Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1231

 

    “Контенинтал дугуй” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00092 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Мөнхмандахад холбогдох        

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмэнд

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Т.Мөнхмандахтай барьцаат зээлийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, нэг бүр нь 610 000 төгрөгийн үнэ бүхий, 14 ширхэг шинэ нийт 8 540 000 төгрөгийн үнэ бүхий том оврын ачааны авто машины дугуйг зээлээр худалдсан. Т.Мөнхмандах барааны үнэ 8 540 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирч барьцаат зээлийн гэрээг байгуулж, төлбөрийн барьцаанд УНЧ 96-49 улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин, УБВ 54-75 улсын дугаартай Sinotruk-ZZ32560 маркийн ачааны автомашинуудыг барьцаалсан. Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан буюу 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах үүднээс барьцааны зүйл тус бүрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг компанийн нэр дээр шинээр авсан. Гэрээнд заасан хугацаанд зохих төлбөрийг төлж барагдуулахад дээрх барьцаанд тавьсан автомашинуудыг ашиглах шаардлагатай гэсэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу автомашинуудыг түүний эзэмшил, ашиглалатад шилжүүлсэн. Зээлдэгч энэ хугацаанд зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг төлснөөс өөрөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй барьцааны зүйлсийг нуун дарагдуулж, холбоо харилцаа тасалж, багагүй хугацаа өнгөрсөн. Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 6 540 000 төгрөг, алданги 3 270 000 төгрөг нийт 9 810 000  төгрөгийг Т.Мөнхмандахаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч зээлийн төлбөрт 2 500 000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг татгалзах зүйлүй. Хэдийгээр нэхэмжлэгчгээс 2 000 000 төгрөг авсан боловч 500 000 төгрөгийг нэмж өгсийг хүлээн зөвшөөрч байх тул зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулахаар заасан тул алдангийг 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мөнхмандах тус компаниас 14 ширхэг дугуйг нэг бүр нь 610 000 төгрөгөөр авч 8 540 000 төгрөг төлөх нь үнэн. Үүнээс 2 500 000 төгрөг төлсөн. Мөн алданги 3 270 000 төгрөг болон гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь: би гэр бүлээ тэжээн амьдардаг. Амьдралын эх үүсвэр болсон 2 машиныг барьцаалсан ба ачааны машин нь одоогийн зах зээлийн ханшаар 40 000 000 төгрөгийн үнэтэй учир миний ашиг сонирхолд илтэд хохиролтой хийгдсэн нь гэрээний талуудын тэгш байдлыг алдагдуулсан гэж үзэж байна. Энэ барьцаанд байгаа машин нь ганц миний өмч биш, манай аав бид хоёрын дундын өмч бөгөөд барьцааны гэрээг өмчлөгчийн зөвшөөрөл зөвшөөрлийг аваагүй хийсэн. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Би энэ төлбөрийг төлөх талаар маш их санаа зовж, сургуулиасаа хүртэл чөлөө авч ажил хийж байгаа боловч, эдийн засгийн хямрал, төрийн болон хувийн хэвшлүүдийн хооронд өрийн сүлжээ үүсч, би ч гэсэн хийсэн ажлын хөлсөө авч чадахгүй байна. Иймд 14 ширхэг дугуйны үлдэгдэл 6 040 000 төгрөгийг төлнө. Алданги 3 270 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би барьцааны зүйл нуун дарагдуулаагүй, харилцаа холбоогоо таслаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг багасгаж өгнө үү. Хариуцагч өөрөө гэрээ байгуулаагүй, аав ээж нь гэрээ байгуулсан. Төлбөрөө төлж байгаа. Иймд хуульд заасны дагуу шүүх алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Мөнхмандахаас дугуйны үнэ 6 040 000 төгрөг, алданги 3 020 000 төгрөг, нийт 9 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхмандахаас улсын тэмдэгтийн хураамжид 159 910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 8 540 000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг том оврын ачааны автомашины дугуй зээлээр худалдан авсан. Дугуйгаа аваад ажлаа эхлэх үед сарын дотор дугуйны хээ ээлжлэн язарч, дотуур хаймар нь үйлдвэрийн зураасаар хагарч байсан бөгөөд цавуу нөхөөсөөр нөхөж арай гэж ажил хийсэн. Энэ байдал төлбөр төлөх хугацаа алдагдахад нөлөөлсөн. Нөхцөл байдал ийм байсан ч төлбөрөөс 2 500 000 төгрөг төлсөн. Энэ талаар худалдагч талд 2 сарын дотор шаардлага хангахгүй дугуй өгсөн байна сольж өг гэж мэдэгдэхэд тэр хамаагүй гэх мэтээр үл тоосон. Нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэх буюу дугуй анх худалдахдаа хадгалалтын горим алдагдсан эсэх, хэзээ орж ирсэн нь тодорхойгүй ямар нэгэн мэдээлэл өгөлгүйгээр эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан. Миний хувьд ч дугуйны доголдлыг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Бодит байдал дээр том оврын машины дугуйг олноор нь авдаггүй бөгөөд худалдсан дугуйнд чанарын баталгаа өгөөгүй иргэн миний эрхийг хязгаарласан.

Иймд барьцаат зээлийн гэрээ нь гэрээний тэнцвэртэй байдлыг алдагдуулсан тул гэрээний 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн гэж учирсан хохиролоо баримтаар нотлоогүй,  баримт ирүүлээгүй байхад алданги гаргуулсныг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн мөн хэргийн үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 040 000 төгрөг төлнө, алданги 3 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд зээлийн гэрээнээс үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Контенинтал дугуй” ХХК хариуцагч Т.Мөнхмандахад холбогдуулан зээлээр худалдан авсан дугуйны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 9 810 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр харилцан тохирч нэхэмжлэгч тал  нэг бүр нь 610 000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг том оврын ачааны автомашины дугуйг нийт 8 540 000 төгрөгт тооцон, хариуцагчид  олгох, хариуцагч нь уг төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байх ба нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид бүрэн хүлээлгэн өгч, хариуцагч төлбөрөөс 2 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа болон үүрэг шаардсан хуулийн холбогдох зүйл хэсгийг буруу хэрэглэжээ.

Тухайлбал талууд төлбөр хийх хугацааг тухайлан зааж, худалдах худалдан авах гэрээ байгуулсныг зээлээр худалдах худалдах авах гэрээ байгуулсан гэж шүүхээс үзсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь гэрээний зүйлийн үнийг тодорхой хугацааны дотор хүүтэй төлөх тохиролцоонд үндэслэдэг бөгөөд талууд дугуйны үнийг тодорхой хугацаанд хүүтэй төлөх талаар тохиролцоогүй тул зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

Талууд 6 040 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй бөгөөд гэрээний дагуу алдангид 3 020 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй гэж маргажээ.    

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байна.

Хариуцагч талын “дугуйны үнэ төлөхөд эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн” гэж  анзын хэмжээг хуульд заасны дагуу багасгуулахаар гаргасан хүсэлт болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, алдангид шаардсан 3 020 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Мөнхмандахаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 540 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “Контенинтал дугуй” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “159 910” гэснийг “135 590” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Мөнхмандахаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосгугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                                                      ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                                          Д.БАЙГАЛМАА