Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00080/И |
Дугаар | 130/ШШ2017/00064 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00064
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суух, РД:БК000000, У овогт О н М ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 01, 02, 03 дугаар саруудын цалингийн зөрүү 1899632 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч байсан Р.Г нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар томилж ТҮМБ-3 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар цалинжуулж заах аргач зэргийн нэмэгдлийн 10%-иар бодож олгохоор тушаал гаргасан байсан. Гэтэл миний 2015 оны 11 дүгээр сарын цалинг тооцож гаргахдаа 11 дүгээр сард 109440 төгрөг, 12 дугаар сард 274000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 40000 төгрөг, 02 дугаар сард 182200 төгрөг, 3 дугаар сард 259728 төгрөг олгосон. Харин 2015 оны 11 дүгээр сард 450500 төгрөг, 12 дугаар сард 286000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 520000 төгрөг, 02 дугаар сард 372800 төгрөг, 3 дугаар сард 270272 төгрөг тус тус дутуу олгосон. 2015 оны 11, 12 дугаар сард 736500 төгрөг, 2016 оны 1, 2, 3 дугаар саруудад 1163072, бүгд 1899632 төгрөг дутуу олгосон. Би 560000 төгрөгийн цалин авах юм. Би цалингийн тооцоог нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцсон болно. Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс миний цалингийн зөрүү 2015 оны 11 дүгээр сард 450560 төгрөг 12 дугаар сард 286000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 520000 төгрөг, 02 дугаар сард 372800 төгрөг, 3 дугаар сард 270272 төгрөг, бүгд 1899632 төгрөгийг гаргаж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хавтаст хэрэг дотор бүх асуудал тодорхой байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж яръя. Нэхэмжлэгч О.М нь 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын 108 дугаартай тушаалаар англи хэлний багшаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Нэхэмжлэгч О.М нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн санхүүгээс 1899632 төгрөгийг нэхэмжилж байгаа. МСҮТ-ийн захирал байсан Г 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар ТҮМБ-3 дугаар зэрэглэлийн 2 шатлалаар цалинжуулж заах аргын, зэргийн нэмэгдлийг 10 хувиар бодож олгохоор тушаал гаргасан. Уг тушаалын нэг хувь хавтаст хэрэг дотор байгаа. Гэтэл нэхэмжлэгч О.Мын 2015 оны 11 дүгээр сарын цагийг тооцож гаргахдаа 11 дүгээр сард 109440 төгрөг, 12 дугаар сард 274000, 2016 оны 01 дүгээр сард 40000 төгрөг, 02 дугаар сард 187200 төгрөг, 03 дугаар сард 289728 төгрөг олгосон. 2015 оны 11-р сард 450560 төгрөг, 12 дугаар сард 286000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 502000, 02 дугаар сард 372800 төгрөг, 03 дугаар сард 270272 төгрөгийг тус тус дутуу олгосон. Өөрөөр хэлбэл 2015 оны 11, 12 сард 736560 төгрөг, 2016 оны 1, 2, 3-р саруудад 1163072 төгрөг, нийт 1899632 төгрөгийг дутуу олгосон. Ийм учраас дээрх мөнгийг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн санхүүгээс эдгээр дутуу олгосон мөнгийг О.Мад гаргуулж өгөхийг хүсье. Тухайн үед холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байгаа. Нэмж хэлэхэд хариуцагч байгууллага болох ажил олгогч О.Мыг цагийн багш болгосон бөгөөд улмаар цагийн багшаар цалин олгох ёстой гэж бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолд ч гэсэн цагийн багшийн тухай юм яригдаагүй. Сургуулийн захирал О.Мыг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 тоот тушаалаар англи хэлний багш болгосон. Энэ тушаал хавтаст хэрэг дотор байгаа. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад цагийн багш болгосон гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Г би нэхэмжлэгч О.Мын Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад түүний гомдлын шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Нэхэмжлэл гаргагч О.М нь "МСҮТөвийн санхүүгээс 2015 оны 11 дүгээр сарын цалингаас 394000, 12-р сарын цалингаас зөрүү 310000 төгрөг, бүгд 704000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхээс хүсжээ. Нэхэмжлэл гаргагчийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус төв нь 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий эрдмийн 20, мэргэжлийн 46 багштай сургА үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 онд тус төв 954 сурагчтай байсан. Тэр үед ажиллах багшийн дундаж орон тоог 962/15= 64 багш байхаар тооцдог байлаа. 2015-2016 оны хичээлийн жилд элсэлт багасаж 809 хүүхэд суралцаж байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой 1 багшид 15-18 сурагчаар дундажлан төсвийн коэффициентыг тооцож өгсөн. Тооцвол: а. 809/15=53,9 б.809/18=44 болж байна гэсэн үг. Энэ нь дараагийн жил дахин нягтруулалт, цомхтгол хийгдэхийг харуулж байна. Мэргэжлийн боловсролын сургалтыг кредит /багц цаг/-ээр тооцох Хөдөлмөрийн Сайд, Сангийн Сайдын 2013 оны 9-р сарын 27-ны өдрийн хамтарсан А/198/215 тоот тушаал, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан 2013 оны 12-р сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн Сайдын А/251 тоот тушаалаар баталсан журмын дагуу бид багшийн ажлын нормыг тогтоодог. Багш, тухайлбал О.М багш 45х=765-774 цагийн гүйцэтгэлтэй байж үндсэн багш болох ёстой. Англи хэлний хичээл: 2-р курс 11 бүлэг х 54 цаг = 594 цаг. 1-р курс 12 бүлэг х 54 цаг=648 цаг. Мэргэжлийн англи хэл 1-р курст 414 цаг Нийтдээ 1656 цагаар намар хуваарилалт хийсэн боловч 1-р курсийн 12 бүлгийг нягтруулж 7 бүлэг болгосноос 5х 54=270 цагаар хорогдож, одоо 1908 цагаас, үндсэн багш Х.А д 720 цаг, И.М д 774 цаг өгөхөд 1908- 1494= 414 цаг О.Мад оногдож 2015-2016 оны хичээлийн жилд англи хэлний цагийн багшаар ажиллаж байна. Нарийвчилсан задаргаа нь:
1.1(а+и),в,е,(ж+б),(з+ё), (д+т),(г+н) = 7x 54=378 цаг
2.а\хэл 2а.б,в,е,з,г,д,ё,ж,и,н, 11 х54 = 594,
3.м\а\х ...2б,г,з,е,ё,ж,н 7x54=378, 2в,2д= 72 , 2а=72 2и=0
4.1 ж2,1б2,1 а2,1 е2,1 еЗ= 5x54= 270ц, 1в2, 1л2=72, 1п2=72, Нийт-414цаг
Энэ оны хичээлийн жилийн эхэнд буюу 12 бүлгийг 7 болгож нягтруулаагүй байхад 414+270=684 цаг оногдож байсан. Багш зэрэглэлтэй багшийн норм нь 774 цаг буюу 17 кредит байх ёстой. О.М багшийн дутуу 90 цагийг бусад мэргэжлийн бус цаг, чөлөө авах багш нараас нөхөх замаар үндсэн багш болгох оролдлогыг 10-р сард хийж сургуулийн захирал 96 тоот тушаал гаргасан. Төсвийн хүндрэл цаашид үргэлжилж цалин хөлс хүрэхгүй болох асуудлыг Яаманд тавихад батлагдсан бүтэц орон тооны хязгаарт, төсөвтөө багтааж цагийн нягтрал хийх чиглэл өгсөн. ЕБС-ийн хувьд 1 ангид 25-32 хүүхэд байхаар хууль, журмаар тогтоогдсоныг мөрдлөг болгож бид нягтруулалтыг 2015 оны 11-р сарын 02-ноос хийсэн. МСҮТ-ийн ерөнхий эрдэм. ЕБС-тай адилхан байдаг. Тийм учраас эхний улирлын хичээлийг дуусгаж 11-р сарын 01-ээс нягтруулалт хийхэд англи хэлний мэргэжлээр 5 бүлгийн 270 цаг хорогдсоноор О.М багшийн цаг 684 биш 414 болж багассан. Зөвхөн О.М төдийгүй 6 багш цагийн багш болж байгаа тул зохицуулалт хийж түүнийг үндсэн багш байлгах ямар ч боломжгүй болсон юм. О.М нарыг цагийн багш болгосон 78 тоот тушаалыг 9-р сарын 28-нд гаргасан болно. О.М багшийн нэхэмжлэлд хавсаргасан 96 тоот тушаал нь гарсан өдрөө хүчингүй болж өөрчлөгдсөөр байхад түүнийг бичиг хэрэгт эргүүлэн авчирч өгөөгүйгээс ийм асуудал гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлагагүй ажилласан бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан нарт хариуцлага тооцож байна. Нэхэмжлэлд хавсаргасан 96 тоот тушаал албан ёсны биш болох нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 73 тоот тушаал, төвийн шинэ бүтэц, орон тоог батлах тухай 9-р сарын 28-ны өдрийн 78-р тушаалуудаар тус тус батлагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч О.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь гэвэл 1. О.М багш нь 2015 оны 09 дүгээр сараас эхэлж цагийн багшид шилжсэн. Энэ нь О.М багштай холбоотой 2 тушаалаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл О.Мыг цагийн багшаар томилсон 73 дугаар тушаал, энэ тушаалыг баталгаажуулсан 78 дугаар тушаал байгаа. Энэ тушаалын хавсралт хэсэгт О.М багш цагийн багш гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 10 дугаар сараас эхэлж О.М багшийн цагийн хүснэгт нь цагийн багшаар бичигдсэн байгаа. А багш чөлөө авсан үед түүний оронд нэг сар ажилласан. О.М багшид тухайлбал 09 дүгээр сард 400000 төгрөг, 10 дугаар сард А багшийн оронд ажилласан учраас бүтэн цалин гарсан, 11 дүгээр сараас эхлээд 96000 төгрөг, 184000 төгрөг гээд цагийн багшийн хөлс бичигдсэн байна. Тийм учраас үүгээр О.М багш нь цагийн багш гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч талын хэлж байгаа маргаан бүхий 96-р тушаал нь шинэчлэгдэж дахиж гарсан тушаал. Ажил олгогч он сар өдрийг өөрчлөх шаардлага гарсан учраас эхний тушаалыг өөрчилж дахиж шийдвэр гаргасан байна. Уг тушаал механик алдаатай гарсантай холбоотой байгууллагын бичиг хэргийн ажилтанд арга хэмжээ авагдсан. Одоо байгууллагын үлдэх хувь дээр байгаа маргаан бүхий 96 дугаар тушаал О.М багшид ямар ч хамаагүй. Тэгэхээр энэ маргаан бүхий 96 талаар тушаал нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд яригдахгүй. Байгууллага аль тушаал хүчинтэй, аль тушаал хүчингүй болох талаар тодорхой шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үүнтэй холбоотой гэж үзэж байна. Тус сургуулийн 73, 78 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс цалингийн зөрүү 2015 оны 11 дүгээр сард 450560 төгрөг 12 дугаар сард 286000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 520000 төгрөг, 02 дугаар сард 372800 төгрөг, 3 дугаар сард 270272 төгрөг, бүгд 1899632 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч О.Мыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2007 оны 11 дүгээр сарын ажилд түр томилох тухай 108 дугаар тушаалаар 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний багшаар түр хугацаагаар, мөн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 73 дугаар тушаалаар нэр бүхий багш нар болон О.Мыг англи хэлний цагийн багшаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилж байсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтран гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн журам батлах тухай А/198/215 дугаартай тушаалын 1 дүгээр хавсрА 1.3-д мэргэжлийн боловсрол, сургА асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургА төлөвлөгөө, норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог Мэргэжил сургалт үйлдвэрийн төв,... захирал тогтооно гэж зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 78 дугаартай Байгууллагын бүтэц орон тоо болон албан ангилал, зэрэглэл батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар байгууллагын бүтэц орон тоог баталж, Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын 2015 оны 6 сарын 29-ний өдрийн А/126 дугаар тушаалыг зөрчин үндэслэлгүй гарсан төвийн захирлын 2015 оны 8 сарын 05-ны өдрийн 58 тоот тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, батлагдсан албан тушаалыг ангилал, зэрэглэлээр хуулийн дагуу цалинжуулахыг ерөнхий ня-бо /Х.Б/-д зөвшөөрч, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ХШЧБ хариуцсан ажилтан /Б.Мөнхзул/-д даалгасан тушаал болон 2015-2016 оны хичээлийн жилд ажиллах багш нарын тооцоо гэх хүснэгтээр нийт 64 багшийн нэр бичигдсэн байх ба 59 дугаарт О М, Гадаад хэлний багш, цагийн багш гэж тодорхой бичсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтран гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн журам батлах тухай А/198/215 дугаартай тушаалын 1 дүгээр хавсрА 5.3-д зааснаар цагийн багшийн хөлсийг тухайн сургууль тогтоохоор журамласан ба Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нэг цагийн хөлсийг 4000 төгрөгөөр тогтоосон болох нь шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг болон тус төвийн 2015 оны 9,10, 11, 12, 2016 оны 01-03 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт болон цагийн багш нарын гүйцэтгэсэн цагийн тооцоо зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч О.М нь 2015 оны хичээлийн жилийн 11 дүгээр сард 24 цагийн хичээл зааж 96000 (24 цаг х4000 ) төгрөг, анги кабинетийн мөнгө 13440 төгрөгийг нэмж бүгд 109440 төгрөг, 12 дугаар сард 46 цагийн хичээл зааж 184000 (46цаг х4000) төгрөг, нүүрсний хөнгөлөлт 90000 төгрөгийг нэмж бүгд 274000 төгрөг, 2016 оны хичээлийн жилийн 01 дүгээр сард 10 цагийн хичээл зааж 40000 (10 цаг х 4000) төгрөг, 02 дугаар сард 30 цагийн хичээл зааж 120000 (30 цаг х4000) төгрөг, анги удирдсан 67200 төгрөгийг нэмж бүгд 187200 төгрөг, 3 дугаар сард 60 цагийн хичээл зааж 240000 (60 цаг х4000) төгрөг, анги кабинетийн мөнгө 49728 төгрөг, бүгд 289728 төгрөгийн цалин авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан тус төвийн 2015 оны 11, 12, 2016 оны 01-03 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт болон нэхэмжлэгч О.Мын гүйцэтгэсэн цагийн тооцоо зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч үүнд маргаагүй болно.
Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтран гаргасан 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн журам батлах тухай А/198/215 дугаартай тушаалын 1 дүгээр хавсрА 3.2-т багшийн сургА ажлын ачааллыг тооцож үнэлэхдээ танхимын болон танхимын бус сургА цагийн багшийн хооронд шилжүүлэн тооцохгүй гэж тодорхой заасан ба нэхэмжлэгч А.М нь хийсэн ажлын үр дүнд тохирсон гүйцэтгэсэн цагийг тооцсон сургА менежерийн гаргасан тооцоог хүлээн зөвшөөрч хөлсөө авч байсан бөгөөд тус төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 73 дугаартай тушаалаар англи хэлний цагийн багшаар томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ талаар гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч О.М нь тус төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн англи хэлний багшаар томилогдсон миний үндсэн цалин 560000 төгрөг байх ёстой ба дээрх авсан мөнгийг хасаж тооцож зөрүү мөнгийг минь олгож өгнө үү гэж маргажээ.
Гэтэл нэхэмжлэгч О.М 2015 оны 9 дүгээр сараас эхэлж цагийн багш байсан нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтэд нэхэмжлэгч О.Мын нэр байгаа цагийн багшийн гэх хэсэгт 400,000 төгрөг гэж бичигдсэн байдал болон тус төвийн захирлын нэхэмжлэгч О.Мыг 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн англи хэлний цагийн багшаар томилсон 73 дугаар тушаалаар нотлогдож байгаа ба 2015 оны 9 дүгээр сараас хойш өнөөдөр хүртэл тус төвт англи хэлний цагийн багшаар ажиллаж байгаа болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 11 ба 12, 2016 оны 01-03 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар тушаалаар тус төвийн англи хэлний багш Х.А нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний хүртэл 1 сарын цалингүй чөлөө авсан тул түүний оронд англи хэлний цагийн багш О.Мыг авч ажиллуулж байсан ба түүний тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг тодруулсан тухай тайлбартаа үндсэн цалингаа Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 560000 төгрөгөөр тооцож байгаа гэж тайлбар ирүүлсэн боловч О.Мын №12000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээс үзэхэд сарын хөдөлмөрийн хөлс нь янз бүрээр бичигдсэн ба уг Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин нь 560000 төгрөг байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт хууль журмын дагуу цугларсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Цагийн багш томилох тухай 73 дугаар тушаал, мөн төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Байгууллагын бүтэц орон тоо болон, албан тушаалын ангилал, зэрэглэл батлах тухай 78 дугаартай тушаал болон хавсралт, тус төвийн 2015 оны 11 ба 12, 2016 оны 01-03 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгч О.Мын 11 дүгээр сард цагийн багшаар тооцож 24 цагийн гүйцэтгэлээр цалин гаргасан болно гэх ня-бо Х.Бы тодорхойлолт, тус төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай тушаалаар Нийтийн хоолны онол дадлагын багш З.Бад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож, багш З.Бын оронд багш Т.Г ыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн З.Б эргэж ажилдаа орох хүртэл томилсон, Т.Гын нотариатаар баталгаажуулсан 2015 оны 10 сарын 19 өдөр 96 дугаар тушаалыг өгсөн үнэн, 96 тушаалд З.Б ын оронд 2015 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн намайг ажилд томилсон тушаал байсан гэх гарын баримт болон Х.Е, М.Ж нарын нотариатаар баталгаажуулсан 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 96 дугаар тушаал хүчингүй болсон гэж 99 дүгээр тушаал өгсөн гэх нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч О.М нь тус төвийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Цагийн багш томилох тухай 73 дугаар тушаалаар 2015 оны 9 дүгээр сарын 01-нээс эхэлж цагийн багшаар томилогдож өнөө хүртэл цагийн багшаар ажиллаж байгаа болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр бүрэн нотлогдож байх тул тус төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар О.Мыг 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн англи хэлний үндсэн багшаар томилсон тушаал хүчингүй болсон тушаал болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал буюу ажил олгогч ажилтан О.Мтай 2014 оны 10 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан ба харин цагийн багш болгосноор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийх талаар хөдөлмөрийн хуулиар зохицуулаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч О.Мыг цагийн багшаар томилсон тушаал хүчин төгөлдөр байгаа ба О.М нь цагийн багшаар ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтанд цалин хөлсийг нь хийснээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62315 төгрөгөөс 45344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16971 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч О.Мын Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс цалингийн зөрүү 1899632 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62315 төгрөгөөс 45344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16971 төгрөгийг Баян-Өлгий аймгийн төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч О.Мад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ