Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 077

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цэгмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.Буянхишигийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговоргаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын 1-2 тоотод оршин суух Нагал овогт ЖамъянмядагийнБуянхишиг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Ж.Буянхишиг нь 1988 оны 09 дүгээр сарын 05-нд төрсөн. Санхүүч эдийн засагч мэргэжилтэй Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр судлаачаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаагүй үүрэгт ажлаа хангалттай сайн хийж байсан. Мөн сахилгын зөрчил болон өөр бусад зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Статистикийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэгмид нь үндэслэлгүй тушаал гаргаж наймаг үүрэгт ажлаас халсан. Ажлаас халах тухай надад мэдэгдэл өгөөгүй. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны хүний нөөцийн даргатай би өөрийн биеэр очиж уулзсан. Учир байдлыг хэлхэд зүгээр ажлаа хийж байгаа хүнийг үндэслэлгүй халах ёсгүй очоод ажлаа хий гэсэн хариуг хэлсэн. Миний дэргэд Б.Цэгмид даргатай утсаар чанга яригч дээр нь тавиад ярьсан Буянхишиг гэдэг хүн яах юм бэ гэхэд Цэгмид дарга ажилгүй л болж байгаа гэсэн үг ш дээ гэж хариулсан. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүй халж байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож хохирлыг барагдуулж өгнө үү. Миний үүрэгт ажлыг албан ёсоор хүлээлцээгүй болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Бичээч овгийн Бямбажавын Цэгмид шүүхэдгаргасан тайлбартаа: Ж.Буянхишигийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Завхан аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид би дараах тайлбарыг гаргаж байна. Монгол улсын Статистикийн тухай хуулийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийннэмэлт өөрчлөлт болон Монгол улсын их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэх тухай 12 дугаар тогтоолын дагуу өөрчлөлт орж Үндэсний статистикийн хороо шинээр байгуулагдсантай холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/02 тоот Үндэснийстатистикийн  хорооны бүтэц, орон тоо газар нэгжийн эрхлэх ажлын чиг үүргийг батлах тухай тушаалаар Ж.Буянхишигийн Оюуны өмчУлсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаал, Завхан аймгийн Улсын бүртгэлийн газрын даргын Б/01 тоот тушаалаар гэрээт ажилтнаас чөлөөлсөн байна. Үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн А/17 тоот Нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаал ангилал зэрэглэлийг батлах тухай нэгдүгээр хавсралтаар Завхан аймгийн статистикийн хэлтсийг 2 гэрээт ажилтантай байхаар батласны дагуу Ж.Буянхишигийг гэрээт ажилтнаар түр томилж ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй байсан. Хэлтэст мэргэжилтэн, гэрээт ажилтан, судлаачаар ажиллах хүмүүсийн саналыг өөрсдөөс нь авч хэлтсийн хурлаар хэлэлцэн холбогдох материалын хамт Үндэснийстатистикийн хороонд албан тоотоор хүргүүлсэн. Үндэсний статистикийн хорооноос ирсэн албан тоотын дагуу хэлтсийн гэрээт ажилтан, судлаач нарыг шинээр томилон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулж байна. Манай байгууллага болон Үндэснийстатистикийн хороо нь цаг үеийн ажилд гэрээгээр гэрээт ажилтан судлаач нарыг ажиллуулдаг бөгөөд эдгээр ажилтнууд нь төрийнзахиргааны  болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаардаггүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлээс 358 дугаар зүйлдзаасны дагуу 1 жилийн хугацааатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулдаг. Ж.Буянхишиг нь албан ёсны чөлөөгүйгээр 14 хоног ажлаа хүлээлцэхгүйгээр орхин явсан. Одоог хүртэл албан ёсоор ажлыг хүлээлцээгүй ажил цалгардуулж байгаа тул Ж.Буянхишигийн гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх бусад хөнгөлөлтүүдийг олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үнлдэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Статистикийн хэлтэст гэрээт ажилтан хийж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхэлж чөлөөлөгдсөн. Буцаад ажилд орох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цэгмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянхишиг нь Завхан аймгийн Статистикийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын бүртгэл статистикийн газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан дарга Амартүвшинтэй гэрээ байгуулсан. Манай байгууллага нь 7 сарын 31-ний өдрийн УИХ-ын тогтоолоор Статсистикийн ерөнхий хороо гэж нэртэйгээр УИХ-ын дэргэд шинэчлэн байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Стасистикийн ерөнхий хорооноос аймгийн Статистикийн зарим ажилтанг ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу гэрээт ажилтан судлаач нарыг 2016 оны 11 сарын 04-нөөс өдрөөс эхэлж ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны 10 сарын 26-ны өдөр бүтцийн өөрчлөлттэй холбогдуулаад гэрээт ажилчид, судлаач нарыг чөлөөлөх шийдвэр гарсан. Хэлтсийн дарга, гэрээний мэргэжилтэн, гэрээт ажилтан 2 гэсэн орон тоо батлагдаж ирсэн. Энэ хугацаанд Буянхишигтэй хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Өмнө нь байгуулсан гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гэрээт ажилтаны ажлын байр нь байнгын ажлын байр биш тухайн ажилтантай гэрээ байгуулаад ажлаа гүйцэтгүүлдэг түр ажлын байр байгаа. Жилдээ гэрээгээ шинэчилж байгуулаад гүйцэтгэх ажлуудаа гэрээт ажилтанаар гүйцэтгүүлдэг. Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэсэн тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбартаа хуулийн зүйл заалт хууль зүйн үндэслэлүүдээ заасан байгаа. Шүүх хавтаст хэрэгт өгсөн байгаа албан бичиг тоотуудын он сар дарааллыг сайн хянаж нягталж үзээсэй гэж хүсч байна. 2016 оны 11 сарын 28-ны өдөр гэрээт ажилтнаар ажиллах хүмүүсийн санал ирсэн. Манай байгууллага 2016 оны 11 сарын 26-ны өдөр хурлаа хийсэн. Энэ хуралдаанаас гэрээтээр ажиллах хүмүүсийн нэрс, мэргэжилтнээр ажиллах хүмүүсийн нэрс явсан. Манай байгууллагад судлаачаар ажиллаж байсан хурал болоогүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. 2016 оны 11 сарын 04-ний өдөр тушаал шийдвэрүүдээ гаргаад орой нь хурал хийж тушаал шийдвэрүүдээ танилцуулсан. Буянхишиг тушаал гарсныг мэдээгүй байж байгаад 11 сарын 05-ны өглөө мэдсэн гэсэн тайлбар ирүүлсэн байсан энэ нь хурал болсныг нотолж байгаа баримт гэж бодож байна. Дээрх ажилтаны өгсөн мэдүүлэг нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа, удирдах ажилтаны нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Манай байгууллага Батнасан, Буянхишиг, Нямдаваа нарыг мэргэжилтэн болгохоор санал явуулсан. Гэтэл Энхмаа гэдэг хүн томилогдож ирсэн. Энэ хүний тушаал 11 сарын 07-ны өдөр мэйлээр ирсэн. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн 04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1, 38.1.2, 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гэрээт ажилтан Ж.Буянхишигийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Ж.Буянхишиг уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд шилжүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.Буянхишиг нь Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст гэрээт ажилнаар ажиллаж байсан болох нь тус хэлтсийн даргын 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн 03 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

Статистикийн хэлтсийн дарга Ж.Буянхишигийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 38.1.1, 38.1.2, 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэсэн бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа ажилтан мэргэжилтэн болох хүсэлт өгсөн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэжээ.

Ж.Буянхишигийн мэргэжилтнээр ажиллуулж өгөхийг хүссэн өргөдлийг гэрээт ажилтны ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гэж өрөөсгөлөөр ойлгох боломжгүй юм. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1-дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоо цөөрүүлсэн үндэслэл тогтоогдвол ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан байдаг. Гэтэл гэрээт ажилтнаар ажиллаж байсан Ж.Буянхишигийн ажиллаж байсан гэрээт ажилтаны орон тоон дээр шинээр Сайнбаярыг авч ажиллуулсан болох нь гэрч нарын мэдүүлэг, Статистикийн хэлтсийн даргын 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн 05 дугаартай тушаалаар тогтоогдож байна. Мөн гэрээт ажилтаны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн зүйл байхгүй гэдгээ хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул Ж.Буянхишигийг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөх боломжгүй тул Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн гэрээт ажилтаны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн хуулийн 69-р зүйлийн 69.1-д ажилтаныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ. Иймд Ж.Буянхишигийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох нь зүйтэй байна.

Ажилтанд олгох олговорыг тооцоолохдоо түүний А 000259526 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг үндэслэн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцооллоо.

Нэхэмжлэгч Ж.Буянхишиг нь 2016 оны 11-р сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүний дундаж цалин хөлсийг тооцоолохдоо 2016 оны 8, 9, 10-р сарын дундаж цалингаас тооцож нэг өдрийн цалинг гаргахад 20.385.7 төгрөг болж байна. 2016 оны 11-р сарын 04-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 13-ны өдөр хүртэл ажлын нийт 70 өдрийн цалинтай тэнцэх олговор 1.426.999 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн хуулийн 46-р зүйлд зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх, ажил олгогч нь дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг зааж өгсөн тул Ж.Буянхишигийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчид олгох олговорын хэмжээнээс тооцож хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй гэж үзлээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 хэсэгт заасныг баримтлан Жамъянмядагийн Буянхишигийг Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 1426999 төгрөг гаргуулж Ж.Буянхишигт олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ИХШХШ тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37782 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ