-р хавтас 181-230, 3-р хавтас 1-40 дэх тал

[16] Хэргийн 2-р хавтас 76, 79 дэх тал

[17] Хэргийн 2-р хавтас 76,79, 108 дахь тал