Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

Б.Алтанбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтанбаатарт холбогдох эрүүгийн 1736000000068 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттайгаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатар нь нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны хооронд Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн өндөр” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 560000 төгрөг хулгайлж, хохирогч М.Доржсүрэнд 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатарт 01/ нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Б.Алтанбаатарын эх Б.Баасанцэрэнд даалгаж, Өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэгт хамаардаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэж заасан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өсвөр насны шүүгэгч Б.Алтанбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хохирлоо төлсөн. Б.Алтанбаатар 14 настай бөгөөд гэмт хэргийн хор уршийг ухамсарлан ойлгох чадваргүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж  өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  Учир нь: Өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 02-ны хооронд Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах “ Хүрэн өндөр “ хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 560000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  шүүгдэгч Түмэн овогт Баасанцэрэнгийн Алтанбаатарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт 1 / нэг /  жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

             Учир нь: Б.Алтанбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй “ гэж заасан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж өсвөр насны шүүгдэгч Б.Алтанбаатарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэсэн нь  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хуульзүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол Б.Алтанбаатарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                  

Б.ДАМБА