Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 040

 

Т.Амирханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Кебешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.Амирхан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан болох сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус байгууллагын сахиулын ажилд томилогдсон юм. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна. Би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан ажилтан надад огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 49 дүгээр тушаалаар намайг орон тооны цомхтгол гэсэн үндэслэлээр тус байгууллагын сахиулын үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Миний бие ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 49 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ажил олгогч Т.Амирхан намайг манаачийн ажлаас чөлөөлөхөд тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй, орон тоог цомхтгож байгаа тухай ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй, өвлийн улирал дөхөж байгаа үед гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Одоо манай байгууллагын шинэ бүтэц дотор 2 манаачийн орон тоо нь хэвээр ирсэн юм. Үүнээс үзэхэд миний ажиллаж байсан сахиул, манаачийн орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Энэ 2 орон тооны нэгийг жижүүр болгон нэрийг өөрчилж өөр хүн авч ажиллуулж байгаа ба үлдсэн 1 орон тоонд одоогоор ажилчин аваагүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 49 дугаартай тушаалыг хүчингүй болгон тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 тоот тушаалаар газрын орон тоо бүтцийг баталж өгсөн болно. Үүнтэй холбоотой дараах тайлбар хүргүүлж байна. Батлагдсан орон тоо бүтцэд үйлчилгээний ажилтан 4 байхаар тусгагдсан ба ямар албан тушаал байхаар заагаагүй учир жолооч 1 хүн, цэвэрлэгч 1 хүн, нярав 1 хүн, заалны зохион байгуулагч 1 хүн авч ажиллуулж байгаа. 2. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа байр нь нэгдсэн сүлжээтэй харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал өрөө хариуцахаар гэрээнд тусгасан тул сахиулаар ямар нэгэн орон тоо гарган хүн авч ажиллуулаагүй болно. 3. Сахиулын ажилтан Т.Амирханыг хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 6/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба тус тушаал нь хүчин төгөлдөр энэ тушаалыг үндэслэн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгосон болно. тэтгэмжийг 6/32 тоот тушаалыг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн. 3. Т.Амирхан нь намайг газрын даргаар томилогдохоос 2 сарын өмнө ажлаас чөлөөлөгдсөн байсан. Энэ тухай би 10 дугаар сарын 21-ний өдөр ажил хүлээн авч хоёр хэлтсийн бүх ажилтан ажиллагсдыг цуглуулан авч Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болсон хуралд ажлаас чөлөөлсөн хоёр хэлтсийн даргын тушаалыг танилцуулсан. 4.Хуулийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг шийдвэрлэн тухайн иргэн нэрийн дансаар дамжуулан олгосон болно. 5.Т.Амирханыг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 49 дүгээр тушаал нь гэрээний ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тушаалтай хамт гарсан хэвлэлийн алдаа болсон байна. Тухайн үед Захиргаа, хяналтын хэлтсийн дарга мэдээгүй гарын үсэг зуруулсан байна. Уг хүнийг ажлаас чөлөөлсөн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/32 тоот тушаал хүчинтэй ба дэд газраас өгсөн чиглэлийн дагуу би ажлаас гэнэт халагдсаны 3 сарын тэтгэмж өгөх хүсэлт гарган зарим хүмүүсийн нэрсийг тоотоор хүргүүлэн тэтгэмжийг нь олгуулсан үүний нэг нь Х.Амирханы тэтгэмж нь нэрийн дансанд орсон болно. Нэг хүнд ажлаас халах ба чөлөөлөх тушаал нэг л удаа гарах учиртай иймд анхны Б.Цэрэндоржийн ажлаас чөлөөлсөн тушаал хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РИД:МА70041016 Шыбарайгыр хабыл овогт Тохырын Амирханыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан болох сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс /хуучин нэрээр/ бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр татан буугдсан. Засгийн газрын дээрх 09 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаар албан бичгийг үндэслээд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Цэрэндорж нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/32 дугаартай тушаалаар нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн тухай үед ажиллаж байсан нийт 42 тооны ажилтан, ажилчдыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан албан хаагчдын цалингийн санг хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байна. өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай цалин хөлсний тооцоогоо хийсэн байна. Урьд ажиллаж байсан нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 6/32 тоот тушаалаар халагдсан ажилчдын дотор сахиул Т.Амирханы нэр 2 дугаар хавсралтад бичигдсэн байна. Тус ХХҮГазрын дарга Б.Сьезхан би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №30 тоот албан бичгээр Монгол Улсын сангийн яамны төрийн сангийн газарт Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн ажилчдад тухайн байгууллагаас олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг авах хүмүүсийн жагсаалтыг хүргүүлсэн. Энэ жагсаалтын дотор Т.Амирханыг нэр байсан бөгөөд Төрийн банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн депозит дансны харилцагчийн Монгол хуулганд Т.Амирханы тус банкан дахь 291400074111 дансанд нийт 1.140252 төгрөгийн тэтгэмжийн мөнгө орсныг дээрхи банкны хуулга нотлож байна. Т.Амирхан нь урьд НХҮХэлтсийн даргын гаргасан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/32 дугаартай тушаалаар халагдсаныгаа хүлээн зөвшөөрч чөлөөлөгдсөн ажилчдад нэг удаа олгох тэтгэмжийг дансаараа дамжуулан хүлээн авсан байгаа. Түүнээс гадна 6/32 дугаар тушаалаар чөлөөлөгдсөнөө 08 дугаар сарын 17- ноос эхлэн мэдэнгүүтээ хөдөлмөрлөх эрх минь зөрчигдсөн гэж шүүхэд хандаагүй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар шинэ орон тоог баталсан бөгөөд үүнд: Үйлчилгээний ажилтныг 4 орон тоогоор тогтоосон байгаа. Энэ орон тоонд жолооч-1, цэвэрлэгч -1, нярав-1, заалны зохион байгуулагч -1, бүгд 4 хүнийг томилсон байгаа. Сахиул манаачийн орон тоог энэ 4 орон тоонд багтаагаагүй. Дээрээс ч энэ 4 орон тоонд авах албан тушаалын нэрийг заагаагүй юм. Тус ХХҮГазар нь 11 дүгээр сард Өлгий сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Ауылым" ХХК-ны, "Самал" гэх төвийн 270 м.кв талбайтай байрыг түрээслэн авсан юм. Энэ 270 м.кв талбайн байрыг "Ауылым" ХХК-тай гэрээ хийж түрээсэлж суух болсон тул тус компани нь манай ХХҮГазартай түрээсний гэрээ хийсэн. Уг №17 тоот түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д: харуул хамгаалалтын асуудлыг түрээслүүлэгч хариуцна" гэж заасан бөгөөд байрыг камержуулсан байх тул манайх манаач, сахиулын орон тоог /цомхтгон/ хассан юм. 10.Тус газрын даргаар Б.Сьезхан би Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайдын 6/179 дүгээр тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд би энэ хугацаанд Т.Амирханыг өгт танахгүйгээс гадна түүнийг өөрийн тушаалаар ажил, албан тушаалд томилоогүй. Мөн ажлаас нь чөлөөлөөгүй түүнийг Б.Цэрэндорж 6/32 дугаар тушаалаар чөлөөлсний Т.Амирхан ч мэднэ. Б.Цэрэндорж нь дахин тушаал гаргаж Т.Амирханыг ямар нэгэн /тухайлбал сахиул манаач г.м/ ажилд томилоогүй байгаа ба энэ байдал нотлогдохгүй. Гэтэл манай бичиг хэргийн болон зарим ажилтны хариуцлагагүй байдлаас болж /гэрээгээр/ ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалтай хамт бичигдсэн баримтад гарын үсгийг зуруулах үед хайнга хандаж гарын үсэг зурагдсан тэмдэг дарагдсан бичгийг Т.Амирхан нь авч нотлох баримт болгон ашиглаж байгаа бөгөөд улмаар шүүхэд өгсөн байна. Дахин хэлэхэд энэ нь эрх зүйн нотлох баримт акт болж чадахгүй. Учир нь урьд дарга байсан Б.Цэрэндоржийн 6/32 дугаар тушаалаар нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн Т.Амирханыг хэн ч дахин тушаал гаргаж ажилд аваагүй Т.Амирхан нь хариуцлагагүй ажилтнуудын ямар ч хүчингүй, хэрэгцээгүй гаргасан баримтыг ашиглан шүүхэд ханджээ. Анхан шатны шүүх нь: Миний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр тушаалыг нотлох баримт болгон үнэлжээ. Би нэхэмжлэлийн тайлбарт болон гомдолд ч гэсэн энэ тушаалыг албан ёсоор гаргаагүй, ноорог болон бичигдсэн гарын үсэг зурагдах, тамга, тэмдэг дарагдах ёстой орж ирсэн олон баримт бичгийн дотор байж анзаарагдаагүй гарын үсэг зурж тамга тэмдэг зарагдсаныг Т.Амирхан нь авч ашигласан гэж үзэж байна. Би татан буугдсан хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн хэлтсийн ажилчдыг авахдаа авсан тушаал гаргаж цалинг нь тогтоох зэргээр бататган бичдэг юм. Түүнээс гадна хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж ажиллах ажлын байр эрх үүргийг нь бичих ёстой билээ. Мөн ажлын байр, хамгаалах эд хөрөнгө, цагийн хуваарийг тодорхойлон өгсөн байх ёстой билээ. Гэтэл Т.Амирхан нь 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш манай ХХҮГазарт ямар ч ажил хийгээгүй. бүр энэ байгууллагаар ирж ч байгаагүй юм. Тус ХХҮГазар нь Өлгий сумын төвд байрлалтай Ауылым ХХК-ны "Самаг' төвд 270 кв.м талбайтай өрөөнүүдийг түрээслэн хөлсөлж авсан юм. Энэ "Самал" төв нь гадна, дотны талдаа камержуулагдсан бөгөөд тусдаа харуул хамгаалалттай юм билээ. Тэгээд ХХҮГазар нь уг байгууллагад анх нүүж орсон үеэсээ эхлэн "Самал" төвийн харуул хамгаалалт, камерийг ашиглахаар тохирч түрээсний хамгаалалтын гэрээг хийсэн байсан юм. Тэгж хамгаалалт, сахиул манаач зохицуулсан болохоор ХХҮГазарт Т.Амирхан яаж манаач, сахиулаар ажиллах билээ. Т.Амирханыг ХХҮГазарт тушаалаар ороогүйг, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүйг байгууллагад Т.Амирхан нь огт ажил хийгүйг анхан шатны шүүх мэдсээр байж техник болон хариуцлага алдаж гарсан 49 дүгээр тушаалыг үндэслэж нотлох баримтаар үнэлж шийдвэрийн гол хэсэг болгон үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл дурдагдаж шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх Т.Амирханы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, нэхэмжлэгч Т Амирханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийж ханган шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ажил олгогч Т.Амирханыг сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан мөртлөө сахиулын орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн эсэх талаар нотлож чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй, мөн хуулийн 42.1-д зааснаар тэтгэмж олгосон эсэх нь тодорхой бус байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 ооны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэл муутай байна. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Амирхан нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас Т.Амирханыг сахиулаар авах орон тоо байхгүй, түүнийг хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн, уг тушаал нь хүчин төгөлдөр, гэнэт халагдсаны тэтгэмж олгосон гэж эс зөвшөөрч маргажээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тушаалаар байгууллагын сахиулаар Т.Амирханыг 2006 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн томилсон байна.

Ажил ологчийн 2016 оны11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалыг тус тус үндэслэн сахиул Т.Амирханыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогчоос Т.Амирханыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан боловч сахиулын орон тоо хасагдсан, эсхүл цөөрүүлсэн эсэхийг нотлох баримтаар нотлож чадаагүй, энэ талаар тушаалд тодорхой тусгаагүй байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үйлчилгээний ажилтны 4 орон тоо байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Ажил олгогч нэхэмжлэгч Т.Амирханыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэсэн боловч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна.

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Т.Амирханыг ажилд эгүүлэн тогтоосон дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ