| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2015/08514/И |
| Дугаар | 184/ШШ2016/01478 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2016/01478
2016 оны 11 сарын 21 өдөр Дугаар184/ШШ2016/01478 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр, бусдад төлсөн хүү, засварын ажлын хөлс нийт 6,174,306 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгдийн холбооны гүйцэтгэх захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгдийн холбооны гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж нь манайх засварын баригадуудтай болж байгаа тул засварын материалыг хямд үнээр бэлтгэж сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээг чанартай хийнэ. Иймд энэ *******тай гэрээ байгуулж засвараа хийлгэ гэсний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн инженер ажилтай *******тай тус сууц өмчлөгчдийн холбооны харъяа 74 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцнуудын хана, тааз, шалны засал чимэглэлийн ажлыг чанарын өнөдөр түвшинд хийж гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. ******* нь өөрөө төсвөө гаргаж ирсэн бөгөөд нийт ажлын хөлс орсон, өртөг нь 8,248,000 төгрөг гэж тохиролцсон. ******* нь урьдчилгаа мөнгө гэж нэхээд байсан учир 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Баримтаар 3,300,000 төгрөг авсан. Үүний дараа 4 дүгээр орцноос замаскын ажил хйиж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин 1,000,000 төгрөг бэлнээр авч, нийт 4,300,000 төгрөг авсан.
******* нь ингээд засварын ажил хийж эхлэнгүүтээ удаашраад байхаар нь асуухад мөнгө нэмж өг гэж хэлсэн. Тэгэхэд эхэлж авсан материалын баримтаа өг гэж хэлэхэд 125 уут замаск, 6 лааз будаг, зүлгүүр, цавуу, хоол унд зэрэг орсон 3,172,000 төгрөгийн тооцоо гэж гар бичмэл өгсөн. Энэ баримтуудтай холбоотой санхүүгийн баримтууд өгөөгүй.
Би 125 уут замаск арай хэтэрхий их байна гэж хэлэхэд та нар надад итгэсэн гэж хэлээд ажлаа хаяад явсан. ******* нь 2,3,4 дүгээр орцны таван давхарт хагас дутуу, 1 дүгээр орцны дөрвөн давхар хүртэл замаск татсан өөр ямар ч ажил хийгээгүй.
Манай сууц өмчлөгчдийн холбоо тухайн үед 27 дугаар байрны дээврийг хорь гаруй сая төгрөгөөр засуулаад мөнгө муутай байсан учир Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлд хандсанаар ******* дамжуулан ******* гэгчээс 6-н хувийн хүүтэй 3,000,000 төгрөг зээлж авч байж гэрээний урьдчилгааг 2014 оны 9 дүгээр сарын 02-нд *******д төлсөн байсан.
Энэ хүнд зээлийн хүүг нь төлсөөр ирсэн. Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлд “*******” СӨХ-д хүсэлт гаргаж *******гийн гүйцэтгэсэн ажлыг шалгуулахад барилгын инженерийн ажилтай ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй төсөвөөрөө засварын ажлаа хийгээгүй байна. Засварын ажилд авсан 4,000,000 төгрөгнөөс хийсэн ажлыг нь хасаад 3,787,306 төгрөгөөр хохироосныг илрүүлж удирдах хяналтын зөвлөлийн төлбөрийн актыг гарсан. Хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг нь 212,694 төгрөгийн ажил хийсэн.
******* нь Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд ажилдаггүй байсныг нь сүүлд мэдсэн. Айлууд засварын талаар хэл ам гаргаад байхаар нь Гантулга гэдэг хүнд 1,750,000 төгрөгийн хөлс төлж ажлыг хийж дуусгуулсан. Энэ хүнд барилгын материалыг бид өөрсдөө авч өгсөн.
Иймд Б.*******д зээлийн хүүнд төлсөн 637,000 төгрөг, төлсөн засварын ажлын хөлс болох 1,750,000 төгрөг, *******гаас гэрээний үүргээ биелүүлээгүй тул засварын ажилд урьдчилгаанд өгсөн 3,787,306 төгрөг, нийт *******гаас 6,174,306 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “******* би 2014 оны 8 дугаар сард Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндоржтой харилцан бизнесийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар тохиролцож засварын ажлын төсөл боловсруулан улсын их хурлын гишүүн Б.Арвинд танилцуулан Улаанбаатар хот дахь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн харъяа орон сууцны байруудын их дунд засварын ажиллуудыг нэгдсэн бригадтай, төвлөрсөн материал хангамжтайгаар хэрэгжүүлэхээр үй ажиллагаа явуулж эхэлсэн билээ. “*******” сууц өмчлөгчдийн холбооны 74 дүгээр байрны орцны засварын төсөвт ажлын төсвийг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн төсөвчин Б.Ундрах, нябо Б.Алтанцэцэг гүйцэтгэх захирал С.Цэрэндорж нарын хүсэлтээр тэргүүлэх төсөвчин Б.Энхтогтохоор гаргуулан хийсэн. Төслийн эхний үе шатны ажил байсан учраас 74 дүгээр байрны засварын ажлын төсөв 2 орц хийх төсөвт өртгөөр 4 орцны ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхэлсэн.
Бид 4 орцны хана таазны хуулалт хусалт нөхөөс шавардлага тэгшилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг хийсэн ажлын төсөвийн гүйцэтгэлээр тодорхойлно. Тус байрны засварын ажлын түрүү түрүүчийн засварууд мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэж чанарын шаардлага хангахгүй болж маш их ажиллагаатайгаар засагдах ажил байна. Биднийг ажил гүйцэтгэх явцад оршин суугчдаас эерэгээр хүлээж аван мэргэжлийн төвшинд хийж байгаад сэтгэл хангалуун байсныг дурдах нь зүйтэй байна.
Мөн би “*******” сууц өмчлөгчдийн холбооноос 3,300,000 төгрөг урьдчилан авсан. Үүнээс өөр мөнгө аваагүй. Би 1,000,000 төгрөгийг нэмж аваагүй. Засварын ажилд 4 орцтой 5 давхар барилгын засварыг 200,000 төгрөгөөр хийнэ гэж байхгүй. Төсвийн хувьд 2 орцны хэмжээтэй хийсэн. 2 орц байна уу 4 орц байна уу надад мөнгө хамаагүй байсан. Яагаад гэвэл би нөөц бололцоогоо ашиглаад хийе гэсэн зорилгоор хийсэн. 4 орцоор хийх гэхээр 16,000,000 төгрөг болж байна гэхэд ******* гуай төсөвт хүрэлцэхгүй байгаа учраас 8,000,000 төгрөгөөрөө 2 орцны засварыг хийлгүүлье гэсэн. Би 2 орцны төсвөөр 4 орц хийгээд явж байсан. Ажлаа 21 хоногийн гүйцэтгэл хийгээд санхүүжилтгүйн улмаас зогссон. Нэг м.кв тайлбайд долоон ажил хийж байгааг хэлсэн. Нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсэн. 5,700,000 гаран төгрөгийн ажил хийсэн. Санхүүжилт дууссан шалтгаанаар харилцан тохиролцож ажлыг зогсоосон.
Тэр бусдад төлсөн мөнгөний хүү болон Ганзориг гэдэг хүнд төлсөн засварын ажлын хөлсийг би төлөх ямар ч үндэслэл байхйгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3,787,306 төгрөгийг буцаан гаргуулах, Б.*******д зээлийн хүүнд төлсөн 637,000 төгрөг, төлсөн засварын ажлын хөлс болох 1,750,000 төгрөг, нийт 6,174,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу “*******” Сууц өмчлөгчдийн холбооны харъяа 74 дүгээр байрны 1, 2, 3, 4 дүгээр орцуудын хана, тааз, шалны засал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр засварын ажил гүйцэтгэх гэрээг “*******” Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан бөгөөд гэрээнд тусгагдсан ажлын хөлс болон үнийг төсөвт зааснаар тодорхойлсон ба тэргүүлэх төсөвчин Ө.Энхтогтохын тогтоосон 8,248,002 төгрөгийн төсвөөр гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Заварын ажил гүйцэтгэх гэрээ”, тэргүүлэх төсөвчин Ө.Энхтогтохын “Төсөвт өртгийн нэгдсэн товчоо”, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь засварын ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 4,300,000 төгрөгийг *******д өгсөн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч ******* урьдчилгаа төлбөрт 3,300,000 төгрөг авсан гэж тайлбарлаж, маргажээ.
Хариуцагч ******* нь гэрээний урьдчилгаа төлбөрт 3,300,000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан бэлэн олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд харин нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэмж 1,000,000 төгрөгийг *******д өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй ба энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан урьдчилгаа төлбөрт олгосон мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмэлжийн шаардлагын үндэслэлээ “... *******гийн хийж гүйцэтгэсэн ажлыг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шалгалтын хяналтын байцаагч шалгаад 212,694 төгрөг гэж тогттоосон тул урьдчилгаанд авсан зардлыг буцаан гаргуулна ...” гэж тайлбарладаг ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... би ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу нийтдээ 5,700,000 төгрөгийн ажил хийсэн ...” гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч ******* нь өөрийн татгалзаж буй 5,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг нотолсон баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргийн дагуу татгалзалтай холбоотой баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч *******г ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу 5,700,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь *******гийн гүйцэтгэсэн засварын ажлын гүйцэтгэлийг шалгуулахаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд хүсэлт гаргасны дагуу тус зөвлөлийн хяналтын байцаагч *******гийн хийж гүйцэтгэсэн ажлын зарцуулалтыг 212,694 төгрөг гэж тогтоосон болох нь хэрэгт авагдсан орцны засварын ажлыг шалгасан танилцуулга, Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар акт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 352.2.2-д зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч *******гаас урьдчилгаанд авсан 3,300,000 төгрөгөөс түүний гүйцэтгэсэн ажил болох 212,694 төгрөгийг хасаж үлдэх 3,087,306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь Б.*******ээс авсан зээлийн хүүнд төлсөн 637,000 төгрөг, төлсөн засварын ажлын хөлс 1,750,000 төгрөг зэргийг хариуцагч *******гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Заварын ажил гүйцэтгэх гэрээ”-нд зааснаар ******* нь бусдад төлсөн зээлийн хүү болон өөр бусдад төлсөн ажил гүйцэтгэсний хөлсийг төлөх үүрэггүй байна. Иймд нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар хариуцагч *******гаас 3,087,306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,087,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 64,347 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР