Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01094

 

М.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 703 дугаар магадлалтай

М.Д-ын нэхэмжлэлтэй

Д.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О-тэй 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу хүү 360 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, үндсэн зээл 2 000 000 төгрөг, нийт 3 360 000 төгрөгийг төлөөгүй байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Д- гэх хүнээс зээл аваагүй тухай үйл баримтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарны 31-ний өдрийн 01821 дүгээр шийдвэрээр нэгэнт тогтоосон, зээлийг Д.О- гардаж аваагүй, хэрэглээгүй болох нь нотлогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.О-өөс 3 360 000 төгрөгийг гаргуулан М.Д-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 703 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 69 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 703 тоот магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргав.

Хавтас хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Д.О- нь зээлийн гэрээнд дурдсан мөнгийг өөрөө аваагүй үйл баримт тогтоогдож, харин түүнийг А.Нямхишиг гэх иргэн авч захиран зарцуулсан тухай, түүнчлэн уг мөнгөтэй холбогдон гарсан үүрэг болох зээлийн хүүг А.Нямхишиг төлж байсан тухай /ХХ-н 11 тал/ дурдаж үүний хажуугаар гэрч хохироогч нар баталсан баримтууд авагдсан байдаг. Харин анхан шатны шүүхээс А.Нямхишиг уг мөнгийг авахад хариуцагч Д.О- хамт байлцсан гэх үндэслэлээр, мөн 181/ШШ2017/01821 тоот шийдвэрийн дагуу бусдын буюу А.Нямхишигийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэсэн нь үндэслэлгүй тул 2 160 000 төгрөгийг буцаан авсан үйл баримтад үндэслэн Д.О- нэхэмжлэлд дурдсан мөнгийг авсан болгон шийдвэрийн үндэслэх хэсэгт тогтоосон нь өрөөсгөл дүгнэлт болжээ.

Нөгөө талаас Д.Отонтөмөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг А.Нямхишигт худалдах хүсэл зориг байснаас түүнийг барьцаанд тавьж зээл авах хүсэл зориг байгаагүй билээ. Харин зээл авах хүсэл зориг анхнаасаа А.Нямхишигт байсан ба хүсэл зоригийнхоо дагуу М.Д-аас зээл авч өөрөө захиран зарцуулсан үйл баримт нэгэнтээ тогтоогдсон болно.

Түүнчлэн магадлалын үндэслэлд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр товлосон өдөр шүүх хуралдааныг хийсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд бэлтгэх боломжит хугацаа гэж үзэх боломжгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас эрх зөрчигдсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болжээ. Хариуцагчийн зүгээс хэдий шүүх хуралдаанд биечлэн оролцсон боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарснаас хойш ердийн боломжит хугацаа буюу шүүх хуралд бэлтгэх хугацаа байгаагүй учир хэргийн материалыг бүрэн дүүрэн нягтлах боломжгүй байв. Жишээ нь уг зээлийн гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан А.Нямхишиг нь уг мөнгөний эхний сарын хүүг төлсөн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтнийг байцаасан тэмдэглэл нэгэн зэрэг баталдаг. Чухам нэг сарын хүү төлөгдсөн тухай ийнхүү нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч уг мөн  гийг авч хэрэглээгүй байхад хариуцагчаар алдангийг бүхэлд нь гаргуулахаар шийдсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон төдийгүй хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх боломжийг хязгаарлаж зайлшгүй авагдах нотлох баримт бүрдээгүй болно.

Анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2017/12485 тоот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн эзэмшлийн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай захирамж гаргаад хариуцагчид танилцуулаагүй байх нь хэргийн оролцогчийн эрхийг мөн зөрчжээ.

Түүнчлэн шүүх хуралдаан даргалагчаар хэнийг томилсон захирамж гаргаагүй байж шүүгч Б.Хишигбаатар нь шүүх хуралдааныг даргалсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалт болон үүнтэй холбоотой хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 77 тоот албан бичгийн дагуу хуулбар 3 ширхэг баримт ирсэн нь хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудтай адил боловч шүүх хуралдааны даргалагч түүнийг шүүх хуралдаан нээхэд дурдаж, танилцуулж энэ тухай зохих журмын дагуу баримтжуулах байтал нотлох баримтыг танилцуулаагүй нь мөн л хэргийн оролцогчийн эрхийг бүдүүлгээр зөрчжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг зохицуулсан байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 7.2-т “Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна” гэж заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хууль хэрэглээний материаллаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн хэм хэмжээг хэд хэдэн удаа зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Д- нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 360 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг аваагүй гэж маргажээ.

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч М.Д- нь Д.О-т  2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг авч, гэрээнд заасан хугацаанд  зээлийг эргүүлэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч М.Д- нь 2 000 000 төгрөгийг Д.О-, М.Нямхишиг нарт өгсөн гэж, хариуцагч Д.О- нь  би аваагүй, М.Нямхишигт өгсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар М.Д-ас 2 000 000 төгрөгийг хүлээж авахад Д.О-, М.Нямхишиг нар цуг байсан бөгөөд мөнгийг М.Нямхишиг авч Д.О-т 200 000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогджээ.

Зээлийн гэрээгээр М.Д- нь Д.О-т зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч зээлдэгчийн зөвшөөрснөөр зээлийг М.Нямхишигт өгсөн нь “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь заалтад нийцсэн байна.

Зээлдүүлэгч гэрээний үүргийг бодитоор биелүүлсэн тул зээлдэгч Д.О- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийг буцаан төлөх гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 2 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хүү /2 000 000 х 6% х 3 сар/ 360 000 төгрөг, гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангийг үндсэн зээлийн 50%-иар тооцож /2 000 000 х 50%/ 1 000 000 төгрөг, нийт 3 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтад нийцсэн байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь урьд шүүхээр шийдвэрлэгдсэн Д.Мөнхтуяа, Д.О- нарын нэхэмжлэлтэй “Ланд стар ложистикс” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хэргийн үйл баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцугч нь шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, шүүх хуралдаанаас өмнө шинээр гаргах нотлох баримт, хүсэлтгүй талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа нь хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдлыг үгүйсгэж байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/00173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 703 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                          Х.ЭРДЭНЭСУВД