Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 065

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, БЛ70092504 регистрийн дугаартай, Санырау овогт Зултайн Айнагүл,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, БЮ77092004 регистрийн дугаартай, Бахат овогт Шамшитын Ердибек,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, БЖ74051661 регистрийн дугаартай, Жантекей харажан овогт Турсанханы Майра нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Файн Ноос ХХК /захирал Д.Дорждэрэм/-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хыдырпатша, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт З.Айнагүл-д 1347500 төгрөг, Ш.Ердибект 1347500 төгрөг, Т.Майрад 1347500 төгрөг нийт 4042500 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч З.Айнагүл, Т.Майра, Ш.Ердибек нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра бид Файн ноос" ХХК-д самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар ажилладаг байсан бөгөөд ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан боловч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж Заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00017 тоот магадлал зэрэг эрхийн актаар ажилд эргүүлэн тогтоосон юм. Хариуцагч тал Давж Заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дууссан тул хүчин төгөлдөр болсон юм. Одоо бид ажлаас үндэслэлгүй халагдсан 2016 оны 01 дүгээр сарын 25-наас одоо хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Засгийн газрын тогтоолоор тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192500 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгөөр тооцож ажилгүй байгаа 7 сарын хугацааны цалинд З.Айнагүл-д 1347500 /192500х 7-н сар=1347,500/ төгрөг, Ш.Ердибек 1347500 /192500х 7-н сар= 1347500/ төгрөг, Т.Майра 1347500 /192500х 7-н сар= 1347500/ төгрөг нийт 4042500 /дөрвөн сая дөчин хоёр мянга таван зуун/ төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгч: З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра бид гурвын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин олговор болох нийт 4042500 /дөрвөн сая дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Файн ноос ХХК-наас гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч З.Айнагүл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Анх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бид нарыг ажлаас чөлөөлж тушаал гаргасан. Тэгээд бид нар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 7 сарын хугацааны цалингаа нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрээр бид нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Тийм учраас 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1347500 төгрөг нэхэмжилж байна. Иймд шүүхээс дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Ш.Ердибек шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 7 сарын цалин хөлс болох 1347500 төгрөгийг нэхэмжилж байна. Ийм учраас шүүхээс 1347500 төгрөгийг Файн ноос ХХК-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Т.Майра шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би бас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1347500 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Файн ноос ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дорждэрэм шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж "ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин 4042500 гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэж Файн ноос ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат Санырау овогт Зултайн Айнагүл /РД:БЛ70092504/, Бахат овогт Шамшитийн Ердибек /РД:БЮ77092004/, Жантекей-Харажан овогт Турсанханы Майра /БЖ74051661/ нарыг тус компанийн самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Манай компанийн зүгээс хуульд заасан үүргээ ухамсарлаж нэр бүхий ажилтнуудыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж ажиллуулахыг бодож хэд хэдэн удаа дуудсан. Гэвч эдгээр 3 ажилтнуудаас зөвхөн Ш.Ердибек л ажилдаа ирж, 5 удаа ээлжийн машин баригчийн ажил хийсэн. Ингэж ажиллах явцдаа хариуцлага алдсан, ээлжийн мастерын шаардлагыг үл тоосон, ажлаас зугтаасан, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулж, нэлээдгүй зардал гаргасан юм.

2.Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нар тус компаниас ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин гэж тус бүр 1347000 төгрөг нийт 4042500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар:

2.1.Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот тушаалын дагуу Самнах үйлдвэр ээлжит ба шаардлагатай их засварт орсон. Тус их засвар нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд үйлдвэрт зөвхөн их засвар хийсэн тодорхой буюу нарийн ур чадвар бүхий цөөн тооны ажилтнууд ажилласан. Харин бусад ажилтнуудын хувьд ажиллаагүй тул огт цалин аваагүй бөгөөд дээрх тушаалын дагуу компанийн зүгээс цалингийн доод хэмжээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нотлох бичиг баримтуудыг хавсаргав. Иймээс компанийн зүгээс үйлдвэрт их засвар хийсэн хугацаанд нэхэмжлэл гаргасан 3 ажилтныг бусад ажилтнуудын мөн адил зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэгчид орон тооны цомхтголд орж ажлаас чөлөөлөгдөөгүй байсансан бол бусдын адил л зарчмаар буюу цалингүй, зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг л төлөх байсан билээ. Нэг үгээр хэлбэл нэхэмжлэгчид нь авах боломжгүй цалинг нэхэмжилж шаардаж байгаа нь шударга бус байна гэж дүгнэж байна.

2.2. Компанийн зүгээс 4042500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас дараах мөнгөн дүнг л хүлээн зөвшөөрч болно.

Файнноос" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №08/04 тоот, №08/07 тоот, №08/09 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч нарын тус бүрт 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нэхэмжлэгчид сайн мэдэж байгаа. Компани 2016 оны 02 дугаар болон 3 дугаар сар бүтэн их завсартай байсан тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл /цаашид НДШ гэх болно/ = 23040 х 2 = 46080 төгрөг, 4 дүгээр сарын эхний ажлын 8 хоногийн НДШ = 23040 /21 х 8 = 8777.15 төгрөг, нийт Их засварын хугацааны НДШ нь 54857.15 төг болж байна.

3.Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байдаг.

3.1 Нэхэмжлэгч Ш.Ердибекийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №1029484 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 81189.4 (125500 + 66667 + 51401 = 243568/3 = 81189,4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 3866,16 (81189,4/21 = 3866,17) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ердибекийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 324757,6 (81189,4 х 4сар) төгрөг, нэмэх нь 50260.21 (3866,17 х 13хоног) төгрөг нийт 375017,81 (324757,6 + 50260.21 ) төгрөг байна. Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/07 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 375017,81 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 175017,81 төгрөгийг олгохоор тооцоолов.

3.2.Нэхэмжлэгч Т.Майрагийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №000150214 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 113987.4 (204545+66667+70750 = 341962/3 = 113987.4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 5427,98 (113987.4 /21 = 5427,98 ) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч Т.Майрагийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 455949,6 (113987.4 х4сар) төгрөг, нэмэх нь 70563.74 (5427,98 х 13хоног) төгрөг нийт 526513,34 (455949,6 +70563.74 ) төгрөг байна.

"Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/09 тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийг тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 526513,34 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 326513,34 төгрөгийг олгохоор тооцоолов.

3.3.Нэхэмжлэгч З.Айнагүлийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №0826631 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 87305.4 (125500+66667+69749=261916/3=87305.4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 4157,36 (87305.4/21 = 4157,36) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч З.Айнагүлийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 349217,6 (87305.4 х 4сар) төгрөг, нэмэх нь 54045.68 (4157,36 х 13хоног) төгрөг нийт 403263,28 (349217,6 + 54045.68) төгрөг байна. Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/04 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 403263,28 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 203263,28 төгрөгийг олгохоор тооцоолов. Нэхэмжлэгч Зултайн Айнагүл, Шамшитийн Ердибек ба Турсанханы Майра нар шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох бүрэн эрхтэй болсон хэдий ч ажилд удаа дараа дуудахад ирж ажиллаагүй. Тус 3 ажилтны зүгээс ажилдаа эргэн ирж ажиллах оролдлого, санаачилга огт гаргаагүй. Ажилд дуудахад ирж ажиллаагүй мөртлөө шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж гомдол гаргасан байна. Тэдний энэхүү байдлаас ажиглахад компаниас ямар нэгэн байдлаар зүгээр мөнгө авах сонирхолтой байгаа нь илт байна. Компанийн хувьд хаяг байршлаа солих гэх мэтээр ямар нэгэн байдлаар өөрийн хууль ёсны үүргээс огт зугтаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлсэн болохыг энэ дашрамд цохон тэмдэглэе.

4.Компанийн зүгээс 2016 оны 01 дүгээр сард эдгээр ажилтнуудыг яагаад чөлөөлөх тухай шийдвэр гаргасан тухайд тайлбар хэлэхэд:

Монгол Улс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар болон Баян-Өлгий аймгуудаас ОХУ руу малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохыг тодорхой бус хугацаагаар хориглосон. Үүний шалтгаан нь тус аймгуудад гарсан шүлхий өвчин юм. Хориг тавьсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнүүдийн тоонд угаасан ноос ба төрөл бүрийн ноосны хялгас багтсан юм. Угаасан ноос буюу хялгас нь манай компанийн нийт борлуулалтын биет хэмжээний 70 орчим хувийг, мөнгөн дүнгийн 40 орчим хувийг эзэлдэг. Малын гоц халдварт өвчин бол гэнэтийн ба ноцтой. давагдашгүй хүчин зүйл бөгөөд манай компанийн үйл ажиллагаанаас огт хамааралгүй, гэхдээ бид үр дагаврыг бүрэн үүрэх болдог эрсдэлт хүчин зүйл билээ.

ОХУ-д экспорт хийх нөхцөлийн хувьд малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчилсөн малыг бүрэн устгаж, бусад малыг бүрэн вакцинжуулснаас хамгийн багадаа 12 сарын дараа онцгой байдлын хориг тавигддаг. ОХУ-д энэхүү хориг одоог хүртэл тавигдаагүй тул манай экспортын борлуулалт хийгдэхгүй байна. Энэхүү хүнд нөхцөл байдалд компанийн удирдлагын зүгээс компанийн цаашдын оршин тогтнох боломжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг тодорхойгүй хугацаагаар бууруулах, үйлдвэрийг шөнийн ээлжгүй болгож, самнасан ноосны гарцын чанарт илүү хатуу анхаарал хандуулахаар үйлдвэрийг их засварт оруулсан юм. Хориотой байх хугацаанд бид ОХУ руу угаасан ноос, хялгас экспортолж чадахгүй, харилцагч компаниудын өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, олон жилийн турш шаргуу ажиллан олж авсан зах зээлд эзлэх байр суурь болон нэр хүндээ алдаж, тогтмол орлогогүй болсноор санхүүгийн хүнд нөхцөлд ороод байна. Угаасан ноос буюу хялгасыг их хэмжээгээр зөвхөн ОХУ-д борлуулж чаддаг бөгөөд Европын холбооны улсуудад голдуу самнасан ноос борлуулдаг ба хялгас, угаасан ноосыг борлуулдаггүй юм. Өнөөдрийн байдлаар бид бараг 250 мянган еврогийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй ОХУ-ын хорио цээр тавигдахыг хүлээсэн байдалтай байна. Ойрын хугацаанд тус бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй бол манай компани банкнаас авсан зээл, цалин, цахилгаан, нүүрс ба бусад зардлуудыг бүрэн төлж чадахгүй хэмжээнд хүрэх хүндрэл нүүрлээд байна. Компани цаашид оршин тогтнож чадах эсэх асуудал энэхүү эдийн засгийн хямралтай үед үүсээд байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан ажилтнуудын хувьд ажлын ур чадвар муу, хамт олондоо нэр хүнд муутай, нэг биш удаа алдаа хийж үйлдвэрт багагүй хэмжээний хохирол учруулж байсан, бусад ажилтнуудад буруу үлгэр дууриалал болдог байсан ажилтнууд юм. Сайн, хичээж ажилладаг ажилтнууд маань зовж ядарч цалин хөлс авдаг байхад муу ажилтнууд нь ажлаа чанаргүй гүйцэтгэж, сайн ажилтнуудын далбаан дор цалин хөлс авдаг байдлыг таслан зогсоох зорилгоор зарим ажилтнуудыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Чөлөөлөгдөх ажилтнуудын ар гэрийн санхүүгийн байдлыг харгалзан зөвхөн орон тооны цомхтголд хамруулахаар шийдвэрлэж, нэг сарын үндсэн цалингийн хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж олгож халсан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчид огт ажил хийхгүйгээр цалин авах санаатайгаар шүүхэд хандаж байгаа нь бусад үнэнчээр хөдөлмөрлөж ажиллаж буй хүмүүст маш ноцтой буруу үлгэр дууриалал болж, одоогийн үүссэн санхүүгийн хүнд дарамт дээр сэтгэл санааны том дарамт буюу гутрал нэмж, манай ажилтнуудыг шударга ажиллах урам зориггүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин болох нийт 4042500 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хыдырпатша шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Тухайн үед бид нар шүүхийн шийдвэрийг хүндэтгээд нэхэмжлэгч нарыг ажилд урьсан. Гэхдээ 9 дүгээр сарын 06-ны өдөр урьсан. Яагаад гэвэл 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үйлдвэр ажиллахгүй байсан тул ажилд авах боломжгүй байсан. Тийм учраас эдгээр хүмүүсийг 09 дүгээр сарын 06-ны өдөр ажилд урьж, захиргаанаас тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулж гарын үсэг зурахыг хүссэн. Гэтэл нэхэмжлэгч нар та нар бидний хүссэн ажлыг өгөхгүй байна гээд урьсан ажилд ирээгүй. Ганцхан Ж.Ердибек л ирээд 5 хоног л ажиллаад яваад өгсөн. Нэхэмжлэгч нарын шаардаж байгаа хэмжээний цалинг өгөх боломжгүй байна. Учир нь эдгээр хүмүүстэй хамт ажиллаж байсан 20 хүнийг үйлдвэр зогссоноор ажлаас гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д зааснаар тэдгээр хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Хэрвээ нэхэмжлэгч нар тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан бол тэдгээр хүмүүстэй адилхан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөх байсан. 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зөвхөн үйлдвэрийн механикч хүмүүс л засвар хийсэн. Эдгээр хүмүүстэй хамт ажиллаж байсан бүх хүмүүс ажилгүй, чөлөөтэй байсан. Улирлын чанартай, ажилгүй чөлөөтэй байсан үед тэдгээр бүх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг түрүүн шүүхэд гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192500 төгрөгөөр тооцож төлж өгсөн. Тэдгээр хүмүүсээс нэг ч хүн өнөөдрийг хүртэл гомдол ирүүлээгүй. Тэгэхээр бид нар нэхэмжлэгч нарын 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөх боломжтой. Харин нэхэмжилж байгаа цалинг төлж өгөх боломжгүй. Хэрвээ нэхэмжлэгч нар тухайн үед ажиллаж байсан бол нийгмийн даатгалын шимтгэлийгтөлүүлэх боломжтой байсан. Үйлдвэр маань улирлын чанартай байсан учраас тухайн үед ажиллаагүй байсан. Тийм учраас нэхэмжлэгч нарт нэг хүнд дунджаар 54847 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Дараагийн асуудал бол эдгээр хүмүүстэй хамт ажиллаж байсан хүмүүс 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд буцаад ажилдаа ороод цалин авч эхэлсэн. Харин энэ хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг ярьж болно, энэ бол зүйд нийцнэ. Тэгэхдээ бид тэдний цалин төлөхдөө Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 85 тоот тушаалын хавсралт ёсоор дундаж цалин хөлс тодорхойлох журмын А хэсэг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлөхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлох аргачлалаар сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар ажилгүй байсан хугацааны цалинг төлж өгөх боломжтой. Тэр тооцоог шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нарийн тооцоолж гаргасан байгаа. Энэ нь юугаар тодорхойлогдож байна вэ гэвэл нийгмийн даатгалын дэвтэрт хүн болгоны нэр дээр шилжүүлж байсан эдгээр хүмүүсийн 2015 оны 11, 12 дугаар, 2016 оны 01 дүгээр сарын буюу 3 сарын дунджийг гаргаж өгсөн. Энэ дунджаар бодоод нэхэмжлэгч нарын цалингийн дунджийг бодоход ажиллаагүй байсан 4 сар 13 хоног цалин аваагүй. Дээр хэлсэн тушаалын хавсралтад заасан аргачлалаар хүн тус бүрийг нарийн тооцоолж бодож гаргахад нэхэмжлэгч Ш.Ердибект 175017 төгрөг 81 мөнгө, Т.Майрад 326513 төгрөг, З.Айнагүлд 203263 төгрөг 28 мөнгөний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох тооцоо гарч байна. Бид онд энэ тооцооны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалинг төлж өгөхийг зөвшөөрч байна. Яагаад гэвэл нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тухайн үед компанийн боломжгүйгээс болж эдгээр хүмүүсийг ажиллуулаагүй учраас дээрх тооцооны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Эдгээр хүмүүст төлж өгөх нийт мөнгөнөөс хүн болгонд ажлаас гарах үед 200000 төгрөгийн тэтгэмж олгож дансанд шилжүүлж өгсөн. Энэ хүмүүсийг нэгэнт ажилласнаар тооцож дундаж цалинг гаргаж байгаа учраас ажлаас халагдсаны тэтгэмж болох 200000 төгрөг хасагдах журамтай гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар хариуцагч Файн Ноос" ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 7 сарын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хүн тус бүр 1,347,500 төгрөг бүгд 4,042,050 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Файн Ноос ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тус үйлдвэр их засвартай байсан ба энэ хугацаандаа ажилчид ажиллаагүй тул нэхэмжлэгч нарын дээрх хугацааны цалинг олгох боломжгүй мөн нэхэмжлэгч нарын ажлаас чөлөөлөхдөө ажлаас халагдсаны тэтгэмж гэж хүн тус бүр 200,000 төгрөг авсан тул уг мөнгийг хасаж тооцож, нийт 4 сар 13 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжтой гэж маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Т.Майра, З.Айнагүл, Ш.Ердибек нарыг хариуцагч Файн Ноос ХХК-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08-09, 08-07, 08-04 дугаар тушаалуудаар тус тус ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 231 дугаар шийдвэрээр Т.Майра, З.Айнагүл, Ш.Ердибек нарыг Файн Ноос ХХКомпанийн Самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар тус тус эгүүлэн шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай магадлалаар нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тусгахыг ажил олгогч Файнноос ХХК-нд үүрэг болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан ба уг шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч Файн Ноос ХХКомпанийн гүйцэтгэх захирал Д.Дорждэрэм нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 130, 126, 131 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Т.Майра, З.Айнагүл, Ш.Ердибек нарыг тус компанийн Самнах үйлдвэрийн машин баригчаар тус тус томилсон байна.

Ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Майра, З.Айнагүл,Ш.Ердибек нарын 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 7 сарын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Файн Ноос ХХКомпаниас гаргуулах нь зүйтэй байна

Нэхэмжлэгч нар үндсэн цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож хүн тус бүр 1,347,500 (192500х4) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажлаас халагдахаас өмнөх 2015 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцоход нэхэмжлэгч нарын дундаж цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч нар энэхүү цалин хөлстэй холбоотой асуудлын талаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч ямар нэгэн гомдол гаргасан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар тухайн үед авч байсан цалин хөлсөө хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэжНийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын улсын байцаагч М.Армиягийн цалингийн жагсаалт зэрэг нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэгч нарын ажлаас халагдахаас өмнөх 2015 оны 10, 11, 12 дугаар сард авч байсан гурван сарын цалингаар дундаж цалинг тооцох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын буюу 2015 оны 10, 11, 12 дугаар саруудын дундаж цалинг нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тооцоход нэхэмжлэгч З.Айнагүл нь 132237 төгрөг, нэхэмжлэгч Т.Майра нь 158813 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ердибек нь 178741 төгрөгийн тус тус дундаж цалинтай болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нарыг ажил олгогч Файн Ноос ХХКомпаний гүйцэтгэх захирал нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас нь халсан ба нэхэмжлэгчид тухайн сарыг дуустал бүрэн ажиллаагүй тул уг сарыг нэхэмжлэгч нарын ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дунджид оруулж тооцоогүй болно.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нар ажлаас халагдсаны дараа хүн тус бүр ажлаас халагдсаны тэтгэмж гэж 200000 төгрөг авсан тул уг мөнгийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос хасаж тооцох мөн тус үйлдвэр нь 2016 оны 01 дүгээр сарын 25-наас 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл их засвартай байсан тул уг хугацааны цалинг олгохгүй үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудад ч гэсэн цалин олгоогүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгох-оор заасан ба нэхэмжлэгч нарт олгосон гэх ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгийг хасаж тооцох мөн тус үйлдвэр нь их засвартай байсан хугацааг ажилгүй байсан хугацаанд оруулахгүй байх тухай тус тус заагаагүй байна.

Мөн ажил олгогч нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж тухайн үед ажлаас нь халаагүй бол өнөөдөр нэхэмжлэгч нар хариуцагч Файн Ноос ХХКомпаниас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг мөн тус үйлдвэрийн бусад ажилтны адил их засвартай байх хугацааны цалинг нэхэмжлэхгүй байсан.

Иймд хариуцагч Файн Ноос ХХКомпаниас нэхэмжлэгч нарын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,288,537 төгрөг гаргуулан үүнээс нэхэмжлэгч З.Айнагүлд 925659 (7сар х 132237) төгрөг, нэхэмжлэгч Т.Майрад 1111691 (7сар х158813) төгрөг, нэхэмжлэгч Ш.Ердибект 1251187 (7х178741) төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 753963 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 3288537 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 67567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Самнах үйлдвэрийн мастер Маржан, Лара нарын бичсэн гэх акт хоёр хуудас, Голомт банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04, 78 дугаар албан бичгүүд, №1161209000009, №170111000108 дугаар бүхий төлбөрийн нэхэмжлэлийн хуулбар хувь, Файн Ноос ХХКомпаний гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаар тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 79, 80, 81 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Файн Ноос ХХКомпаний Самнах үйлдвэрийн ажиллагсдын цомхтголын цалин олгох хүснэгт хуулбар хувь, Файн Ноос ХХКомпаний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 09-12 дугаар саруудын мөн 2016 оны 01-11 дүгээр саруудын тайлангууд, тус комапаний 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангууд, Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаар албан бичгийн хуулбар хувь зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Файн Ноос ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,288,537 төгрөг гаргуулан үүнээс нэхэмжлэгч З.Айнагүлд 925659 төгрөг, нэхэмжлэгч Т.Майрад 1,111,691 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ердибект 1,251,187 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 753963 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79800 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Файн Ноос ХХК-иас 67567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ