Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 937

 

Б.Баасанцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг,

Хариуцагч Ц.Наранцэцэг, “Мон айриш” ХХК нарт холбогдох,

 

“Мон айриш” ХХК-ийн нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30 025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр

Хариуцагч Ц.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг,

Хариуцагч “Мон айриш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар 1984 оноос оюутан байх үеэсээ үерхэж хамтран ажилласаар ирсэн. Ингээд халаалттай хүлэмжийн аж ахуйд хамтран хөрөнгө оруулалт хийхээр тэд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож буй зээлд хамрагдахаар шийдэж 45 780 000 төгрөгийн зээлийг авахын тулд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгө болгон банкны барьцаанд тавьж үндсэн зээлийг хүүгийн хамт 50, 50 хувиар 2 тал төлөхөөр гэрээ хийжээ. Уг 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр зээлийн эрсдэлийг нэхэмжлэгч өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөөр хариуцахаар болж, зээлийн үндсэн төлбөр болон хүүг 2 тал 50, 50 хувиар төлөх ба уг халаалттай хүлэмжийн аж ахуйгаас олох ашгийг Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нар 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон.

Нэхэмжлэгч энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалтын бүх зардлын 50 хувийг төлөөд барахгүй нэмж хөрөнгө оруулалт хийж, өөрийн нөхөр, 2 хүү, төрөл садангуудын хамт өөрсдөө цалингүй биечлэн  ажиллаж халаалттай хүлэмжийн аж ахуйг босгожээ. 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 2 тал баталгаажуулж 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр уг халаалттай хүлэмжийн аж ахуйг барьсан газраа 50, 50 хувиар тэнцүү эрхтэй хамтран эзэмшихээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд буй газрын 0232148 тоот газрын гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэр дээр авахдаа нэхэмжлэгчийн нэрийг хамтран эзэмшигчийн бүртгэлд оруулаагүй  байна. 2014 оны 12 дугаар сард хариуцагч “энэ газарт дахин хөрөнгө оруулах ашиггүй боллоо, би хятадуудтай хамтран ажиллахаар шийдсэн. Та нартай дахин хамтран ажиллахгүй” гэж уг газраасаа нэхэмжлэгчийг хөөсөн.

 “Мон-Айриш” ХХК-ийн үйл ажиллагааны нэг чиглэл болох “Өвлийн хүлэмжийн аж ахуй” эрхлэх ажлыг нэхэмжлэгч Б.Баасанцэцэг, нөхөр Н.Батхуягийн санаачлагаар “Мон- Айриш” ХХК-ийн захирал Ц.Наранцэцэгтэй хамтран хийхээр тохиролцож, 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамтран зээл авах, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Мон-Айриш” ХХК-ийн эзэмшилд байгаа газрыг хамтран эзэмших гэрээг тус тус байгуулснаараа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр хэлцэл болно.

Дээрх гэрээнүүд нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар компани хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох зохицуулалтыг зөрчигдөөгүй гэж үзнэ. Сонсголонд газар авах, бизнесийн эдийн засгийн тооцоо хийх, “Мон-Айриш” ХХК-иас гаргасан бүх бичиг баримтыг боловсруулж, Голомт банкнаас 45 000 700 төгрөгийн зээл хамтран авах, 48 000 000 төгрөгөөр цахилгаан шугам татах, 29 000 000 төгрөгийн өвлийн хүлэмж барих, трактор, худаг гаргах, худгийн барилга барих зэрэг ажлыг зохион байгуулж, биечлэн хийж ирсэн. Ийнхүү нийт 195 500 000 гаруй төгрөгийн хөрөнгө гаргаснаас 107 000 800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Б.Баасанцэцэг дангаар гаргасан болно. Энэ талаар үгүйсгэсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

           Мөн хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалтыг хийхийн тулд 30 025 м.кв газрыг түрээсээр, улмаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай “Хүлэмжийн аж ахуй байгуулах” зориулалтаар газар ашиглах гэрээг 2010 оноос 2025 он хүртэл байгуулахдаа хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэвийн ажиллаж, газар болон цахилгааны мөнгө, манаачийн цалинг нэхэмжлэгчийн зүгээс хариуцан төлж ирсэн бөгөөд 2014 оны 02 дугаар  сард Ц.Наранцэцэг газраа авна гэх асуудал үүсгэснээс энэхүү маргаан гарсан.

Энэ газрыг анх Нийслэлийн Захирагчийн албатай холбох ажлыг нэхэмжлэгч тал хөөцөлдсөний дотор найз Б.Баярсайхан биечлэн хөөцөлдөж, зохих шийдвэр гаргуулж байсан. Хэдийгээр газар “Мон-Айриш” ХХК-ийн нэр дээр олгогдсон боловч зориулалт нь хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлд зориулан эзэмших эрх олгогдсон учир тухайн ажлыг нэхэмжлэгчийн зүгээс анх санаачилж, бүтээж, хөдөлмөрлөж ирсэн учраас хамтран эзэмших эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хүч, хөдөлмөр хөрөнгөөр бий болсон хүлэмжийн аж ахуйн хууль ёсны  эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн бөгөөд түүнийг шаардах, үгүйсгэх эрх хариуцагч Ц.Наранцэцэгт  хуулиар олгогдоогүй болно.

Хүлэмжийн аж ахуйн ажил 4 жил гаруй  амжилттай хэрэгжих явцад “Мон-Айриш” ХХК-ийн захирал Б.Наранцэцэг хамтарч ажиллана гэж бидний итгэлийг авсан атлаа “энэ газар манайх” гэх, бусдад худалдах санал гаргах зэргээр зориулалтын ззэмших эрхийг зөрчиж, бүх бүтээн байгуулалтыг нурааж, итгэл эвдэн хохироосонд маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “Мон-Айриш” ХХК-ийн нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30 025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ц.Наранцэцэг, Ц.Нармандах нар гадаад худалдаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2010 оны 01 дүгээр сард Хүнс хөдөө ах ахуй үйлдвэрлэлийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн газраас зарласан Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөрт шалгарч уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн захирагчийн албанд хандаж Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороонд байрлах 2 га газрыг 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс түрээслэх гэрээ байгуулсан.

             Уг газар дээр дээрх хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэх болсон тухайгаа Англи улсад амьдарч байсан найз Б.Батхуяг, Б.Баасанцэцэг нарт хэлэхэд хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. 2010 оны 05 дугаар сард Б.Баасанцэцэг, Б.Батхуяг нар Англи улсаас дөнгөж ирсэн байсан. Хөрөнгө оруулж чадахгүй байсан тул манай компани өөриин хөрөнгөөр 8 000 000 төгрөгийн бетон хашаа татаж, 5 000 000 төгрөгөөр худаг гаргаж, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн яамнаас тус бүр 1 250 000 төгрөгийн үнэтэй 3 хүлэмж худалдан авч, Грийн сити  компаниудтай нийлж цахилгааны жижиг  дэд станц барьсан болно.

Ингээд хүлэмжийн аж ахуйг эрхлэн ногоогоо тарихад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг нэхэмжлэгч нартай хамтран авч хөрөнгө оруулахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаа болгон зээл авсан хэмээн худлаа бичжээ.  Үнэн байдалд 45 780 000 төгрөгийн зээлийн гэрээг “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Голомт банктай байгуулж, зээлийн барьцаанд Ц.Наранцэцэг би өөрийн гэр бүлийн эзэмшлийн Сүхбаатар дүүргиин 6-р хороо, Бага тойруу гудамжны 10А-41 тоот 4 өрөө орон сууцаа барьцаалсан болно. Ингээд зээлээ аваад 690 ширхэг чацарганы суулгац, 200 ширхэг улиас, бусад нарийн ногооны үр суулгац, хар шороо худалдан авч газраа тэгшлүүлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явуулсан.

            Мөн уг зээлийн мөнгөнөөс өвлийн хүлэмж барьж эхэлсэн боловч хөрөнгө мөнгө дутсаны улмаас барьж дуусгаагүй. Мөн Хятадын мэргэжилтнийг ажиллуулж түүний байр, хоол, унаа, утасны зардлыг зээлээс 2 жилийн хугацаанд төлсөн. Манай компанийн эзэмшлийн газар дээр хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэхээр тохиролцсоны дагуу 2 жилийн хугацаанд нарийн ногоо тарьсан боловч ашиг олоогүй, 2012 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа зогсоосон болно.  Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь манай компанийн эзэмшлийн газар эзэмших эрхийг 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон гэрээ хийсэн гэж нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн.

2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ гэгчийг миний бие үйлдээгүй болно. Б.Баасанцэцэг нь хуурамчаар гэрээ үйлдэн миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэх явцад намайг гадаад руу томилолтоор явахад Б.Баасанцэцэгт компанийн тамга үлдээдэг байсан бөгөөд шаардлагатай үед албан бичиг, баримтад Б.Баасанцэцэг миний гарын үсгийг дуурайлган зурдаг байсан.  Ийм байдлаар хуурамч гэрээ байгуулж миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Уг гэрээ хуурамч болох нь дараах байдлаар нотлогдоно. Уг гэрээг байгуулахын тулд “Мон-Айриш” ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч Ц.Нармандах зөвшөөрч гарын үсгээ зурах байтал нэхэмжлэгчийн нотлох баримтад байхгүй байна.

            Хэрвээ бид гэрээ байгуулсан бол 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөө нотариатад 2 тал өөрсдийн биеэр очиж гэрээний үнэн зөвийг гэрчлэн батлуулах байсан. Газрын түрээслэх болон эзэмших гэрээний дагуу 2010 оноос хойш улирал бүр газрын төлбөрийг “Мон-Айриш” ХХК төлж байсан. Бусдын газарт хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэхээр тохиролцсон, уг ажил 3 жилийн өмнө дууссан байтал газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийг 50, 50 хувиар  эзэмших эрхтэй гэж нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүлээн зөвшөөрөх үндэслэл ч байхгүй. Бусдын гарын үсгийг дуурайлгаж хууль бус үйлдэл хийж байгааг нь шалгуулах болно. Нэхэмжлэгч нь энэ хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр уг гэрээн дээрх гарын үсэг Ц.Наранцэцэгийнх мөн байна гэж дүгнэлт гарсан юм бол нэхэмжлэгч нь миний гарын үсэг тамгатай манай компанийн бланкийг ашиглаж хуурамч гэрээ үйлдсэн байна гэж үзэж байна. Учир нь, уг төсөл хэрэгжсэн 2 жилийн хугацаанд манай компаниас гарч байсан аливаа албан бичиг, баримтуудыг нэхэмжлэгч эцсийн байдлаар хэвлэн гаргадаг байсан. Миний бие гадаад руу томилолтоор явахдаа гарын үсэг, тамгатай хоосон бланкийг Б.Баасанцэцэгт орхиж явдаг байсан. Миний өмнөөс миний гарын үсгийг зурах тохиолдол ч байсан. Тийм л хоосон бланкийг ашиглаж гэрээ гэгчийг хийжээ. Аливаа эрх зүйн үндэслэл бүхий гэрээг байгууллагын албан бланк дээр хийдэггүй гэдгийг нэхэмжлэгч мэдмээр л юмдаа.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хоёр гэрээг харьцуулаад харахад аль нь жинхэнэ, аль нь хуурамч гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Манай компанийн бланк дээр гэрээ гэгчийг хийсэн юм бол ядаж л эхлээд компанийн захирал Ц.Наранцэцэг нь гарын үсэг зурахгүй яасан юм. Хэрвээ тэр гэрээ гэгчийг бид байгуулсан юм бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасны дагуу гэрээг талууд гэрчлэн батлуулах ёстой. Тэгэхээр уг гэрээ гэгч нь хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хууль бус аргаар бий болгосон хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Манай компани хоёр гишүүнтэй. Хэрвээ манай компани уг газрыг бусадтай хамтран эзэмших гэрээ байгуулсан юм бол Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч Ц.Нармандахтай зөвшилцөж, шийдвэр гаргах ёстой байсан. Тийм асуудал огт үүсээгүй, тийм баримт ч байхгүй. Манай компани хүлэмжийн аж ахуйг 2009 оноос эрхэлж эхэлсэн. Тэр үеээсээ л Нийслэлийн газрын албанд газар ашиглах хүсэлтээ тавьсаар байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Англи улсад амьдарч байхад л манай компани Нийслэлийн газрын албанд хүсэлтээ гаргаад л үйл ажиллагаагаа явуулсаар л байсан юм. Манай компани уг газрыг Нийслэлийн газрын албатай “Газар ашиглуулах гэрээ”-ний үндсэн дээр ашиглаж байсан. Газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ ч байхгүй, уг газрыг ашиглах гэрээтэй атлаа бусадтай уг газрыг 50, 50 хувиар эзэмшинэ гэж гэрээ байгуулах эрх манай компанид байх уу.

Хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан гээд байгаа 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд л уг газрыг дээрх газар ашиглуулах гэрээний дагуу ашиглаж байсан. Тэгэхээр уг газрын эзэмшигч биш атлаа бусадтай газар эзэмших гэрээ байгуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг нэхэмжлэгч тооцоолсонгүй хуурамч гэрээ үйлджээ. Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 4 жилийн өмнө нотариат дээр очиж уг гэрээ гэгчийг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйпийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу гэрчлэн батлуулаагүй. Яагаад 4 жилийн дараа гэрээ гэгчийн хуулбарыг батлуулсан юм бэ. Нотариатч нь мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу талуудыг байлцуулан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан гэрчлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч өргөдөлдөө 2014 онд уг газар дээрээс хөөгдсөн мэтээр бичжээ. Төсөл дуусаад 4 жил өнгөрчихсөн, үнэн байдалд ногоо тарьсан ажил нь үр ашиггүй дууссан, бидний хооронд дахин ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, аль алиндаа ямар ч гомдол санал гаргаагүй 4 жил өнгөрсөн байхад гэнэт уг газар дээрээс хөөгдсөн мэтээр ор үндэслэлгүйгээр гүтгэн бичиж байгаад үнэхээр гайхаж байна. Ногоо тарих зорилгоор л хамтарч ажилласан. Бусдын газар дээр хамтарч ажиллаж байгаагаа нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан. Хэрвээ үнэхээр л гэрээ байгуулсан юм бол нэхэмжлэгч нь төсөл дууссанаас хойш 4 жилийн хугацаанд юу хийж байсан юм бэ. Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө төлж байсан юм уу. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад үүнийгээ нотолсон ямар ч баримт байхгүй байна. Харин манай компани Газрын тухай хуулийн дагуу жил бүр газрын төлбөрөө төлсөөр ирсэн.

Нэхэмжлэгч өргөдөлдөө бүх зардлын 50 хувийг төлөөд зогсохгүй нэмж хөрөнгө оруулалт хийсэн, халаалттай хүлэмжийн аж ахуй босгосон гэж бичжээ. Нэмж хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ нотлох ёстой болов уу. Хамтарч ажиллъя гэж хүсэлт тавьчихаад хөрөнгө мөнгө байхгүй гэхээр нь манай компани өөрийн хөрөнгөөр бетон хашаа татаж, худаг гаргаж, “Онюга” ХХК, “Грийн сити” ХХК-тай хамтарч цахилгаан татсан болно. Тэгээд үйл ажиллагаагаа эхлэхийн тулд зээл авсан. Учир нь, манай компани өөрөө хөрөнгөө гаргаад ажлаа эхлээд явж байсан боловч нэхэмжлэгч Англи улсаас дөнгөж ирээд байсан, ажил төрөл ч байхгүй, хөрөнгө мөнгө ч байхгүй байсан тул хариуцлагаа хамтарч хүлээх үүднээс зээл авсан болно. Халаалттай хүлэмж барихаар эхэлсэн боловч газраас 40 см-ийн өндөртэй хана, дээр нь хэдэн төмөр сараалжнаас өөр юм бариагүй, нэхэмжлэгчийн бичээд байгаа шиг ямар ч халаалтын тоног төхөөрөмж байхгүй байхад халаалттай хүлэмжийн аж ахуй босгосон гэж ор үндэсгүй худал зүйл бичээд байгаад гайхаж байна.

Үнэхээр тийм хүлэмж босгочихсон юм бол түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх ёстой юм биш үү. Бодит байдал дээр хүлэмж гэж ямархуу юм байгааг хавсаргасан болно. Бариагүй, бий болгоогүй зүйлийг бий болгочихсон, барьчихсан мэтээр гэрээ гэгчдээ бичээд байгаа нь хуурамч гэрээ гэдгийг л давхар нотлоод байна. Мөн хамтарч ямар үл хөдлөх хөрөнгө босгосон болоод 50 хувийг нь эзэмших эрхтэй гээд байгааг ойлгохгүй байна. Дээр дурдсан байдлуудаар нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мон-Айриш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Идэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан маргаж буй зүйл буюу газар, үл хөдлөх хөрөнгө нь уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Ц.Наранцэцэгийн хувийн өмчлөл, эзэмшлийн зүйл биш бөгөөд тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө зэрэг нь тухайн үед бүгд “Мон айриш” нөхөрлөлийн нэр дээр, өнөөдрийн байдлаар “Мон айриш” ХХК-ийн нэр дээр байдаг атал хариуцагч нь энэ бүгдийг мэддэг атлаа тус газрын 50 хувийг дээрэмдэн авах зорилгоор Ц.Наранцэцэгтэй байгуулсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хуурамчаар үйлдсэн байх тул уг хуурамч бичиг баримтыг хүчин төгөлдөр буст тооцуулах, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэл байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Мон-Айриш” ХХК нь анх 2003 онд 2 гишүүнтэй, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр байгуулагдаж байсан ба улмаар 2013 онд уг хуулийн этгээдийг ХХК болгон өөрчилсөн. Компани нь Ц.Нармандах /нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч/ Ц.Наранцэцэг /нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч/ гэх 2 хувьцаа эзэмшигчтэй. Б.Баасанцэцэгийн нэхэмжилж буй Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонд орших 188028/0235 тоот дугаарын нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч нь "Мон-Айриш" ХХК юм.

“Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2 гишүүнтэй ба Ц.Наранмандах, Ц.Наранцэцэг нар нь тус бүр 50, 50 хувийн эд хөрөнгийг эзэмшдэг болно. Нөхөрлөл нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар “Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх хөрөнгө, хүлээсэн үүргээ эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд..." хэмээн тодорхойлдог. Харин нөхөрлөлийн удирдлага, хяналт, шийдвэр гаргалтын талаар Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу "Удирдах эрх бүхий гишүүд олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдсон хариуцлагыг хамтран хариуцна” гэж заажээ.

Гэтэл Б.Баасанцэцэг нь тус нөхөрлөлийн хууль ёсны дагуу эзэмшиж буй газар эзэмших эрх болон түүн дээр оршин буй эд хөрөнгийг хууль бус, худал хуурмаг арга хэлбэрээр өөрийн болгохоор оролдож байгаа ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагаа, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон ба ирээдүйд бий болох ашиг, орлого түүний үр шимийг булаан авах гэсэн Б.Баасанцэцэгийн увайгүй үйлдэл манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгаа юм.

Гэрээ хийгдсэн гэх тухайн цаг мөчид “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрх барих дээд байгууллага нь гишүүдийн хурал байсан. Гишүүдийн хурал нь нөхөрлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх, нөхөрлөлийн бизнес төлөвлөгөөг батлах, нөхөрлөлийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох гэх мэт асуудлуудыг санал нэгтэйгээр шийдвэрлэдэг. Түүнчлэн нөхөрлөлийн захирлын эрх хэмжээг тогтоох тухай “Мон-Айриш” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гишүүдийн хурлын шийдвэр байдаг ба тухайн шийдвэрийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу “Захирал нь ...нөхөрлөлийн бизнес төлөвлөгөөг батлах, Нөхөрлөлийн нэр дээр орших үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг захиран зарцуулах, болон бусад томоохон хэмжээний гэрээ хэлцэл хийх асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд тухайн тохиолдол бүрт асуудлыг Нөхөрлөлийн Гишүүдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь нөхөрлөлийн гишүүдийн хурлаар огт хэлэлцэгдэж байгаагүй, гишүүдийн хурлаас нөхөрлөлийн захирал Ц.Наранцэцэгт олгогдсон эрх мэдлээс илт давсан 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэх гэрээг шүүх танхимд нотлох баримт болгон гаргаж ирсэн байна. Дээрх гэрээтэй холбогдуулан гишүүдийн хурлыг хэзээ ч зарлаж байгаагүй бөгөөд гишүүдийн хооронд ийм гэрээ хэлцэл хийх санал огт яригдаж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж буй 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэх гэрээ нь хүчин төгөлдөр байх ямар ч боломжгүй ба ийнхүү нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэх гэрээ нь бүхэлдээ хуурамчаар үйлдэгдсэн гэрээ байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Баасанцэцэг “Мон-Айриш” ХХК-ийн захирал Ц.Наранцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэх гэрээний “захирал Ц.Наранцэцэг” гэсний урд зурсан гарын үсэг нь Ц.Наранцэцэгийн гарын үсэг мөн эсэхийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4268 тоот, мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5315 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй гарсан тул дахин шинжээч томилогдож, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 962 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хавтаст хэргийн материалын 53 дугаар хуудсанд авагдсан гэрээ гэх баримтын доод хэсэгт “Захирал Ц.Наранцэцэг” гэсний урд зурсан гарын үсэг нь Ц.Наранцэцэгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлт гарсан юм.

Энэ нь Б.Баасанцэцэцэг нь “Мон-Айриш” ХХК-ийн албан бланкийг ашиглан, Ц.Наранцэцэгийн гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бүрдүүлсэн болохыг хөдлөшгүйгээр нотолж чадсан хэмээн үзэж байна. Хууль болоод холбогдох журмын дагуу уг гэрээ нь талууд нотариатад биечлэн очиж гэрчлэн батлуулж, газрын албанд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Гэтэл Б.Баасанцэцэг нь “хуулбарыг гэрчлэн батлав” гэх нотариатын дардастай гэрээг шүүхэд өгсөн байдаг. Дээрхээс үзвэл тухайн гэрээ нь “хуурамч биш” байсан байлаа ч, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй байх тул энэ гэрээ гэгч нь хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдохоор байсан болно.

Газар эзэмших гэрээг бусдад шилжүүлэх, хамтран эзэмших тухай гэрээг нотариатч Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг удирдлага болгон талуудыг биечлэн байлцуулж, талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.1 дэх заалтын агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.3 дугаар зүйл зэргийг заавал нягтлаж байж гэрчлэн батлах ёстой ба хэрэв мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах 46.3 дахь хэсэгт заасан үүрэгтэй байдаг. Б.Баасанцэцэгийг уг гэрээг нотариатаар батлуулах үед уг гэрээг байгуулагч 2 талууд биечлэн байлцаагүй учир Д.Дэлгэрмөрөн нотариатчид дээр дурдагдсан нөхцөлүүдийг нягтлан шалгах бодит боломж огт байгаагүй юм.

Түүнчлэн нотариатын үйлдэл нь хуульд зааснаар нийт 11 төрөл, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан байх бөгөөд үйлдэл тус бүр нь өөр өөрийн зориулалттай 25.1.1 дэх хэсэгт гэрээ, хэлцэл гэрчлэх; 25.1.9 дэх хэсэгт баримт бичгийн хуулбарыг гэрчлэх; 25.1.10 дахь хэсэгт баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх гэх мэт байдаг билээ. Мөн “Монголын Нотариатчдын Танхим”-аас гишүүн нотариатчиддаа “Гэрчлэн батлаагүй гэрээг хуулбараар гэрчлэн батлахгүй байх” тухай зөвлөмж гаргаж уг зөвлөмжийг мөрдөж ажиллахыг үүрэгдсэн байхад Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Д.Дэлгэрмөрөн нь Б.Баасанцэцэгийн хууль бус, хуурамч гэрээг хуулбараар батласан нь Баасанцэцэгийг хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүх байгууллага, хэргийн зохигч оролцогчдыг бүгдийг нь хууран мэхлэх боломжийг түүнд бий болгосон юм. Иймд Ц.Нарацэцэг Б.Баасанцэцэг нарын хооронд байгуулсан гэх 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч К.Султанбек сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ц.Наранцэцэгийн гарын үсгийн шинжилгээг 3-н удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр хийлгэсэн. Эхний шинжилгээг нэг шинжээч хийж Ц.Наранцэцэгийн гарын үсгийг биш гэв. 2 дугаар шинжилгээнд мэргэжлийн 3-н шинжээч оролцож Ц.Наранцэцэгийн гарын үсэгийг мөн гэв. 3 дахь шинжилгээнд бас гурван мэргэжлийн шинжээч оролцож Ц.Наранцэцэгийн гарын үсгийг биш гэжээ. Ингэхэд нэхэмжлэгч Б.Баасанцэцэг дахин хүсэлт гаргаж 4 дэх шинжээч томилуулж маргалдан, хариуцагчийн хүссэнээр шүүх хурлыг хойшлуулсаар байх нь утгагүй гэж үзэн шүүх хуралд гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар мэтгэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй гарын үсэг бүхий гэрээг хавтаст хэрэгт эх хувиар нь өгсөн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “хэрэвзээ” тухайн гэрээ нь “хуурамч биш” байсан байлаа ч гэсэн өгүүлбэр оруулсан нь хариуцагч өөрөө энэ гэрээг үнэн болохыг нотолж байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд “гэрээг байгуулсанд тооцох”, 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах” гэжээ. Мөн 196.1.5-т “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” гэж заасан нь нэхэмжлэгч хариуцагч хоёрын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Энэ газрыг авах саналыг анх нэхэмжлэгчийн нөхөр Б.Батхуяг Англи улсад байхдаа гаргаж, өөрийн найз Монголын арьс ширний Холбооны ерөнхийлөгч Б.Баярсайханд уламжлан гуйсан. Б.Баярсайхан нь тухайн үед Нийслэлийн засаг дарга Б.Мөнхбаяртай биечлэн уулзаж, түүний өрөөнд өнөөдрийн хариуцагч Ц.Наранцэцэгийг дуудан ирүүлэн, бид хамтарч энэ газрыг авч хүнсний ногоо тарьж, өвлийн хүлэмж барина гэж хэлж уг газрыг авч өгсөн тухайгаа тус шүүх хуралд гэрч Б.Баярсайханы өгөх мэдүүлэг хангалттай нотлох баримт болно гэж үзэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг няцааж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн  476.2 дахь хэсэгт зааснаар “хамтран ажиллах гэрээг бичгээр, амаар байгуулж болно” гэсний дагуу нэхэмжлэгч, хариуцагч хоёр анх газар авахдаа уг гэрээг амаар байгуулан газраа авч, авсан зээлээ хүүгийн хамт тэнцүү хувааж төлсөн, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэсний дагуу нэхэмжпэгч, хариуцагч хоёр газар болон уг газар дээр зээлээр боссон хөрөнгөө зээл, зээлийн хүү төлсөн тэнцлээр тэнцүү 50, 50 хувиар хуваах ёстой гэж үзнэ гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн хариуцагч Ц.Наранцэцэг, хариуцагч “Мон айриш” ХХК-д холбогдуулан гаргасан “Мон айриш” ХХК-ийн нэр дээрх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 30,025 м.кв талбай бүхий газар, бетон хашаа, худаг, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийн хамтран эзэмшигч нь Б.Баасанцэцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Ц.Наранцэцэг, Б.Баасанцэцэг нарын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Ц.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч Б.Баасанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, хариуцагч Ц.Наранцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэлгүй, нэг талаас нь үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Энэхүү хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч миний бие болон нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь шүүгчийн туслахад утсаар шүүх хуралдаанд очиж байгаагаа, мөн автомашины түгжрэлийн улмаас хоцрох болсон шалтгаанаа мэдэгдэж, шүүх хуралдаанд ирсэн боловч шүүх хуралдааны ирцтэй танилцаж, нэхэмжлэгч ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах саналыг хариуцагчийн зүгээс гаргаж байсан ба шүүх хэргийг хэлэлцэж эхлээгүй байсан тул шүүгчийн туслахаар дамжуулан ирснээ мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ уламжлуулсан боловч шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй хэмээн оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасныг ноцтой зөрчсөн ба шүүх шийдвэртээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн нь үндэслэлгүй билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэгч Баасанцэцэг нь халаалттай хүлэмжийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт зээлийн төлбөр төлсөн баримт, байрны түрээсийн төлбөр төлсөн баримт, манаачийн цалин олгосон баримт, дулаан цахилгааны төлбөр төлсөн баримтууд бараа бүтээгдэхүүн худалдан авсан тухай зарлагын баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр санхүүгийн баримтуудад төлбөр төлөгч нь "Мон Айриш" гэж бичигдэж, тушаагч нь Б.Баасанцэцэг, н.Батхуяг, н.Будсүрэн гэх зэргээр бичигдсэн ба зарлагын баримтууд худалдан авагчийн талаар бичигдээгүй байна.

Шүүхэд нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлэг, мэргэжилтний түрээсийн байрны төлбөр, ашиглалтын зардал, төлбөр төлсөн баримт, зээлийн гэрээ, зээлийн гэрээний хүү болон үндсэн төлбөр төлсөн баримт хүлэмжийг барьж босгоход худалдан авсан бараа материалын зарлагын падаан зэргийн хугацаа, газар ашиглах гэрээ, газар эзэмших гэрээ, газрын төлбөр төлсөн баримт зэрэг бичгэн нотлох баримтуудын цаг хугацаа, үйл явдлын өрнөл, бодит нөхцөл байдал зэргийг бодитойгоор үнэлж, гэрчүүдийн мэдүүлэг, "Мон айриш" ХХК-иас тухайн үед төрийн зохих байгууллагад хандсан албан бичиг, газрын гэрчилгээ, эд зүйл худалдан авсан цаг хугацаа, Б.Баасанцэцэцгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтуудад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлт өгч, үгүйсгэсэн нотлох баримтын талаар мөн үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт үнэлж тодорхойлоогүй.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ямар ямар нотлох баримтаар зохигчдын тайлбар бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг бодитоор үнэлж тогтоосонгүй. Тиймээс ч нэхэмжлэгч Б.Баасанцэцэгийн хөрөнгө оруулж, хамтран хүлэмжийн аж ахуй байгуулж, хамтран ажилласан тул уг хамтын ажиллагаанаас бий болсон хөрөнгийн 50 хувь, газар эзэмших эрхийг авахдаа хамтран хөөцөлдөж, анх ашиглах гэрээгээр, дараа нь уг газраа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан болон хамтарч зээл авч, зээлийн мөнгө хүрэлцээгүй тул үйл ажиллагааны зардлыг гаргаж, нэмж хөрөнгө оруулсан гэдгээ баритмаар нотолсоор байтал дээрх хамтын ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн 50 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гэрээгээр зөвхөн хүлэмжийн аж ахуйгаас олох ашгийг Ц.Наранцэцэгтэй хамтран эзэмшихээр тохиролцсон ба харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Мон айриш" ХХК-ийн нэр дээрх хүлэмжийн аж ахуй явуулах зориулалт бүхий 30.025 м.кв талбай бүхий газарт байрлах бетон хашаа, худаг, зун өвлийн хүлэмж, гэр цахилгааны дэд станц, шугам, трактор, худаг, худгийн барилга, хүлэмжийн аж ахуйгаас олсон ашиг үр шим болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно гэж зөвхөн гэрээг үнэлж дүгнэсэн ба нэхэмжлэлийн шаардлага нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэх, бодит үнэнд нийцэж байгаа эсэхийг бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс шүүгч хуулийг буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно.

           Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын талаар болон хүлэмжийн аж ахуйг эрхлэхээр хамтран бий болгоход нэхэмжлэгч хариуцагчийн Голомт банкнаас авсан зээл, зээлийн хүүг хамтран төлсөн, уг зээлийг хүлэмжийн аж ахуйг бий болгох мөн үйл ажиллагааны зардалд зарцуулсан талаар хариуцагч маргадаггүй ба эдгээр баримтыг болон нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримтыг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэсэн 1 жил гаруй хугацаанд гаргаж өгөөгүй билээ.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2 дахь заалтын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэснийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон гэж шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3 га газрыг Ц.Наранцэцэцэг, Б.Баасанцэцэг нар хамтран эзэмшихээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан гэх үндэслэлгүй буюу гарын үсэг зураагүй болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үндэслэх хэсэгт дүгнэсэн нь шүүх нотлох баримтуудыг харьцуулсны үндсэн дээр бодит нөхцөл байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх боломжтой байна.

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2 дүгнэлт нь хоёулаа агуулгын хувьд эрс өөр, 2 өөр дүгнэлт гарсан, дүгнэлтээр Ц.Наранцэцэгийн гарын үсэг мөн гэж гарсан дүгнэлтийг няцаасан үндэслэлээ шүүхийн шийдвэрт үнэлээгүй орхигдуулсан ба бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулж үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бөгөөд бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Баасанцэцэг нь Ц.Наранцэцэгт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 30,025 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг болон уг газарт байрлах бетон хашаа, худаг, худгийн барилга, зун, өвлийн хүлэмж, гэр, цахилгааны дэд станц, шугам, трактор, 1000 орчим суулгац зэрэг эд хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, зохигчдын хооронд байгуулагдсан гэх “2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ талууд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн болон 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу халаалттай хүлэмжийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийсэн гэснийг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

            Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ нотлохоор тус аж ахуйг эрхлэхэд  оруулсан хөрөнгийн хэмжээг илэрхийлэх зардлын товчоо, түүнд хамаарах санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд баримтаар гаргасан, мөн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай холбогдон “Мон Айриш” ХХК-аас гарсан зардлыг тодруулах зорилгоор “Мон Айриш” БГБХН болон ХХК болон өөрчлөгдсөн 2010 оны 01 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны санхүүгийн баримтууд болон санхүүгийн тайланд үзлэг хийлгэх, холбогдох нотлох баримтуудыг гаргуулах” хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх2-1181,182/

Дээрх хүсэлтийг шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2016/03206 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь, нэхэмжлэлийг хариуцагч үгүйсгэн маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч үндэслэлээ нотлох үүрэгтэй, өөрөө олж авах боломжгүй баримтад үзлэг хийлгэх, хүсэлт гаргаж, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ шүүх биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд нь хэзээ, ямар эх үүсвэрээр, хэрхэн бий болсон, одоо хэний өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй, уг байдлыг тогтоолгүйгээр нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх  боломжгүй байна. 

Мөн “...хамтран эзэмших эрхтэйг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэл нь тодорхойгүй, зохигчдын хамтран ажиллахаар тохиролцсон гэх болон дундын өмч гэж  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх үндэслэлээр гаргасан тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талыг хожимдож ирсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулаагүй нь зохигчдын хэргийн үйл баримт, маргааны үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх замаар мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлон, талууд уг асуудлаар нотлох баримтад үндэслэн бүрэн мэтгэлцсэн гэж үзэхээргүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ