Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 0489

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Э.Халиун /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Б.О,

хохирогч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

иргэний хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан /ҮД:2316/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/, Ж.Энхчулуун /ҮД:0974/,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0245/, Д.Наранцэцэг /ҮД:0160/, Х.Мөнгөнсүх /ҮД:1821/

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Бу.Оюунбилэг /ҮД:0128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Б.Б, Я овогт Л.Б, Г овогт Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000122 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стратегич мэргэжилтэй, ... одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б.Б /РД:.../,

2. Монгол Улсын иргэн, 1961 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Я овогт Л.Б /РД:.../,

3. Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ... дугаар ангид Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г.С /РД:ЧД83070874/

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

-Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний ...дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Тын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны ... тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний ...дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Л.Б нь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “..Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “…хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ..." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Тын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны ... тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний ... дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Г.С нь Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “..Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Тын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны ... тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний ...дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.Б миний бие ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж чадаагүй. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үүсгэж тулган яллах гэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргээс улс төрийн зорилгоор чөлөөлсөн. Намайг ОХУ-д ажил үүргээ гүйцэтгээд гэрээ байгуулчхаад ажилдаа ирэхэд миний оронд өөр хүн сууж байсан. Тэгээд Захиргааны хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүхээр орж шийдвэрлэхэд намайг эгүүлэн тогтоож 1 сарын үндсэн цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт дургүйцсэн хэсэг бүлэг хүмүүс Зэвсэгт хүчний ...дугаар ангиас барилгын засварын гэрээг надад хамааТан маргаан үүсгэсэн. Логик холбоогоор ингэж тогтоогдож байгаа. Энэ хэрэг нь иргэний хэрэг гээд байхад  надад хамааТсан. Зэвсэгт хүчний ...дугаар ангиас нэхэмжлэлийг гаргаж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, улмаар хянаад хэрэг үүсгэж захирамж гаргасан байсан. Иргэний хэрэг гэж хүлээн зөвшөөрсөн байхад хэсэг бүлэг этгээдүүд иргэний нэхэмжлэгчийг шүүхэд зориуд удаа дараа очуулаагүй тул шүүх хэргийг буцаасан байдаг. Авилгатай тэмцэх газраас зориуд прокуророор энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явуулж байгаа. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хурал зарлагдахад прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж 3 жил шалгагдаж байна. Энэ бол эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг юм. Уг гэрээнд нэг талаас Л.Б, нөгөө талаас захирал С.Т, З.Мөнхцогт нар байгуулж, 70 сая төгрөгт ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр юм.  Шалтаг, шалтгаан нь 14 төрлийн ажлын гүйцэтгэл чанарын асуудалтай бөгөөд нөгөө талаас ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээс үүдэлтэй юм. Иргэний хэрэг мөн болох тухай нотлогдоод байхад Эрүүгийн хэрэг болгож Авилгатай тэмцэх газраас шалгаж прокуророос үндэслэлгүй  хяналт тавьж байгаа асуудал юм. Ш намайг их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчилж  байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны Эрүүгийн хуульд хохирол, хор уршгийг шинээр тодорхойлсон байдаг. Миний бие хохирол, хор уршиг учруулаагүй юм. Энэ 109.415.831 төгрөгийн задаргааг харахад 79 нэр төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг Т ХХК-д нийлүүлсэн гэж нэхэмжилсэн байдаг. Мөн 46 нэр төрлийн 15.608.621 төгрөгийн  материалыг нэхэмжлэхдээ хавсаргасан байна. Эндээс үзвэл юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй зардлыг нэмж нэхэмжилсэн нь зориудаар материалын үнийн дүнг  нэмж нэхэмжилж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна. Т ХХК нь 109.415.831 төгрөгийн нэхэмжлэхийг хүлээн аваад С, Т нар нь 70 сая төгрөгийн гэрээг дүгнэж, төлөвлөгөө тохирох талаар гарын үсэг зурсан байдаг. 70 сая төгрөг дээр нэмж 40 сая төгрөгийн хийгээгүй бараа материалыг жагсаачхаад намайг их хэмжээний хохирол учруулсан  гэж гүтгэж байна. Г нь хуульзүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл энэ хууль бус дүгнэлтийг үндэслээд И нь  акт тавьсан. Уг нь тухайн газар дээр нь очиж  үзэх ёстой, тэгж үзээгүй байж Г.Ст авчирч үзүүлсэн падааныг үндэслэсэн. Мөн С1 байранд хэдэн төгрөгийн зардал  гарсан тухай  баримт байхгүй. Энэ баримтыг Авилгатай тэмцэх газарт өгсөн байдаг. Гэтэл энэ баримт ирээгүй. Стай Т явж материал авсан байдаг. Барилгын шинжээч томилж газар дээр нь очиж үзэж тогтоосны дараа дүгнэлтийг гаргаж, яллаж болох байсан. Уг барилгын ажил нь стандартад нийцсэн эсэх, мөн хөндлөнгийн байгууллагыг оролцуулан шаардлага хангаж байгаа, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг тогтоож болох байсан. Мөн уг гэмт хэргийг хаана, хэдийд хэрхэн гарсан,  гэмт хэргийн зорилго, оролцоог тогтоож чадаагүй гэж үзэж байна. Би Г.Сыг танихгүй. Л.Бтой уулзаж байсан. Улсын яллагч яллах дүгнэлтдээ  миний албан тушаал хашсан он сар өдрийг л бичсэн байдаг. Энэ нь надад ял халдаах гэж оролдож байгаа асуудал юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчаар 5 жил ажилласан. Уг анги нь 2 үндсэн үйл ажиллагаатай. Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж явдаг. Үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр ажил хийж гүйцэтгэсэн. Яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг зөрчсөн, үгсэн хуйвалдсан асуудал огт байхгүй. Энэ хүн /Б/ намайг дуудаж уулзах нь уулзсан. Гэхдээ би түүнийг танихгүй, нэг удаа очиж барилгыг нь үзсэн. Жанжин штабад танилцуулахад зөвшөөрөл өгсөн. Наадах чинь удахгүй манай төрийн нарийн болох учир хий гэснийг нь хийгээд өгчих гэсэн. Түүнээс хойш очиж үзээгүй. Бид цэргийн дүрмээр захирагдах ёстой. Барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өдөр тутам төлөвлөх, тасралтгүй зохион байгуулах, ил тод ажлын акт үйлдэх, гүйцэтгэлийн бичиг баримтуудыг бэлэн болгоод улсын комиссод хүлээлгэж өгөх үүрэгтэй. Намайг АТГ-аас дуудаж ингэж хэлэхгүй бол та баларна, татагдана шүү гэж хэлээд гэрчээр байцаасан. Гэтэл одоо яллагдагч болчхоод байна. Сыг би мөн буруугүй гэж үздэг. Ажлаа л гүйцэтгэснийхээ төлөө өнөөдөр энд шүүгдэгчээр сууж байна. Би төсвийн мөнгөнөөс зарцуулаагүй. Надад зарцуулах ямар ч боломж байхгүй. Улсын төсвөөс авах эрх, боломж байгүй. Манайх 2 данстай байдаг. 1 дүгээр дансаар байгууллагын ажилчдын цалин хөлс төлөх гэх мэт зардалд зарцуулагддаг. 2 дахь нэмэлт дансаар үйл ажиллагаанаас олсон орлого тул  бид буцаагаад дараа дараагийн үйл ажиллагаанд зарцуулж болдог. Би гайхаж байна. Ажлаа хийсний төлөө яллагдагчаар татсанд. 2 жил асар их хохирол амсаж байна. Б энэ мөнгийг тухайн үед өгчихсөн бол ийм асуудал болохгүй байх байсан гэж үзэж байна. Би хамгийн сүүлд хаалгыг нь саваад гарч байсан. Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт үйл ажиллагаанаас олсон орлогыг захиран зарцуулж болно гэсний дагуу зарцуулсан,  би ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Энэ асуудал Олон Улсын стандартад хүртэл тусгагдсан, нийцсэн байгаа. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Яллах дүгнэлт дээр намайг 3 төрлийн зүйлээр ялласан байгаа. Энэ нь ямар  ч үндэслэлгүй. 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулан ажил хийсэн байдаг. Анх гэрээгүйгээр ажилласан нь үнэн. Гэвч шаардаж шахаж байж гэрээтэй болсон. Манай анги нь жилд 150 сая  төгрөг төсөвт төвлөрүүлэх ёстой тул байгууллага, иргэдтэй гэрээ байгуулж ажил хийж гүйцэтгэдэг. Хамгийн анх манай даргыг Б.Б дарга дуудаж үүрэг өгсөн байсан. Төсвийн тухай хуулиар нэмэлт орлого олох бүрэн боломжтой тул туслах үйл ажиллагааныхаа орлогыг нэмэгдүүлэх нь гэж бодож байсан. Манай ерөнхий инженер нь бүх ажлаа төлөвлөдөг ба үүнийг нягтлан бодогчоор хянуулаад надаар батлуулдаг юм. Тэгээд явж байтал манай нягтлан бодогч Тэрэлж гэсэн нэрээр зарлага гарсан тайлан аваад ирэхээр нь мэдсэн юм. Тэгээд даргаас энэ талаар асуухад нөгөө ажил чинь, мөнгө нь асуудалгүй гэж хэлсэн гэсэн. Ер нь надаас бусад нь бүгд зарлага гарч байгааг мэдэж байсан. 2 тал ажлаа хүлээлцье гэхээр  нөгөө тал нь ирдэггүй, манай манаачид хүлээлгээд өгчих гэх мэтээр үл  тоодог байсан. Тэгээд манайх улсын комиссод хүлээлгэж өгч чадахгүй байна гэсэн. Би нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартыг үндэслэж тайлангаа гаргах ёстой, гэтэл Г нь Саа наад тусгасан авлага чинь баталгаажаагүй тул төсөвт тусгах боломжгүй гэж хэлсэн. Би өөрөө хэлж байж Гаар акт гаргуулж байсан. Наад акт чинь зөвлөлийн хурлаар орж тушаал гарч баталгаажиж байж авлага болдог, стандартаа хар гэсэн. Орсон болон ороогүй байснаар үл хамаарч орлогыг бүртгэнэ гэх зарчим бий гэхэд стандартаа унш гэсэн. Төрийн нарийн бичгийн даргыг бол танихгүй. Тэрбээр ангиа ойлгож,  хүндэтгээд харьцсан бол ... гэж бодож явдаг юм. 2013 оны хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ном бий. 1-39 стандартуудыг бүгдийг нь жагсааж бичсэн. 9 дүгээр стандартад хамрах хүрээнд санхүүгийн байгууллага нь орлогыг энэ стандартыг хэрэглэнэ гэж заасан. 27 дугаар зүйлд хэрэв ажил гүйлгээний үр дүн найдвартай тооцоологдохгүй хүлээн зөвшөөрөхгүй бол зардал гэж шууд хүлээн зөвшөөрнө гэсэн. Манай ерөнхий инженер өөрийн хийсэн ажлыг хүлээлцэх гээд чадахгүй байхад үүнийг би таслан зогсоосон. Эргэлзээ байвал авлага биш зарлагад тусгана. 40 дээр гарсан зарлагыг зарлагад тооцно. 42 хүлээн зөвшөөрнө гэж заасан байдаг. Тайландаа 2015 оны жилийн эцсийн тайланг гаргасан. Үндэсний аудитын газар миний тайланг шалгаж, алдаа байвал шууд залруулах эрхтэй байдаг. Тухайн үед 65 анги байгууллага байсан. Зөрчил дутагдалгүй гэсэн байсан. Хууль зөрчөөгүй. Үндэсний аудитын газар аудит хийхэд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болон хуулийг шалгуур болгон дүгнэлт хийнэ гэсэн байна. 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт ирж 2 сар гаруй үргэлжилсэн. Үүнээс санхүүгийн холбогдолтой нэг ч зөрчил илрээгүй. Санхүүгийн тайланг гаргахдаа Олон Улсын Стандартыг дагах ёстой гэж заасан байдаг, би ч мөрдсөн. Намайг зардалд бичсэн гэдгийг ойлгохгүй байсан. Би орлогод бүртгэж болохгүй байсан учир зардалд бүртгэсэн. Энэ чинь бүртгэл шүү дээ. Орлого нь орж ирээгүй ч ийм хэмжээний зардал гарсан байна шүү гэдгийг харуулах гэсэн. Энэ нь эргээд орлогоо нэхэмжилнэ гэсэн үг. Хууль зөрчөөгүй. Харин эсрэгээрээ дээрх мөнгийг өөр барилгууд руу шингээж нуусан бол гэмт хэрэг болох байлаа. Энэ бол бүртгэл, гэмт хэрэг биш. Байцаагч нар хүрч ирээд хүн олохгүй нуусан зүйлийг илрүүлж байгаа хэрэг биш юм. Би өөрөө хэлж байгаад хуулийн заалт бичүүлсэн, үүндээ өөрөө ороогдчихлоо. Хэргийн материал бүрдээгүй материалыг буцаагаад эргүүлээд шүүхэд шилжүүлж байгаатай адилхан. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын стандартыг би баримталсан. И тухайн  актыг тавьсан. Тэрээр мэдүүлэг өгөхдөө Олон улсын стандартыг мэдэхгүй байхдаа тухайн актыг бичсэн гэсэн. Зарлагыг авлага болгож мөнгөө олж авсан гэх утгатай байсан. Шүүхийн шинжилгээний дүгнэлт, Авера аудитын дүгнэлтээр батлагдсан мэт бичсэн байсан. Үндэслэлтэй байна уу гэхэд үндэслэлтэй л гээд бичсэн байсан. Юуг нь үндэслээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Бидний үйлдэл хуулиа баривал буруу, стандартаа баримталбал зөв үйлдэл юм. Нэгэнт хуульд хууль нь Олон Улсын гэрээтэйгээ нийцэхгүй бол Олон Улсын гэрээг дагаж мөрдөнө гэсэн байдаг тул бид хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна.  Би 42 хуудас материал гаргаж өгсөн. Анхан шатны ойлголттой хүн бол бараа материалын тайланг хараад ойлгоно. Орлогыг сайн бичсэн байна лээ. Шүүхийн дүгнэлт нь аудитын дүгнэлтийг шууд хуулаад тавьсан байсан. Юуг үндэслэж дүгнэлт хийсэн гэдгээ тайлбарлаагүй. Би уг асуудлыг өөрөө таслан зогсоож авлагадаа тусгасан. 2...оны 05 сард эрүүгийн хэрэг болсон. Авлагадаа тусгаагүй байсан бол гэмт хэрэгтэн болох байсан. Хүмүүсийн гаргасан зардлыг бүртгэснийхээ төлөө шүүгдэгч болж хэлмэгдэж байна. Бы хэргийг бүлэг болгохын тулд. Буцаахдаа оролцоо тодорхой биш гээд буцаасан. Сүүлдээ буруутай гээд явсан. Г гэх ганц л шүүгч Стай холбоотой зүйл юу байгаа юм бэ? гэж асуухад улсын яллагч бүртгэлтэй холбоотой гэж л хариулсан. Намайг буруутгаж байгаа бол үүнийг хөдлөшгүйгээр нотлох ёстой. Ямар ч хамаагүй асуултаар асуусан хариултаар намайг буруутгаж байна. Миний эрх зөрчигдөж байна. 3-4 удаа сошиалаар давлагаалсан энэ нөхцөлд нэр хүнд асар их хохирч байна. Намайг томилж аваачсан. 8 жил тасралтгүй ажиллахдаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Хүний л амьдрал шүү дээ. Хэдэн удаа ажлын байр өөрчлөгдөж, албан тушаал ахих байсан, энэ хэрэгт шалгагдаж байгаа гэдэг утгаар больсон. АТГ-аас дуудаж байхад очихгүй байх үндэслэл байхгүй. Ярих зүйлийг хэлж өгөөд гэрчээр, сэжигтнээр байцаасан. Дараа нь би чамайг яллагдагчаар татлаа гэсэн. Чамд оролцоо буруу байхгүй чамаас өмгөөлөгчийн зардал л гарна гэж хэлсэн. Ингэж хэлдэг байцаагч байдаг юм уу? миний одоогийн өмгөөлөгч үүнийг гэрчилнэ. Мөрдөгч нь орж ирэнгүүтээ шууд утсаа аваад ах асуудалгүй сүүлийнхээ хүнээс байцаалт аваад боочихно гээд биднийг харангуутаа гарч ярьчхаад эргэж орж ирсэн. Иргэний эрх зөрчигдөж байхад шүүх хамгаалах ёстой. Шинэ бүрэлдэхүүн шийдвэрлэх байх. Хэлмэгдэж байгааг анхаарч цагаатгаж өгнө үү...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Байгууллагыг төлөөлж оролцож байна. Авилгатай тэмцэх газраас Батлан хамгаалах яам руу хүнээ томилж ирүүл гэсний дагуу томилогдон оролцож байна. Зэвсэгт хүчний ...-р анги нь төрийн өмчит үйлдвэрийн газар биш. Уг анги нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцохоос гадна цэргийн анги, нэгтгэлийн муудсан барилга объектод засвар үйлчилгээ хийж засаж сайжруулах үүрэг хүлээсэн онцлогтой. Хохирлын мөнгө болох 109.415.831 төгрөг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд орсон байгаа тул цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний хариуцагч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... ...-р ангитай гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн байгаа ч ажлын гүйцэтгэл муу, гэрээнд заагдсан төсвөөс илүү зардал нэхэмжилсэн зэргээс үүдэн гүйцэтгэлийн үр дүнг хүлээж аваагүй байгаа. 2...оны 05 дугаар сарын 13-ны өдөр Т.Стай 12 нэр төрлийн ажил хийж гүйцэтгэнэ гэж тохирсон ч хийж гүйцэтгээгүй байгаа. С1-т зарцуулсан материалыг өөрөөсөө гаргасан. 017-р ангиас зардал гараагүй. Гэсэн хэдий ч би 109.415.931 төгрөгийг өөрөөсөө төлсөн байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Эын мэдүүлэг /2хх-ийн 46х/, гэрч Т.Сын мэдүүлэг /2хх-ийн 47-48х/, Л.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-ийн 49-53х/, гэрч Л.Гийн мэдүүлэг /2хх-ийн 54-55х/, гэрч Б.Нгийн мэдүүлэг /2хх-ийн 56-57х/, гэрч Д.Игийн мэдүүлэг /2хх-ийн 60-61х, 247х/, Г.Сын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх-ийн 73-74х/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /2хх-ийн 248-250х/, Б.Быг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 78-85х/, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд /2хх-ийн 99-201х/, Монгол Улсын Батлан хамгаалах тухай, Яамны эрхзүйн байдлын тухай, Засгийн газрын тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуулиудын холбогдох заалтууд /2хх-ийн 203-209х/, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2...оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ХЭГ/1386 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /2хх-ийн 216-220х/, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2...оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаартай албан бичиг /2хх-ийн 233х/, иргэний хариуцагч С.Тын мэдүүлэг /2хх-ийн 237-238х/, Б.Б, С.Т нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 239х/, “Авера аудит” ХХК-ийн гаргасан 2...оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 46-81х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 2...оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 88-109х/, Л.Б, Г.С нарын ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 120-126х/, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч Л.Б, “Т” ХХК-ийн захирал С.Т нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ХА2015/05 дугаартай “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” /1хх-ийн 35х/, Зэвсэгт хүчний 017-р ангийн санхүүгийн ерөнхий журнал /1хх-ийн 39-51х/, Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1хх-ийн 52-53х/, “Т” ХХК-ийн засварын ажилтай холбоотой Зэвсэгт хүчний ... дугаар ангиас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд /1хх-ийн 54-62х/, “Т” ХХК-ийн амралтын газарт хийсэн засварын ажлын тооцоо, зарцуулсан бараа материалын журнал, холбогдох санхүүгийн баримтууд /1хх-ийн 77х-2хх-ийн 39х/ зэргийг,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э: шүүхийн хэлэлцүүлэгт судлуулах зүйлгүй” гэж,

-Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Т, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нараас: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/04453, 183/ШЗ2017/06266, 183/ШЗ2017/06532, 183/ШЗ2017/07021 дугаартай захирамжууд /2хх-ийн 226-231х/, дансны хуулгууд /3хх-ийн 37-40х/, “Авера аудит” ХХК-ийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 46-81х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 88-109х/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, ерөнхий журнал /1хх-ийн 38х, 41х/, тус шүүхийн 51 дугаартай хурлын тэмдэглэлийн зарим хэсгээс /4хх-ийн 20-36х/ зэргийг,

-Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нараас:  2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ХА2015/05 дугаартай “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” /1хх-ийн 35х/, Зэвсэгт хүчний ...дугаар ангийн санхүүгийн ерөнхий журнал /1хх-ийн 39-51х/, Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1хх-ийн 52-53х/, “Т” ХХК-ийн амралтын газарт хийсэн засварын ажлын тооцоо, зарцуулсан бараа материалын журнал, холбогдох санхүүгийн баримтууд /1хх-ийн 77х-2хх-ийн 39х/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/04453, 183/ШЗ2017/06266, 183/ШЗ2017/06532, 183/ШЗ2017/07021 дугаартай захирамжууд /2хх-ийн 226-231х/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналууд /2хх-ийн 240-242х/, дансны хуулга, баримтын бүртгэлүүд /3хх-ийн 36-46х/, “Авера аудит” ХХК-ийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 46-81х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 88-109х/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 130-132х/, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /3хх-ийн 158х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 95х/, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 0084 дугаартай магадлал /3хх-ийн 205-209х/, хохирол төлсөн баримт /4хх-ийн 169х/ зэргийг,

-шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Бу.Оюунбилэг нараас: Л.Бын тайлбар, мэдүүлэг /1хх-ийн 19-20х/, тусгай зөвшөөрөл /1хх-ийн 33х/, 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ХА2015/05 дугаартай “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” /1хх-ийн 35х/, нэхэмжлэл /1хх-ийн 37-38х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 97х/, гэрч Л.Гийн мэдүүлэг /2хх-ийн 54-55х/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /2хх-ийн 248-250х/, “Авера аудит” ХХК-ийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 46-81х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 88-109х/ зэргийг,

-Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Наранцэцэг Х.Мөнгөнсүх нараас: Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /1хх-ийн 5х/, Г.Сын анхны тайлбар /1хх-ийн 21-23х/, шүүхийн захирамж /1хх-ийн 34х/, Л.Гийн тайлбар /1хх-ийн 29х/, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №ХА2015/05 дугаартай “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ” /1хх-ийн 35х/, Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1хх-ийн 52-53х/, анхан шатны баримтууд /1хх-ийн 54х/, 2016 онд авлагад тусгасан талаарх баримт /1х-хийн 63х/, төлбөр барагдуулах тухай албан бичиг /1хх-ийн 65х/, нэхэмжлэх /1хх-ийн 66х/, цэргийн дүрэм /1хх-ийн 230х/, хохирогч тогтоох тогтоол /2хх-ийн 45х/, Г.Сыг сэжигтнээр тооцох тогтоол /2хх-ийн 71х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 96х/, Эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Сыг яллагдагчаар татах санал /2хх-ийн 213х, 240х/, гэрч Д.Дгийн мэдүүлэг /2хх-ийн 248х/, “Авера аудит” ХХК-ийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 46-81х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 88-109х/, Г.Сын ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 121-126х/, Эрүүгийн хэрэг үүсгэж, Г.Сыг яллагдагчаар татах тогтоол /3х-хийн 136х/, өмгөөлөгчийн хүсэлт /3хх-ийн 190х/, Г.Сын шүүхэд гаргасан хүсэлт, хавсаргасан баримтууд /3хх-ийн 201-202х/, шүүх хуралдааны тэмдэглэл /4хх-ийн 20-36х/, УДШ-ийн тогтоол /4хх-ийн 103х/, шинээр гаргаж өгсөн баримтууд болох санхүүгийн аудитын тайлан, Зэвсэгт хүчний ...дугаар ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолт, Зэвсэгт хүчний хяналт-шалгалт, үнэлгээний газрын нэгдсэн акт, өмгөөлөгчийн хүсэлт, НББ-ийн Олон Улсын стандарт гэх номын зарим хэсгийг хуулбарласан хуулбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Улсын яллагч: “Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн асуудал хэлэлцсэн баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогчид төлүүлэх төлбөргүйг дурдах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан 1.1, 1.2-т заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг хууль тогтоогч заасан байдаг. Хүнийг нотлох баримтаар яллах ёстой. Энэ нь хууль ёсны дагуу бүрдсэн байх ёстой. Таамаглалд үндэслэж болохгүй. Яллах дүгнэлтээс харахад тухайн саруудын алинд нь гэмт хэрэг гарсан юм, ямар хугацаанд үйлдэгдсэн юм, ямар шалтгаан нөхцөл байгаа нь тодорхойгүй. Зүгээр албан тушаал хашиж байсан хугацааг бүгдийг нь хамруулаад биччихсэн. Мод цавчихад зомгол үсэрдэг гэдэг шиг хүнийг ингэж яллаж болохгүй. ...дугаар анги орлого бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан байна шүү дээ. Төлөвлөгөөний дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ ямар гэмт хэрэг юм бэ? Нэр холбогдол илэрсэн тул жалганд аваачаад буудчих гэдэг шиг. Хамгийн эмгэнэлтэй нь Б нь Төрийн нарийн байхдаа Т ХХК-ийг нэр зааж төлөвлөгөөнд оруулаад шалгах үүрэг өгсөн. Хэрэв давуу эрх эдэлсэн бол юу гэж төлөвлөгөөндөө тусгаад байх вэ дээ. Албан тушаалын давуу байдал үүсгэсэн бол хачин логик холбоо байх боломжгүй. 109 сая төгрөгийг Г.С бүртгэсэн. Ямар үйлдлээр хамтран оролцсон юм. Бы хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм” гэсэн дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Энхчулуун: “Уг хэрэг нь үйл баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтээс үзэхэд хэрэг хэзээ хаана үйлдэгдсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Ангийн захирагч, санхүүгийн албан дарга нартай бүлэглэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж байна. Гэтэл хэлэлцүүлгийн явцад энэ бол төсвийн хөрөнгө биш гэдгийг тогтоочихлоо. Төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудал байхгүй байна. Үйл ажиллагаанаас олсон орлогоор дараагийн үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байгаа үйлдэл юм. Гэрээний хувьд гэрээний маргаан үүссэн. Энэ иргэний хэрэг маргааныг ямар ч үнээр хамаагүй эрүүгийн хэрэг болгосон. Улсын яллагч нотлогдож байна гэж яллаж байна. Үйлдлээрээ нэгдэж байгаа гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар санаатай нэгдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Санаатай гэмт хэрэг юм бол бүлэглэл нь хаана байна. Үйлдлээр нэгдсэн гэх үг байхгүй. Б нь улс төрийн албан тушаалтан боловч эрх үүргээрээ энэ хүмүүст аливаа үүрэг өгөх эрхгүй, зөвхөн саналаа тавьсан асуудал юм. Үүнийг хуулиар хориглоогүй. Гэрээ байгуулагдаж байхад Б.Б улс төрийн нөлөөгөө ашиглах гэснийг нь хэрхэн нотолсон юм бэ? ийм тодорхой асуудлыг таамаглалд үндэслэж яллах дүгнэлт үйлдэж авлигын эсрэг гэмт хэрэг болгож байгаа юм. Бы хувьд албан үүрэг, эрх мэдэл албан тушаалын байдлаа хэрхэн урвуулсан юм гэдэг нь тодорхойгүй. Тэрбээр албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийг эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлсэн ямар үйлдэл гаргасныг нотолж чадаагүй.  Иргэний эрх зүйн маргааныг Эрүүгийн эрх зүйн  хэмжээнд авч ирээд ярьж байгаа нь буруу юм. Энэ 3 хоорондоо ярилцаж тохиролцсон, эвлэлдэн нэгдсэн асуудал ерөөсөө байхгүй. Гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл нь хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүн аль алин нь байгаа. Бы хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, санаа зорилго, үйл баримттай нь хэрхэн холбогдож байгаа, үр дагавар, идэвхтэй үйлдэл нь хаана байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-т гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон. Энэ хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байна заасан. Энэ нь иператив, диспозитив зарчимд үйлчилдэггүй. Улсын яллагч нь материаллаг гэж оруулаад, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж тайлбарлаж байна. Нийгмийн аюулын хэр хэмжээг ярих ёстой. Хуульчилсан гэмт хэрэг, орон зай, цаг хугацаа, гэм буруугийн асуудал байдаг. Шууд санаатай үйлдэгдсэн байх учиртай. Хамгийн түрүүнд хүсэл зоригоороо хүсэж хүрдэг. Шүүгдэгч нарт идэвхтэй үйлдэл алга, өнөөдөр энэ гэмт хэргийн  мөрдөн шалгах ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан байна. АТГ-ын байцаагч нь төрийн нарийн бичгийн даргатай утсаар шууд холбогдон ярьж байна, гэмт хэргийг мөрдөн шалгах явцад АТГ мөрдөгчид хариултыг нь зааж өгсөн. Гэм буруугийн асуудлыг шийдэх ямар ч эрх зүйн үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд бүх зүйл тогтоогдсон гэж дүгнээгүй, үүнийг мушгиж улсын яллагч гэм буруу тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй тул хэргийг АТГ-т буцаах ёстой” гэсэн дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Бу.Оюунбилэг: “Б-ыг Б, С нартай бүлэглэн ...дугаар ангид их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.Эдгээр хүмүүс үгсэн тохиролцоогүй. Харилцан тохиролцсон байдлыг ямар үйлдлээр, ашиг сонирхол хэн ямар үр дүнд хүрэх байсныг тогтоогоогүй. Гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. 5.4-т нэмэгдсэн болон хасагдсан ажлын төлбөрийг дараа нь тооцохоор тодорхой заасан байдаг. Энэ гэрээ нь иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэж байна. Дгийн мэдүүлэгт, дүгнэлтүүдэд, Төсвийн тухай хуулийн  44.1-5 зэрэгт гэрээ байгуулан өөрийн үйл ажиллагааныхаа орлогыг олж болно гэсэн байдаг. Албан тушаалын байдлаа урвуулсан болох нь тогтоогдохгүй байх тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Д.Наранцэцэг: “...Энэ хэргийг 2 дахь удаагаа хэлэлцэх гэж байна. Аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтүүдэд “Т” ХХК-нд барилгын засварын ажил хийсэн байна гэж байхад яллах дүгнэлтэд гэрт нь засварын ажил хийсэн гэж яллаад байна. Б.Б, Л.Б, Г.С нар үгсэн тохиролцоогүй байхад яаж үйлдлээрээ нэгдсэн нь яллах дүгнэлтэд тодорхойгүй байна. Үйлдэл тодорхой биш учраас оролцоо нь тодорхой биш байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ, түүний журам, хэм хэмжээг баримтална. Монгол Улсын 2008 онд нэгдэн орсон Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн тунхаг бичиг байна. Тунхаг бичигт 1.16, 40, 40б стандартын дагуу хууль ёсны хийгдээгүй гэрээ хэлэлцээрийг хамааруулдаг. Гэрээний орлого давсан, давхар тоологдсон хэлцэл зэрэг хамаардаг байна. Төсвийн хууль зөрчсөн гэхээс илүүтэйгээр Олон Улсын хэм хэмжээг анхаарах нь чухал. Анх улсын байцаагчийн эрхтэй И энэ хуулийн зүйл заалтыг бичсэнийг дараа дараагийн Аудитын дүгнэлтэд, шинжээчийн дүгнэлтэд үг, үсэг, таслалгүй хуулсан байна. ...дугаар ангийн үндсэн үйл ажиллагаа нь барилгын засвар үйл ажиллагаа юм. Хамтран оролцооны хувьд тохиролцсон үг яриа байхгүй ч, үйлдэл нь мөн тодорхой бус байна. Нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэхэд эргэлзээтэй зүйл байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул шүүгдэгч Г.С нь гэм буруугүй байна” гэсэн дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Б.Оюунбилэг: “Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх учраас энэ хүрээнд ярина. Б нь албан тушаалтан мөн үү. Нийтийн албан тушаалтан гэдэгт хэн хэн орох юм бэ гэдгийг Авилгын эсрэг хуулийн 4.1-т тодорхой заасан байдаг. Гэтэл Г.С нь энэ албан тушаалтанд хамаарахгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бтай Г.С нь яаж бүлэглэж оролцоод байгаа юм. Г.С нь Б гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй шүү дээ. Г.С нь сүүлд Тэрэлж ХХК руу материалын зардал гарсан тухай тайлан гарч ирэхэд уг асуудлыг мэдсэн. Г.Сын хувьд албан үүргийнхээ дагуу баримтуудыг гаргаж өгснөөрөө уг асуудалд холбогдоод байгаа. Бд ямар давуу байдлыг Г.С нь бий болгосон юм бэ, Т ХХК чинь бие даасан байгууллага. Иргэний эрх зүйн харилцаа, Эрүүгийн эрхзүйг ялгаж зааглаж ойлгох хэрэгтэй. Г.Сын хувьд 2 тусгайлсан хуулийг зөрчсөн гэдэг. Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг. Төсвийн тухай хуулийн 26.1.Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө, 26.2.Төсвийн бүртгэлийг тохируулсан аккруэл сууриар бүртгэж, тайлагнана, 26.3.Улсын салбар, төсвийн бүртгэлд ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ гэж заасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Олон Улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Олон Улсын стандартыг хуулиар зөвшөөрч тэр нь аккураль сууриар бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, зардлаар эхэлж бүртгээд орлогыг орж ирсний дараа авлагаар бүртгэх юм. Энэ Олон Улсын стандартаар баталгаажаагүй бол зарлагаар бүртгэж, баталгаажсаны дараагаар авлагаар бүртгэнэ гэсэн санаа байгаа юм. Г.С нь зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр яагаад гэм буруутан мэт зогсох ёстой юм бэ? эндээс үзвэл, Г.Ст өөртөө болон бусдад давуу байдал олгосон зүйлгүй. 2015 оны үед үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан байгаа. Хамгийн эцэст тайлан гаргана гэж. Тэгэхээр хамгийн сүүлд тайлан гарах үед л Г.С мэдэх боломжтой байгаа юм. Наана нь нягтлан бодогч, нярав оролцсон. 2016 онд улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул авлагад бүртгэсэн. Гэтэл эрүүгийн хэрэг хэзээ үүссэн бэ гэвэл иргэний шүүхээр явсаны дараа үүссэн байдаг. Ер нь бол анх энэ хэргийг нээсэн тогтоол дээр гүйцэтгэх ажлын шугамаар гэж бичсэн байдаг. Хэрэв тийм ажиллагаа байгаа бол бид танилцах эрхтэй. Гэтэл тийм материал байдаггүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээн зөвшөөрчихсөн байхад Г.Сыг яллаад байгаа нь үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

7. Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх: Сын үйлдлийг цагаатаж өгнө үү. Нэг талыг баримталсан байдал харагдаж байна. Санхүүгийн бүртгэлийн журмыг тодорхой заасан байдаг. Өнөөдөр гэрээнд Сын гарын үсэг байна уу гэдгийг хариуцагч мэдээгүй. Түүний оронд өөр хүн гарын үсэг зурсан байна. Эсхүл нөхөж хийхэд нь хамтран оролцсон. Г гэх хүний актыг үндэслэсэн. 01 дугаартай акт тавигдсан. Мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Бүлэглэн үйлдсэн эсэх талаар өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нар хангалттай тайлбарлалаа. Бүлэглэн гүйцэтгэсэн гэдэгт ерөнхий инженер О.С гэх хүнтэй санхүүгийн албаны дарга Г.Сыг андуурагдсан юм болов уу гэх дүгнэлтэд хүрсэн. Иймээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж буйг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

8. Иргэний хариуцагч С.Тын өмгөөлөгч: “...С.Т нь тус компанийн 45 хувийг эзэмшдэг. Сая шүүхийн хэлэлцүүлгээс хараад Батлан хамгаалах яаманд хамааралгүй юм байна гэж бодож байна. Иймээс хохирогчийн асуудлыг буруу тогтоосон тул зөвтгөх, мөн 109.451.831 төгрөгийг зардал гарсан уу үгүй юу гэдгийг тогтоох зорилгоор барилга дээр очиж биечлэн үзлэг хийх, ... барилгад засварын ажил хийсэн гэдэг ч энэ талаар ямар нэгэн баримт байдаггүй, иймээс хараат биш шинжээч томилж дээрх хэмжээний бараа засварын материал гарсан уу гэдгийг тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан, хохирол, хор уршгийг зөв тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Нэгдүгээрт: Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. Үндэслэл нь:

Прокурорын яллах дүгнэлтэд Г.Сыг Зэвсэгт хүчний ...дугаар ангид 2015 оны 7 дугаар сарын сүүлээс мөн оны 12 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд, Зэвсэгт хүчний ...дугаар ангийн Санхүүгийн дарга, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэжээ.

Гэтэл шүүгдэгч Г.С нь дээрх хуулиудыг зөрчөөгүй болох нь дараах хууль, дүрэм, журам, нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.С нь 2...оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан “зэвсэгт хүчний...офицер...” буюу Төрийн тусгай албан тушаал тус тус хашиж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтан гэдэгт хамаарна.

Гэвч хэрэгт авагдсан гэрч Т.С, Б.Н нарын мэдүүлэг, мөн Л.Бын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нийтийн албан тушаалтан Г.С нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б, Л.Б нарын хамт бүлэглэж оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тодруулбал,

1. Шүүгдэгч Г.С нь гэрээ байгуулахад оролцсон байдал тогтоогдоогүй,

Нэг талаас “Зэвсэгт хүчний ...дугаар анги”, нөгөө талаас “Т” ХХК-ний хооронд “Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахад  Г.С нь оролцож, гарын үсэг зураагүй, гэрээн дээрх гарын үсгийн тайлал нь түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг доорх гарын үсгийн тайллаас илэрхий өөр байдлаар зурагдсан (1хх-ийн 36 дугаар хуудасны ар тал, 2хх-ийн 73-74х, 3хх-ийн 138х, 152-153х) нөхцөл байдалтай байх бөгөөд мөн уг гэрээг байгуулахад Г.С нь оролцоогүй тухайгаа мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ илэрхийлж оролцсоныг өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй байна.  

 2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, дараах байдлаар үгүйсгэгдсэн. Үүнд:

Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө”, 26.2-т “Төсвийн бүртгэлийг тохируулсан аккруэл сууриар бүртгэж, тайлагнана” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэсний дагуу Зэвсэгт хүчний ...дугаар анги нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх ёстой байна.

“Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэлнэ” гэж  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлсон ажээ.

Зэвсэгт хүчний ...дугаар анги нь 2015 онд “Т” ХХК-ийн барилга засварын ажилд нийт 109.415.531 төгрөгийн бараа материал, эд зүйлсийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулсан боловч тус компаниас зардлыг төлөөгүйн улмаас Зэвсэгт хүчний ...дугаар анги нь уг авлагыг 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй, харин улсын байцаагчийн “Нөхөн төлүүлэх” тухай акт гарсны дагуу 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан талаар гэрч Д.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2хх-ийн 60-61х, 247х), Л.Б, Г.С нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (3хх-ийн 138х, 147-148х, 152-153х) зэрэгт дурдагдсан, мөн улсын байцаагчийн 06-02/02 дугаартай акт, Авера аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд зэрэгт тусгагдсан байна.

Эндээс үзэхэд, Г.С нь 2015 оны жилийн эцсийн тайландаа Т ХХК-иас нэхэмжилж буй 109.415.831 төгрөгийг авлагадаа бүртгэлгүй шууд зардлаар бүртгэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн хууль, Олон улсын стандартад заасан журмын дагуу хийгдсэн ажил гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль, стандартаар ингэж бүртгэхийг зөвшөөрсөн буюу санхүүгийн тайланг уян хатан нөхцөлтэйгөөр тайлагнаж болохоор зохицуулагдсан байна. Тухайлбал,

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 4 дүгээр зүйлийн 4.1-т Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: ...4.1.3-т Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг (УСНББОУС) дагаж мөрдөнө гэжээ. Тодруулбал, хуульд Олон Улсын стандартыг нягтлан бодох бүртгэлдээ дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.

УСНББОУС-д зааснаар хамрах хүрээ нь улсын үйлдвэрийн газраас бусад улсын секторын бүх байгууллагад мөрдөгдөхөөр байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар санхүүгийн тайлангаа гаргаж байгаа гэрээлэгч нь /гэрээлэгч гэж барилгын ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагыг хэлнэ/ энэ стандартыг барилгын гэрээний бүртгэлд хэрэглэхээр тусгагдсан төдийгүй уг стандартын 40 дүгээр зүйлийн б-д “гэрээний зардлыг гарсан тайлант үед нь зардлаар зөвшөөрөх ёстой” гэж заажээ.

Иймд Зэвсэгт хүчний ... дугаар анги нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө, ингэхдээ Олон Улсын стандартыг мөрдлөг болгон ажиллах бөгөөд улмаар Т ХХК-иас тухайн хугацаанд авч чадаагүй авлагыг тайлант хугацаанд заавал авлагад тусгасан байхыг шаардахгүй буюу шууд зардалд тусгаж болохоор байна гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл, энэ стандарт нь авах ёстой авлагыг тайлант хугацаандаа авлагаар бүртгэж амжаагүй бол дараа нь бүртгэж болохыг зөвшөөрсөн зохицуулалт төдийгүй аккруэл сууриар бүртгэх нь Олон Улсын стандарттайгаа агуулгын хувьд зөрчилтэй биш гэж дүгнэсэн.

Мөн барилгын гэрээгээр гүйцэтгэх ажлын үйл явц нь гэрээт ажил эхэлсэн болон дууссан хугацаа, гүйцэтгэлийн байдлаас хамаарч нягтлан бодох бүртгэлийн өөр өөр үед хамаарах боломжтой. Энэ тохиолдолд ажлын үр дүнг хүлээлцэх, гэрээ дүгнэхтэй холбоотойгоор барилгын гэрээний орлого /авлага/ тодорхой тооцоолох боломжгүй нөхцөл байдалд тухайн жилийн санхүүгийн тайланд /шүүгдэгч Г.Сын хувьд/ анхан шатны санхүүгийн баримтад түшиглэн зардлаар хүлээн зөвшөөрч тусгасныг буруутгах үндэслэлгүй юм.  

3. Зэвсэгт хүчний санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нь ажлын байрны тодорхойлолтод дурдсанаар Зэвсэгт хүчний ... дугаар ангиас гарч буй хөрөнгө, бараа материалын зарцуулалтад хяналт тавих үүрэг хүлээгээгүй байна. Тодруулбал,

Зэвсэгт хүчний ... дугаар ангиас “Т” ХХК-ний амралтын газарт болон С1 барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан тус ангиас ажиллах хүчин гарч ажилласан, уг байгууллагаас бараа материалаар 98.334.704 төгрөгийн, шатах тослох материалаар 3.181.210 төгрөгийн, цалингийн зардлаар 5.081.624 төгрөгийн, хүнсний материалаар зарцуулсан 2.818.293 төгрөгийн, нийт 109.418.83 төгрөгийн зардал гарсан нь улсын байцаагчийн “нөхөн төлүүлэх” тухай 06-02/02 дугаартай акт, Авера аудитын 17/03 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний шинжээчийн 221 дугаартай дүгнэлтэд тус тус тусгагдсан, уг санхүүгийн баримтууд нь хэрэгт хавсаргагдсан байна.

Тус хэрэгт авагдсан гэрч Б.Н, Т.С нарын мэдүүлэгт “...ерөнхий инженер О.Саас өгсөн үүргийн дагуу Т болон С1 барилга дээр очиж ажилласан, улмаар барилгын бараа материалууд ангиас гаргаж хийж байсан” тухай дурдагдсан /2хх-ийн 47-48х, 56-57х/, мөн Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт "...Б.Бтай уулзсаны маргааш нь ерөнхий инженер О.Сыг өрөөндөө дуудаж Б.Бы амралтын газарт  засвар хийх үүрэг өгсөн, манай ерөнхий инженер ийм материал хэрэгтэй байна гэж надад танилцуулаад цохуулаад авдаг байсан” гэж /3хх-ийн 147х/ мэдүүлсэн зэргээс үзвэл, Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Л.Б нь төсвийн шууд захирагчийн хувьд уг асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэдэг, мөн ерөнхий инженер О.С /шүүгдэгч Г.С бол Санхүүгийн дарга, ня бо/-ын ажлын байрны тодорхойлолтод зааснаар бараа материалын шилжилт хөдөлгөөнийг хариуцан захиран зарцуулах эрхийг эдэлдэг байсан нь тодорхой байна.

Тус ангид барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэх, зардал гаргах эрх нь ангийн захирагч, ерөнхий инженер нарт байдаг төдийгүй талбайд материал зарцуулахад талбайн инженер захиалгын хуудас бичиж, ерөнхий инженер хянаж, ангийн захирагчаар батлуулан материал хангалтын инженерт хандах, тус инженер нь зарлагын падаанаа няравт өгч орлогод авдаг зэрэг шат дамжлагыг дамжин явдаг байна.

Дээрх байдлаас үзвэл, тус ангийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сын оролцоогүйгээр түүнээс дээгүүр тушаалын хүн буюу ангийн захирагчийн цохолттойгоор бараа материал, ажиллах хүчин гарч Т ХХК-ний барилга болон С1 орон байран дээр ажиллаж, зарцуулагдсан, харин ч Г.С албан үүргийн хувиар санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлж, бүртгэлийг зохих хууль, стандартын дагуу бүртгэж баримтжуулсны үр дүнд уг ангиас гарсан зардал буюу хохирлын хэмжээ үнэн зөв тогтоогдоход дөхөм үзүүлсэн байх тул Г.Сыг албан үүргийн дагуу Зэвсэгт хүчний ...дугаар ангийн санхүүгийн албаны дарга байсныхаа хувьд мэдэх ёстой, биелүүлэх, хяналтаа тавих ёстой гэж үзэн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2-т “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.6-д “хөрөнгийн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудаар шууд буруутгах, дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх хуульзүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэгэнтээ ангийн захирагч Л.Б нь “Т” ХХК-ний засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан Г.Ст үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдоогүй  тул  шүүгдэгч Г.Сыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан “Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Г.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн болно.

 

Хоёрдугаарт: Харин шүүгдэгч Б.Б нь Баянзүрхийн товчоо, Тэрэлжийн Б зуслангийн орчим, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 10-ны  өдрийг хүртэлх хугацаанд, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд тус тус ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Л.Бт нөлөөлөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлтээр, өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүн эхнэр С.Тын үүсгэн байгуулсан “Т” ХХК-ний амралтын газрын болон өөрийн оршин сууж буй Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “Г” хотхоны ... тоотод орон сууцны засварыг хийлгэх зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Зэвсэгт хүчний ... дугаар анги буюу Батлан хамгаалах яаманд 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын орчим байрлах Зэвсэгт хүчний ...дугаар ангид 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтны хувьд хууль, тогтоомж, дүрэм журмаар тогтоосон төсвийн хөрөнгийг захиран зарцуулах албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэрээгүйгээр, нөгөө талаас “Т” ХХК-тай нөхөн гүйцэтгэж байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангахгүй буюу Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Санхүүгийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Сын гарын үсэггүй, гэрээний төлбөр төлөх нөхцөл тодорхой бус гэрээг үндэслэн албаны үүргээ зөрчин, шууд санаатай үйлдлээр, Б.Бд давуу байдал олгож Зэвсэгт хүчний ...дугаар анги буюу Батлан хамгаалах яаманд 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх...манай ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б... дарга намайг гадуур гараад ирье гэж хэлээд, надаар автомашинаа бариулаад гарсан. ...Баянзүрхийн товчооны Петровисын шатахуун түгээх станц дээр очсон. ...16 цаг өнгөрч байхад хар өнгийн “Lexus-570” маркийн ...автомашин ирээд зогссон, тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин зогсоод дотроос нь Б гэх манай Төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. ...Дарга...анх явахдаа Баянзүрхийн товчоон дээр нэг даргатай уулзана гэж хэлж байсан. Тэр дарга нь заасан цагт, тогтоосон газар бэлэн бай гэж үүрэг өгсөн гээд дарга яараад байсан....” гэх мэдүүлэг /3хх-ийн 84х/,

-Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр ...ангийн ерөнхий инженер О.С намайг ажлаа хийж байхад дуудсан, яваад ороход тэрээр “Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Б намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн байгаа учраас чиний машинтай яваадахъя” гэсэн. Ингээд миний хувийн машинтай Тэрэлжид байрлах “Т” компанийн амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход тус амралтын газар гэх 4 давхар объект байсан. Гадаа нь ангийн захирагч Б-, Б нар байсан. ...Буцаж явах үед ангийн захирагч О.Ст “хийгдэх ажил нэлээд их байна, ажлыг яаралтай эхэл ...4 дүгээр бүлгийн засалчдыг ажилд гаргана, чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү” гэсэн үүргийг өгсөн. ...Ажлуудыг 2015 оны 8 дугаар сараас эхлээд 12 дугаар сард дуусгасан. Дээрх ажлын зардал мөнгийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл Б болон түүний гэр бүлээс ямар нэг барилгын материал авчирч өгсөн зүйл байхгүй. ...Амралтын газрын засварын ажлыг дуусгаад үргэлжлүүлээд ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу 5-6 хүнээр гэрт нь засварын ажлыг хийсэн. Засварын ажлын материалыг тэд өөрсдөө гаргасан. Бид ажиллах хүчээ гаргаад 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дундуур хүртэлх хугацаанд ...Хан-Уул дүүргийн ... дугаар хороонд G ... тоот байрлах 3 давхар барилгад засвар хийсэн....” гэх мэдүүлэг /2хх-ийн 47-48х/,

-Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 8 дугаар сарын эхээр ангийн ерөнхий инженер дэд хурандаа О.С намайг дуудаж “бүлгээ аваад Тэрэлжид байрлах “Т” ХХК-ийн амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэх гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ... бүлгийн 17 хүнээ аваад тэндээ байрлаж ажиллахаар ангийн портер машинтай явцгаасан. ...Барилгын засварын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б ажил эхэлснээс хойш 7 хоногт 2 удаа ирдэг, хийсэн ажлын талаар үзэж хараад явдаг байсан. Б, Т нар хамтдаа ирдэг, явдаг ба Т ерөөсөө оролцдоггүй, машиндаа сууж байдаг юм. Харин Б хүрч ирээд энэ ажлыг ингэж хиймээр байна гээд үүрэг өгдөг байсан. Энэ засварын бүх материалыг манай ...дугаар анги гаргаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57х/,

-Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын даргын ажил үүргийг хийж байна. ...Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч өөрөө төсвийн шууд захирагч ба хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгээд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж ойлгож болно. Гэхдээ урьдчилаад Монгол Улсын төсвийн хөрөнгөөр шууд хөрөнгө гаргаад засвар үйлчилгээ явуулж болохгүй. Харин гэрээгээр маш сайн зохицуулж өгөх ёстой юм. Хэрэв гэрээн дээрээ мөнгө төгрөгийг заагаагүй байж шууд улсын төсвөөс хөрөнгө гаргаад засвар үйлчилгээ явуулж болохгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 248-250х/,

-Яллагдагчаар Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...ангийн захирагч хурандаа Л.Б Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна гэж хэлж байсан. ...Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар cард хүлээн авахад “Тэрэлж Б” гэсэн тайлангаар 33.600.000 төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захирагч хурандаа Л.Боос “энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм” гэж асуусан чинь тэрээр “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бы амралтын газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр байгуулсан гэрээ гэж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх вэ” гэж асуусан. Тэгэхэд “Жанжин штабын даргад мэдэгдсэн мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн” гэж хэлсэн. ...2015 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардлууд гараад байсан. Энэ үед ангийн захирагчид бас “мөнгө нь одоо хэтэрч байна аа, та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ, та заавал гэрээ байгуулах ёстой” гэж хэлсэн. ...Би ангийн захирагч хурандаа Л.Бт ерөнхий инженертэй уулзлаа, одоо 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Дахин юм нэмж хийнэ гэнэ нийтдээ 70 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. ...Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “Т” болон манай анги хоорондоо байгуулсан гэрээг надад ...өгсөн. Энэ гэрээн дээр намайг байхгүй байхад нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан. ...2015 оны 12 дугаар сарын тайлангаар зардал нь нэмэгдэж гарсан байсан. ... 2015 оны жилийн эцсээр ...нийт 109.415.831...төгрөгийн зардал гарсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 152-153х/,  

-Яллагдагчаар Л.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр ...“өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Б байна...16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэж хэлсэн. ...Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо өнгөрөөд очсон чинь хар өнгийн жийп маркийн автомашин байсан. Би буугаад уулзсан чинь өөрийгөө Б гэж танилцуулсан хар өнгийн нүдний шил зүүсэн цайвар өнгийн хувцастай туранхайдуу нөхөр бууж ирээд танилцсан. Тэгээд... одоо миний араас дагаад яв гэж хэлсэн. Би түүний араас дагаад явсан чинь Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. ...Б надад “хоёулаа энд нэг байр үзээд орхиё” гээд байраа үзүүлээд “манай энэ байшин ноднин хөлдсөн ... хэдэн радиаторууд солих хэрэгтэй байна” гээд 6-7 өрөөний радиатор үзүүлсэн. Мөн үзүүлсэн өрөөнүүдийнх нь зарим нэг өрөөний обой хууларсан ... байсан. Тэгээд “ийм зүйл засуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “за болох юм байна” гэж хэлсэн. ...Мөн “би удахгүй танай Төрийн нарийн бичгийн даргаар очно” гэж хэлж байсан. ...Маргааш нь ерөнхий инженер О.Сыг дуудаж “ийм албан тушаалтай хүний амралтын газарт засвар хийх үүрэг” өгсөн. ...О.С үүрэг авснаас хойш 1-2 хоногийн дараа 1-2 хүн аваад амралтын газар луу явсан. Ажил эхлээд явж байгаад 2-3 хоногийн дараа О.С инженер надад “Даргаа тэр дарга чинь өдөр болгон ирээд ажил нэмж хий гэсэн үүрэг өгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та нар хурдан гэрээ хий гэж хэлсэн. О.С тэд нартай гэрээ хийх гэж нэлээн явсан гэрээ хийхгүй байгаад байхаар нь би Бтай нэг удаа утсаар ярьсан чинь “Гэрээгээ манай эхнэртэй хийчих, мөнгө бол асуудалгүй” гэж хэлсэн. Манай инженер арай гэж 1 сар гаран явж байж эхнэртэй нь гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Б Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нь би мөнгөө нэхэж очихоор “мөнгө ямар ч асуудалгүй чи зүгээр ажлаа хийж бай гэж хэлдэг... байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 144-148х/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2...оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн 221 дүгээр дүгнэлтэд

“....“Авера Аудит” ХХК-ийн 2...оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Батлан хамгаалах яамны улсын ахлах байцаагч Д.И, улсын байцаагч Б.Б нарын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай “Нөхөн төлүүлэх” акт нь үндэслэлтэй байна. ...“Т” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар нийт 109.415.831.00 төгрөгийн зардал Зэвсэгт хүчний ...дугаар анги ... зарцуулсан байна. Зэвсэгт хүчний ... дугаар анги нь “Т” ХХК-тай хийсэн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авлагыг 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй байна. Харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж, “Нөхөн төлүүлэх” тухай акт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Батлан хамгаалах яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.И, улсын байцаагч Б.Б нарын 06-02/02 дугаартай акт гарсныг үндэслэн Зэвсэгт хүчний ... дугаар анги 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж, тайланд тусгасан байна...” гэх дүгнэлт /3хх-ийн 88-111х/,

-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний дугаар 05-222 Монгол Улсын иргэн С.Т -45% ... хөрөнгө оруулалтын “Т” компанийг үүсгэн байгуулсан гэх баримт /2хх-ийн 104х/,

-Иргэний хариуцагч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би “Т” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг юм. ...Би энэ компанийн захирлын албан тушаалыг хийж байгаа ба би анхнаасаа л захирал нь байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 237-238х/, 

-Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаанд “....Б-ын Б ... Сын Т нарын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг ...2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх баримт /2хх-ийн 239х/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалд “...Б-ын Быг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.С-ийн зөвлөхөөр томилсугай...” гэх баримт /2хх-ийн 217х/,

-Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаалд “...Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б-ын Быг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллуулсугай...” гэх баримт /2хх-ийн 79х/,

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаалд “...Бэлтгэл ахмад Л-ын Б-ыг Зэвсэгт хүчний Барилгын цэргийн ... дугаар ангийн захирагчаар 2010 оны 12 дугаар сарын 25-наас томилсугай...” гэх баримт /3хх-ийн 120х/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2...оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичигт “...Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.8-д зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6.1, 6.1.14, 6.3-т заасны дагуу энэхүү албан тушаал нь улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчилж, захирагддаг, өөрөөр хэлбэл зөвхөн Ерөнхий сайдаас өгсөн тодорхой үүрэг, даалгаврыг биелүүлж ажилладаг тул түүний ажил үүргийн тодорхойлолтыг ерөнхий менежер баталдаггүй болно...” гэх баримт /2хх-ийн 233х/,

-Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолтод “...Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал гэх хэсэгт Газрын дарга, Газрын орлогч, Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн, Бусад мэргэжилтэн...” гэх баримт /2хх-ийн 82-85х/,

-Ангийн захирагчийн ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 123-124х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.С, Л.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрч Т.С, Б.Н нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн болно.

Дээрх хэргийн үйл баримтыг үнэлж дүгнэвэл, Б.Б нь цэргийн өндөр цолтой, яамны төрийн нарын бичгийн даргаар очих талаараа хэлж, хашиж байсан албан тушаалын нөлөөг ашиглан, өөрийн эхнэр С.Тын үүсгэн байгуулсан “Т” компаний эзэмшлийн амралтын газарт хийлгэх барилгын засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар 2015 оны 7 дугаар сарын сүүлээр Зэвсэгт хүчний ...дугаар ангийн захирагч Л.Бтой уулзаж ярилцаж тохиролцсоноор, уг компаний эзэмшлийн амралтын газарт болон С1 барилгад 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн энэ хугацааг гэмт хэрэг эхэлсэн, төгссөн хугацаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Б.Б нь дээрх хугацаанд Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, яамны төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цааш үргэлжлүүлэн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг тус тус хашиж байсан нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаар тушаал, Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/73 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар тушаал шийдвэрүүдээр тогтоогдсон байна. /2хх-ийн 78х, 79х, 80х, 217х/

Л.Бын хувьд энэ хугацаанд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагчийн албан тушаал хашиж байсан нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1122 дугаар тушаал, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/208 дугаар тушаал зэрэг шийдвэрүүдтэй байна. /3хх-ийн 122х/,

Б.Б нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалтад заасан “Ерөнхий сайдын зөвлөх”-ийн Төрийн улс төрийн албан тушаал, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад заасан “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга”-ын түр орлон гүйцэтгэх Төрийн захиргааны албан тушаал,

Л.Б нь 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтад заасан “зэвсэгт хүчний...офицер...” буюу Төрийн тусгай албан тушаал тус тус хашиж байсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4, 4.1 дүгээр зүйл, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудад нийтийн албан тушаалтан гэх ойлголтод  “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарахаар зохицуулагдсан байгаа тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Албан тушаалын байдал гэдэгт албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” тухай ойлголтыг Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар ойлгох бөгөөд тус зүйлд заасан “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;” ойлгоно гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;” гэж,

мөн зүйлийн 3.1.5 дахь заалтад “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;” хэлнэ гэж тус тус тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянга төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан их хэмжээ нь 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээг ойлгохоор заажээ. Шүүгдэгч нарын бусдад учруулсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 109.415.831 төгрөг нь их хэмжээний хохиролд хамаарч байна.

Иймд дээрх хууль зүйн ойлголтуудад тулгуурлавал, шүүгдэгч Б.Б нь хуульд зааснаар удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөг ашиглан өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүний компанид засвар хийлгэхийн тулд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Д.Б-т нөлөөлж албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан идэвхтэй, шууд санаатай үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан нь, Л.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Бы хууль бус саналыг хүлээн авч, албан үүрэг, бүрэн эрхийг ашиглаж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Б.Бд давуу байдал олгосон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь дээрх үйлдлийг хийж гүйцэтгэхдээ санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”-ыг баримтлах үндэслэлтэй байгаа болно.

Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож өгнө үү, эсхүл прокурорт буцаах тухай дүгнэлтүүд нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдсан байх тул тэдний дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гуравдугаарт: Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан санал, дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа болно. Үүнд:

1.Зэвсэгт хүчний ... дугаар анги нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай тул үйл ажиллагаагаараа олж байгаа орлого нь төсвийн орлого биш гэсэн санал дүгнэлтийн тухайд:

-Зэвсэгт хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, ...төрөл, мэргэжлийн цэргийн болон барилга инженер, ... ангиуд, ... иргэн-цэргийн харилцааг зохицуулах нэгжтэй байна” гэж заасан, мөн Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д “туслах үйл ажиллагаа эрхлэх нь тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүй байх” заасан зэргээс үзвэл Зэвсэгт хүчний ...дугаар анги нь цэргийн байгууллага мөн бөгөөд хуулиар олгогдсон эрхийн дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас БУ17-2201/14 дугаартай “барилга угсралт 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.3.1, 2.3.2, 2.1.1” заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч тэрбээр өөрийн үйл ажиллагаагаар орлого олох эрхтэй, туслах үйл ажиллагаа эрхлэн орлого олж байсан байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “төсвийн орлого” гэдэгт ... хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг гэж ойлгохоор хуульчлагдсан байх тул Зэвсэгт хүчний ... дугаар ангийн хувьд тус ангийн  эрхэлж буй барилга угсралтын үйл ажиллагаанаар олсон орлогыг төсвийн орлого, хөрөнгө мөн гэж үзэхээр байна.

Зэвсэгт хүчний ...дугаар ангийн захирагч Л.Б нь төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн  дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрхтэйгээс гадна мөн туслах үйл ажиллагаанаас олсон төсвийн орлогыг хууль ёсны дагуу зарлагдсан тендер, бусад үйл ажиллагаанд зарцуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, уг орлогыг жилийн эцэст төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн атал тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, Б.Бы хууль бус саналыг хүлээн авч, түүний хамаарал бүхий этгээдийн компаний амралтын газарт төсвийн хөрөнгөөр засварын ажил гүйцэтгэснээс гадна Б.Бы гэрт засвар хийсэн болох нь гэрч Ц.У, Т.С, Б.Н, Д.И нарын мэдүүлгүүд болон Л.Б, Г.С нарын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Зэвсэгт хүчний ... дугаар ангийн үйл ажиллагаанаас олсон орлого нь төсвийн хөрөнгө бус хэмээн маргасан” нөхцөл байдал нь үгүйсгэгдсэн болно.

2. Зэвсэгт хүчний ... дугаар анги нь Т ХХК-тай “барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байсан тул уг маргаан нь Иргэний эрх зүйн харилцаа юм” гэсэн санал дүгнэлтийн тухайд:

Хэргийн үйл баримтуудаар, Б.Б нь Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх байх хугацаандаа Зэвсэгт хүчний ... дугаар ангийн захирагч Л.Бтой хамт өөрийн эхнэрийн хувь эзэмшдэг “Т” ХХК-ний эзэмшлийн Тэрэлж дэх амралтын газарт очиж барилгад хийгдвэл зохих засвар үйлчилгээний байдалтай танилцуулан тохиролцож, өөрийн эрхэлж буй албан үүрэгт хамааралгүй үүргийг өгснөөр 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр засварын ажил эхлүүлснээс бус Т ХХК-иас ажил хийлгүүлэх санал, хүсэлт гаргаагүй, анхнаасаа гэрээ хэлцэл гэж байгуулаагүй, ажлын явц дунд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн зүгээс шаардаж байж гэрээ байгуулсан талаар Т.С, Б.Н зэрэг гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан, тухайн ажил эхлүүлсний дараа буюу 10 хоногийн дараа нэг талаас Зэвсэгт хүчний ... дугаар анги, нөгөө талаас Т ХХК-ний хамтран байгуулсан гэх 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд 70.000.000 сая төгрөгийн ажил үйлчилгээг хийхээр тохиролцсон атлаа гэрээний гол зүйл болох барилгын ажлын материалыг хэн гаргах, ажлын хөлсний мөнгөн дүн, ямар хугацаанд төлөх асуудлыг гэрээнд тусгаагүй, Зэвсэгт хүчний ... дугаар ангиас гарсан материалын зардлыг хэдийд яаж төлж барагдуулах нь тодорхойгүй орхигдсон, түүнчлэн ямар ажил хийж гүйцэтгэх талаар ажлын зураг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөг хавсаргаагүй зэрэг байдлаас үзвэл уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”  гэж дүгнэхээр байна. Иймээс уг асуудлыг гэрээгээр халхавчлан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзнэ.

3. Тус гэмт хэрэг нь хэлбэрийн эсхүл материаллаг бүрэлдэхүүний аль хэлбэрээр үйлдэгдсэн ...гэх асуудлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан бөгөөд улмаар Эрүүгийн хууль тогтоомж, онолын ном зохиолд уг гэмт хэргийг үйлдсэнээр төгсдөг, хохирол хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж, харин эсрэгээрээ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирснаар төгсдөг гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэж үздэг. Шүүгдэгч Б.Б, Г.Б нарын үйлдсэн хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчлагдсан бөгөөд тус хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж үзэхээр тогтоосон.

4. Шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан гэдэг нь эргэлзээ бүхий байна гэх санал, дүгнэлтийн тухайд:

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээч нар нь 201701000122 дугаартай хэргийн санхүүгийн баримт, материалуудыг судлан үзэж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 221 дугаартай дүгнэлтийг гаргасан нь дүгнэлтийн нийтлэг үндэслэл хэсэгт дурдагдсан, тус шинжилгээ хийлгэх тогтоол, дүгнэлтийг оролцогчдод танилцуулсан  нь 3 дугаар хавтаст хэргийн 86-87,88-93, 113-117 хуудсуудад тусгагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй, мөн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүхийн шинжилгээний 221 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзсэн.

5. С1 барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд ЗХ-ний ... дугаар ангиас  материалын зардал гаргаагүй байхад хохирол учирсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй  гэх саналын тухайд:

Иргэний хариуцагч С.Т, шүүгдэгч С.Б нарын мэдүүлэгт тэдгээрийн амьдардаг С1 барилгын засвар үйлчилгээг хийхэд шаардлагатай бараа материалыг өөрсдөө мөнгө гаргаж авсан хэдий боловч тухайн засварын ажлыг Зэвсэгт хүчний ... дугаар ангиар хийж гүйцэтгүүлсэн талаараа харилцан зөрүүгүй байдлаар мэдүүлсэн байна. Зэвсэгт хүчний ... дугаар ангиас барилгын завсар үйлчилгээний бригад гаргаж, Т.Саар ахлуулсан хэсгээр С1 барилгад, Б.Нгаар ахлуулсан бригадаар Тэрэлж дэх амралтын газарт барилгын засвар үйлчилгээг хийлгүүлсэн. Эндээс үзвэл, С1 барилгын ажлыг гүйцэтгэхдээ бараа материалын зардлыг Зэвсэгт хүчний ... ангиас гаргаагүй хэдий ч уг байгууллагаас ажиллах хүчин гарч тодорхой ажил үүргийг гүйцэтгэснийг үгүйсгэх баримтгүй, мөн Зэвсэгт хүчний ... дугаар ангиас нэхэмжилж буй 109.415.831 төгрөгийн үнийн дүнд тухайн амралтын газарт болон С1 барилгад ажилласан ажилчдад өгсөн цалингийн зардал 5.081.624 төгрөг орж тооцогдсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

6. Хохирогчоор Батлан хамгаалах яамыг тогтоосон нь үндэслэлгүй байна гэх санал, дүгнэлтийн тухайд:

Энэ гэмт хэргийн хохирогчоор Батлан хамгаалах яам тогтоогдох учиргүй тухайн хохирол, хор уршиг нь Зэвсэгт хүчний ... дугаар ангиас гарсан гэж шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэх боловч 1993 оны Монгол Улсын Батлан Хамгаалах тухай хуулийн 9 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих;” эрхийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эдэлдэг байх тул хохирогчоор Батлан хамгаалах яамыг тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймээс өмгөөлөгч нарын гаргасан дээрх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байгаа болно.

Дөрөвдүгээрт: Улсын яллагчаас яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Б гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож оруулсан нь үндэслэлгүй. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч гэдэг нь “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг” ойлгохоор, 2 дахь хэсэгт “... гэрч хэргийн талаар өөрийн  мэдэх зүйлийг  үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй” гэж, 4 дэх хэсэгт “...гэрч... худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, 5 дахь хэсэгт “... гэрч өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж, 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар  мэдүүлэг авч байна гэж үзвэл  энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж хуульчилсан байдлаас үзвэл, гэрч нь тухайн хэрэгт хамааралгүй, өөрийн харсан, үзсэн зүйлийнхээ талаар өөрийн мэдэх хүрээнд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн этгээд байх бөгөөд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр байна.

Шүүгдэгч Г.Б нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн  g-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “ өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” этгээд атал түүнийг гэрчээр, хууль сануулж авсан мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байна гэж үзсэн тул шүүхээс шүүгдэгч Л.Бын  гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас Б.Б нь өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүн С.Тын “Т” ХХК-ийн амралтын газар болон орон сууцанд Зэвсэгт хүчний ... дугаар ангиар 109.415.831 төгрөгийн бараа, материалын зардал гаргуулан засвар, үйлчилгээг хийлгүүлсэн байна. Шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Т нар нь төлбөрийг төлж барагдуулсан байх тул  шүүгдэгч нар, иргэний хариуцагч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт хураагдсан эд баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй” гэсэн дүгнэлтийг;

Шүүдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн: “...Нэгэнт  шүүхээс гэм буруутайд тооцсон учир гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, иргэний  маргаан үүсэж байсан нөхцөл байдал, мөн хохирол төлбөргүй нь тухайн хүний хувийн байдлыг илэрхийлж байгаа гэж үзэж байна. Иймд заавал нийгмээс тусгаарлаж хорих шаардлага үүсээгүй байна. Б нь өөрийн амьдралын 30 гаруй жилийг Зэвсэгт хүчний нэгжээс  нь эхлүүлэн амьдралаа зориулж ажилласан хүн. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж хянан харгалзана уу” гэх дүгнэлтийг,

Шүүдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Энхчулуун: “...Юуны өмнө нийгмийн өмнө хүлээх хариуцлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудал байхгүй, хэрэг болгон адилгүй. 3 хүний 1 нь цагаадаж байна. Тус гэмт хэрэг нь 3 төрлийн сонгож хэрэглэж болох санкцтай байгаа. Б.Бы хувийн байдлын хувьд 3 их дээд сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчний ангид 30 гаруй жил зүтгэсэн. Эрүүл мэндийн хувьд нүдний хараа 50%-тай хардаг болсон, зүрхний хагалгаанд орсон, эмнэлгийн хяналтад байдаг хүн. Гэмт хэргийг гарсан даруйд нь шалгаж эхлэх ёстой. Энэ хэргийн хувьд 2015 онд гарсан боловч 2017 оноос шалгаж эхэлсэн байдаг. Хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хүн хийсэн үйлдэлдээ гэмшиж ухамсарлаж байна. Иймд тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Бу.Оюунбилэг: “...Шүүхээс Л.Быг гэм буруутай байна гэж үзсэн тул түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 30 гаруй жил цэргийн ангид ажилласан зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой. Л.Бын хувьд бусдын эрхшээлд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд Л.Бт торгуулийн ял хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.Б, Л.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Быг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь “уг асуудал иргэд хоорондын маргаан, гэмт хэрэг бус, бид гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэтгэлцэж оролцсон тул гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй, иймээс тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргасан зэрэг байдлуудыг тус тус харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Тодруулбал:

-Шүүгдэгчийн Б.Бы хувьд: Б.Б нь төрийн улс төрийн болон захиргааны албан тушаалыг үргэлжлүүлэн хашиж байсан хугацаанд өөрийнх нь эрх үүрэгт хамааралгүй үүрэг даалгаврыг ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаалтан бус этгээдэд өгч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь төрд итгэх олон нийтийн итгэлийг сулруулах, төрийн үйл ажиллагаа шударга, ил тод, хууль ёсны байх үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзсанаас гадна мөн шүүгдэгч Б.Бы хувийн байдал, тодруулбал, Зэвсэгт хүчний байгууллагад 30 гаран жил ажилласан, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүл мэндийн байдлын хувьд хараа бууралт 50 хувьтай, зүрхний хагалгаанд орсон, эмчийн хяналтад байдаг зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг дээрх нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

-Шүүгдэгч Л.Бын хувьд: Тэрбээр бусдын нөлөөнд автаж, хууль бус саналыг хүлээн авч гэмт хэрэг үйлдсэн түүний үйлдлийн оролцооны байдал, түүний үйлдлийн нийгмийн аюулын шинж их боловч хохирол, хор уршиг арилсан, хувийн байдлын хувьд цэргийн байгууллагад 30 гаран жил ажилласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолох, шүүгдэгч Л.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолохоор тогтоов.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Ч овогт Б.Б, Я овогт Л.Б нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5500 (таван мянга, таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял эдэлж эхлэх үеэс, шүүгдэгч Б.Бы нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Б, Л.Б нар болон иргэний хариуцагч “Т” ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргилэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Б, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                 Б.ДАШДОНДОВ

                                                                                    М.МӨНХБААТАР