Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 056

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас 99817900, РД:ПЭ81050203 Күйек овогт Ховдашханы Жайнаханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Хайрат, утас 99422705/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Жайнахан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 тоот тушаалыг хүчингүй болгож няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Х.Жайнахан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд няраваар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус сургуулийн няравын үүрэгт ажлаас намайг чөлөөлж, хичээл зохицуулагчийн ажилд томилсон тушаалыг шинээр ирсэн захирал болох Х.Хайрат нь гаргасан боловч миний гарт чөлөөлсөн тушаалыг өдий хүртэл удаа дараа гуйсан боловч өгөхгүй байна. Өөр ажилд буюу цаг зохицуулагчид томилсон тушаалыг надад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарт минь өгч мэдэгдсэн. Өмнө нь ажилд томилохдоо хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Намайг үндэслэлгүйгээр няравын ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байгаа тул намайг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Жайнахан шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд А.Майра захирлын тушаалаар томилогдон ажиллаж байсан ба сургуулийн захирал солигдож шинээр ирсэн захирал Х.Хайрат нь ажлаа авсны дараа өөрийн хүн болох Р.Еркебуланыг дур мэдэн тус сургуулийн няравын ажилд томилсон. Намайг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг сургуулийн хичээлийн зохицуулагчаар томилсон. Иймд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл би багш мэргэжилгүй болохоор хичээл зохицуулах багшид өөрийгөө тэнцэхгүй гэж бодсон. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/604 тоотоор ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайратын хүсэлтийн дагуу албан тоотын хариуг ирүүлсэн ба няраваар суралцсан мэргэжил, диплом, Плаш сургалтын төвийн сертификаттай байна. Х.Жайнахан нь няравын ажилд ажиллах боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111/11 тоот тушаал үндэслэл муутай гарсан тул миний тайлбарыг харгалзан үзэж анх тушаал гаргасан орон тоо болох няравын ажилд намайг эгүүлэн томилж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.Майра 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Х.Жайнаханыг тус сургуулийн няраваар томилжээ. Иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн мөрөөр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 557 дугаартай захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүү, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийх явцад няраваар томилогдсон Х.Жайнахан нь санхүүгийн мэргэжлийн бус захирлын хамаатан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заасан Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, энэхүү зөрчлийг арилгахыг зөвлөжээ. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан няравын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, үлгэрчилсэн загварт боловсрол дээд, дунд боловсролтой, мэргэжил нягтлан бодох бүртгэл эдийн засгийн дунд мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшсэн, няравын мэргэжил эзэмших курс төгссөн байх-ыг шаарджээ. Нөгөө талаар нярав ажил нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, 2012 онд батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажилладгийн хувьд зайлшгүй санхүүгийн мэдлэг шаардагддаг ажил юм. Харин Х.Жайнаханы хувьд реклам зар сурталчилгааны техникч мэргэжилтэй санхүүгийн анхан шатны мэдлэг, санхүүгийн мэргэжилгүй болно. Нэгэнт Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай хяналт шалгалтын танилцуулгын 6-д зааснаар санхүүгийн мэргэжилгүй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг баримтлан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Х.Жайнаханыг нярвын ажлаас чөлөөлж, сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд томилсон. Иймээс санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүргийнхээ дагуу Х.Жайнаханыг няравын ажлаас чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан ажилтай болгосонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.Жайнаханы гомдлыг эс зөвшөөрч байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.Майра нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 тоот тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж Х.Жайнаханыг тус сургуулийн няраваар томилсон. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын мөрөөр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 557 дугаартай захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүү, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаанд аудитын албанаас хяналт шалгалт хийх явцад нярваар томилогдсон Х.Жайнахан нь санхүүгийн мэргэжлийн бус, захирлын хамаатан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр энэ зөрчлийг арилгахыг зөвлөсөн. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан нярвын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, үндсэн загварт боловсрол-дээд, мэргэжил-нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжилтэй эзэмших курс төгссөн байх гэдгийг шаардсан. Нөгөө талаар нярав нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2000 оны 69 тоот тушаалаар баталсан эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, 2012 онд батлагдсан төсвийн байгууллагын мөнгөн кассын үйл ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж мөрдөж ажиллахын хувьд санхүүгийн мэдлэг шаарддаг ажил юм. Харин Х.Жайнахан нь реклам зар сурталчилгааны техникч мэргэжилтэй, санхүүгийн анхан шатны мэдлэг, мэргэжилгүй болно. Нэгэнт санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын танилцуулгын 6-д зааснаар санхүүгийн мэргэжилгүй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг баримтлан миний бие 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дугаартай тушаалаар нярвын ажлаас чөлөөлж сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд томилсон. Иймээс санхүүгийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүргийнхээ дагуу Х.Жайнаханыг нярвын ажлаас чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан хичээлийн зохицуулагчаар томилсон. Хичээлийн зохицуулагч нь ТҮ-4, нярав нь ТҮ-4 ангиллын цалин авдаг учраас цалингийн хувьд хохироогүй. Тийм учраас Х.Жайнаханы гомдлыг эс зөвшөөрч байгаа учраас бүхэлд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Түүнээс гадна хичээлийн зохицуулагч заавал багш байх шаардлагагүй. Би сургуулийн захирлын дэргэдэх зөвлөл болон ахмад багш нартай 2 удаа харилцан зөвшилцөх хурал хийж Х.Жайнаханыг байлцуулан захирлын дэргэдэх зөвлөл болон ахмад багш нараас Х.Жайнаханд хичээлийн зохицуулагчийн ажлыг сайн хий, чи бол мэргэжлийн хувьд нярвын ажилд таарахгүй юм байна гэж зөвлөсөн. Иймээс харилцан тохиролцсоны үндсэн дээр Х.Жайнахан нь одоо хичээлийн зохицуулагчаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Еркебулан шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 2010 онд Улаанбаатар хотоос Мандах бүртгэл дээд сургуулийг банк эдийн засагч, ня-бо мэргэжлээр төгсөж, мэргэжлээр гурван жил ажилласан. Одоогоор 4 дүгээр бүрэн дунд сургуульд няравын ажил хийж байна. Гэтэл Х.Жайнаханы тус сургуульд холбогдуулан гаргасан ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд миний эрх ашиг сөргөөр нөлөөлөхөөр байна. Сургуулийн захирал тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийхэд Х.Жайнахан нь тус сургуулийн цаг зохицуулагч, миний бие няраваар ажиллахаар харилцан тохиролцож томилогдсон болно. Иймд энэ маргаан шүүхийн шийдвэр гаргахаас өмнө шийдэгдсэн гэж бодож байна. Х.Жайнахан нь эдийн засгийн мэргэжилгүй учир, санхүү ня-бо бүртгэлийн тухай хуулиар няраваар санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн ажиллах ёстой. Х.Жайнахан нь энэ шаардлагыг хангахгүй байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Еркебулан шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Х.Жайнахан бид хоёрт 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гарсан. Бид нар тэрнээс өмнө Х.Жайнахантай 2-3 удаа ярилцсан. Танд сертификат байхгүй, мэргэжил чинь таарахгүй юм байна, ашиг сонирхолтой юм байна гэхэд би аав, ээж, нөхөртэйгөө зөвшилцөнө гээд дандаа гараад явчихдаг байсан. Би сертификаттай хэрэг дотроос танилцсан. Тэрнээс өмнө энэ талаар мэдээгүй. Өмнө нь ямар ч сертификат гэх зүйл байхгүй байсан. Нэгэнт мэргэжлийн дагуу надад тушаал гаргаж байгаа. 2012 оны Сангийн сайдын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар нярав нь дунд болон дээд боловсролтой, эдийн засгийн мэргэжилтэй байх ёстой. Миний хувьд мэргэжил таарч байгаа учраас миний эрхийг харж үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Х.Жайнаханыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч байгаа нярав Х.Тилегений оронд тус сургуулийн няраваар авч ажиллуулахаар, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч тус сургуулийн захирал болон ажилтан Х.Жайнахан нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн 111 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Жайнаханыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус сургуулийн няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн Няравын ажлын байрны тодорхойлолтын В тавигдах шаардлага гэдэгт нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн дунд мэргэжилтэй байх нь чухал шаардлагатай, мөн Сангийн сайдын 2000 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр тушаалаар шинэчлэгдэн батлагдсан Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм-ийн 2-д Мөнгөн хөрөнгө, үнэт цаас бараа, түүхий эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд хогшил... тэдгээрийг хүлээн авалт, хадгалалт, зарцуулах ажлыг гардан хариуцсан нярав, аж ахуйн дарга... гэх мэт албан тушаалтныг эд хариуцагч гэнэ. Эд хариуцагч нь нягтлан бодох бүртгэл болон эдийн засгийн мэргэжлээр дээд, дунд мэргэжилтэй байж болох бөгөөд энэ талаар анхан шатны мэдлэг эзэмшсэн хүн байна гэсэн байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нярав нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцах, Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажилладаг учир зайлшгүй санхүүгийн мэдлэгтэй байхыг шаардаж байна.

Гэтэл нэхэмжлэгч Х.Жайнахан нь Реклам зар сурталчилгааны мэргэжлээр суралцаж төгсөж 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол-Солонгосын Техникийн коллежийн №ВD20100362 дугаартай дипломтой байна. 1Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний ерөнхий зүйл болох боловсрол гэдэгт дээд, мэргэжил гэдэгт эдийн засагч гэж Х.Жайнаханы боловсрол, мэргэжлийг буруу бичсэн байна.

Нэхэмжлэгч Х.Жайнаханы шүүхэд бүрдүүлж өгсөн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын FLASH санхүү бизнесийн мэргэшсэн сургалтын төвд суралцаж тусгай зөвшөөрөл №20/1052 дугаартай сертификат авч байсан гэх боловч энэ талаар тухайн үед Санхүүгийн хяналт, Аудитын шалгагч нарт болон хариуцагч талд мэдэгдээгүй, үзүүлээгүй гэдийг нэхэмжлэгч Х.Жайнахан нь өөрөө шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн ба учир шалтгааныг нь зааж өгч чадаагүй.

Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар аудитын хуулийн этгээд нь хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно, 9.4-т аудитын хуулийн этгээд нь энэ хуулийн 9.3-т заасан үйл ажиллагаанаас өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан байхад нэхэмжлэгч Х.Жайнаханы бүрдүүлж өгсөн энэ FLASH санхүү бизнесийн мэргэшсэн сургалтын төвөөс олгосон гэх сертификатад FLASH AUDIT LLC /Плаш аудит ХХК/-ний тамгыг дарж баталгаажуулсан нь эргэлзээтэй байна. Иймд энэ сертификат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Нэхэмжлэгч Х.Жайнахан нь ажилд авсан тушаал гаргасан тус сургуулийн захирал байсан А.Майратай төрөл садангийн холбоотой /Х.Жайнахан захирал А.Майрагийн эгчийн бэр/ болохыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, хэрэгт авагдсан тус сургуулийн захирал байсан А.Майрагийн Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийн тайлбар гэдэгт Х.Жайнахатай төрөл садангийн холбоотой болохыг тэмдэглэн бичсэн байдал, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заасан Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус сургуулийн санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар тогтоосон боловч одоогоор тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас А.Майра нь чөлөөлөгдсөн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Еркебулан нь 2010 онд Мандах бүртгэл дээд сургуулийг банкны эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн болох нь Мандах бүртгэл дээд сургуулийн №D201012696 дугаартай Дипломоор нотлогдож байгаа ба энэ нь няраваар ажиллах ажил байдлын тодорхойлолтыг хангаж байна.

Мөн хариуцагч Х.Жайнахан нь тус сургуульд няраваар ажиллаж байхад ТҮ-4 цалингийн шатлалаар цалинжиж байсан бол тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаартай тушаалаар томилогдсон хичээлийн зохицуулагчийн албан тушаал нь мөн ТҮ-4 цалингийн шатлалтай болох нь хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х.Жайнахан нь өөрийгөө багш мэргэжилтэй биш учир хичээлийн зохицуулагчийн орон тоонд ажиллах шаардлагыг хангахгүй байгаа гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Жайнахан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг хариуцагчийн тушаалдаа үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч нэхэмжлэгч Х.Жайнаханы төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь дээрх Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, няравын ажлын байрны тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус сургуулийн санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Жайнаханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Жайнаханаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч РД:ПЭ81050203 Күйек овогт Ховдашханы Жайнаханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Х.Жайнаханы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Жайнаханаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК