Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, Д.Дарьсүрэн

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн  прокурорын эсэргүүцэлд үндэслэн Од холбогдох эрүүгийн 1922000040024 тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар  /РД: / Чонос овогт Бийн О

 

           Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Од Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилж,

Шүүгдэгч Чонос овогт Бийн Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чонос овогт Бийн Од 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгч Од оногдуулсан 2 сая төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 13, 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эмчилгээ хийлгэсэн зардал, цалингийн зээл нэхэмжилсэнийг шүүгдэгч О нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Огоос нэхэмжлэх эрхтэйг зааж

Шүүгдэгч О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө  хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Бт 3900000 /гурван сая есөн зуун мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдаж

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О нь Дундговь аймгийн Цагдаагийн хэсгийн өмчлөлийн 300000 төгрөгийн эд зүйлийг устгаж гэмтээсэн үйлдэлд зөрчлийн шинж байгаа эсэхийг шалган хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуг тус шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж

Хохирогч Бын амбулаторын картыг хуулбарлан  авч, эх хувийг хохирогч Бт эгүүлэн олгохыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгаж

           Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

           Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...О нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Луус сумын цагдаагийн хэсгийн байранд хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, тус прокурорын газраас Огийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Шүүхээс дээрх шийдвэрийг гаргахдаа Огийн шүүх хуралдааны явцад өгсөн “...очоод гавлуулаад байж байгаад тухайн үед ерөөсөө миний буруу болоод ирэхээр нь маргааш эрүүл, саруулдаа учраа олъё гэж бодоод хаалга шууд түлхээд ширээн дээр байсан юмнуудыг авч шидчихээд гараад зугтаасан.” гэх мэдүүлгийг үндэслэл болгожээ.

Хэрэгт цугларсан баримтуудаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр О нь тухайн үед зугтаах шалтгаан нөхцөл огт байгаагүй болох нь тогтоогдсон. Гэтэл хууль сахиулах албаны байранд хэсгийн цагдаад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмчийн яаралтай тусламжийн хэрэгслийг шидэж танхайран, хаалга эвдэж, хууль сахиулагчийг илтэд үл тоомсорлож байгаа үйлдлийг “зугтаасан” гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.

Мөн шүүгдэгч Ог цагдаагийн хэсгийн байранд байхад гавлаагүй байсан талаар хохирогч мэдүүлсэн байхад зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн “гавласан” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-д нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн шүүхээс “...Огийн зугтааж байгаа үйлдлийг хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаад тооцох боловч ийнхүү эсэргүүцэхдээ хууль сахиулагчид өөрт нь хүч хэрэглээгүй, замдаа таарсан эд зүйлийг эвдэж гэмтээн зугтаасан үйлдлийг хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, улмаар ийм зорилгоор хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсанд тооцох боломжгүй юм.” гэжээ.

2002 оны Эрүүгийн хуульд төрийн албан хаагчийг эсэргүүцсэн болон биед нь халдаж гэмтэл учруулсан үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан /2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл/ байсан бол шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар хууль сахиулагчийг эсэргүүцсэн мөн уг үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэн давхар зүйлчлэхээр зохицуулсан байна.

Гэтэл шүүхээс Огийн үйлдлийг үгүйсгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтад хамаарахгүй тусдаа бие даасан гэмт хэрэг гэж үзжээ. Мөн  “Огийн үйлдэл нь цаг хугацааны хувьд түүнийг цагдаагийн хэсгийн байрнаас зугтан гарсны дараа буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдэл төгссөний дараа болсон байна.” гэж тусгажээ.  Огийн гаргасан үйлдэл нь тухайн газар орон байранд, хоромхон цаг, хугацаанд болсон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн хэсэгт хамаарч байгаа ба уг үндэслэлээр .  Прокуророос Огийн үйлдлийг давхар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн болно.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг “....хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэж тодорхой тусгасан байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн хэсгийн байранд эд зүйл шидэж улмаар хаалга эвдэн гарсан этгээдийг саатуулах зорилгоор албан үүргээ биелүүлж байгаа хууль сахиулагчийг буюу хэсгийн мөрдөгч Бын эсрэг хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл болон 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Ог хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга, байгууламжид халдаж үйлдсэн гэх шинж хангалттай тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар О нь цагдаагийн хэсгийн байрны хаалгыг эвдсэний улмаас 200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба мөн барилгын бүрэлдэхүүн хэсэг болох дотор талын хаалга эвдсэнийг “барилга байгууламжид халдсан” гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн
хүндрүүлэх шинж болох “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга
байгууламжид халдаж үйлдсэн бол” гэсэн шинж нь тухайн этгээдээс хууль
сахиулах албаны барилга, байгууламжид халдсанаар төгсдөг ба заавал
материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
байхаар хуульчилсан байна.

Түүнчлэн шүүхээс шийтгэх тогтоолд дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн
дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг болон эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох
баримтыг шалгасан боловч “Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ
гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан
зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Огийн үйлдэлд ял оногдуулсан байдал нь гэмт хэрэг гарсан байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, түүний үйлдлийн улмаас хууль сахиулагчийн эрүүл мэнд болон барилга байгууламжид хохирол учирсан байхад Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримталсан зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд Улсын дээд шүүхийн 2010 оны тайлбарыг үндэслэл болгосон нь буруу. Иймд  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч:    Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О нь тухайн үед согтуу байсан болохоороо эрүүл үедээ асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор сумын цагдаагийн хэсгийн байрнаас зугтаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрхэн нотлогдсон байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд авч үзэхэд шүүгдэгчид цагдаагийн байгууллагын эд хөрөнгийг эвдэх, гэмтээх санаа зорилго байхгүй байсан байдаг. Харин эрүүл үедээ асуудлаа шийдвэрлүүлэх зорилгоор цагдаагийн хэсгийн өрөөнөөс зугтаахаар хаалгыг түлхэхэд нугасаараа салсан, гадаа гэрлийн шонг тийрэхэд гэрэл нь хагарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хэргийн байдалд  шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон хь хуульд нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн  өөр өөр бүлэгт  заагдсан гэмт хэргийг нийлмэл гэмт хэрэг гэж үздэггүй. Тэгвэл шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, 23 дугаар бүлэг буюу “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэсэн өөр өөр бүлэгт хамаарч байгааг анхаарна уу. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

       

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн: Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тус  аймгийн прокурорын газраас  Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Луус сумын цагдаагийн хэсгийн байранд мөрдөгч Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны барилга байгууламжид халдаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхээс  хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь үндэслэлтэй зөв шийдвэр болсон. 

        О нь Луус сумын цагдаагийн хэсгийн байрнаас зугтаахдаа өрөөний хаалгыг хүчтэй түлхсэний улмаас хаалга нь нугасаараа салсан бөгөөд  эвдэрч хэмхрээгүй болно. Иймд түүний үйлдлийг барилга байгууламжинд халдсан гэж үзэх боломжгүй юм.   Барилга байгууламжийн тухай хуульд тодорхойлсныг үндэслэн хаалгыг  түлхсэнээс нугасаар  нь  салгасныг болон гэрэлтүүлгийг тийрснээс чийдэнг хагалсан үйлдлийг  барилга байгууламжинд халдсан гэж үзэх үндэслэлгүй гэж  анхан шатны шүүхээс хуульд нийцсэн шийдвэр гаргасан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 Прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гарсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Од холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийг бүхэлд нь хяналаа. 

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч Огийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Луус сумын цагдаагийн хэсгийн байрны ажлын өрөөний хаалга эвдлэн гарч зугтаасан үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийн зарим шинжийг хэлбэрийн төдий агуулж байна гэж үзэх үндэслэлтэй.  Учир нь дээр дурдсанаар хууль сахиулагчийн хууль ёсны шаардлага, хүлээлгэвэл зохих хариуцлагаас зайлсхийж зугтааж байгаа үйлдлийг хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаад тооцож болох боловч ийнхүү эсэргүүцэхдээ хууль сахиулагчид өөрт нь хүч хэрэглээгүй, замдаа таарсан эд зүйлийг эвдэж гэмтээн зугтаасан үйлдлийг хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, улмаар ийм зорилгоор хууль сахиулах албаны барилга байгууламжид халдсанд тооцох боломжгүй юм. Шүүгдэгч О нь хохирогч Быг Луус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн мөрдөгч гэх албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Харин түүний зугтаах үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Бын үйлдлийг няцаах зорилгоор Быг хавиран унагаж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон байна гэсэн дүгнэлт хийж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт Ог яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд сумын соёлын төвийн үүдэнд буюу олон нийтийн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ог тамхи татахаа болихыг шаардахад нь шаардлагыг биелүүлэхгүй харин ч түүний өөдөөс тамхины утаагаа үлээгээд байснаас сумын хэсгийн цагдаагийн байранд хүргэж ирсэн байна.

           Хэргийн талаар хохирогч Бын ”...Сумын цагдаа С.Бүргэд олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан, шаардлага тавихад нь түүний шаардлагыг  биелүүлээгүй О гэгчийг хэсгийн байранд авч ирсэн. С.Бүргэдийн нүдний доод хэсгээс цус гарч байсан болохоор эмч дуудаж Амгалан-Энх, Оюунтуяа гэх 2 эмч ирээд цусыг нь цэвэрлэж байхад О агсамнаж босч ирэх гээд байхаар нь гарнаас нь барьж суулгаад агсамнахаа боль гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй С.Бүргэдийг “Чи ингэх болоогүй шүү, хамаатан садан” гээд л агсамнаад байсан. Гэнэт босч ирээд түргэн тусламжийн хайрцагтай юмнуудыг дээш нь авч шидээд, өрөөний хаалгыг цохиод нугасаар нь салгаад цугтаахаар нь би араас нь гүйж гараад гараас нь барьж авсан. Бас Ж.Чойбалсан гэдэг залуу гараас нь барьж авсан байхад гэрлийн шонг өшиглөж сууриар нь салгасан. Нөгөө Ж.Чойбалсан гэдэг залуу Огийн гарыг тавихад намайг хавираад гарнаас татахад нь  би өвдгөөрөө  явган хүний цементэн зам дээр унасан. Босоод  явах гэсэн чинь өвдгөөр өвдөөд байсан. Аймагт ирээд үзүүлэхэд өвдөгний тойг бяцарсан байна гэсэн” мэдүүлэг /хуу- 9-10 /,

           Гэрч Ж.Чойбалсангийн “...Бүргэд цагдаа гарч ирээд “олон нийтийн газар тамхи татлаа гэсэн чинь согтуу залуу” болдоггүй юмуу” гээд тамхины утаагаа өөдөөс нь үлээгээд байсан. Бүргэд согтуу залууг машинд суучих кабон дээр очьё гэж хэлсэн чинь “би яахаараа машинд суух ёстой юм” гээд суухгүй байсан. Бүргэд цагдаа хүчээр машинд суулгаад явахад нь би машинд суусан. Кабон дээр ирэхэд сумын төлөөлөгч Б байж байсан. Тэгээд 2 эмч ирээд Бүргэдийг үзэж байхад согтуу залууг Б гарнаас нь бариад шалан дээр суулгаж байхад агсамнаж босч ирээд эмнэлгийн хайрцгийг авч хаяад өрөөний хаалгыг нугасаар нь салгаад гарч зугтаасан. Араас нь төлөөлөгч Б бид 2 гарч очоод гарнаас нь барихад тэр залуу гэрлийг шууд өшиглөөд сууриар нь салгасан. Тэгснээ Б цагдааг хавирч унагаагаад дээр дороо орж байх үед Бүргэд цагдаа гарч ирээд согтуу залууг гавлаад Б цагдааг босгож авсан. Тэгэхэд Б цагдаа доголоод зүүн талын өвдгөө бариад байсан” гэсэн мэдүүлэг  /хуу-22/

           Гэрч С.Бүргэдийн “...Би Ог согтуу байсан болохоор бас шаардлага биелүүлэхгүй болохоор нь хэсгийн байранд очъё гээд машинд суу гэхэд суухгүй байхаар нь биеийн хүч хэрэглэн машинд суулгаад хэсгийн байранд авч ирсэн. Би Ог машинд суулгах гэж байхдаа машины хаалганд нүүрээ цохисноос миний баруун талын нүдний доод талд урагдаад цус гараад байсан болохоор хэсгийн байранд эмнэлгийн сувилагч дуудаж боолт хийлгэж байхад О өрөөний хаалгыг түлхэж нугасаар нь салгаад гарч зугтахад төлөөлөгч Б араас нь гарсан. Тэгээд намайг араас нь гараад очиход О, Б төлөөлөгч 2 зууралдаад хэвтэж байхаар нь би очиж салгаад Б бид 2 Ог гавлаад хэсгийн байранд оруулж ирсэн. Тэгэхэд төлөөлөгч Бын хөл нь доголсон байсан. Дараа нь гадаа гараад харж байхад гадаа гэрлийн шон сууриараа салсан, гэрэл нь хагарсан байсан./хуу-16 / гэсэн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн олон нийтийн газар агсамнаж байсан Ог цагдаа Бүргэд хууль бус үйлдэл хийхээс нь урьдчилан сэргийлж хэсгийн байранд авчирсан бөгөөд хэсгийн байранд түүний гараас нь барьж суулгаж байсан хэсгийн мөрдөгч Бын гараас гараа булаан авч зугтаан гарахад араас нь очиж барьж авахад нь О  мөрдөгч Быг хавирч унагаасан талаар хэрэгт дээр дурдсан  нотлох баримтууд авагдсан бөгөөд хэрэгт зөрүүтэй нотлох баримт байхгүй байна.

            Гэтэл анхан шатны шүүхээс О нь Быг Луус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн мөрдөгч гэх албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хангалтай нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд нотлогдоогүй гэж үзсэн  үндэслэл болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв. 

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч Огийн үйлдсэн гэх дээр дурдсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгалгүйгээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтуудыг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Шүүгдэгч Од холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учир түүнд холбогдох яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргүүдийн зүйлчлэл зөв эсэхэд дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   39.1 дүгээр зүйлийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол, шүүгдэгч Од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                  

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ