Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/00173

 

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/00173

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 26 дугаар байрны 133 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Бүргэд овогт М. Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 13 дугаар гудамжны 179 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Д. О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан юм. Зээлийн гэрээний дагуу хүү 360.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 төгрөг, нийт 3.360.000 төгрөгийг Д.О нь төлөөгүй юм. Д.О-т зээлдүүлсэн мөнгийг би Ланд стар ложистик ХХК-иас авсан ба Д.О нь тус компанид зээлийг төлсөн байснаа сүүлд шүүхэд хандаж тус компаниас буцаан гаргуулсан болно. Иймд Д.О-өөс 3.360.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь зээлийн гэрээг хийсэн нь үнэн боловч зээлийн мөнгийг Д.О бус А.Нхүлээж авсан юм. А.Н нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж, улмаар зээл авсан. Зээлийн мөнгийг Д.О бус А.Навсан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад холбогдох этгээдүүдээс өгсөн мэдүүлэг, прокурорын тогтоолоор тогтоогддог. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.360.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Д.О нь зээлийн мөнгийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр, 2.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож бичгээр гэрээ хийсэн талаар маргаагүй боловч зээлийн мөнгийг Д.О бус А.Н гэгч хүлээж авсан гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхөөс татгалзсан байна.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.М-ийн өгсөн хохирогчийн мэдүүлэг баримтад: ...Манай ах О нь Ниссан пикап маркийн тээврийн хэрэгслийг эзэмшдэг юм...тэр машиныг манай хүү Тулгын найз Н нь худалдаж авна гэж хэлээд засвараас аваад явсан...машиныг Ланд стар нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлж, нэг гэрээн дээр гарын үсэг зурчих гэхээр нь О зурсан байдаг...тэгээд нотариатаас гарч Оргил худалдааны төвийн үүднээс нэг залуугаас 2.000.000 төгрөг авсан. Уг мөнгөнөөс 200.000 төгрөгийг О ахад Н өгсөн...Н, О нар зээлийн гэрээ байгуулсан. Надад хуулбар нь байгаа... гэх бичвэр,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст А.Н-ийн өгсөн сэжигтний мэдүүлэг баримтад: ...би өөрийн таньдаг Д-ын банк бус санхүүгийн байгууллагаас 2.000.000 төгрөг авсан...тэгээд 200.000 төгрөгийг нь О ах өөрөө авсан...машин барьцаалахыг О ах өөрөө хүлээн зөвшөөрсөн...анх зээлийг О ахын нэр дээр авсан. Угаасаа машины эзэмшигчийн нэр дээр авдаг юм...Обид амаар ярьж тохиролцсон...тухайн үед Д зайсангийн урд тал Оргил худалдааны төвын гадна талд гэрийнхээ гадна мөнгө өгөхдөө гарын үсгээ зураад бэлнээр өгсөн... гэх бичвэр,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Т.Т-ын өгсөн гэрчийн мэдүүлэг баримтад: ...Оах бид хоёр авто тээврийн газарт очиж нэрээ шилжүүлээд, одоо нотариат орох хэрэгтэй байна гээд Хан-Уул дүүргийн хажууд байдаг нотариатын газар очиж Н, О ах хоёр орсон. Тэгээд зайсангийн Оргил худалдааны төв дээрээс нэг залуугаас Н гэрээний дагуу бэлнээр 2 сая төгрөг тоолж авсан... гэх бичвэр,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01821 дугаартай шийдвэр баримтад бичигдсэнээр, хариуцагч Д.О нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрч Д-ын мөнгөө авсан гэх Ланд стар ложистикс ХХК-д зээлийн мөнгийг буцаан төлж байсан үйл баримт, мөн ...Д-аас мөнгийг авахад О нь цуг байсан... гэх хариуцагч талын тайлбар зэргээр, хариуцагч Д.О нь зээлийн мөнгийг зээлдүүлэгч М.Д-аас хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн гэрээ байгуулсан талуудын хүсэл зоригоос үзвэл зээлдүүлэгч М.Д нь автомашины өмчлөгч буюу Д.О-т мөнгө зээлдүүлэх сонирхолтой байснаас гадна мөнгийг А.Н-т шилжүүлэн өгөх үед хариуцагч Д.О нь цуг байсан талаар маргаагүй тул тэрээр Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар, зээлийн гэрээний дагуу М.Д-аас А.Н-т хөрөнгө шилжүүлсэн өмчийн хэлцлийг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар, Д.О-т мөнгө зээлдүүлсэн гэж итгэсэн М.Дорждагвын итгэл үнэмшил хамгаалагдах ёстой.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01821 дугаартай шийдвэрээр, Д.М, Д.О нарын нэхэмжлэлтэй Ланд стар ложистикс ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар, талууд /М.Д-Д.О нар/-ын хувьд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй ба мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, эцсийн шийдвэрийг гаргах эрх прокурорт бус шүүхэд олгогдсон тул Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 201625031075 дугаартай прокурорын тогтоолоор ...Д.О мөнгө аваагүй... гэх үйл баримтыг тогтоогдсон хэмээн тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.О-өөс, 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн төлбөр 2.000.000 төгрөг, 3 сарын зээлийн хүүгийн төлбөр 160.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг /нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар/, нийт 3.360.000 төгрөгийг гаргуулж М.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Д.О-өөс 3.360.000 төгрөгийг гаргуулан М.Д-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-өөс 68.710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР