Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 14

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэддулам, Л.Банзрагч

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох 1922000040024 тоот хэргийг 2020 оны 1 сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Бага тойрог 24 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Чонос овогт Б.О /РД:/

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын Цагдаагийн хэсгийн байранд тус сумын хэсгийн мөрдөгч С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн ба уг гэмт хэргийг хууль сахиулагчийн албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэсгийн мөрдөгч С.Быг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр ажлаасаа амраад замд явж байгаад жолооч нартай архи уусан. Тэр өдөр Соёлын төвд арга хэмжээ болж байсан. 21 цаг өнгөрч байсан байх тамхи асаагаад ортол хэсгийн цагдаа Б зогсож байсан, тэгэхээр нь буцаад гарсан. Б ирээд шаардлага тавьсан. Б шаардлага биелүүлсэнгүй гээд бид 2 зууралдаж байгаад, цагдаагийн хэсгийн байр луу очсон. Хэсгийн байранд очоод Б намайг гавласан, тухайн үед их согтуу байсан болохоор Бтэй их удаан маргалдсан. Тэгээд маргааш эрүүл болоод учраа олъё гээд хаалга түлхээд гараад зугтаасан. Гавтай байсан болохоор шууд хаалга түлхээд гарсан юм. Тэгсэн хойноос хоёр хүн гарч ирээд зууралдаад газар унасан, унахдаа гэрлийн шонг тийрсэн юм шиг байгаа юм. Тухайн үед аймгаас груп ирсэн байсан. Хэсгийн байр луу оруулаад гавыг тайлаад аймгийн төвд эрүүлжүүлэх байранд авч ирж оруулсан гэв.

2. Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаад тэр өдөр жижиг тэргээр Дундговь айгийн Луус сумын төвд ирсэн. Тэр машинтай ирж байхдаа замдаа 4-лээ 3 шил архи хувааж уусан. Бас Луус сумын төв дээр ирээд О-тэй 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад салж яваад Соёлын төвд бүжиг болж байхаар нь очсон. Соёлын төвд бүжгийн зааланд тамхи татаад орсон чинь сумын цагдаа Б байхаар нь буцаж гараад Соёлын төвийн үүдэнд зогсож байхад, Б цагдаа гарч ирээд юм хэлж байсан. Яг юу хэлснийг санахгүй тэгээд зууралдаж байгаад машинд суулгаад кабонд авч ирсэн. ...Кабонд байхад эмнэлгийн эмч ирсэн зогсож байгаа харагдсан... Тэгээд гарч зугтаах гэж байхдаа кабоны өрөөний хаалгыг түлхээд гарч яваад гадаа гарсан чинь араас 2 хүн барьж авахаар нь зууралдаж байхдаа гэрлийн шонг өшиглөсөн, тэр хоёр хэн байсныг мэдэхгүй согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-51/

3. Хохирогч С.Бын “Би 2018 оны 12 сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Луус сумын төвд албан үүрэг гүйцэтгэж байхад сумын цагдаа Б шаардлага биелүүлээгүй О гэгчийг хэсгийн байранд авч ирсэн. Тухайн үед Бийн нүдний доод талаас цус гарч байсан. Б эмч дуудсан байсан болохоор сумын эмч А, О гэдэг хоёр эмч ирээд цусыг нь цэвэрлэж байхад О агсамнаж босч ирэх гээд байхаар нь гарнаас нь бариад суулгаад “дуугүй бай, агсамнахаа боль ” гэсэн шаардлага тавихад биелүүлэхгүй, Бийг “...чи ингэх болоогүй шүү, хамаатан садан гээд ...” агсамнаад гэнэт босч ирээд түргэн тусламжийн хайрцагтай юмнуудыг авч дээш нь шидээд хэсгийн байрны өрөөний хаалгыг цохиод нугасаар нь салгаад зугатаахаар нь би араас нь гүйж гараад гарнаас нь барьсан. Бас Чойбалсан гэдэг залуу гарнаас нь барьж байхад гэрлийн шонг өшиглөж сууриар нь салгасан. Тэгсэн нөгөө Ч гэдэг залуу Огийн гарнаас тавьсан байхад намайг хавираад гарнаас татахад би өвдгөөрөө явган хүний замын цементэн дээр унасан. Тэгээд бид хоёр зууралдаад дээр, доороо ороод байж байхад Б ирээд салгаад бид хоёр О гавласан. Тэгээд явах гэсэн чинь өвдгөөр өвдөөд байсан юм. Хэсгийн байранд байж байхад О догшин авирлаад байсан болохоор Б дарж байгаад нүдний  доод талын шалбарсан шархнаас нь цус гараад байсан болохоор цэвэрлэх гээд намайг дарж бай гэхээр нь би цээжин дээр нь дарж байхад О өндийгөөд намайг хажуу тал руу биедээ түрж газар унагаасан. Тэгээд аймгийн  төвд ирээд үзүүлсэн чинь өвдөгний тойг бяцарсан байна гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/

4. Иргэний нэхэмжлэгч Х.Дын: “...Тус цагдаагийн газрын Луус сумын хэсгийн байр 2016 онд ашиглалтанд орсон. Хэсгийн байрны дотор талын модон хаалгийг 2018.12.28-ны өдөр нугасаар нь салгаж эвдэлсэн., мөн байрны гадна талын гэрэлтүүлгийн шонгийн гэрлийг хагалсан байсан. ...модон хаалганы самбар нь 250.000 төгрөг, гадна гэрэлтүүлгийн гэрэл 130.000 төгрөгөөр үнэлж байна... Хэсгийн байрны эвдэрсэн эд зүйлийн хохирлыг бүрэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-13/   

5. Гэрч С.Бийн “...Би 2018.12.28-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Соёлын төвд залуучуудын шинэ жил болж байсан. Намайг соёлын төвийн бүжгийн зааланд байж байхад “О тамхи татаад хашгираад орж ирсэн” тэгэхээр нь би очиж уулзах гээд явж байтал буцаад гараад явсан. Би араас нь гараад очтол гадаа хаалганы дэргэд тамхи татаад зогсож байхаар нь ...олон нийтийн газар тамхи битгий татаад бай гэсэн боловч О татаж байгаа тамхины утаагаа өөдөөс үлээгээд... тавьж байгаа шаардлага биелүүлэхгүй байсан. О согтуу, шаардлага биелүүлэхгүй байсан болохоор хэсгийн байранд очъё, машинд суу гэж хэлсэн боловч миний шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь хүч хэрэглэж машинд суулгаж хэсгийн байранд авч ирсэн. “...Би Ог машинд суулгах гэж байхдаа машины хаалганд нүүрээ цохисон тэрнээс болоод миний баруун талын нүдний доод талд урагдаад цус гараад байсан...” Б хэсгийн байрны гадаа Отой зууралдаад хэвтэж байхаар нь Ог гавлаад байранд ороход Б хөл нь доголсон байсан. Отой гадаа байхдаа хөлөө гэмтээсэн, өмнө хэсгийн байранд байхад зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-16/

6. Гэрч Т.Огийн “...Би 2018.12.28-ны өдөр Луус сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ээлжтэй байх үед 22  цаг өнгөрч байхад цагдаагийн хэсгийн байранд дуудаад байна гэхээр нь очсон. Тэгэхэд О согтуу сууж байсан. Бийн биед үзлэг хийхэд баруун талын нүдний доод хэсэгт хавдсан, шалбарсан, цус гарч байхаар нь цэвэрлээд боолт хийж байхад О босож ирээд түргэний хайрцаг авч унагахаар нь би шалан дээрээс юмнуудыг түүж аваад хартал ...О хаалгыг өшиглөөд цааш түлхээд нугасаар нь салгаад гараад явсан... араас нь төлөөлөгч Б гараад явсан. Б араас нь гараад удалгүй Ог гавлаад ороод ирсэн. Тэгээд Баятбаяр гаднаас орж ирэхдээ хазганаад орж ирсэн...“ гэх мэдүүлэг /хх-18/

7. Гэрч Д.А: “...Би 2018.12.28-ны өдөр Луус сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн ээлжтэй байхад цагдаагийн хэсэгт дуудлага өгөөд байна гэхээр нь эмч Одонтуяагийн хамт цагдаагийн хэсэгт орж ирсэн чинь цагдаа Бийн баруун талын нүдний доод талд хавдартай, цус гарч байхаар нь түргэний цүнхээ нээгээд цусыг цэвэрлэж байхад ...Б согтуу өндөр биетэй залууд хандаж олон нийтийн газар тамхи татлаа, шаардлага биелүүлсэнгүй... гэж хэлж байсан. Тэгэхэд тэр залуу уурлаж байсан. Бийн цусыг цэвэрлэж байтал тэр залуу түргэний хайрцаг дотор байсан тариаг авч шидээд тэгснээ хаалга өшиглөөд нугасаар нь салгаад гараад явсан. Тэгтэл Б араас нь гүйгээд гарсан, бас нэг залуу гараад араас нь Б гарсан. Тэр согтуу залуу ууттай тарианы зүү, систем аваад гарсан болохоор нь би араас нь гартал ...согтуу залуу доод талд нь гавтай байсан... Б, Б хоёр босгоод цагдаагийн хэсгийн байр луу авч орсон. Тэгэхэд Бын зүүн талын хөл нь доголсон байсан...” гэх мэдүүлэг /хх-20/

8. Гэрч Ж.Чн: “...Би 2018.12.28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Луус сумын соёлын төвийн гадаа байхад нэг согтуу залуу ирээд тамхи татаад соёлын төв рүү орсон. Удалгүй гараад ирсэн араас нь Б цагдаа гарч ирээд “олон хүний газар тамхи татлаа” гэж хэлсэн чинь тэр залуу болдоггүй юм уу гээд тамхины утаагаа өөдөөс нь үлээгээд байсан. Тэгсэн Б согтуу залууг ...машинд суучих цагдаагийн хэсэг дээр очъё гэж хэлсэн чинь тэр залуу би яахаараа машинд суух ёстой юм... гээд суухгүй байсан чинь Б цагдаа машинд хүчээр суулгаад явахаар нь би машинд суугаад хэсгийн байранд ирэхэд сумын төлөөлөгч Б байж байсан. Тэгээд хэсгийн байран дээр 2 эмч ирээд Бийг үзэж байхад тэр согтуу залуу агсамнаад босож ирээд эмнэлгийн хайрцагийг авч хаяад, өрөөний хаалгыг нугасаар нь салгаад гараад зугатаасан чинь араас нь хэсгийн төлөөлөгч Б бид хоёр гарч очоод гараас нь барихад тэр залуу гэрлийн шонг өшиглөөд сууриар нь салгасан. ...Тэгснээ Б цагдааг хавирч унагаасан... тэр хоёр дээр доороо ороод байж байх үед Б цагдаа гарч ирээд Быг босгож аваад тэр залууг гавлаад кобонд оруулсан. ...Тэгэхэд Б цагдаа доголоод зүүн талын өвдгөө бариад байсан...” гэх мэдүүлэг /хх-22/   

          9. Шинжээчийн 2019.01.02-ны өдрийн 190200029 тоот дүгнэлтэд: С.Бын биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алталтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ. /хх-27/

          10. 2019.01.11-ний өдрийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх28-29/

          11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/

          12. Согтуурал шалгасан хуудас /хх-6/

          13. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.О нь Дундговь аймгийн  Луус сумын хэсгийн  төлөөлөгч С.Бын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх буюу хэсгийн  байрнаас гарч зугатаах үедээ дотор өрөөний хаалгыг нь салгасан, гадна талын гэрэлтүүлгийн  шонг өшиглөж унаган хагалсан, үйлдлийг нь таслан зогсоох гэсэн хэсгийн мөрдөгч С.Быг хавирч унагасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  үйл явдал болсон болох нь тогтоогдож байна. 

 

А.Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Б.Од холбогдуулан Эрүүгийн  хуулийн  23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй тул хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд буюу соёлын төвийн гадна тус сумын хэсгийн цагдаа Бийн тавьсан  шаардлагыг үл биелүүлсэний улмаас түүнийг хэсгийн  байранд авч очсон байна.

Шүүгдэгчийг хэсгийн байранд буюу цагдаагийн хэсгийн өрөөнд байлгах явцад хэсгийн цагдаа С.Бийг хэл амаар доромжлох үйлдэл гаргасны улмаас хэсгийн төлөөлөгч С.Б зүгээр суухыг шаардахад босч эмнэлгийн түргэн тусламжийн хайрцагыг авч шидээд гарч зугатахдаа өрөөний хаалгыг салгасан, араас нь түүний үйлдлийг саатуулах гэж  гарсан  хэсгийн мөрдөгч болон энгийн иргэнийг гараас нь барих явцад гэрлийн шонг өшиглөж унагаасан, улмаар хэсгийн мөрдөгчийг хавирч унагасан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэсэн шинжийг бүрэн хангасан байна. Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа Цагдаагийн хэсгийн байрны дотор өрөөний хаалга, гадна талын гэрэлтүүлгийн  шонг эвдсэн үйлдлийг нь хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн  23.1 дүгээр зүйлийн  2 дахь хэгийн  2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Огийн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  23.1 дүгээр зүйлд заасан үндсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл юм.

Энэхүү гэмт хэрэг нь хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, барилга байгууламжид халдсанаар төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...гадна гэрэлтүүлэг болон өрөөний хаалга нь  барилга байгууламжинд хамаарахгүй, салгаж болох хөдлөх эд хөрөнгө ...” гэсэн тайлбарыг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: Барилга байгууламж гэдэг нь хаалга цонх, дээвэр, гадна болон дотоод шугам сүлжээ, гэрэлтүүлэг гэх мэт тус тусдаа хэсгээс бүрдэх боловч тэдгээрийн нэгдэл нь барилга байгууламж юм. Өөрөөр хэлбэл хаалга, гэрэлтүүлэг зэргийг барилга байгууламжаас салгаж болох боловч тэдгээргүйгээр тухайн барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдол үүсэх учраас хаалга, гэрэлтүүлэг зэргийг тухайн байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг биш, хөдлөх хөрөнгө гэж үзэх боломжгүй юм. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хоёр гар гавлаатай байсан, хэсгийн мөрдөгч С.Бын ямар шаардлагыг эсэргүүцсэн нь тодорхойгүй гэсэн тайлбарыг гаргаж  байна. Гэвч хэсгийн мөрдөгч буюу цагдаагийн ажилтан С.Б нь олон нийтийн дэг журмыг сахиулах, нийгмийн хэв журмыг зөрчсөн этгээдийг саатуулах, шалгах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд цагдаагийн хэсгийн байрны хаалгыг эвдлэн зугатаах үйлдэл хийсэн Б.Ог саатуулах зорилгоор барьж авч байгаа нь түүний хуульд нийцсэн шаардлагын илрэл болно.

 

Б.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь хууль сахиулагчийг эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсан үйлдлийг таслан зогсоох, түүнийг саатуулах үед хэсгийн  мөрдөгч С.Быг хавирч унагасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэсгийн мөрдөгч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйлдэлд холбогдуулан шүүгдэгч Б.Од Эрүүгийн  хуулийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүхээс  хэргийн зүйчлэл тохироогүй байна гэж  үзлээ.

Учир нь: Эрүүгийн  хуулийн  11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан  бол...” гэж заасан. Шүүгдэгч Б.О нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг буюу албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бөгөөд энэхүү үйлдлийг Эрүүгийн  хуулийн 23.1 дүгээр зүйлд тусдаа бие даасан гэмт хэрэг болгон хуульчилсан. Шүүгдэгч Б.О нь хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй давхар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь хууль сахиулагчийг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд түүнийг  хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэрнээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг нь зүйлчлэхдээ дахин хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйдлийг нь хүндрүүлэх нөхцөл болгон зүйлчлэх боломжгүй юм. Энэ нь Эрүүгийн  хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимд нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан  байх тул дээрхи үндэслэлээр шүүгдэгч Б.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 23.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн  11.4 дүгээр зүйлийн  1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилөхөөр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Ог хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

В.Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Од  Эрүүгийн  хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1, 23.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.2-т заасан  торгох ялыг сонгон оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн  шүүгдэгч Б.Огийн биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь Энержи ресурс ХХКомпанид жолоочоор ажилладаг  болох нь түүний “нийгмийн даатгалын дэвтэр”-ийн хуулбар, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол болон Огийн 2019.02.27-ны өдрийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Од торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Од оногдуулсан  торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч С.Бт 3.900.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Хохирогч С.Б нь өөрт учирсан  хохирлын талаархи 804 514 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардал болон авах ёстой байсан  цалингийн хохиролд 3.900.000 төгрөг төлсөн байх тул баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.

Хохирогч С.Баас 2180700 төгрөгийн зардал баримтгүй гарсан талаар хүсэлт ирүүлсэн  бөгөөд энэ зардлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь  шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Огоос нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1,38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Банзрагчийн Од холбогдуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Чонос овогт Банзрагчийн Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах албаны барилга байгууламжид халдах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Чонос овгийн Банзрагчийн Од Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Огийн биечлэн эдлэх ялыг 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 /долоон сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын  хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7.Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь хохирогч С.Бт хохирол төлбөр 3.900000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай

8.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Бын нэхэмжлэлээс баримтгүй зардал гэх 2180700 төгрөгийн зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Огоос нэмэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хохирогч С.Бын амбулаториор эмчлүүлэгчийн картыг хуулбарлан эх хувийг хохирогчид буцаан олгож, хуулбар хувийг тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэгт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ