Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Мөнгөнсүх,

          шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Б,

          нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1012 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Улсын яллагч Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Н-д холбогдох эрүүгийн 1709 0125 00126 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Г-ийн Н, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 80 дугаар гудамжны 929 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

Г.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сувдын гүүрний орчим хохирогч Н.М-тэй эр эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Г.Н-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокуророос Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзлээ.

Тодруулбал, Г.Н хохирогч Н.М-тэй гэр бүлийн харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрч Д.У, М.Б, Н.Б нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...” гэж, тухайн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг” гэж, 2-1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж, мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус зохицуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гэж, 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тусгажээ.    

Дээрхээс үзвэл Г.Н нь өөрийн гэр бүлийн харилцаатай эхнэр болох Н.М-№ийн бие махбодид халдсан үйлдэл хийж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байж болох нөхцөл байдал байх тул хэргийн зүйлчлэлд анхаарч, Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв хэрэглэх шаардлагатай байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрхэд халдсан байдгийг холбогдох хуульд тодорхой зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй байна ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана ...” гэж хуульд заасан байтал анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлохдоо “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд  халдсан” үйлдэл байхаар заасан ба энэ шинжийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж байхаар хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнгын шинжтэй байх ба гэмтэл учруулаагүй бол 11.7 дугаар зүйлээр гэмтэл учирсан бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйлээр, хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ял шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Гэтэл манай тохиолдолд ганц удаагийн үйлдлээр эхнэр Н.М-гийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Г.Н-ын эхнэрээ зодсон явдал нь хардалтын улмаас нэг удаагийн хийсэн үйлдэл. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэй санал нэг байна. Эхнэр бид хоёр хэвийн харилцаатай хамтдаа амьдарч байгаа ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Г.Н нь нэг удаагийн үйлдлээр эхнэр Н.М-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт бөгөөд зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэгдэхээр хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл прокуророос Г.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал танилцуулж, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.    

 

 Иймд Г.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1012 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Н-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ