Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00341

 

Д.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2495 дугаар магадлалтай,                                                                                                                                                                

          Д.Л-гийн нэхэмжлэлтэй,

          Д.Ө-од холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 23.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Д.Ө-, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч Д.Л-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Ө-той 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр 14.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдэгч Д.Ө- нь зээлийн хүүнд 2015 оны 07 дугаар сарын 11-нээс 2016 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл нийт 8 сарын хүүнд 5.600.000 төгрөгийг төлсөн. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хүүний үлдэгдэл 2.800.000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 06 дугаар сарын 23-наас хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын хүүг 700.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу 4.200.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-наас хойш 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 500.000 төгрөгөөр сарын хүүгээ төлөхөөр тус тус тохиролцсоны дагуу тооцоход 2.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийн хүүг төлөх ёстой. Иймд үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүү 9.500.000 төгрөг, нийт 23.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүү 11.200.000 төгрөг, нийт 25.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь хэрэгт авагдсан баримтаар тооцоход 23.500.000 төгрөг авах тооцоолол гарч байх тул анхны нэхэмжлэлийн шаардлагаас 1.700.000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хасч тооцуулахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ө-ын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Д.Л-гээс энэхүү 14.000.000 төгрөгийг зээлж аваагүй. Надтай хамт ажилладаг Д.Л-гийн хамаатан болох П.Оюунтуяа нь өөрөө зээлтэй байсан учир миний нэрээр уг мөнгийг миний дансанд хийлгэж зээлж авсан. Би 14.000.000 төгрөгийг нь данснаасаа П.Оюунтуяад авч өгсөн. П.Оюунтуяа авсан зээлийнхээ хүүг өөрөө, миний нэрээр төлдөг байсан. Хааяа надад мөнгөө өгөхөөр нь би төлдөг байсан. Би уг мөнгийг авч хэрэглээгүй тул Д.Л-гийн надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг хийсэн гэж үзвэл хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх ёстой. Миний данс руу 14.000.000 төгрөгийг ороогүй гэж маргаагүй, ямар учраас дансанд мөнгө орж ирээд, яаж гарсныг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч талын гэрээ гэж яриад байгаа хэрэгт авагдсан баримтад гэрээний талууд болох Д.Ө-ын нэр байхгүй, уг мөнгийг П.Оюунтуяаг авсан гэдгийг Д.Л- нь мэдсэн атлаа П.Оюунтуяагийн бичсэн бичгийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн байна. Энэ хэрэгт авагдсан хамгийн гол баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гансүрэн мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь ахан дүүсээрээ нийлж залилангийн хэрэг үйлдэж байгаа мэт хүн чанаргүй байдал гаргаж байна. Талуудын тайлбараар П.Оюунтуяа нь хоршоонд өртэй байсан учир Д.Ө-ын нэрээр Д.Л-гээс мөнгө зээлээд уг өрөө төлсөн нь тодорхойлогдож байна. Иймд талуудын хооронд хуульд заасны дагуу гэрээ хийгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ө-оос үндсэн зээл 14.000.000 төгрөг, зээлийн хүүнд 9.500.000 төгрөг, нийт 23.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.950 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч Д.Ө-оос 275.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2495 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 242 дугаар зүйлийн 242.3 ...” гэснийг хасч, “23.500.000 төгрөг” гэснийг “12.600.000 төгрөг” гэж, “... 1.700.000 төгрөгийг ...” гэснийг “10.900.000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 2 дахь заалтын “... 275.450 төгрөг ...” гэснийг “216.550 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.08-ны өдрийн 2495 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Л- нь өөрийн танил Д.Ө-од 2015.06.10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 14.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч зээлдэгч Д.Ө- нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Д.Ө- нь зээлийн хүүнд 2015.07.11-2016.02.11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 сарын хүүнд 5.600.000 төгрөгийг төлсөн, 2016.06.23-ны байдлаар хүүний үлдэгдэл 2.800.000 төгрөгийг төлөөгүй, 2016.06.23-наас хойш 2017.01.23 өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын хүүг 700.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу 4.200.000 төгрөг, 2017.01.23-наас хойш 2017.06.23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 500.000 төгрөгөөр сарын хүүгээ төлөхөөр тус тус тохиролцсоны дагуу тооцоход 2.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийн хүү төлөх, мөн үндсэн зээлдүүлсэн 14.000.000 төгрөг, нийт 23.500.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие нь Д.Л-гээс энэхүү 14.000.000 төгрөгийг зээлж аваагүй. Надтай хамт ажилладаг Д.Л-гийн хамаатан болох П.Оюунтуяа нь өөрөө зээлтэй байсан учир миний нэрээр уг мөнгийг миний дансанд хийлгэж зээлж авсан. Би 14.000.000 төгрөгийг нь данснаасаа авч өгсөн. Миний данс руу 14.000.000 төгрөг ороогүй гэж маргаагүй, ямар учраас орж ирээд яаж гарсныг тодорхойлох ёстой” гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Д.Ө- нь Завхан аймагт байхдаа Д.Л-гээс 14.000.000 төгрөг 5 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлээч гэж гуйхад нь Д.Л- нь Д.Ө-той бичгээр зээлийн гэрээг 2015.06.10-ны өдөр байгуулж тухайн өдрөө 1.000.000 төгрөгийг, 2015.06.11-ний өдөр 13.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Хариуцагч Д.Ө- нь зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж 14.000.000 төгрөгний 1 сарын 5 хувийн хүү болох 700.000 төгрөгийг 8 сар төлж нийт хүүнд 5.600.000 төгрөгийг өөрийнхөө нэрээр Өлзий гэж төлснөө хүлээн зөвшөөрдөг. Анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 14.000.000 төгрөг ороогүй гэж маргаагүй, ямар учраас, яаж гарсныг тодорхойлох ёстой гэж маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Д.Ө- нь 14.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг тэр дор нь 2015.06.10-ны өдөр П.Оюунтуяад өгсөн. 2015.06.11-ний өдөр дансанд орж ирсэн 13.000.000 төгрөгийг цувуулж өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд үнэхээр П.Оюунтуяад өгсөн бол олон удаа цувуулж өгснөө банкны хуулга болон бусад нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. П.Оюунтуяад 14.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэх баримт хэрэгт байхгүй болно. Үүгээр П.Оюунтуяад 14.000.000 төгрөг өгсөн гэдэг нь няцаагдаж байгаа болно.

2. Мөн хариуцагч Д.Ө- нь “Миний бие нь мөнгө зээлэх асуудлаар Д.Л-тэй огт уулзаж, ярьж, ямар нэгэн харилцаа тогтоогоогүй бөгөөд хүсэл зоригоо илэрхийлсэн асуудал байхгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь 2015.06.10-ны өдөр Д.Ө- нь 14.000.000 төгрөг 2 жилийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр гар бичмэлээр гэрээ байгуулсан. Түүнийхээ дагуу сар болгон 700.000 төгрөгний хүүг 2015.07.11-2016.02.24 өдрийг хүртэл хариуцагч Д.Ө- нь өөрөө “Өлзий” гэж бичээд хүү болох 5.600.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. П.Оюунтуяагийн нэрээр мөнгө орж ирж байгаагүй болно. Түүнчлэн анхны зээлийн гэрээгээ баталгаажуулж Д.Л-тэй уулзахдаа 2016.06.23-ны өдрийн гэрээг байгуулахдаа “та ямар ч байсан надад анхны зээлийн гэрээнийхээ дагуу 2 жилийн хугацаагаараа өгчих би хугацаа дуусахаас өмнө 14.000.000 төгрөгийг хүүний хамт өнгө. Харин сарын 700.000 төгрөгөө 2017 оны 02 сарын 23-наас 2017.06.23-ны өдөр хүртэл 500.000 төгрөг болгож өгөөч” гэж гуйсны дагуу 2016.06.23-ны өдөр хариуцагч Д.Ө- нь өмнөх зээлийн гэрээг баталгаажуулж өөрийн гараар “Д.Л-гээс 2015.06.10-нд 14.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Одоогоор хүүний зөрүү 2016.06.23-ны байдлаар 2.800.000 төгрөг болсон. Сар бүр 23 нд 500.000 төгрөгийн хүү төлнө. Үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүүний зөрүү 4.200.000 төгрөгийн хамт 2017.01.23-нд төлөхөөр гэрээ хийв. Нийт төлөх мөнгө 18.200.000 төгрөг болсон байна” гэж гэрээ хийсэн. Д.Өлзий гэж гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулж нийт төлөх хүүгээ бичиж үүргээ ухамсарлаж зээлийн гэрээгээ баталгаажуулсан байтлаа Д.Л-тэй огт уулзаагүй, ямар нэгэн харилцаа тогтоогоогүй 14.000.000 төгрөгийг зээлээгүй П.Оюунтуяа зээлсэн гэж тайлбарлаад байгаа нь огт үндэслэлгүй юм. Мөн 2017.06.23-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Ө- нь өөрийн төлөх хүүгээ 2016.06.23-ны байдлаар 18.200.000 төгрөг дээр нь хүүний зөрүү 2.800.000 төгрөгөө нэмж нийт 21.000.000 гэж бичих байтал заль мэх хэрэглэж 18.200.000 төгрөг төлөх болсон гэж бичсэнийг нь давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний мөнгөн дүнг нэгтгэж бүрэн хянахгүй 18.200.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна гэж нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэж байгаад гомдолтой байна. Хариуцагч зээлийн төлбөрт 2015.07.11-нээс 2016.02.11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5.600.000 төгрөг төлсөн талаар зохигчид тайлбарласан тул хариуцагч үндсэн зээл 14.000.000 төгрөг гэрээгээр тохиролцсон хүү 4.200.000 төгрөг нийт 18.200.000 төгрөгний гэрээний үүргээс төлөгдсөн 5.600.000 төгрөгийг хасч үлдэх 12.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хариуцагч Д.Ө- нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд сард 700.000 төгрөг хүүнд өгсөн. Хүүнд нийт 8 сард 5.000.000 төгрөг төлснөө тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг хөрөнгийн бодитойгоор шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж дүгнэсэн атлаа 2015.06.11-2015.02.11-ний өдөр хүртэлх хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн хүү болох 5.600.000 төгрөгийг үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүүний зөрүү 4.200.000 төгрөг нийт 18.200.000 төгрөгөөс 5.600.000 төгрөгний хүүг хасаж тооцсон нь үндэслэлгүй юм. Тухайн өдрийн гэрээг нэхэмжлэгч нь олохгүй байгаа тул 2016.06.23-ны өдөр зээлийн гэрээгээ баталгаажуулж цаашид хүүнд хэдэн төгрөг төлөх хүүгээ 500.000 болгож бууруулж хариуцагч Д.Ө-ын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож хариуцагчид ашигтайгаар зээлийн гэрээг байгуулсан нь х/х-8 авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Д.Л- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 8 сарын хүү болох 5.600.000 төгрөгийг зээлийн хүүнээс хасч 23.500.000 төгрөг нэхэмжилсэн болохыг дурьдах нь зүйтэй. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хавтаст хэргийн 8-р хуудсанд авагдсан гэрээг үндэслэн үндсэн зээлийн хүүг дараах байдлаар тогтоох үндэслэлтэй юм. Үүнд: 2015.06.11-2016.06.01-нийг хүртэл 12 сар х700.000 төгрөг=8.400.000 төгрөг үүнээс 5.600.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.800.000 төгрөгийг 2016.06.23-ны өдрийн байдлаар төлөөгүй байсан. 2016.06.23-ны өдрөөс хойш 2017.01.23-ны өдрийг хүртэл 6 сар х700.000 төгрөг=4.200.000 төгрөг, гэрээнд сар бүрийн 23-нд 500.000 төгрөгний хүү төлөхөөр тохиролцсон байх тул 2017.01.23-наас хойш 2017.06.23-ныг хүртэлх 5 сарыг х 500.000=2.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийг хүүнд тооцож үндсэн зээл 14.000.000 төгрөгийн хамт нийт 23.500.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж

дүгнэсэн нь үндэслэлтэй хэргийн бодит үнэнд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.

Харин хариуцагч Д.Ө- нь П.Оюунтуяа гэгчээс өөрт учирсан хохирлоо Иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой юм. Хэрэгт Д.Ө- нь П.Оюунтуяад 14.000.000 төгрөг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй болно. Мөн зээлийн гэрээг хариуцагч өөрөө бичиж тоо тооцооллыг бодсон болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.12.08-ны өдрийн 2495 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.11-ний өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Л- нь хариуцагч Д.Ө-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Л-гээс авсан уг мөнгийг н.Оюунтуяа зээлж авсан, би аваагүй, н.Оюунтуяа өөрөө хүүг нь төлдөг байсан учир би төлөхгүй гэж маргажээ.

2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Ө- нь 14,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүү төлөхөөр нэхэмжлэгч Д.Л-гээс авсан ба 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл 14,000,000 төгрөгийг, хүүгийн зөрүү 4,200,000 төгрөгийн хамт нийт 18,200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч тайлбартаа зээлийн гэрээний үүргийг П.Оюунтуяа хариуцах ёстой гэж маргаж байгаа боловч тэрээр Хаан банкны дансаар 14,000,000 төгрөг хүлээн авсан нь орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Д.Ө-, П.Оюунтаяа нар хамтран үүрэг гүйцэтгэх талаар гарын үсэг зурсан баримт хэргийн 8 дугаар талд авагдсан боловч нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ө-оос зээлийн үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн ч шаардах эрхийн шууд үндэслэл болохгүй тул тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

Талууд зээлийн үүрэгт нийт 18,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байх бөгөөд үүнээс төлөгдсөн 5,600,000 төгрөгийг хасч, үлдэх 12,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2495 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Нэхэмжлэгч Д.Л-гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 275.450 /хоёр зуун далан таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН