Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2017/00200

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 01 сарын 23 өдөр       Дугаар184/ШШ2017/00200              Улаанбаатар хот                         

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Хийморь цогцолбор Б-5 тоотод оршин суух, Хатгин овогт Баатарын Баасанцэцэг /регистрийн дугаар: ЧИ67090100/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10/А байр, 41 тоотод оршин суух, Монгол овогт Цэдэнгийн Наранцэцэг /регистрийн дугаар: ЦБ65042201/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6дугаар хороо, 25 дугаар байрны 17 тоотод байрлах, “Мон айриш” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2238802/-д  холбогдох,

 

“Мон айриш” ХХК-ийн нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй, “Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай”  сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, хариуцагч “Мон айриш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                       

                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Баасанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нэхэмжлэгч, хариуцагч нар 1984 оноос оюутан байх үеэсээ  үерхэж хамтран ажилласаар ирсэн. Ингээд халаалттай хүлэмжийн аж ахуйд хамтран хөрөнгө хийхээр тэд нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож буй зээлэнд хамрагдахаар шийдэж 45,780,000 төгрөгийн зээлийг авахын тулд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн орон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, барилгачдын талбайн 4/7 дугаар байрны 5 тоот, улсын бүртгэлийн Ү-2202014341 дугаарт бүртгэлтэй орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгө болгон банкны барьцаанд тавьж үндсэн зээлийг хүүгийн хамт 50, 50 хувиар 2 тал төлөхөөр гэрээ хийжээ.

Уг 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр зээлийн эрсдлийг нэхэмжлэгч өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөөр хариуцахаар болж, зээлийн үндсэн төлбөр болон хүүг 2 тал 50, 50 хувиар төлөх ба уг халаалттай хүлэмжийн аж ахуйгаас олох ашгийг Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нар 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Нэхэмжлэгч энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалтын бүх зардлын 50 хувийг төлөөд барахгүй нэмж хөрөнгө оруулалт хийж, өөрийн нөхөр, 2 хүү, төрөл садангуудын хамт өөрсдөө цалингүй биечлэн  ажиллаж халаалттай хүлэмжийн аж ахуйг босгожээ. 2010 оны 03 дугаар сарын 01-ний гэрээгээ 2 тал баталгаажуулж 2011 оны 09 дүгээр сарын 14-нд уг халаалттай хүлэмжийн аж ахуйг барьсан газраа 50, 50 хувиар тэнцүү эрхтэй хамтран эзэмшихээр тохирч гэрээ хийсэн. Гэвч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд буй газрын 0232148 тоот гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 11-нд өөрийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэр дээр авахдаа нэхэмжлэгчийн нэрийг хамтран эзэмшигчийн бүртгэлд оруулаагүй  байна. 

2014 оны 12 дугаар сард хариуцагч энэ газарт дахин хөрөнгө оруулах ашиггүй боллоо, би хятадуудтай хамтран ажиллахаар шийдсэн. Та нартай дахин хамтран ажиллахгүй гэж уг газраасаа нэхэмжлэгчийг хөөсөн.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд “Мон-Айриш” ХХК-ний үйл ажиллагааны нэг чиглэл болох “Өвлийн хүлэмжийн аж ахуй” эрхлэх ажлыг нэхэмжлэгч Б.Баасанцэцэг, нөхөр Н.Батхуягийн санаачлагаар “Мон- Айриш” ХХК-ний захирал Ц.Наранцэцэгтэй хамтран хийхээр тохиролцож, 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамтран зээл авах, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Мон-Айриш” ХХК-ний эзэмшилд байгаа газрыг хамтран эзэмших гэрээг тус тус байгуулснаараа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой эорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр хэлцэл болно.

 Дээрх гэрээнүүд нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д  зааснаар компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох зохицуулалтыг зөрчигдөөгүй гэж үзнэ. Сонсголонд газар авах, бизнесийн эдийн засгийн тооцоо хийх, “Мон-Айриш” ХХК-иас гаргасан бүх бичиг баримтыг боловсруулж ирсэний дээр Голомт банкнаас 45,000,700 төгрөгний зээл хамтран авах, 48,000,000 төгрөгөөр цахилгаан шугам татах, 29,000,000 төгрөгний өвлийн хүлэмж барих, трактор, худаг гаргах, худгийн барилга барих зэрэг ажлыг зохион байгуулж, биечлэн хийж ирсэн. Ийнхүү нийт 195,500,000 гаруй төгрөгийн хөрөнгө гаргаснаас 107,000,800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Б.Баасанцэцэг ганцаараа гаргасан болно. Энэ талаар үгүйсгэсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн талаас гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалтыг хийхийн тулд 30025 м.кв газрыг түрээсээр, улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай “Хүлэмжийн аж ахуй байгуулах” зориулалтаар газар ашиглах гэрээг 2010 оноос 2025 он хүртэл байгуулахдаа хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэвийн ажиллаж, газар болон цахилгааны мөнгө, манаачийн цалинг нэхэмжлэгчийн зүгээс хариуцан төлж ирсэн бөгөөд 2014 оны 02 сарын үед Ц.Наранцэцэг газраа авна гэх асуудал үүсгэснээс энэхүү маргаан гарч байна. Энэ газрыг анх Нийслэлийн Захирагчийн албатай холбох ажлыг нэхэмжлэгч тал хөөцөлдсөний дотор найз Б.Баярсайхан биечлэн хөөцөлдөж, зохих шийдвэр гаргуулж байсан. Хэдийгээр газар “Мон-Айриш” ХХК-ний нэр дээр олгогдсон боловч зориулалт нь хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлд зориулан эзэмших эрх олгогдсон учир тухайн ажлыг нэхэмжлэгчийн зүгээс анх санаачилж, бүтээж, хөдөлмөрлөж ирсэн учраас хамтран эзэмших эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зохигчдын хүч, хөдөлмөр хөрөнгөөр бий болсон хүлэмжийн аж ахуйн хууль ёсны  эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн бөгөөд түүнийг шаардах, үгүйсгэх эрх хариуцагч Ц.Наранцэцэгт  хуулиар олгогдоогүй болно.

Хүлэмжийн аж ахуйн ажил 4 жил гаруй  амжилттай хэрэгжих явцад “Мон-Айриш” ХХК-ийн захирал Б.Наранцэцэг хамтарч ажиллана гэж бидний итгэлийг авсан атлаа үед “энэ газар манайх” гэх, бусдад худалдах санал гаргах зэргээр зориулалтын ззэмших эрхийг зөрчиж, бүх бүтээн байгуулалтыг нурааж, итгэл эвдэн хохироож маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “Мон-Айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

 

            Хариуцагч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цэдэн овогтой Наранцэцэг, Цэдэн овогтой Нармандах нар гадаад худалдаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2010 оны 1 дүгээр сард Хүнс хөдөө ах ахуй үйлдвэрлэлийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн газраас зарласан Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрт шалгарч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн захирагчийн албанд хандаж Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороонд байрлах 2 га газрыг 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс түрээслэх гэрээ байгуулсан.

             Уг газар дээрээ дээрх хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэх болсон тухайгаа Англи улсад амьдарч байсан найз Б.Батхуяг, Б.Баасанцэцэг нарт хэлэхэд хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. 2010 оны 05 дугаар сард Б.Баасанцэцэг, Б.Батхуяг нар Англи  улсаас  дөнгөж ирсэн байсан. Хөрөнгө оруулж чадахгүй байсан тул манай компани өөриин хөрөнгөөр 8,000,000 төгрөгний бетонон хашаа татаж, 5,000,000 төгрөгөөр худаг гаргаж, Хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн яамнаас тус бүр 1,250,000 төгрөгийн үнэтэй 3 хүлэмж худалдан авч, Грийн сити  компаниудтай нийлж цахилгааны жижиг  дэд станц барьсан болно. Ингээд хүлэмжийн аж ахуйг эрхлэн ногоогоо тарихад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг нэхэмжлэгч нартай хамтран авч хөрөнгө оруулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаа болгон зээл авсан хэмээн худлаа бичжээ.  Үнэн байдалд 45,780,000 төгрөгийн зээлийг “Мон-Айриш” Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөл, Голомт банктай хийж, зээлийн барьцаанд Ц.Наранцэцэг би өөрийн гэр бүлийн эзэмшлийн Сүхбаатар дүүргиин 6-р хороо, Бага тойруу гудамжны 10А-41 тоот 4 өрөө орон сууцаа тавьсан болно. Ингээд зээлээ аваад 690 ширхэг чацарганы суулгац, 200 улиас, бусад нарийн ногооны үр суулгац, хар шороо худалдан авч газраа тэгшлүүлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулсан.

            Мөн уг зээлийн мөнгөнөөс өвлийн хүлэмж барьж эхэлсэн боловч хөрөнгө мөнгө дутсаны улмаас барьж дуусгаагүй. Мөн Хятадын мэргэжилтнийг ажиллуулж түүний байр, хоол, унаа, утасны зардлыг зээлээс 2 жилийн хугацаанд төлсөн. Манай компаний эзэмшлийн газар дээр хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэхээр тохиролцсоны дагуу 2 жилийн хугацаанд нарийн ногоо тарьсан боловч ашиг олоогүй, 2012 оны 10 сараас үйл ажиллагаагаа зогсоосон болно.  Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь манай компаний эзэмшлийн газар эзэмших эрхийг 50:50%-иар эзэмшихээр тохиролцсон гэрээ хийсэн гэж нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн. 2011оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ гэгчийг миний бие үйлдээгүй болно. Б.Баасанцэцэг нь хуурамчаар гэрээ үйлдэн миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэх явцад намайг гадаад руу томилолтоор явахад Б.Баасанцэцэгт компаний тамга үлдээдэг байсан бөгөөд шаардлагарай үед албан бичиг, баримтанд Б.Баасанцэцэг миний гарын үсгийг дуурайлган зурдаг байсан.  Ийм байдлаар хуурамч гэрээ байгуулж миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Уг гэрээ хуурамч болох нь дараах байдлаар нотлогдоно. Уг гэрээг байгуулахын тулд “Мон-Айриш” ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч Ц.Нармандах зөвшөөрч гарын үсгээ зурах байтал нэхэмжлэгчийн нотлох баримтанд байхгүй байна.

            Хэрвээ бид гэрээ байгуулсан бол 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөө нотариатад 2 тал өөрсдийн биеэр очиж гэрээний үнэн зөвийг гэрчлэн батлуулах байсан. Газрын түрээслэх болон эзэмших гэрээний дагуу 2010 оноос хойш улирал бүр газрын төлбөрийг “Мон-Айриш” ХХК төлж байсан. Бусдын газарт хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэхээр тохиролцсон, уг ажил маань 3 жилийн өмнө дууссан байтал газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийг 50:50%-иар  эзэмших эрхтэй гэж нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөцшөөрөх үндэслэл ч байхгүй. Бусдын гарын үсгийг дуурайлгаж хууль бус үйлдэл хийж байгааг нь шалгуулах болно. Нэхэмжлэгч нь энэ хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр уг гэрээн дээрх гарын үсэг Ц.Наранцэцэгийнх мөн байна гэж дүгнэлт гарсан юм бол нэхэмжлэгч нь миний гарын үсэг тамгатай манай компанийн бланкийг ашиглаж хуурамч гэрээ үйлдсэн байна гэж үзэж байна.Учир нь уг төсөл хэрэгжсэн 2 жилийн хугацаанд манай компаниас гарч байсан аливаа албан бичиг, баримтуудыг нэхэмжлэгч эцсийн байдлаар хэвлэн гаргадаг байсан. Миний бие гадаад руу томилолтоор явахдаа гарын үсэг, тамгатай хоосон бланкийг Б.Баасанцэцэгт орхиж явдаг байсан. Миний өмнөөс миний гарын үсгийг зурах тохиолдол ч байсан. Тийм л хоосон бланкийг ашиглаж гэрээ гэгчийг хийжээ. Аливаа эрх зүйн үндэслэл бүхий гэрээг байгууллагын албан бланкан дээр хийдэггүй гэдгийг нэхэмжлэгч мэдмээр л юмдаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хоёр гэрээг харьцуулаад харахад л аль нь жинхэнэ , аль нь хуурамч гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Манай компанийн бланкан дээр гэрээ гэгчийг хийсэн юм бол ядаж л эхлээд компаний захирал Ц.Наранцэцэг нь гарын үсгээ зурахгүй яасан юм. Хэрвээ тэр гэрээ гэгчийг бид байгуулсан юм бол Иргэний Хуулийн 109-р зүйлийн 109.2 газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 38.2.1 д заасны дагуу гэрээг талууд гэрчлэн батлуулах ёстой. Тэгэхээр уг гэрээ гэгч нь хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хууль бус аргаар бий болгосон хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Манай компани хоёр гишүүнтэй. Хэрвээ манай компани уг газрыг бусадтай хамтран эзэмших гэрээ байгуулсан юм бол Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч Ц.Нармандахтай зөвшилцөж, шийдвэр гаргах ёстой байсан. Тийм асуудал огт үүсээгүй, тийм баримт ч байхгүй. Манай компани хүлэмжийн аж ахуйг 2009 оноос эрхэлж эхэлсэн. Тэр үеээсээ л Нийслэлийн газрын албанд газар ашиглах хүсэлтээ тавьсаар байсан. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгчийг Англи улсад амьдарч байхад л манай компани Нийслэлийн газрын албанд хүсэлтээ гаргаад л үйл ажиллагаагаа явуулсаар л байсан юм. Манай компани уг газрыг Нийслэлийн газрын албатай “Газар ашиглуулах гэрээ”-ний үндсэн дээр ашиглаж байсан. Газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ ч байхгүй, уг газрыг ашиглах л гэрээтэй атлаа бусадтай уг газрыг 50 50 хувиар эзэмшинэ гэж гэрээ байгуулах эрх манай компанид байх уу. Хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан гээд байгаа 2011-09-14 ны өдөр гэхэд л уг газрыг дээрх газар ашиглуулах гэрээний дагуу ашиглаж байсан. Тэгэхээр уг газрын эзэмшигч биш атлаа бусадтай газар эзэмших гэрээ байгуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг нэхэмжлэгч тооцоолсонгүй хуурамч гэрээ үйлджээ. Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 4 жилийн өмнө нотариат дээр очиж уг гэрээ гэгчийг Нотариатын тухай хуулийн 46-р зүйпийн 46.1-д заасны дагуу гэрчлэн батлуулахгүй яасан юм. Яагаад 4 жилийн дараа гэрээ гэгчийнхээ хуулбарыг батлуулсан юм бэ. Нотариат ч гэсэн Нотариатын тухай хуулийн 46.2-д заасны дагуу талуудыг байлцуулан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан гэрчлэх тухай хуулийн заалтаа зөрчсөн байна.

Нэхэмжлэгч өргөдөлдөө 2014 онд уг газар дээрээс хөөгдсөн мэтээр бичжээ. Төсөл дуусаад 4 жил өнгөрчихсөн, үнэн байдалд ногоо тарьсан ажил маань үр ашиггүй дууссан, бидний хооронд дахин ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй, аль алиндаа ямар ч гомдол санал гаргаагүй 4 жил өнгөрсөн байхад гэнэт уг газар дээрээс хөөгдсөн мэтээр ор үндэслэлгүйгээр гүтгэн бичиж байгаад үнэхээр гайхаж байна. Ногоо тарих зорилгоор л хамтарч ажилласан. Бусдын газар дээр хамтарч ажиллаж байгаагаа нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан. Гэсэн атлаа уг газрын тавин хувийн эзэмшигч болохоор гэрээ байгуулсан гэж бичжээ. Хэрвээ үнэхээр л тийм гэрээ байгуулсан юм бол нэхэмжлэгч нь төсөл дууссанаас хойших 4 жилийн хугацаанд юу хийж байсан юм бэ. Газрын тухай хуулийн 35.3.3 д заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан юм уу. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтанд үүнийгээ нотлосон ямар ч баримт байхгүй байна. Харин манай компани Газрын тухай хуулийн дагуу жил бүр газрын төлбөрөө төлсөөр ирсэн.

Нэхэмжлэгч өргөдөлдөө “бүх зардлын 50 хувийг төлөөд зогсохгүй нэмж хөрөнгө оруулалт хийсэн, халаалттай хүлэмжийн аж ахуй босгосон гэж бичжээ. Нэмж хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ нотлох ёстой болов уу. Хамтарч ажиллая гэж хүсэлт тавьчихаад хөрөнгө мөнгө байхгүй гэхээр нь манай компани өөрийн хөрөнгөөр бетон хашаа татаж, худаг гаргаж, “Онюга” ХХК, ’Грийн сити” ХХК компаниудтай хамтарч цахилгаан татсан болно. Тэгээд үйл ажиллагаагаа эхлэхийн тулд зээл авсан. Учир нь манай компани өөрөө хөрөнгөө гаргаад ажлаа эхлээд явж байсан боловч нэхэмжлэгч Англи улсаас дөнгөж ирээд байсан, ажил төрөл ч байхгүй, хөрөнгө мөнгө ч байхгүй байсан тул хариуцлагаа хамтарч хүлээх үүднээс зээл авсан болно. Халаалттай хүлэмж барихаар эхэлсэн боловч газраас 40 см-ийн өндөртэй хана, дээр нь хэдэн төмөр сараалжнаас өөр юм бариагүй, нэхэмжлэгчийн бичээд байгаа шиг ямар ч халаалтын тоног төхөөрөмж байхгүй байхад “халаалттай хүлэмжийн аж ахуй босгосон гэж ор үндэсгүй худал зүйл бичээд байгаад гайхаж байна.

Үнэхээр тийм хүлэмж босгочихсон юм бол түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ёстой юм биш үү. Бодит байдал дээр хүлэмж гэж ямархуу юм байгааг хавсаргасан болно. Бариагүй, бий болгоогүй зүйлийг бий болгочихсон, барьчихсан мэтээр гэрээ гэгчдээ бичээд байгаа нь хуурамч гэрээ гэдгийг л давхар нотлоод байна. Мөн хамтарч ямар үл хөдлөх хөрөнгө босгочихсон болоод 50 хувийг нь эзэмших эрхтэй гээд байгааг ч ойлгохгүй байна. Нэхэмжпэгч өргөдөлдөө “зээл авахын тулд өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 4  дүгээр хороо 4/7 байрны 5 тоот орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгө болгон банкны барьцаанд тавьсан” гэж бичжээ. Үнэн байдалд миний бие өөрийн гэр бүлийн эзэмшлийн 4 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авсан юм. Барьцаа, батлан даалтын гэрээг хариу тайлбарт хавсаргасан байгаа. Энэ нь нэхэмжлэгч бас л худал зүйл бичиж, гүтгэж байгааг харуулж байна. Дээр дурдсан байдлуудаар нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Мон-Айриш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурьдсан маргаж буй зүйл буюу газар, үл хөдлөх хөрөнгө нь уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Монгол улсын иргэн Ц.Наранцэцэгийн хувийн өмчлөл, эзэмшлийн зүйл биш бөгөөд тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө зэрэг нь тухайн үед бүгд “Мон айриш” ХХК-ийн нэр дээр, өнөөдрийн байдлаар “Мон айриш” ХХК-ийн нэр дээр байдаг атал хариуцагч нь энэ бүх фактуудыг мэддэг хирнээ тус газрын 50 хувийг дээрэмдэн авах зорилгоор Ц.Наранцэцэгтэй байгуулсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хуурамчаар үйлдсэн байх тул уг хуурамч бичиг баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Мон-Айриш” ХХК нь анх 2003 онд 2 гишүүнтэй бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр байгуулагдаж байсан ба улмаар 2013 онд уг хуулийн этгээдийг ХХК болгон өөрчилсөн болно. Компани нь Ц.Нармандах /нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч/ Ц.Наранцэцэг /нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч/ гэх 2 хувьцаа эзэмшигчтэй. Б.Баасанцэцэгийн нэхэмжилж буй Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонд орших 188028/0235 тоот дугаарын нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч нь "Мон-Айриш" ХХК юм.

“Мон-Айриш” Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөл нь 2 гишүүнтэй ба Ц.Наранмандах, Ц.Наранцэцэг нар нь тус бүр 50, 50 хувийн эд хөрөнгийг эзэмшдэг болно. Нөхөрлөл нь МУ-ын Иргэний хуулийн 35-р зүйлийн 35.1-д зааснаар “Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх хөрөнгө, хүлээсэн үүргээ эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд..." хэмээн тодорхойлдог. Харин Нөхөрлөлийн удирдлага, хяналт, шийдвэр гаргалтын талаар МУ-ын Нөхөрлөлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.3-т заасны дагуу "Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдсон хариуцлагыг хамтран хариуцна” гэж заажээ.

Гэтэл иргэн Б. Баасанцэцэг нь тус Нөхөрлөлийн хууль ёсны дагуу эзэмшиж буй газар эзэмших эрх болон түүн дээр оршин буй эд хөрөнгийг хууль бус, худал хуурмаг арга хэлбэрээр өөрийн болгохоор оролдож байгаа ба энэ нь Монгол улсын Иргэний Хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэхь зүйлд заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. “Мон-Айриш” Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөлийн үйл ажиллагаа, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон ба ирээдүйд бий болох ашиг, орлого түүний үр шимийг булаан авах гэсэн Б.Баасанцэцэгийн увайгүй үйлдэл манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Гэрээ хийгдсэн гэх тухайн цаг мөчид “Мон-Айриш” Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөлийн эрх барих дээд байгууллага нь Гишүүдийн хурал байсан. Гишүүдийн хурал нь нөхөрлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, нөхөрлөлийн бизнес төлөвлөгөөг батлах, нөхөрлөлийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох гэх мэт  асуудлуудыг санал нэгтэйгээр шийдвэрлэдэг. Түүнчлэн нөхөрлөлийн захирлын эрх хэмжээг тогтоох тухай “Мон-Айриш” Бүх Гишүүд Бүрэн Хариуцлагатай Нөхөрлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Гишүүдийн хурлын шийдвэр байдаг ба тухайн шийдвэрийн 1.2-т заасны дагуу “Захирал нь ...нөхөрлөлийн бизнес төлөвлөгөөг батлах. Нөхөрлөлийн нэр дээр орших үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг захиран зарцуулах, болон бусад томоохон хэмжээний гэрээ хэлцэл хийх асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд тухайн тохиолдол бүрт асуудлыг Нөхөрлөлийн Гишүүдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь нөхөрлөлийн гишүүдийн хурлаар огт хэлэлцэгдэж байгаагүй, гишүүдийн хурлаас нөхөрлөлийн захирал Ц.Наранцэцэгт олгогдсон эрх мэдлээс илт давсан 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэх гэрээг шүүх танхимд нотлох баримт болгон гаргаж ирсэн байна. Дээрх гэрээтэй холбогдуулан гишүүдийн хурлыг хэзээ ч зарлаж байгаагүй бөгөөд гишүүдийн хооронд ийм гэрээ хэлцэл хийх санал огт яригдаж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж буй 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэх гэрээ нь хүчин төгөлдөр байх ямар ч боломжгүй ба ийнхүү нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн явдал нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.4, 38.5 дахь зүйл заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэх гэрээ нь бүхэлдээ хуурамчаар үйлдэгдсэн гэрээ байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв

 

Хариуцагч Ц.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Б.Баасанцэцэг “Мон-Айриш” ХХК-ийн захирал Ц.Наранцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэх гэрээний “захирал Ц.Наранцэцэг” гэсний урд зурсан гарын үсэг нь Ц.Наранцэцэгийн гарын үсэг мөн эсэхийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн #4268 тоот, мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн #5315 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй гарсан тул дахин шинжээч томилогдож, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр #962 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хавтаст хэргийн материалын 53-р хуудсанд авагдсан гэрээ гэх баримтын доод хэсэгт “Захирал Ц.Наранцэцэг гэсний урд зурсан гарын үсэг нь Ц.Наранцэцэгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлт гарсан юм.

Энэ нь Б.Баасанцэцэцэг нь “Мон-Айриш” ХХК-ийн албан бланкыг ашиглан, Ц.Наранцэцэгийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бүрдүүлсэн болохыг хөдлөшгүйгээр нотлож чадсан хэмээн үзэж байна. Хууль болоод холбогдох журмын дагуу уг гэрээ нь талууд нотариатад биечлэн очиж гэрчлэн батлуулж, газрын албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Гэтэл Б.Баасанцэцэг нь “хуулбарыг гэрчлэн батлав” гэх нотариатын дардастай гэрээг шүүхэд өгсөн байдаг. Дээрхээс үзвэл тухайн гэрээ нь “хуурамч биш” байсан байлаа ч, Газрын тухай хуулийн 38-р зүйлийн шаардлагыг хангаагүй байх тул энэ гэрээ гэгч нь хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдохоор байсан болно. Газар эзэмших гэрээг бусдад шилжүүлэх, хамтран эзэмших тухай гэрээг нотариатч Нотариатын тухай хуулийн 46-р зүйлийг удирдлага болгон талуудыг биечлэн байлцуулж, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх (46.2.1-р зүйл), агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх (46.2.3-р зүйл) зэргийг заавал нягтлаж байж “гэрчлэн батлах” ёстой ба хэрэв хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах (46.3-р зуйл) үүрэгтэй байдаг. Б.Баасанцэцэгийг уг гэрээг нотариатаар батлуулах үед уг гэрээг байгуулагч 2 талууд биечлэн байлцаагүй учир Д.Дэлгэрмөрөн нотариатчид дээр дурьдагдсан нөхцлүүдийг нягтлан шалгах бодит боломж огт байгаагүй юм.

Түүнчлэн нотариатын үйлдэл нь хуулинд зааснаар нийт 11 төрөл (Нотариатын тухай хууль 25-р зүйл) байх бөгөөд үйлдэл тус бүр нь өөр өөрийн зориулалттай (25.1.1. гэрээ, хэлцэл гэрчлэх; 25.1.9. баримт бичгийн хуулбарыг гэрчлэх; 25.1.10. баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх гэх мэт) байдаг билээ. Мөн “Монголын Нотариатчдын Танхим”-аас гишүүн нотариатчиддаа “Гэрчлэн батлаагүй гэрээг хуулбараар гэрчлэн батлахгүй байх” тухай зөвлөмж гаргаж уг зөвлөмжийг мөрдөж ажиллахыг үүрэгдсэн байхад Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Дэлгэрмөрөн нь Б.Баасанцэцэгийн хууль бус, хуурамч гэрээг хуулбараар батласан нь Баасанцэцэгийг хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүх байгууллага, хэргийн зохигч оролцогчдыг бүгдийг нь хууран мэхлэх боломжийг түүнд бий болгосон юм. Иймд Ц.Нарацэцэг Б.Баасанцэцэг нарын хооронд байгуулсан гэх 2011 оны 9 дүгээр 14-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Султанбек сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Наранцэцэгийн гарын үсгийн шинжилгээг 3-н удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хийлгэсэн. Эхний шинжилгээг нэг шинжээч хийж Ц.Наранцэцэгийн гарын үсгийг биш гэв. 2-р шинжилгээнд мэргэжлийн 3-н шинжээч оролцож Ц.Наранцэцэгийн гарын үсэгийг мөн гэв. 3 дахь шинжилгээнд бас гурван мэргэжлийн шинжээч оролцож Ц.Наранцэцэгийн гарын үсгийг биш гэжээ. Ингэхэд нэхэмжлэгч Б.Баасанцэцэг дахин хүсэлт гаргаж 4 дэхээ шинжээч томилуулж маргалдан, хариуцагчийн хүссэнээр шүүх хурлыг хойшлуулсаар байх нь утгагүй гэж үзэн шүүх хуралд гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар мэтгэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй гарын үсэг бүхий гэрээг хавтаст хэрэгт эх хувиар нь өгсөн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “хэрэвзээ” тухайн гэрээ нь “хуурамч биш” байсан байлаа ч гэсэн өгүүлбэр оруулсан нь хариуцагч өөрөө энэ гэрээг үнэн болохыг нотлож байна. Иргэний хуулийн 196-р зүйлд “гэрээг байгуулсанд тооцох”, 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах” гэжээ. Мөн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” гэж заасан нь нэхэмжлэгч хариуцагч хоёрын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Энэ газрыг авах саналыг анх нэхэмжлэгчийн нөхөр Б.Батхуяг Англи улсад байхдаа гаргаж, өөрийн найз Монголын Арьс Ширний Холбооны ерөнхийлөгч Б.Баярсайханд уламжлан гуйсан. Б.Баярсайхан нь тухайн үед Нийслэлийн засаг дарга Б.Мөнхбаяртай биечлэн уулзаж, түүний өрөөнд өнөөдрийн хариуцагч Ц.Наранцэцэгийг дуудан ирүүлэн, бид хамтарч энэ газрыг авч хүнсний ногоо тарьж, өвлийн хүлэмж барина гэж хэлж уг газрыг авч өгсөн тухайгаа тус шүүх хуралд гэрч Б.Баярсайханы өгөх мэдүүлэг хангалттай нотлох баримт болно гэж үзэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг няцааж байна.

Иргэний хуулийн  476.2-т зааснаар “хамтран ажиллах гэрээг бичгээр, амаар байгуулж болно” гэсний дагуу нэхэмжлэгч, хариуцагч хоёр анх газар авахдаа уг гэрээг амаар байгуулан газраа авч, авсан зээлээ хүүгийн хамт тэнцүү хувааж төлсөн Иргэний хуулийн 480-р зүйл “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох" 480.3-т заасан “хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэсний дагуу нэхэмжпэгч, хариуцагч хоёр газар болон уг газар дээр зээлээр боссон хөрөнгөө зээл, зээлийн хүү төлсөн тэнцлээр тэнцүү 50/50 хувиар хуваах ёстой гэж үзнэ.” гэжээ.

    Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек нь хариуцагч Ц.Наранцэцэгт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 30,025 м.кв талбай бүхий газар эзэмших эрх болон уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн тавин хувийг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр “Мон айриш” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, улмаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаа “Мон айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай” болгон өөрчилжээ.

 

Хариуцагч Ц.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг нь нэхэмжлэгч Б.Баасанцэцэгт холбогдуулан “Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

 “Мон айриш” БГБХН-ийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын дагуу “Мон айриш” БГБХН нь “Мон айриш” ХХК болон өөрчлөн байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан “Мон айриш” БГБХН-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, “Мон айриш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг болон хариуцагч Ц.Наранцэцэг нар нь Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгож буй 45,780,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт тэнцүү хэмжээгээр хариуцан халаалттай хүлэмжийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд зааснаар зээлийн барьцаанд Б.Баасанцэцэг нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, зээлийн төлбөр болон зээлийн хүүг хоёр тал тэнцүү хэмжээгээр төлж, аж ахуйгаас олох ашгийг Б.Баасанцэцэг, Ц.Наранцэцэг нар нь тэнцүү хэмжээгээр эзэмшихээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Гэрээ”-ээр нотлогдож байна

 

Дээрх гэрээнд заасан 45,780,000 төгрөгийн зээлийг хариуцагч “Мон айриш” ХХК нь  Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалаагүй ба хариуцагч Ц.Наранцэцэг нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ\2800000132 дугаар зээлийн гэрээ, ЗБ\2800000132 дугаар барьцаат батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагад дурдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хүлэмж, зоорь, үйлдвэрлэлийн чиглэлээр олгогдсон 30,025 м.кв талбай бүхий газрыг “Мон айриш” БГБХН нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаагаар эзэмшсэн ба уг газрыг эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Б.Баасанцэцэгт эзэмшүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0232148 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь шүүхэд гаргасан газар эзэмших эрх болон эд хөрөнгийн хамтран эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... халаалттай хүлэмжийн аж ахуйг хамтын хөрөнгөөр байгуулсан, газар эзэмших эрхийг тэнцүү хэмжээгээр эзэмших эрхтэй болохыг 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр тохиролцсон, Б.Баасанцэцэг 107,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ...” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Ц.Наранцэцэг болон “Мон айриш” ХХК нь нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ нь хуурамч гэрээ, “Мон айриш” ХХК-ийн эзэмшлийн газар дээр хүлэмжийн аж ахуй хамтран эрхлэхээр тохиролцсон боловч төсөл үр өгөөжөө өгөөгүй. Хамтран ажиллахаар тохиролцсон боловч газар эзэмших эрх болон эд хөрөнгийг хамтран эзэмших талаар тохиролцоогүй ...” гэж тайлбарлаж маргадаг бөгөөд харицагч Ц.Наранцэцэг нь өөрийн татгалзалтай холбоотойгоор “Мон айриш” БГБХН-ийн захирал Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд байгуулагдсан 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж  тайлбарлажээ.

           

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс хэрэгт  нотлох баримтаар ирүүлсэн “Мон айриш” БГБХН-ийн захирал Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 14-ний “Гэрээ”-нд “... халаалттай хүлэмжийн аж ахуйг хамтын хөрөнгө оруулалтаар байгуулахаар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3 га газрыг Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нар хамтран эзэмшихээр ...” заасан бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр энэхүү гэрээний “Мон айриш” БГБХН-ийн захирал Ц.Наранцэцэг гэж бичигдсэний урд зурагдсан газрын үсэг нь Ц.Наранцэцэгийнх мөн эсэх талаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр болон дахин шинжээчээр томилж гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

 

Дээрх гэрээнд зурагдсан гарын үсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, цагдаагийн хошууч Д.Авидхүүгийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4268 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Наранцэцэгийн биш гэж, дахин шинжээчээр томилогдсон цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантулга, ахлах дэслэгч Э.Солонго, ахлах дэслэгч М.Түмэннаст нарын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5315 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Наранцэцэгийн гарын үсэг мөн гэж, дахин шинжээчээр томилогдсон цагдаагийн хошууч Х.Баярмаа, цагдаагийн ахлах дэслэгч Д.Энхбаяр, цагдагийн ахлах дэслэгч С.Сэлэнгэ нарын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 962 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ц.Наранцэцэгийн гарын үсэг биш гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

            Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байх бөгөөд дээрх гэрээний нэг тал болох Ц.Наранцэцэг нь халаалттай хүлэмжийн аж ахуйг хамтын хөрөнгө оруулалтаар байгуулахаар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3 га газрыг Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нар хамтран эзэмшихээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй буюу гарын үсэг зураагүй болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэж байна.  

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан бөгөөд “Мон айриш” БГБХН-ийн захирал Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 14-ний гэрээ нь хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь халаалттай хүлэмжийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахар тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт зээлийн төлбөр төлсөн баримт, байрны түрээсийн төлбөр төлсөн баримт, манаачийн цалин олгосон баримт, дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд, бараа бүтээгдэхүүн худалдан авсан тухай зарлагын баримтуудыг тус тус хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр санхүүгийн баримтуудад төлбөр төлөгч нь “Мон айриш” ХХК гэж бичигдэж тушаагч нь Б.Баасанцэцэг, Батхуяг, Будсүрэн гэх зэргээр бичигдсэн ба зарлагын баримтууд худалдан авагчийн талаар тэмдэглэгээ бичигдээгүй байна.

 

Дээр дурьдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газар эзэмших эрх болоод хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Наранцэцэг болон “Мон айриш” ХХК нь нэхэмжлэгч Б.Баасанцэцэгтэй халаалттай хүлэмжийн аж ахуйг хамтран эрхлэхээр тохиролцсон талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу хөрөнгө оруулалт хийсэн тул газар эзэмших эрхийг болон тухайн газарт байрлах эд хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 89.4-т “Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч  Б.Баасанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болоод хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Б.Баасанцэцэгийг “Мон айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар Б.Баасанцэцэг болон Ц.Наранцэцэг нарын хооронд байгуулсан 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь зөвхөн хүлэмжийн аж ахуйгаас олох ашгийг Ц.Наранцэцэгтэй хамтран эзэмшихээр тохиролцсон ба харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Мон айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газарт байрлах бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга нь хүлэмжийн ах ахуйн үйл ажиллагаанаас олсон ашиг, үр шим болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн хариуцагч Ц.Наранцэцэг, “Мон айриш” ХХК-д холбогдуулан гаргасан “Мон айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ц.Наранцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн хариуцагч Ц.Наранцэцэг, хариуцагч “Мон айриш” ХХК-д холбогдуулан гаргасан “Мон айриш” ХХК-ний нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ц.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.Наранцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР