Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2018/0015/З |
Дугаар | 159/ШШ2018/0021 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 159/ШШ2018/0021
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Цэвээн-Очирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох
Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Цэвээн-Очир
Хариуцагч: Б.Буянхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхон сумын харъяат иргэн Цэрэнчимэд овогтой Цэвээн-Очир миний бие 2010 оны 05 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант сум, Баруунбүрэн сумын нутгийн хил залгаа Ягааны өвөр гэдэг газарт 10 га төмс хүнсний ногооны газрыг ашиглах болсон. Яг энэ үед газар эзэмших эрхээ Баруунбүрэн сумаас газар эзэмших зөвшөөрөл авсан юм. Гэтэл Сант сум, Баруунбүрэн сумын хооронд хилийн маргаан гарч миний ашиглаж байсан газрын хил Сант сумын газар нутаг болох нь тодорхой болж улмаар Баруунбүрэн сумаас авсан газрын гэрчилгээгээ Сант сумруу шилжүүлж авсан юм. Энэ үед Сант сумын Засаг дарга Д.Өлзийбадрах байсан ба миний газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 тоот захирамжийг үндэслэн 171101496 дугаар бүхий нэгж талбарын дугаартай 8 га газрыг 15 жилийн хугацаагаар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэх 000613855 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эрхийг минь баталгаажуулж өгсөн юм. Энэ хугацаанаас хойш би Сант сумын Засаг дарга, газрын даамал нартай харьцаж холбоотой ажиллаж ирсэн. Мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд уг газрыг нэг ч жил өнжөөгүйгээр ашиглаж ирсэн юм. Гэтэл Сант сумын Засаг дарга Б.Буянхүү гэгч хүн миний газар эзэмших эрхийг хууль бусаар зөрчиж газар эзэмших эрхийг маань 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийн 1 дэх заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх юм. Хүчингүй болгосон захирамжаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын дагуу надад мэдэгдээгүй байсан. Харин 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр газраа хагалах гээд очиход Сант сумын Засаг дарга Б.Буянхүүгийн дүү Б.Буянтүшиг гэгч миний газар гэж хэлээд бид маргалдсан. Энэ цагт Б.Буянтүшиг Сант сумруу утсаар ярьж, газрын даамал Б.Гантуяа, БОХ-ын улсын байцаагч А.Батдорж нар ирсэн. Тэд ирээд та маргааш очиж мэдэгдлээ ав гэсэн, би даалгасан ёсоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сант сумын ЗДТГ-ын байранд очиж газар хураасан захирамжийн мэдэгдлээ авсан юм. Одоо надад яг хаврын тариалалт эхлэх цаг хугацаанд мэдэгдлээ өгч байгаа нь тариаланч бидний жилийн хөдөлмөрийг үр дүнгүй болгосон үйлдэл болж байна.
Сант сумын Засаг дарга Б.Буянхүүгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийн 1 дэх заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль ёсны үндэслэл нь маш буруу байгаа гэж үзэж байна. Учир нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 тоот захирамжаар газар олгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах гэсэн зүйл байгаа юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хамаарал бүхий заалт байх нь хууль ёсны үндэслэл болсон гэж үзэж байна.
Сант сумын Засаг дарга Б.Буянхүүгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийн 1 дэх заалт нь:
1.Хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.
2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэглээгүй нь миний газар эзэмших хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, үүний үр дагавар нь тариаланч хүний жилийн орлогыг хаасан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Бас нэмж тайлбарлахад Сант сумын Засаг дарга Б.Буянхүү нь анхнаасаа миний газрыг хурааж өөрөө авах зорилготой байсан нь нотлогдож байна. Нотолгоо нь 2018 оны Сант сумын газар эзэмшүүлэх шийдвэр нэг ч удаа гаргаагүй байхад дүү нь уг газрыг хагалахаар техниктэйгээ очиж байгаагаас тодорхой байна.
Иймд хууль ёсны гажуудал, төрийн өндөр албан тушаалтны дураараа үйлдлээс үүдсэн Сант сумын Засаг дарга Б.Буянхүүгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 тоот захирамжийг цуцалж, төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү.
Миний бие 2010 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас 10 га газрыг авч байсан. Тухайн үед 7-8 жил газраа эзэмшээд хоёр сумын хилийн маргаан болоход Засаг даргын захирамж гараад Сант сум руу шилжиж байсан тул хоёр сумын Засаг дарга нартай уулзахад Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Өлзийбадрах гэдэг хүн байсан. Сант сумын Газрын даамал нь Долгорсүрэн гэдэг хүн байсан. Гэтэл 10 га газрыг чинь 8 га газар болгож өгье, манай сумын газар бага байгаа тул 8 га газар олгоод гэрчилгээ бичиж өгсөн. Үүнээс хойш 2017 онд Сант сумын Засаг дарга солигдож Б.Буянхүү гэдэг хүн болоод миний газрыг хурааж авсан. Б.Буянхүү даргаас ямар үндэслэлээр хураасан юм гэж асуухад, Газар төлөвлөлтөд ороогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ газар Сант сумын газар төлөвлөлтөд орох нь биш, Сант суманд ийм газар байдаг үгүйг мэддэггүй байхад би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас энэ газрыг авч байсан. Уг газраа 7-8 жил эзэмшээд ирсэн газрыг минь хураалгасан шийдвэр гарахаар нь би шүүхэд хандаж байна. Маш их гомдолтой байна гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1-р багийн иргэн Ц.Цэвээн-Очирын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Орхон сумын иргэн Ц.Цэвээн-Очирт газар шилжүүлсэн Сант сумын Засаг дарга Д.Өлзийбадрахын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн захирамж байсан тул газар эзэмших эрхийг цуцалж гэрчилгээг хүчингүйд тооцсон байгаа болно.
Нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очирт газар олгохдоо:
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг хууль зөрчиж олгосон
-ИТХ-ын тогтоол гараагүй
-Багийн Иргэдийн нийтийн хурлаас гарсан тариаланч өрх болохыг тодорхойлсон шийдвэр, тогтоолгүйгээр иргэнд 8 га газрыг эзэмшүүлсэн байсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн уг захирамжийн хавсралт нь засвартай байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын хавсралт гэдэг эргэлзээтэй, сүүлд нөхөн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байсан зэргээс хамаарч түүний газар эзэмших эрхийг цуцалсан болно.
2016 онд иргэн, аж ахуйн нэгжид олгох газрын хэмжээ, байршил зэргийг сумын ИТХ-аар 2015 онд хэлэлцэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж түүний дагуу газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг Засаг дарга захирамж гарган хэрэгжүүлэх ёстой.
Гэтэл сумын Засаг дарга Д.Өлзийбадрахын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг зөрчсөн байсан тул иргэн Ц.Цэвээн-Очирт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлийг буруу байсан, хуулийн буруу заалтыг барьж захирамж гаргасан гэж тусгасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би захирамжаа түүнд олгосон газар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан учир Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг үндэслэн гаргасан байна.
Харин Ц.Цэвээн-Очирт 8 га газрыг олгосон асуудал нь багийн Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүй, тариаланч өрх гэдгийг тодорхойлсон зүйлгүй, олгосон газрын хэмжээ нь төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар иргэнд эзэмшүүлдэг газрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээтэй байсан учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж захирамжид тусгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн Ц.Цэвээн-Очирт мэдэгдэх гэж эхлээд утсаар хандсан боловч утас нь холбогдохгүй байсан тул ногооны талбай дээр Засаг даргын орлогч Л.Отгонгэрэлийн хамт 1 удаа, газрын даамал Б.Гантуяа, БОХУБ А.Батдоржийн хамт 2 удаа мөн татварын байцаагч Д.Будгэрэлийн хамт 1 удаа очиж байсан. Тухайн үед ногооны талбайд нь ажиллаж байсан ах, эгч хоёр нь байсан ба Ц.Цэвээн-Очирыг байхгүй гадагшаа явсан гэсэн тайлбар өгсөн. Очих бүрдээ ах, эгч нарыг нь тариалалт хийлгэхгүй гэж албан шаардлага тавихад банкны зээл аваад дүүгээсээ гуйгаад тарьж байгаа юм гэж уйлж гуйгаад байсан. Энэ жил тариалалт эхлэхээс өмнө 2 удаа очиж хэлсэн. Сүүлд Ц.Цэвээн-Очир өөрөө мэдэгдлээ авсан хэдий ч тариалалт хийсэн байсан. Иргэн Ц.Цэвээн-Очир нь энэ үйлдлээрээ Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж тавьсан шаардлагаас аль болох зайлсхийхийг оролдож байгаа болно.
Иймд Ц.Цэвээн-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.Цэвээн-Очир гэдэг хүн 2010 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Засаг дарга буюу газрын албанаас томилолт авсан гэж үзсэн. Хэргийн материалтай танилцаж үзэхэд анх ерөөсөө Баруунбүрэн сумын газар нутгаас Орхон голын захын дагуу 5 га газар өгсөн байдаг. Баруунбүрэн сумын засаг дарга захирамж гаргаад иргэн Сүхбаатарт олгосон байдаг. Олгосон хугацаанаас хойш Ц.Цэнд-Аюуш гэдэг хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Баруунбүрэн сумын Засаг даргын захирамжаар 5 га газар нь 10 га газар болгож шилжүүлсэн байдаг. Энэ талаар тухайн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр Ц.Цэвээн-Очир гэсэн бүртгэл байдаг бөгөөд Улсын нэгдсэн кадастр ирээд 2 хилийн маргааныг тогтоохын тулд Орхон, Сант, Баруунбүрэн сумын Засаг дарга, нарт хамааралтай гэж Газрын даамлын тайлбараар хилийн маргааныг тогтоосон байдаг. Ц.Цэнд-Аюушийн шилжүүлсэн газар нь манай сумын харьяалалд шилжиж орсон. Ц.Цэнд-Аюушийн эзэмшиж байсан газар манай сумын газар болоод шилжүүлэх гэтэл Ц.Цэвээн-Очир гэдэг хүн гараад ирсэн. Ц.Цэвээн-Очир, гэдэг хүнд Сант сумын өмнөх Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 8 га газрын гэрчилгээг өгсөн байдаг. Үүнийг би юу гэж ойлгож байна гэхээр Ц.Цэнд-Аюуш гэдэг хүний талаар хэргийн материалтай танилцахад Ц.Цэнд-Аюуш гэдэг хүний нэр дээр л байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтын дагуу тухайн сумын Засаг дарга хууль бус захирамж гаргасан бол дараагийн Засаг дарга түүнийг хүчингүй болгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Уг хэрэгт Ц.Цэвээн-Очир гэдэг хүн Сант суманд орж ирсэн болохоор Ц.Цэнд-Аюушийн газрыг эрх шилжүүлж авах биш Ц.Цэвээн-Очир гэдэг хүн орж ирсэн болохоор шинээр газар авах гэж үзээд байгаа гэж үзэж байна. Энэ 8 га газрыг яагаад шинээр авах гэж үзээд байна гэхээр Ц.Цэнд-Аюуш гэдэг хүн Ц.Цэвээн-Очирт шилжүүлье, хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гэсэн зөвшөөрөл байхгүй. Хэргийн материалд ерөөсөө Ц.Цэвээн-Очир гэсэн хүний нэр дурдагдахгүй яваад байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Засаг даргын гаргасан гэрчилгээн дээр Ц.Цэвээн-Очир гэсэн хүн гарч ирсэн байна. Тэрнээс өмнө Ц.Цэвээн-Очир гэдэг хүн ерөөсөө дурдагдахгүй яваад байгаа тул үүнээс хойш орж ирсэн гэж үзэхгүй байна. Ц.Цэвээн-Очир гэдэг хүн өмнөх Засаг даргаас авсан 8 га газар тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байдаг. Дээр нь иргэдийн хурлын тогтоол гараагүй. Сант сумын газар олгох журамд тухайн жилийн газар тариалан ч гэсэн тогтоол багийн иргэдийн хурлаас гардаг. Багийн иргэдийн хурлаас гарсан тогтоолыг үндэслээд иргэнд 5 га газар олгох журамтай. Тэгэхээр энэ хүн бол Ц.Цэнд-Аюушийн газрыг авсан гэж яриад байна. Тэгэхээр энэ хүнийг шинээр газар гаргаж авсан гэж үзээд байна. Сант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. Хурлын тогтоол гараагүй, иргэдийн нийтийн хурлын газар тариалан ч гэсэн баталгаа байхгүй. Орхон сумын Ц.Цэвээн-Очир гэдэг хүний газрыг хүчингүй болгоод, хүчингүй болгосон албан тоот хүргээд өгчихсөн. Ц.Цэвээн-Очирт хүргэж өгөх гэсэн боловч газрын даамал энэ хүн олдохгүй байна гэж хэлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Орхон сумын 1-р багийн иргэн Ц.Цэвээн-Очирын Орхон гол дагуух төмс, хүнсний ногооны зориулалттай 8 га эзэмшлийн талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Сант сумын газрын даамал А/69 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очирт 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгчээ.
Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараах зүйлүүд тогтоогдож байна.
Маргаан бүхий газрын талаар гарсан сумын Засаг даргын захирамж, ИТХ-н тогтоолуудын талаар :
Анх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногооны зориулалтаар Орхон голын дагуух тохойнуудад 100.000 мкв буюу 10 га талбайг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Хөтөл дэх Замын цагдаагийн тасагт 5 га газар олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх 13 дугаартай Баруунбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн Баруунбүрэн сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 137 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөлийн Замын цагдаагийн ахлах байцаагч Б.Сүхбаатарт 5 га газрыг 15 жилийн хугацаатай төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ.
Баруунбүрэн сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар иргэн Б.Сүхбаатарын хүсэлтийн дагуу иргэн Ц.Цэнд-Аюушд /хамтран эзэмшигч Ц.Цэвээн-Очир/ Орхон гол дагуу байрлалтай 10 га газрыг 15 жилийн хугацаатайгаар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж захирамжийн 4 дэх заалтаараа анх Б.Сүхбаатарт газар эзэмших эрх олгосон 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 137 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/76 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар иргэн Ц.Цэнд-Аюушд Орхон гол дагуу 5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулжээ.
Сант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор Орхон гол дагуу 3 га газар, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай тогтоолоор 1 га газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны тус сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгажээ.
Сант сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/41 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар иргэн Ц.Цэвээн-Очирт / Ц.Цэнд-Аюушийн ах / Орхон гол дагуу 8 га газрыг 15 жилийн хугацаатайгаар төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
Сант сумын засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очирын эзэмшлийн дээрх 8 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон үндэслэлээ шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт:
1. Нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очирт газар олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг хууль зөрчиж олгосон,
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурын тогтоол гараагүй,
3. Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан тариаланч өрх болохыг тодорхойлсон шийдвэр тогтоолгүйгээр иргэнд 8 га газар эзэмшүүлсэн гэх үндэслэлүүдийг дурджээ.
Дээрх газар эзэмшүүлэхтэй холбогдсон шийдвэрүүдээс дүгнэхэд маргаан бүхий газар нь 2016 он хүртэлх хугацаанд буюу хилийн цэсийг дахин тогтоох хүртэлх хугацаанд /2016 онд хилийн цэс шинэчлэн тогтоосноор маргаан бүхий газар нь Сант сумын нутаг дэвсгэрт харьяалагдах болсон/ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж тухайн цаг хугацаанд иргэн Б.Сүхбаатарт түүнээс эрх шилжиж иргэн Ц.Цэнд-Аюуш нарын эзэмшилд шилжихдээ тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгогджээ. Өөрөөр хэлбэл уг газар нь анх олгогдохоосоо өмнө Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь тус сумын дээрх ИТХ-н тогтоолуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4-т Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очир нь Баруунбүрэн сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай захирамжаар Ц.Цэнд-Аюушд олгосон 10 га газрын хамтран эзэмшигч бөгөөд өөрийн дүү Ц.Цэнд-Аюушийн эзэмшлийн 10 га газрыг эзэмших хүсэлт гаргасныг тухайн үеийн Сант сумын Засаг дарга хүлээн авч түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Ц.Цэнд-Аюуш хүлээн зөвшөөрч ямар нэг гомдол гаргаагүй байна.
Сант сумын Засаг даргын 2017 оны А/69 дугаартай захирамжийн тухайд :
Сант сумын Засаг дарга А/69 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Ц.Цэвээн-Очирын эзэмшлийн 8 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслээгүй өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох бөгөөд хэрвээ хүчингүй болгосон тохиолдолд түүнд 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар мэдэгдэх үүрэгтэй байна.
Харин хариуцагч сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн Ц.Цэвээн-Очирын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд 33 дугаар зүйл заалт нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад хэрэглэгдэх заалт юм.
Зүй нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Сант сумын Засаг дарга өөрийн болон өмнөх Засаг даргын шийдвэр, захирамж Газрын тухай хууль тогтоомж , газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож таслан зогсоох боломжтой байна. Иймд Сант сумын Засаг даргын 2017 оны А/69 дугаартай захирамжийг хууль бус байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Цэвээн-Очир нь А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас гадна газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах боломжгүй байна. Учир нь тухайн сумын Засаг даргын зүгээс ямар нэг захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай .
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР