Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 537

 

Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01383 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/-д холбогдох

 

Зээл, алдангид 157 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан нь надаас 105 000 000 төгрөгийг зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Цао Жин Гуан нь гэрээний хугацаа хэтрүүлж, мөнгөө төлөхгүй өнөөдрийг хүрч байгаа тул гэрээний үүрэгт 105 000 000 төгрөг, алданги 52 500 000 төгрөг, 157 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 105 000 000 төгрөг зээлж аваагүй. Б.Оюунтуяагийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт бол айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэх аргаар гаргуулж авсан баримт болно. Манай компанид 2012 оны 11 дүгээр сард  мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан учир найзаараа дамжуулан Ганболдоос 40 000 000 төгрөгийн зээл авч өгсөн боловч надад 38 000 000 төгрөг л өгсөн. Бусдаас авсан учир 2 000 000 төгрөгийг ажил зохицуулах шаардлагаар хүмүүст өгсөн гэж хэлсэн. Тухайн үед 4 үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан баримт бичсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  барьцаанд тавьсан гэдгийг тодорхой бичээгүй, тухайн үед миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг зөвхөн хадгалаад өгнө л гэсэн. Би тохиролцсоны дагуу түүний 5032333232 дугаарын дансанд cap бүр 1 632 000 төгрөгийн хүү шилжүүлж,  2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сарын 20-ны хооронд нийт 15 290 000 төгрөгийн хүү шилжүүлсэн. Үүнийг Хаан банкны гүйлгээний баримтаар нотлоно. Баримтгүй сард би бэлнээр төлж байсан. Би Ганболдтой энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг удаа дараа ярилцаж байсан. Манай компани нь 2013 оноос эхлэн шүүхийн ажиллагаатай байсан учраас зээлийг цаг тухайд нь буцаан төлж чадаагүй. Гадаадын иргэн, харъяатын газар миний паспортыг хураан авсан учир би Ганболдоос тусламж хүсч, Ганболд, эхнэр Оюунтуяа нар нь намайг өөрсдийн машинд суулгаж, айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэн, нотариатын газар руу авч яван гараар бичсэн зээлийн баримтыг баталгаажуулж, зээл эргүүлэн төлөх хугацааг зааж бичүүлсэн. Нотариатаар баталгаажуулсан явдал нь хуулийн дагуу болоогүй. Ийм байдлаар би Б.Оюунтуяагаас 105 000 000 төгрөгийн зээл авсан гэрээ бүрдсэн. Үнэн хэрэгтээ би Ганболдоос 38 000 000 төгрөг зээлж, 15 290 000 төгрөгийн хүү төлсөн. Бусад 40 000 000 төгрөгийг би түүнээс огт зээлж аваагүй. Би зөвхөн 38 000 000 төгрөгийн зээл болон хүүг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгзэр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Цао Жин Гуанаас 157 500 000 /нэг зуун тавин долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 945 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/ нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг гардаж авахад хариуцагч надад эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө ямар журмаар гаргаж өгдөгийг мэдэхгүй учир хавтаст хэргийн 88-93 дугаар хуудсанд байгаа хэрэгт ач холбогдолтой баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гаргаж өгсөн байна. Үүнийгээ шүүх хуралдааны үед мэдсэн. Намайг Монгол улсын хуулийг мэдэхгүй гэдгийг мэдсээр байж шүүх миний гаргаж өгсөн баримтыг авчихаад шүүх хуралдаан дээр үнэлээгүй нь хариуцагч миний эрх ашгийг маш ихээр зөрчсөн үйлдэл юм. Баримтыг шаардлага хангаагүй байна гэж тайлбарласан бол би эх баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Шүүх хүү  төлж  байсанд  дүгнэлт хийгээгүйд гайхаж байна.

Нэхэмжлэгч анх 2014 оны 08 сарын 18-ны өдөр надад холбогдуулж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед барьцаанд тавьсан орон сууц болон бусдаас зээлсэн мөнгөний талаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч шүүхэд 2 дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байхад эрүүгийн хэрэг чухам яаж шийдвэрлэгдсэн талаар шүүх тодруулаагүй. Уг эрүүгийн хэрэгт Б.Оюунтуяа байцаалт өгөхдөө 40 000 000 төгрөгийг надад зээлсэн гэж мэдүүлсэн байгаа. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 45 тоот тогтоол 2016 оны 03 сарын 31 өдөр гарсан. Уг тогтоол дээр Б.Оюунтуяа надад 40 000 000 төгрөг зээлсэн гэдэг нь тодорхой харагддаг. Хавтаст хэргийн 85 дугаар хуудасны ар талд иргэн Ганболдоос зээл авсан талаар тодорхой бичсэн байгаа. Гэтэл дараа нь Б.Оюунтуяагаас зээл авсан мэтээр бичигдсэн байна. /хх-86-87 хуудас/  Б.Оюунтуяа удаа дараа зээлсэн мэтээр надаар баримт үйлдүүлсэн. Мөн хамгийн сүүлд миний байрнуудыг барьцаалж байгаагаа надад сайн ойлгуулаагүй. Надад 105 000 000 төгрөг буюу тийм их хэмжээний мөнгөний шаардлага байгаагүй. Анх зээлсэн 40 000 000 төгрөг бол миний визний асуудалтай холбоотойгоор мөнгө хэрэг болоод л Ганболдоос зээлсэн хэрэг. Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/-д холбогдуулан зээл 105 000 000 төгрөг, алдангид 52 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 105 000 000 төгрөг зээлж аваагүй, 38 000 000 төгрөгийг Б.Оюунтуяагийн нөхөр Ганболдоос зээлж, буцааж 15 290 000 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

 

Хариуцагч Цао Жин Гуан нь Б.Оюунтуяагаас 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр  105 000 000 төгрөгийг хүүгүй зээлж, мөн оны 03 дугаар сарын 26-ний өдөр төлж  дуусгах, хугацаа хэтрүүлвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хүүгүй зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй юм. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаардлагатай тул талуудын бичгийн тохиролцоо дээрх хуулийн заалтад нийцжээ.

Зохигчид 105 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэхэд маргаантай байна. /хх-ийн 3, 5/

 

Хариуцагч Цао Жин Гуан 105 000 000 төгрөгийг Б.Оюунтуяагаас хүлээн авсан талаарх баталгаа гэх Монгол хэл дээр орчуулсан баримтыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

 

Хариуцагч нь албан ёсны орчуулагчтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүрэг,  49 дүгээр зүйлд заасан орчуулагчийн эрх, үүрэг хариуцлагыг  шүүхээс тайлбарласан байна. Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. 

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрөөгүй буюу нэхэмжлэгч Б.Оюунтуяад 40 000 000 төгрөгийн    төлбөр төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зээл буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээл, алдангийг   төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. 

 

Анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан байх бөгөөд мөн өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/-д эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан. Хариуцагч нь өөрийн сонгосон орчуулагчийн хамт ирж, дээрх баримтуудад гарын үсэг зурж, улмаар албан ёсны орчуулагчийн хамт шүүх хуралдаанд оролцжээ. Шүүхээс хариуцагчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн Цао Жин Гуан /Cao Jinquan/-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                 ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                           Ш.ОЮУНХАНД