Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/00092

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр            Дугаар184/ШШ2016/00092           Улаанбаатар хот

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Алтан тэвш хороолол, АОС-134 тоот хаягт байрлах, “Контенинтал дугуй” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5849993/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчингийн 48 дугаар гудамжны 8/А тоотод хаягт оршин суух, Урианхан овогт Төмөрбаатарын Мөнхмандах  /регистрийн дугаар: ТЕ94082253/-д холбогдох,

 

“Зээлээр худалдан авсан дугуйн үнэ 6,540,000 төгрөг, алданги 3,270,000 төгрөг, нийт 9,810,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч   М.Энхмэнд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани иргэн Т.Мөнхмандахтай барьцаат зээлийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, нэг бүр нь 610,000 төгрөгийн үнэ бүхий, 14 ширхэг шинэ нийт 8,540,000 төгрөгийн үнэ бүхий том оврын ачааны авто машины дугуйг зээлээр худалдсан. Т.Мөнхмандах нь зээлээр худалдсан барааны үнэ 8,540,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирч барьцаат зээлийн гэрээг байгуулсан.

Иргэн Т.Мөнхмандах төлбөрийн барьцаанд УНЧ 9649 улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин, УБВ 5475 улсын дугаартай Sinotruk-ZZ32560 маркийн ачааны автомашинуудыг тус тус барьцаалсан. Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах үүднээс барьцааны зүйл тус бүрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай компанийн нэр дээр шинээр авсан.

Гэрээнд заасан хуагцаанд зохих төлбөрийг төлж барагдуулахад дээрх барьцаанд тавьсан автомашинуудыг ашиглах шаардлагатай байна гэсэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу автомашинуудыг ашиглах шаардлагатай байна гэсэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу автомашинуудыг түүний эзэмшил, ашиглалатад шилжүүлсэн.

 

Зээлдэгч энэ бүх хугацаанд зээлийн төлбөр болгож нэг удаа 2,000,000 төгрөг өгснөөс өөрөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй барьцааны зүйлсийг нуун дарагдуулж, холбоо харилцаагаа таслаад багагүй хугацаа өнгөрсөн. Иймд талуудын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 6,540,000 төгрөг, гэрээний хариуцлага болох алданги 3,270,000 төгрөг нийт 9,810,000  төгрөгийг иргэн Т.Мөнхмандахаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал нь зээлийн төлбөрт 2,500,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгааг татгалзах зүйл байхгүй. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2,000,000 төгрөг авсан боловч 500,000 төгрөгийг нэмж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулахаар заасан тул алдангийг 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож гаргуулж өгнө үү. Алдангийг багасгах талаар гаргаж байгаа хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

            Хариуцагч Т.Мөнхмандах шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Би тус компаниас 14 ширхэг дугуйг нэг бүрийг нь 610,000 төгрөгөөр авч бүгд 8,540,000 төгрөг төлөхөөр болсон нь үнэн. Би дугуйны үнээс 2,500,000 төгрөгийг төлсөн юм. Гэтэл компани намайг 2,000,000 төгрөг төлсөн гэж бичсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн алданги 3,270,000 төгрөг болон барьцаат  гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөрөнгөөр хангуулахыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь аав ээж, эхнэр хүүхэд дүү нараа тэжээн амьдардаг. Амьдралын эх үүсвэр болсон 2 машиныг барьцаалсан ба ачааны машин нь одоогийн зах зээлийн ханшаар 40,000,000 төгрөгийн үнэтэй учир миний ашиг сонирхолд илтэд хохиролтой хийгдсэн нь гэрээний талуудын тэгш байдлыг алдагдуулсан гэж үзэж байна.

Энэ барьцаанд байгаа машин нь  ганц миний өмч биш, манай аав бид хоёрын дундын өмч юм. Барьцааны гэрээг өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй хийсэн юм. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би энэ төлбөрийг төлөх талаар маш их санаа зовж, сургуулиасаа хүртэл чөлөө авч ажил хийсэн боловч, улс орон даяар эдийн засгийн хямрал үүсч, төрийн болон хувийн хэвшлийн нэгжүүдийн хооронд өрийн сүлжээ үүсч, би ч мөн адил хийсэн ажлын хөлсийг авч чадахгүй хэцүү байдал ороод байна.

Иймд би 14 ширхэг дугуны үлдэгдэл үнэ 6,040,000 төгрөгийг төлнө. Алданги 3,270,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би барьцааны зүйлийг нуун дарагдуулаагүй, харилцаа холбоогоо таслаагүй” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийг багасгаж болно гэж заасан байдаг. Хариуцагч өөрөө гэрээ хийгээгүй. Аав ээж нь гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн аавынд очиж дарамталж байсан удаа байгаа. Төлбөрөө төлөөгүй биш төлж байгаа. Хариуцагч маань оюутан сургуулиасаа чөлөө аваад уг төлбөрийг барагдуулахаар хүнд ажил хийж байгаа. Иймд хуульд заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна” гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК нь хариуцагч Т.Мөнхмандахад  холбогдуулан зээлээр худалдан авсан дугуйны үлдэгдэл төлбөр 6,540,000 төгрөг, алданги 3,270,000 төгрөг, нийт 9,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Т.Мөнхмандах нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-тай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар “Контенинтал дугуй” ХХК нь нэг бүр нь 610,000 төгрөгийн үнэ бүхий, нийт 8,540,000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг том оврын ачааны автомашины дугуйг Т.Мөнхмандахад зээлээр олгох, хариуцагч Т.Мөнхмандах нь зээлээр худалдан авсан дугуйны үнийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдагч тал болох “Контенинтал дугуй” ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ээр нотлогдож байна.

 

Мөн дээрх гэрээнд зааснаар зээлээр худалдан авагч тал буюу Т.Мөнхмандах нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацааа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээжээ.

 

Хариуцагч Т.Мөнхмандах нь зохигчдын хооронд байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-нд заасны дагуу нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-иас гэрээнд заасан 8,540,000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг том оврын ачааны автомашины дугуйг хүлээн авсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар хэргийн зохигчид маргаагүй байна.

 

Гэрээний дагуу Т.Мөнхмандахын буцаан төлсөн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК нь 2,000,000 төгрөг гэж, хариуцагч Т.Мөнхмандах нь 2,500,000 төгрөг тус тус тайлбарлан талууд маргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмэнд хариуцагч Т.Мөнхмандахын буцаан төлсөн төлбөрийн хэмжээг 2,500,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.

 

Дээрх нөхцөл байдлуудаар зохигчид хүлээн авсан барааны үнэ болон тоо хэмжээ, буцаан төлсөн төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Т.Мөнхмандах нь нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дугуйн үлдэгдэл төлбөр 6,040,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч алданги болох 3,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... эдийн засгийн хямрал үүсэж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хооронд өрийн сүлжээ үүсэж, би мөн адил хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хэцүү байдалд орсон ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алднги гаргуулах тухай шаардлагыг багасгуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийн үндэслэлээ “... хариуцагч Т.Мөнхмандах нь зээлийн төлбөрөө төлөх хүсэл эрмэлзэлтэй байгаа бөгөөд зээлээ төлөхийн тулд сургуулиасаа гарч ажил хийж байгаа. Иймээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг шүүх хасаж өгнө үү ...” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хууль болоод зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч Т.Мөнхмандах нь зээлээр худалдан авсан том оврын ачааны автомашины дугуйны үлдэгдэл төлбөр 6,040,000 төгрөг, уг төлбөрт гэрээнд заасны дагуу бодогдох алданги 3,020,000 төгрөг, нийт 9,060,000 төгрөгийг нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд дурьдсан үндэслэлээр багасгах үндэслэлгүй байна. Учир хариуцагч Т.Мөнхмандах нь зохигчдын хооронд байгуулсан төлбөр төлөх үүргийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрээгүй байна.  

Шүүх хариуцагч Т.Мөнхмандахад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.Мөнхмандахаас дугуйны үнэд 6,040,000 төгрөг, алданги 3,020,000 төгрөг, нийт 9,060,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  “Контенинтал дугуй” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхмандахаас улсын тэмдэгтийн хураамжид 159,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР