Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 043

 

З.Айнагүл, Т.Майра, Ш.Ердибек нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Файн ноос ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хыдырпатша, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговорт З.Айнагүлд 1347500 төгрөг, Ш.Ердибект 1347500 төгрөг, Т.Майрад 1347500 төгрөг, нийт 4042500 төргрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра бид Файн ноос" ХХК-д самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчаар ажилладаг байсан бөгөөд ажил олгогчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан боловч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж Заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00017 магадлал зэрэг эрхийн актаар ажилд эргүүлэн тогтоосон юм. Одоо бид ажлаас үндэслэлгүй халагдсан 2016 оны 01 дүгээр сарын 25-аас одоо хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг Засгийн газрын тогтоолоор тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192500 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгөөр тооцож ажилгүй байгаа 7 сарын хугацааны цалинд З.Айнагүлд 1347500 төгрөг, Ш.Ердибек 1347500 төгрөг, Т.Майра 1347500 төгрөг нийт 4042500 /дөрвөн сая дөчин хоёр мянга таван зуун/ төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра бид гурвын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин олговор болох нийт 4042500 /дөрвөн сая дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Файн ноос ХХК-иас гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Иргэн З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж "ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин 4042500 гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэж Файн ноос ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн зүгээс хуульд заасан үүргээ ухамсарлаж нэр бүхий ажилтнуудыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж ажиллуулахыг бодож хэд хэдэн удаа дуудсан. Гэвч эдгээр 3 ажилтнуудаас зөвхөн Ш.Ердибек л ажилдаа ирж, 5 удаа ээлжийн машин баригчийн ажил хийсэн. Ингэж ажиллах явцдаа хариуцлага алдсан, ээлжийн мастерын шаардлагыг үл тоосон, ажлаас зугтаасан, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулж, нэлээдгүй зардал гаргасан юм. Файнноос ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот тушаалын дагуу Самнах үйлдвэр ээлжит ба шаардлагатай их засварт орсон. Тус их засвар нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд үйлдвэрт зөвхөн их засвар хийсэн тодорхой буюу нарийн ур чадвар бүхий цөөн тооны ажилтнууд ажилласан. Харин бусад ажилтнуудын хувьд ажиллаагүй тул огт цалин аваагүй бөгөөд дээрх тушаалын дагуу компанийн зүгээс цалингийн доод хэмжээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Нотлох бичиг баримтуудыг хавсаргав. Иймээс компанийн зүгээс үйлдвэрт их засвар хийсэн хугацаанд нэхэмжлэл гаргасан 3 ажилтныг бусад ажилтнуудын мөн адил зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжтой. Компанийн зүгээс 4042500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас дараах мөнгөн дүнг л хүлээн зөвшөөрч болно. Файнноос" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №08/04 тоот, №08/07 тоот, №08/09 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч нарын тус бүрт 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нэхэмжлэгчид сайн мэдэж байгаа. Компани 2016 оны 02 дугаар болон 3 дугаар сар бүтэн их завсартай байсан тул тус хугацааны нийгмийн даатгалын шимтгэл /цаашид НДШ гэх болно/ = 23040 х 2 = 46080 төгрөг, 4 дүгээр сарын эхний ажлын 8 хоногийн НДШ = 23040 /21 х 8 = 8777.15 төгрөг, нийт Их засварын хугацааны НДШ нь 54857.15 төг болж байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ш.Ердибекийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №1029484 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 81189.4 (125500 + 66667 + 51401 = 243568/3 = 81189,4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 3866,16 (81189,4/21 = 3866,17) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ердибекийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 324757,6 (81189,4 х 4сар) төгрөг, нэмэх нь 50260.21 (3866,17 х 13хоног) төгрөг нийт 375017,81 (324757,6 + 50260.21 ) төгрөг байна. Файнноос ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/07 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 375017,81 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 175017,81 төгрөгийг олгохоор тооцоолов. Нэхэмжлэгч Т.Майрагийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №000150214 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 113987.4 (204545+66667+70750 = 341962/3 = 113987.4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 5427,98 (113987.4 /21 = 5427,98 ) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч Т.Майрагийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 455949,6 (113987.4 х 4сар) төгрөг, нэмэх нь 70563.74 (5427,98 х 13хоног) төгрөг нийт 526513,34 (455949,6 +70563.74) төгрөг байна. "Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/09 тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийг тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 526513,34 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 326513,34 төгрөгийг олгохоор тооцоолов. Нэхэмжлэгч З.Айнагүлийн цалингийн дунджийг түүний хавтаст хэрэгт авагдсан №0826631 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын хэлтсээс олгогдсон цалингийн жагсаалтыг үндэслэн сүүлийн гурван сарын дундаж болох 87305.4 (125500+66667+69749=261916/3=87305.4) төгрөгийг ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцоход 8 сар 10 хоног ба нэг өдрийн цалин нь 4157,36 (87305.4/21 = 4157,36) төгрөг байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан нийт 7 сарын хугацааны цалин нэхсэн байх тул их засвар хийсэн үеийн хугацааг хасаж тооцоход 4 сар 13 хоног болж байна. Иймд нэхэмжлэгч З.Айнагүлийн ажилгүй байсан хугацааны бодит нөхөн олговор нь 349217,6 (87305.4 х 4сар) төгрөг, нэмэх нь 54045.68 (4157,36 х 13хоног) төгрөг нийт 403263,28 (349217,6 + 54045.68) төгрөг байна. Файнноос ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25 өдрийн №08/04 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчид 200000 төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг нотлох банкаар тэтгэмж шилжүүлсэн санхүүгийн баримтыг хавсаргасан болно. Тиймээс нийт 403263,28 төгрөгийн нөхөн олговрын 200000 төгрөгийг барагдуулсан байгаа тул үлдэгдэл болох 203263,28 төгрөгийг олгохоор тооцоолов. Нэхэмжлэгч Зултайн Айнагүл, Шамшитийн Ердибек ба Турсанханы Майра нар шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох бүрэн эрхтэй болсон хэдий ч ажилд удаа дараа дуудахад ирж ажиллаагүй. Тус 3 ажилтны зүгээс ажилдаа эргэн ирж ажиллах оролдлого, санаачилга огт гаргаагүй. Ажилд дуудахад ирж ажиллаагүй мөртлөө шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж гомдол гаргасан байна. Тэдний энэхүү байдлаас ажиглахад компаниас ямар нэгэн байдлаар зүгээр мөнгө авах сонирхолтой байгаа нь илт байна. Компанийн хувьд хаяг байршлаа солих гэх мэтээр ямар нэгэн байдлаар өөрийн хууль ёсны үүргээс огт зугтаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлсэн болохыг энэ дашрамд цохон тэмдэглэе. Компанийн зүгээс 2016 оны 01 дүгээр сард эдгээр ажилтнуудыг яагаад чөлөөлөх тухай шийдвэр гаргасан тухайд тайлбар хэлэхэд: Монгол Улс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар болон Баян-Өлгий аймгуудаас ОХУ руу малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохыг тодорхой бус хугацаагаар хориглосон. Үүний шалтгаан нь тус аймгуудад гарсан шүлхий өвчин юм. Хориг тавьсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнүүдийн тоонд угаасан ноос ба төрөл бүрийн ноосны хялгас багтсан юм. Угаасан ноос буюу хялгас нь манай компанийн нийт борлуулалтын биет хэмжээний 70 орчим хувийг, мөнгөн дүнгийн 40 орчим хувийг эзэлдэг. Малын гоц халдварт өвчин бол гэнэтийн ба ноцтой. давагдашгүй хүчин зүйл бөгөөд манай компанийн үйл ажиллагаанаас огт хамааралгүй, гэхдээ бид үр дагаврыг бүрэн үүрэх болдог эрсдэлт хүчин зүйл билээ. ОХУ-д экспорт хийх нөхцөлийн хувьд малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчилсөн малыг бүрэн устгаж, бусад малыг бүрэн вакцинжуулснаас хамгийн багадаа 12 сарын дараа онцгой байдлын хориг тавигддаг. ОХУ-д энэхүү хориг одоог хүртэл тавигдаагүй тул манай экспортын борлуулалт хийгдэхгүй байна. Энэхүү хүнд нөхцөл байдалд компанийн удирдлагын зүгээс компанийн цаашдын оршин тогтнох боломжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг тодорхойгүй хугацаагаар бууруулах, үйлдвэрийг шөнийн ээлжгүй болгож, самнасан ноосны гарцын чанарт илүү хатуу анхаарал хандуулахаар үйлдвэрийг их засварт оруулсан юм. Хориотой байх хугацаанд бид ОХУ руу угаасан ноос, хялгас экспортолж чадахгүй, харилцагч компаниудын өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, олон жилийн турш шаргуу ажиллан олж авсан зах зээлд эзлэх байр суурь болон нэр хүндээ алдаж, тогтмол орлогогүй болсноор санхүүгийн хүнд нөхцөлд ороод байна. Угаасан ноос буюу хялгасыг их хэмжээгээр зөвхөн ОХУ-д борлуулж чаддаг бөгөөд Европын холбооны улсуудад голдуу самнасан ноос борлуулдаг ба хялгас, угаасан ноосыг борлуулдаггүй юм. Өнөөдрийн байдлаар бид бараг 250 мянган еврогийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй ОХУ-ын хорио цээр тавигдахыг хүлээсэн байдалтай байна. Ойрын хугацаанд тус бүтээгдэхүүнийг борлуулж чадахгүй бол манай компани банкнаас авсан зээл, цалин, цахилгаан, нүүрс ба бусад зардлуудыг бүрэн төлж чадахгүй хэмжээнд хүрэх хүндрэл нүүрлээд байна. Компани цаашид оршин тогтнож чадах эсэх асуудал энэхүү эдийн засгийн хямралтай үед үүсээд байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан ажилтнуудын хувьд ажлын ур чадвар муу, хамт олондоо нэр хүнд муутай, нэг биш удаа алдаа хийж үйлдвэрт багагүй хэмжээний хохирол учруулж байсан, бусад ажилтнуудад буруу үлгэр дууриалал болдог байсан ажилтнууд юм. Сайн, хичээж ажилладаг ажилтнууд маань зовж ядарч цалин хөлс авдаг байхад муу ажилтнууд нь ажлаа чанаргүй гүйцэтгэж, сайн ажилтнуудын далбаан дор цалин хөлс авдаг байдлыг таслан зогсоох зорилгоор зарим ажилтнуудыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Чөлөөлөгдөх ажилтнуудын ар гэрийн санхүүгийн байдлыг харгалзан зөвхөн орон тооны цомхтголд хамруулахаар шийдвэрлэж, нэг сарын үндсэн цалингийн хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж олгож халсан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчид огт ажил хийхгүйгээр цалин авах санаатайгаар шүүхэд хандаж байгаа нь бусад үнэнчээр хөдөлмөрлөж ажиллаж буй хүмүүст маш ноцтой буруу үлгэр дууриалал болж, одоогийн үүссэн санхүүгийн хүнд дарамт дээр сэтгэл санааны том дарамт буюу гутрал нэмж, манай ажилтнуудыг шударга ажиллах урам зориггүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин болох нийт 4042500 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Файн Ноос ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,288,537 төгрөг гаргуулан үүнээс нэхэмжлэгч З.Айнагүлд 925659 төгрөг, нэхэмжлэгч Т.Майрад 1,111,691 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ердибект 1,251,187 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 753963 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарын нэхэмжлэлтэй, 4042500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 232 дугаар шийдвэр гарсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 126, 130, 131 тоот тушаалууд гарч нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нарыг самнах үйлдвэрийн самнах цехийн машин баригчийн ажилд эгүүлэн томилсон билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхтэй байна. Хариуцагчийн зүгээс уг шаардах эрхийн талаар маргахгүй байгаагаа шүүхэд илэрхийлж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч тус бүр 7 сарын ажилгүй байсан хугацаанд хүн тус бүр 1347500 төгрөг бүгд 4042050 төгрөг гаргуулахыг хүссэнийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ тухай тайлбараа холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримттай харьцуулан үнэлээгүй. Тухайлбал, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу нэхэмжлэгч нарын ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын буюу 2015 оны 11,12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сарын дундаж цалинг нэг бүрчлэн тооцоолоход нэхэмжлэгч Ш.Ердибекийн хувьд түүний хавтаст хэрэгт авагдсан №1029484 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 81189.4 (125500+66667+51401=243568/3=81189,4) төгрөг, нэхэмжлэгч Т.Майрагийн хувьд түүний хавтаст хэрэгт авагдсан №000150214 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 113987.4 ( 125500+66667+70750=341962/3=113987.4 ) төгрөг, нэхэмжлэгч З.Айнагүлийн хувьд түүний хавтаст хэрэгт авагдсан N20826631 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгосон цалингийн жагсаалтад бичигдсэн бичилтээр тооцоход дундаж цалин нь 87305.4 ( 125500+66667+69749=261'916/3 = 87305.4) төгрөг болж байна. Нэхэмжлэгч нар тус бүр нийт 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн ба дээрх тооцооллоор нэхэмжлэгч Ш.Ердибек 568325,3 (81 189.4 х 7 сар) төгрөг, нэхэмжлэгч Т.Майра 797911,3 (113987.4 х 7 сар) төгрөг, нэхэмжлэгч З.Айнагүл 611 137,3 (87305.4 х 7 сар) төгрөг авахаар байна. Гэхдээ Файнноос" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 1-р сарын 25-ны өдрийн N208/04, N208/07, N208/09 тоот тушаалын дагуу нэхэмжлэгч нарын тус бүрт цомхтголын цалин болгож 200000 төгрөг олгож байсан. Тийм учраас нэхэмжлэгч нарт цомхтголын цалин болгож олгосон байсан 200000 төгрөг тэдний нэхэмжилж буй үнийн дүнгээс суутгагдах ёстой. Уг 200000 төгрөгийг тэдний авах ёстой дундаж цалингаас хасаж тооцоход нэхэмжлэгч Ш.Ердибек 368325,3 (81189.4 х 7 сар =568325.3-200000) төгрөг, нэхэмжлэгч Т.Майра 597911,3 (113987.4 х 7 сар =797911.3- 200000) төгрөг, нэхэмжлэгч З.Айнагүл 411'1137,3 (87305.4 х 7 сар = 6111137.3-200000) төгрөг тус тус авахаар байна. Мөн Файн ноос ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01-р сарын 25-ны өдрийн 09 тоот тушаалын дагуу Самнах үйлдвэр ээлжит ба шаардлагатай их засварт орсон. Тус их засвар нь 2016 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд үйлдвэрт зөвхөн их засвар хийсэн тодорхой буюу нарийн ур чадвар бүхий цөөн тооны ажилтнууд ажилласан. Харин бусад ажилтнуудын хувьд ажиллаагүй тул огт цалин аваагүй бөгөөд дээрх тушаалын дагуу компанийн зүгээс цалингийн доод хэмжээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Иймээс компанийн зүгээс үйлдвэрт их засвар хийсэн хугацаанд нэхэмжлэл гаргасан 3 ажилтныг бусад ажилтнуудын мөн адил зөвхөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэгчид орон тооны цомхтголд орж ажлаас чөлөөлөгдөөгүй байсансан бол бусдын адил л зарчмаар буюу цалингүй, зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл л төлөгдөх байлаа. Холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: "Файн ноос" ХХК-ны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот "давж заалдах гомдол"-д танилцаж энхүү хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхээс Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт "дундаж цалин хөлс тодорхойлох журмын" 7-р зүйлийн "а" дахь хэсэгт заасан журмыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж маргажээ. Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек Д.Майра бидний хувьд "Файнноос" ХХК-нд ажиллаж байсан үеийн хөлсний дунджийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн 55-р тушаалыг хавсралтын "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дахь заалтын "а"-д зааснаар тодорхойлохдоо тухайн үед мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192500 төгрөгөөс доогуур тогтоогдсон учраас анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192500 төгрөгөөр тооцож бидний ажилгүй байсан хугацааны олговрыг хөдөлмөрийн тухайн хуулийн 69-р зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой гэж үзнэ. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай 2010 оны 4-р сарын 16-ны өдөр батлагдсан хуулийн 7-р зүйлийн 7.2 "ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь түүнд хөдөлмөр нийгмийн зөвлөлийн гурван тал үндэсний хорооноос тогтоогдсон хэмжээнээс багагүй үндсэн цалин хөлс олгох үүрэгтэй" гэж заасан. Ингэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгож байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасныг шүүх зөрчиж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтаар тооцож бидний цалин хөлсийг тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний сарын доод хэмжээ 192500 төгрөгөөс буруулж тооцоолсон нь хууль бус болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж З.Айнагүл Ш.Ердибек Т.Майра бидний сарын цалингийг хөдөлмөрийн хөлсийг тухайн үед мөрдөгдөж байсан 192500 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 7 сарын хугацаанд оногдох олговор хүн тус бүрт 1347500 төгрөгөөр гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нар нь Файнноос ХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож /7 сар х 192500=1347500 х 3/ 4042500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Файнноос ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Самнах үйлдвэр ээлжит их засварт орж 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд ажилтнууд ажиллаагүй тул огт цалин аваагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Компани 2016 оны 02 болон 3 дугаар сард бүтэн их засвартай байсан тул тус хугацааны НДШ-д 54857 төгрөг болж байна. Нэхэмжлэгч Ш.Ердибект тэтгэмжид олгосон 200000 төгрөгийг хасаад 175017 төгрөг, Т.Майрад тэтгэмжид олгосон 200000 төгрөгийг хасаад 326513 төгрөг, З.Айнагүлд тэтгэмжид олгосон 200000 төгрөгийг хасаад 203263 төгрөг тус тус олгохоор байна илүү нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Ажил олгогчоос нэхэмжлэгч З.Айнагүл, Т.Майра, Ш.Ердибек нарыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08-09, 08-07, 08-04 дугаартай тушаалаар тус тус ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр , Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай магадлал гарч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч Файнноос ХХК нь шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 126, 130, 131 дугаартай тушаалаар нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн томилсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 7 сараар тооцож, нэхэмжлэгч нарын дундаж цалин хөлсийг тооцоход З.Айнагүлийн цалин 132237 төгрөг, Т.Майрагийн цалин 158813 төгрөг, Ш.Ердибекийн цалин 178741 төгрөг байна. Нэхэмжлэгч нар ажилгүй байсан хугацааны цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулахыг хүссэн ба нэхэмжлэгч нарын дундаж цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа боловч тухай үед энэ талаар гомдол гаргаж байсан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүйгээс үзэхэд нэхэмжлэгч нар тухай үед авч байсан цалин хөлсөө хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцож, нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2015 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцсон байна. З.Айнагүл, Ш.Ердибек, Т.Майра нар 2016 оны 01 дүгээр сард бүрэн ажилаагүй учраас анхан шатны шүүх дундаж цалинг тогтоохдоо 2015 оны 10, 11, 12 дугаар сарын дунджаар тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нэхэмжлэгч нарт ажлаас халагдсаны тэтгэмж гэж олгосон 200000 төгрөгийг хасаж тооцох ёстой гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгохоор заасан тэтгэмжийг хасаж тооцох талаар заагаагүй байна. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үйлдвэрт их засваар хийсэн энэ хугацаанд ажилчид цалин аваагүй тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаанаас энэ хугацааг хасаж тооцох байсан гэж маргах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ажилтаны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтаныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан олговор олгоно, 56 дугаар зүйлийн 56.2 ...ажилтаны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэсжээнээс догуур байж болохгүй гэж заасан байх тул уг хугацааг хасаж тооцох үндэслэл байхгүй байна.

 

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийт өөрчлөлт оруулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ