Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 035

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас 99423886,РД:МА70041016 Шыбарайгыр хабыл овогт Тохырын Амирханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан, утас 70422428, 99908805/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Амирхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан болох сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Т.Амирхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2006 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 1 дугаартай тушаалаар тус байгууллагын сахиулын ажилд томилогдсон юм. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна. 2013 онд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сахиулын ажилд үлдэж одоо хүртэл ажиллаж байсан юм. Т.Амирхан би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан ажилтан надад огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 49 дүгээр тушаалаар намайг орон тооны цомхтгол гэсэн үндэслэлээр тус байгууллагын сахиулын үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Миний бие ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 49 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Ажил олгогч Т.Амирхан намайг манаачийн ажлаас чөлөөлөхөд тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй, орон тоог цомхтгож байгаа тухай ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй, өвлийн улирал дөхөж байгаа үед гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

2.Түүнчлэн ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан маргаан бүхий тушаалд надад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.-т зааснаар тэтгэмж олгох тухай асуудал тусгаагүй байна.

3.Одоо манай байгууллагын шинэ бүтэц дотор 2 манаачийн орон тоо нь хэвээр ирсэн юм. Үүнээс үзэхэд миний ажиллаж байсан сахиул, манаачийн орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Энэ 2 орон тооны нэгийг жижүүр болгон нэрийг өөрчилж өөр хүн авч ажиллуулж байгаа ба үлдсэн 1 орон тоонд одоогоор ажилчин аваагүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 49 дугаартай тушаалыг хүчингүй болгон тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Амирхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх сахиулын ажилд эгүүлэн томилж өгөхийг хүссэн. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үйлчилгээний орон тоо 4 болж батлагдсан. Энэ үйлчилгээний 4 орон тооны нэг нь сахиулын орон тоо буюу нэг байгууллагад заавал нэг сахиул байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлага үйлчилгээний ажилтан болох сахиулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж тодруулж байна. Би энэ байгууллагад 2009 онд ажилд ороод 11 дэх жилдээ ажиллаж байгаад ажлаас халагдсан. Уг нь шинээр бүтэц, орон тоо батлагдаж ирэхэд бид нарын орон тоо байх ёстой байсан. Б.Сьезхан дарга бол 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цэрэндорж дарга тушаал гаргасан гээд байгаа. Би тэр тушаалыг хараагүй, надад үзүүлээгүй, бид нарт мэдэгдэх хуудас ч өгөөгүй. Бид нар 8,9,10 дугаар сарын цалингаа аваад ажиллаж байсан. Бүтэц, зохион байгуулалтын орон тоог батлагдаж ирэхдээ үйлчилгээний албан хаагчийн орон тоо 4 гэж ирсэн. Тэр 4 орон тоонд миний орон тоо байгаа гэж бодож байна. Одоо миний оронд өөр хүн ажиллаж байгаа. Зохион байгуулагч гээд нэг орон тоо гараад ажилд авсан байсан. Урьд нь зохион байгуулагч гэсэн орон тоо байгаагүй. Сая тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр жолооч авсан. Би өөрөө автомеханик, жолооч мэргэжилтэй хүн. Уг нь тэр хүний оронд намайг авах боломжтой байсан. Манай байгууллагын сахиулаар өдрийн 8 цагаар зохион байгуулагч гэдэг хүн жижүүрээр ажиллаж байгаа юм. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс /хуучин нэрээр/ бүтэц орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр татан буугдан шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон байгуулагдсан юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 тоот тушаалаар газрын орон тоо бүтцийг баталж өгсөн болно. Үүнтэй холбоотой дараах тайлбар хүргүүлж байна. 1. Батлагдсан орон тоо бүтцэд үйлчилгээний ажилтан 4 байхаар тусгагдсан ба ямар албан тушаал байхаар заагаагүй учир жолооч 1 хүн, цэвэрлэгч 1 хүн, нярав 1 хүн, заалны зохион байгуулагч 1 хүн авч ажиллуулж байгаа. 2. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа байр нь нэгдсэн сүлжээтэй харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал өрөө хариуцахаар гэрээнд тусгасан тул сахиулаар ямар нэгэн орон тоо гарган хүн авч ажиллуулаагүй болно. 3. Сахиулын ажилтан Т.Амирханыг хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 6/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба тус тушаал нь хүчин төгөлдөр энэ тушаалыг үндэслэн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгосон болно. тэтгэмжийг 6/32 тоот тушаалыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн. 3. Т.Амирхан нь намайг газрын даргаар томилогдохоос 2 сарын өмнө ажлаас чөлөөлөгдсөн байсан. Энэ тухай би 10 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээн авч хоёр хэлтсийн бүх ажилтан ажиллагсдыг цуглуулан авч Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болсон хуралд ажлаас чөлөөлсөн хоёр хэлтсийн даргын тушаалыг танилцуулсан. 4.Хуулийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэн тухайн иргэн нэрийн дансаар дамжуулан олгосон болно. 5.Т.Амирханыг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 49 дүгээр тушаал нь гэрээний ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалтай хамт гарсан хэвлэлийн алдаа болсон байна. Тухайн үед Захиргаа, хяналтын хэлтсийн дарга мэдээгүй гарын үсэг зуруулсан байна. Уг хүнийг ажлаас чөлөөлсөн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/32 тоот тушаал хүчинтэй ба дэд газраас өгсөн чиглэлийн дагуу би ажлаас гэнэт халагдсаны 3 сарын тэтгэмж өгөх хүсэлт гарган зарим хүмүүсийн нэрсийг тоотоор хүргүүлэн тэтгэмжийг нь олгуулсан үүний нэг нь Х.Амирханы тэтгэмж нь нэрийн дансанд орсон болно. Нэг хүнд ажлаас халах ба чөлөөлөх тушаал нэг л удаа гарах учиртай иймд анхны Б.Цэрэндоржийн ажлаас чөлөөлсөн тушаал хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Амирханыг гаднаас нь танина. Сайхан харьцаатай залуу байгаа. Нэгэнт гэрээ байгуулж энэ байгууллагын нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ороод ирсэн учраас үгээ хэлье. Монгол улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоол гэж байдаг. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг татан буугдсан асуудлаар хэлтсүүд өөрсдөө ажилтнуудаа ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Цэрэндорж нь Б/32 гэсэн тушаалаар ажилтнууд чөлөөлсөн. Сүүлд нь өөрөө ч чөлөөлөгдөөд яваад өгсөн. Тэгэхээр энэ байгууллага татан буугдсан байгаа. Ажлаас чөлөөлсөн он, сар нь 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байдаг. Ажлаас чөлөөлсний дараа энэ байгууллага тараад явчихсан байдаг. Нэгэнт асуудлыг нэг тийш нь болгох хооронд 8,9,10 дугаар сарын цалинг өгч байсан. Энэ хооронд миний эрх зөрчигдлөө гээд гомдлоо шүүхэд гаргах хугацаа өнгөрчихсөн гэж үзэж байна. Нэгэнт Цэрэндорж дарга ажлаас чөлөөлсөн болохоор мэдэгдэх хуудсаа өгсөн байх ёстой. Амирханы асуудлыг тэр хүн хариуцах ёстой. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга энэ талаар мэдэхгүй. Саяхан өөрөө сайдын тушаалаар 10 дугаар сард томилогдсон. Түүнээс өмнө Т.Амирхан нь хаана ямар байгууллагад ажиллаж байсан. Ямар мэдэгдэх хуудас аваад яаж чөлөөлөгдсөн талаар мэдэхгүй. Энэ асуудал маргаантай болоод ирсний дараагаар хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр Амирхан бол сахиул хийж байсан юм байна. Тухайн 8 дугаар сард чөлөөлөгджээ. Тэрнээс хойш сул цалин авсан мөртлөө ажил хийхгүй байна гэдэг чинь 2,3 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна үзэж байна гэсэн. Хоёрдугаарт, Б.Сьезхан дарга нэгэнт би ажлаас чөлөөлөөгүй болохоор Цэрэндорж мэдэгдэх хуудсаа өгөөд тушаал гаргасан учраас хариуцлагыг нь Цэрэндорж дарга хүлээнэ. Би энэ хүнийг мэдэхгүй юм байна гэсэн. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нямдаваа гэдэг хүний 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалаар шинэ орон тоо, бүтцийг батлаад гаргаж ирэхэд манай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт үйлчилгээний ажилтан-4 гэж ирсэн. Энэ дээр манаач, жолооч, сахиул аваарай гэж заасан зүйл байхгүй. Зүгээр л үйлчилгээний ажилтан 4 гэж ирсэн. Энэ 4 орон тоонд хэнийг авах эсэхээ газрын дарга өөрөө мэдэх ёстой. Энэ газар шинээр Самал төвийн байранд нүүгээд очсон. Самал төв бол өөрсдийн харуул, хамгаалалттай учраас сахиул авах шаардлага байхгүй байсан. Урьд нь Т.Амирхан хаана, ямар байгууллагад сахиул хийж байсан нь шинэ байгууллагад огтоос ч хамаа байхгүй гэж үзээд сахиул аваагүй. Одоо ч гэсэн сахиул байхгүй. Энэ 4 орон тоонд нэг жолооч авсан байна. Урьд нь Асхар гэдэг хүн жолооч байж байгаад тэтгэвэрт гарсан. Мөн цэвэрлэгчээр нэг хүн авсан. Байгууллагад бас нэг нярав хэрэгтэй учраас нэг нярав ажилд авсан. Мөн түүнээс гадна заалны зохион байгуулагч гээд энэ 4 хүнийг ажиллуулсан. Энэ дээр сахиул гэсэн ямар нэгэн орон тоо байхгүй. Ингээд Т.Амирханыг ажиллуулах боломж байхгүй, орон тоо ч байхгүй гэдэг тайлбар гаргаж байна. Орон тоо байвал орох асуудлыг дарга нартай уулзаж ярилцах байх. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Т.Амирханыг тус байгууллагын сахиулаар 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс, мөн бүтцийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 45 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Т.Амирханыг тус байгууллагын сахиулаар 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус томилж байсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон ба үүнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар орсон байна.

Үүнтэй холбоотойгоор гарсан Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалаар Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан хэлтсийн нийт ажилтан, албан хаагчдыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн ба энэ тушаалын 2 дугаар хавсралтад сахиул Т.Амирханы нэр орсон байна.

Мөн Сангийн яамны төрийн сангийн газарт аймгийн Засаг даргын тамгын газрын орон тоо бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу ажлаас чөлөөлөгдсөн ажилчдад тухайн байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ болон нэрсийн жагсаалтын хавсралтаар хүргүүлсэн ба хавсралтын 6 дахь баганад Т.Амирханы нэр орсон болох нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл-ээр нотлогдож байна. Улмаар Т.Амирханд 1140123 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь тэтгэмж тараасан жагсаалт болон Төрийн банкны Депозит дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна.

Гэхдээ нэхэмжлэгч Т.Амирхан нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сахиулын үүрэгт ажлыг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан нь түүний Нийгмийн даатгалын дэвтрийн 5 дугаар хуудсанд байгаа бичилт болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай Т.Амирханыг тус байгуулагын сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалаар нотлогдож байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дугаартай Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" тушаалын 1 дүгээр хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо-г баталсан жагсаалтын 8 дугаар баганад үйлчилгээний ажилтан 4 гэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Ауылым ХХК-ний захирал А.Күлаш нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай Байр түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээнд байрны харуул хамгаалалт, манаач сахиулын талаар ямар нэгэн зүйл тусгагдаагүй тул хариуцагч талын тус байгууллагын шинээр үйл ажиллагаа явуулж байгаа байр нь нэгдсэн сүлжээтэй харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал өрөө хариуцахаар гэрээнд тусгасан тул сахиулаар хүн авч ажиллуулаагүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай Т.Амирханыг тус байгууллагын сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нэхэмжлэгч Т.Амирханд хэзээ гардуулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй ба тушаал гарсны дараа 4 дэх хоногт нэхэмжлэгч Т.Амирхан нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай тушаалаар Т.Амирханыг тус байгууллагын сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталсан боловч сахиулын орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн эсэхийг нотлох баримт байхгүй ба энэ талаар тушаалд тодорхой тусгаагүй. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үйлчилгээний ажилтны 4 орон тоо байгаа болох нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтан Т.Амирханд нэг сарын өмнө мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгосон эсэх асуудлыг тусгаагүй,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй,

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Амирханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүнийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан болох сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч Т.Амирхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:МА70041016 Шыбарайгыр хабыл овогт Тохырын Амирханыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан болох сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Амирхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК