Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02324

 

Б.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр  Б.Энхцогтоос 301 120 000 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.  Энэ шийдвэрийн дагуу Б.Э үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Отгонбаатарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/08 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 437,2 кв.м талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 645 224 000 төгрөгөөр үнэлэн, түүний 70 хувь болох 451 656 800 төгрөгөөр тооцон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 5 сарын 30-ны өдөр хүлээн авсан. Одоо энэ үл хөдлөх эд хөрөнгө бүрэн ашиглалтад орсон, байрлал нь Нүхтийн аманд буюу агаар, ус, байгалийн сайхан бүрдсэн, тансаг зэрэглэлийн орчинтой, шинээр ашиглалтад орсон уг объектын зах зээлийн ханш нь 900 000 000 орчим төгрөг байхад, уг үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч Б.Э төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч төлөөгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, иргэн Б.Отгонбаатарын өмчлөлийн амины орон сууцыг 2017 оны 01 сарын 03-ны өдөр битүүмжпэн, 2017 оны 02 сарын 15-ны өдөр хурааж, төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Б.Отгонбаатар нараас дээрх хөрөнгийн талаарх үнийн санал авахад 1 м.кв талбайг 3 200 000 төгрөг, нийт 1 399 040 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Энэ үнэлгээг төлбөр авагчид танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй,   шинжээч томилох хүсэлтийг гаргасан.  

Төлбөр авагч, төлбөр төлөгчийн гаргасан үнийн санал зөрүүтэй байсан тул үнэлгээчнээр тусгай эрх бүхий байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилон зах зээлийн үнэлгээ тогтоолгоход 645 224 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Б.Энхцогт, өмчлөгч Б.Отгонбаатар нарт 2017 оны 5 сарын 17-ны өдөр 3/14450 дугаар албан мэдэгдлээр  баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн 2017 оны 5 сарын 22-ны өдөр энэ тухай утсаар мэдэгдэж баримтжуулсан. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд О и ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Э болон Б.Отгонбаатар нарын 1 тэрбум төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь хэт өндөр байсан учир манайх звшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг объект нь суурийн давхартайгаа нийлээд 4 давхар. Шинжээч нар 2 удаа төлбөр төлөгчийн гэрт очих гээд гэрийг олоогүй учраас би зааж өгөхөөр хамт явсан. Хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөл бүрдээгүй. Хуульд төлбөр төлөгч,  авагчийг байлцуулах талаар хуульчилсан зүйлгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгчид үнэлгээний талаар утсаар мэдэгдсэн, хуульд утсаар мэдэгдэж болно гэж заалт байдаг, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгч нарыг ярихаар утсаа авдаггүй. Дараа нь шүүхэд эрх ашиг хөндөгдлөө гэдэг. Энэ бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа санаатай үйлдэл гэжээ.  

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Энхцогтыг төлөөлөн Л.Насан-Өлзийгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Барьцааны зүйлийг  645 224 000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь болох 451 656 800 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 5 сарын 30-ны өдөр хүлээн авсан.  Мэдэгдлийг авснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд  гомдлоо гаргасан. Хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Манай үл хөдлөх хөрөнгө нь байршлын хувьд эрүүл агаарт байгалийн бүхий л сайхан бүрдсэн тансаг зэрэглэлийн орчинтой, уг обьект нь шинээр ашиглалтад орсон, зах зээлийн ханш 900 000 000 төгрөг,хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлж, үнэгүйдүүлсэнд гомдолтой. Хөндлөнгийн шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ төлбөр авагчийг байлцуулан үнэлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/02657 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Э 301 120 000 төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.  /х.х-ийн 28/

 

Төлбөр төлөгч Б.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарч, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/ Нүхтийн зам 19/08 тоотод байрлах, аялал жуулчлалын 80 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022504 дугаартай барилгыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2657/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2657/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ. /х.х-ийн 37-39, 40-41/ 

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т тус тус зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, үнэлгээг тогтоолгосон байна. /х.х-ийн 43-46/

 

Үнэлгээчин Р.Зоригт анхан шатны шүүх хуралдаанд оролцож барьцааны зүйлийг үнэлэхдээ зардлын, өртгийн, зах зээлийн харьцуулах зэрэг аргуудыг ашиглаж, хамгийн өндөр үнэлгээгээр нь дүгнэлт гаргасан. Үнэлгээг гаргахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийг 97 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж, тухайн барилгыг гүйцээн барихад 12 000 000 төгрөг шаардлагатай тул нийт үнэлгээнээс хасч тооцсон гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт заасан шүүхэд хандах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь хариуцагч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Энхцогтын хаягаар хүргүүлсэн хэдий ч баримтад дарагдсан шуудангийн дардас нь хэдний өдрийнх болох нь тодорхойгүй, балархай, мэдэгдлийг төлбөр төлөгч тухайн өдөр гардан авсан эсэх нь тодорхойгүй байхад шуудангийн дардсыг үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч Б.Энхцогтын “...уншиж танилцлаа” гэж гарын үсэг зурсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээж авсан өдөр гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.Энхцогтыг шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг буруу тодорхойлсон гэх тайлбараа нотлох баримтыг гаргаагүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Үнэлгээчин нь үнэлгээ хийхдээ заавал талуудыг байлцуулах шаардлагагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад “Б.Энхцогтыг төлөөлөн Л.Насан-Өлзийгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг” хэрэгсэхгүй болгохоор заасан. Угтаа Б.Энхцогтын нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгогдож буй нь ойлгомжтой  боловч найруулгын хувьд бүрхэг болсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

                                                                    Ш.ОЮУНХАНД