Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00311

 

 Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02324 дүгээр магадлалтай,                                                                                                                                                   

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/02657 дугаар захирамжаар Б.Э-оос 301.120.000 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Отгонбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/08 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 645.224.000 төгрөгөөр үнэлэн, түүний 70 хувь болох 451.656.800 төгрөгөөр тооцон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авсан. Одоо энэ үл хөдлөх эд хөрөнгө бүрэн ашиглалтад орсон, байрлал нь Нүхтийн аманд буюу агаар, ус, байгалийн сайхан бүрдсэн, тансаг зэрэглэлийн орчинтой, шинээр ашиглалтад орсон уг объектын зах зээлийн ханш нь 900.000.000 орчим төгрөг байхад, уг үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3-т зааснаар үнэлгээг мэдсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан. Б.Э- нь үнэлгээтэй 2017 оны 05 сарын 30-ны өдөр танилцаж, баримтад гарын үсэг зурсан. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргасан гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболорын тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн 101/Ш32016/02657 дугаар захирамжаар Б.Э-оос 301.120.000 төгрөг гаргуулж, “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Э-од төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, иргэн Б.Отгонбаатарын өмчлөлд бүртгэгдсэн, Эрхийн улсын Ү-2206022504 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 19/08 тоот 437.2 м.кв талбайтай 4 давхар амины орон сууцыг 2017 оны 01 сарын 03-ны өдөр битүүмжпэн, 2017 оны 02 сарын 15-ны өдөр хурааж, төлбөр төлөгч Б.Э-, өмчлөгч Б.Отгонбаатар нараас дээрх хөрөнгийн талаар үнийн санал авахад 1 м.кв талбайг 3.200.000 төгрөг, нийт 1.399.040.000 төгрөгөөр үнийн санал өгсөн байна. Энэ үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй гэж шинжээч томилох хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа болохоос өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцон тогтоосон үнийн хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу төлбөр авагчийн гаргасан үнийн санал, төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал зөрүүтэй байсан тул үнэлгээчнээр хөрөнгийн үнэлгээний тусгай эрх бүхий байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилон зах зээлийн үнэлгээ тогтоолгоход 645.224.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг төлбөр төлөгч Б.Э-, өмчлөгч Б.Отгонбаатар нарт 2017 оны 05 сарын 17-ны өдөр 3/14450 дугаар албан мэдэгдлээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.-т Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтлана гэж заасан байдаг. Үнэлгээний талаар 3/14450 мэдэгдлийг 2017 оны 05 сарын 17-ны өдөр төлбөр төлөгч Б.Э-од баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2017 оны 05 сарын 22-ны өдөр энэ тухай утсаар мэдэгдэж баримтжуулсан байгаа гэжээ.

 

Гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Болорчимэг нарын тайлбарт: Б.Э- болон Б.Отгонбаатар нар 1 тэрбум төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь хэт өндөр байсан учир манайх зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг объект нь суурийн давхартайгаа нийлээд 4 давхар. Шинжээч нар 2 удаа төлбөр төлөгчийн гэрт очих гээд гэрийг нь олоогүй учраас би зааж өгөхөөр хамт явсан. Хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй байх нөхцөл бүрдээгүй байсан. Хөрөнгийн үнэлгээний хуульд төлбөр төлөгч болон авагчийг байлцуулах талаар хуульчилсан зүйл байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон болохооос биш ингэж зарагдана гэсэн үнэлгээ биш. Нэхэмжлэгч нь албаар өндөр үнэлгээ өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зах зээлийн үнэ гээд байгаа үнэ нь 100 хувийн гүйцэтгэлтэй барилгын үнэ юм. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгчид үнэлгээний талаар утсаар мэдэгдсэн, хуульд утсаар мэдэгдэж болно гэж заалт байдаг, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгч нарыг ярихаар утсаа авдаггүй. Дараа нь шүүхэд эрх ашиг хөндөгдлөө гэдэг. Энэ бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа санаатай үйлдэл гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа, үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Э-ыг төлөөлөн Л.Насан-Өлзийгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02324 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02324 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Б.Э-оос 301.120.000 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Б.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Отгонбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/08 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 645.224.000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 451.656.800 төгрөгөөр тооцон үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг авсан. Одоо энэ үл хөдлөх эд хөрөнгө бүрэн ашиглалтад орсон, ус, агаар сайхан бүрдсэн, тансаг зэрэглэлийн орчинтой, зах зээлийн ханш нь 900.000.000 орчим төгрөг байхад хэт доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үнэлгээг хийхдээ хөндлөнгийн шинжээч нь төлбөр төлөгчийг биш төлбөр авагчийг дагуулан дээрх обьектод үнэлгээ хийсэн нь хэт доогуур үнэлгээ гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Үнэлгээ тогтооход 2 талыг яагаад хамт байлцуулаагүй юм бол. Төлбөр авагч нь дээрх обьектыг доогуур үнэлүүлэх сонирхолтой нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймд дээрх обьектод хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/02657 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Э-оос 301.120.000 төгрөгийг гаргуулж “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. 

Төлбөр төлөгч Б.Э- нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарч, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ Нүхтийн зам 19/08 тоотод байрлах, аялал жуулчлалын 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022504 дугаартай барилгыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2657/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2657/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т тус тус зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, үнэлгээг тогтоолгосон байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан шүүхэд хандах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу буюу хариуцагч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Э-ын хаягаар хүргүүлсэн хэдий ч баримтад дарагдсан шуудангийн дардасны огноо балархай, мэдэгдлийг төлбөр төлөгч тухайн өдөр гардан авсан эсэх нь тодорхойгүй байхад шуудангийн дардсыг үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч Б.Э-ын ...уншиж танилцлаа гэж гарын үсэг зурсан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээж авсан өдөр гэж тооцон Б.Э-ыг шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.  

Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ХУД 4 хороо Нүхтийн ам 19/08 тоот 437,2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүжилж, 2017 оны 02 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураасан тогтоолоор мөн 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. /хх-37, 9/

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолд 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө гэж заасан байх бөгөөд 2017 оны 05 сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төвийн “Хөрөнгө үнэлсэн тухай” үнэлгээний тайланд тухайн хөрөнгийг 2013 онд ашиглалтад орсноор үнэлгээ хийсэн нь хөрөнгө хураах үеийн 80 хувийн гүйцэтгэлтэй хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, түүнчлэн амины орон сууцны  барилга, авто машины гараж, тагтны хэмжээг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар тооцсон гэжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангаас харахад тухайн барилгын газрыг үнэлэх боломжтой эсэх, газрын үнэлгээ энэ үнэлгээнд орсон эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших, өмчлөх эрх тодорхой бус, “эрхийн үнэлэмж” нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх эсэх, хөрөнгийн зах зээлийн бодит ханш тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зах зээлийн ханш нь 900.000.000 орчим төгрөг байхад хэт доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02324 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 283 дугаар “Хөрөнгө үнэлсэн тухай” үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-од олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН