Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00736

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 232 дугаар магадлалтай,

                                                                                                           

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

Н.Б-ид холбогдох

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282,535,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Б- нь 2014 оны 07 сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн шүүхэд 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд нэхэмжлэгч Х.Б-ын эзэмшлийн 234 м.кв амины орон сууцны зориулалттай барьсан барилгыг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус дүүргийн иргэний хэргийн 2-р шүүхэд гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 13501 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Зохигчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын гомдол гаргасныг шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Н.Б-той харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр 100 хувь өөрийн хөрөнгөөр барилга барьснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар бий болгосон учир шударга эзэмшигч юм. Харин хариуцагч Н.Б- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн үед Х.Б- нь өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байсан. Х.Б- нь миний эзэмшлийн 3 давхар барилгыг сууриар нь бүрэн буулгасан байсан нь миний эд хөрөнгөд хууль зөрчиж, гэм хор санаатайгаар учруулсан байна. Хариуцагч Н.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэх явцад иргэн Х.Б- нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар мэргэжлийн байгууллага болох "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн амны Эко хотхоны 3-1 тоот өөрийн барилгын зах зээлийн үнэлгээг тодорхойлуулсан. Одоогоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тодорхойлох боломжгүй устаж үгүй болсон учир тухайн үеийн үнэлгээний тодорхойлолтоор хохирлыг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282,535,700 төгрөгийг хариуцагч Н.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Н.Б- нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд 1.4 га газрыг Аялал жуулчлалын төв барих зорилгоор 2004 оноос эхлэн 1/104 тоот Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авсан юм. Тухайн газар дээр иргэн Ч.Чимгээсүрэнтэй 2006 оны 08 сарын 24-ний өдрийн "хамтын ажиллагааны гэрээ", Х.Б-той 2006 оны 06 сарын 13-ны өдөр 2 тоот "Хамтран ажиллах гэрээ" тус тус байгуулсан боловч тухайн гэрээнээс талууд гарч дуусгавар болгосон. 2016 онд иргэн Х.Б- түүний эхнэр М.Цэцэгмаа нарын тухайн газартай холбоотой "...газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болохыг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох" сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Баянгол дүүргийн ИХАШШүүхийн 2016.04.18-ны өдрийн 102/ШШ2016/03142 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.07.20-ны өдрийн 1350 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01326 тоот тогтоолоор Н.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Отгонжаргал, Х.Б-, гуравдагч этгээд Ч.Энх-Амгалан нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч, сөрөг нэхэмжлэл гаргагч Х.Б-ын шаардлага "1/104 дугаар гэрчилгээ бүхий газарт дэд бүтэц татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болохыг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох" гэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хамтран ажиллах гэрээ 1 болон 2 тоот гэрээнээс тус тус гарч, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авч төлбөр тооцоогүй болохоо нотолсон тул хамтран ажиллах гэрээний оролцогч биш байгааг дурьдан шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1350 тоот магадлалд "хариуцагч Х.Б- нь тэрээр барилгын материалыг ашиглахаар өөрийн хэсгийг буулгаж, Н.Б- түүний оруулсан хөрөнгийн хохирлыг барагдуулсан талаар 2010.10.20-ны өдөр бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан болохоо үгүйсгэсэн баримтыг гаргаагүй, ХУД-ийн шүүхийн 2011 оны 1238 дугаартай шийдвэрт түүнийг хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө татан авсан, нэхэмжлэгчтэй байгуулсан 2006 оны 08 сарын 24-ний өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ", 2006 оны 06 сарын 13-ны өдрийн 2 тоот "Хамтран ажиллах гэрээ"-нээс тус тус гарч, гэрээний тал биш гэж шүүх дүгнэж Х.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01326 тоот тогтоолд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1350 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр газар хамтран ашиглах эрхгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн байдаг. Иймд иргэн Х.Б-ын дээрх 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр уг газар, барилгатай ямар ч холбоогүй болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Б-оос 282,535,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,570,629 төгрөгийг улсын төсвийн орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 232 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 232 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайлбал, Нэхэмжлэгч Х.Б- өөрийн хөрөнгө оруулж барьсан барилгыг буулгаж түүний эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөр гэм хорыг арилгуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01326 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг баримталсныг буруу гэж үзэж байна. Учир нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Н.Б-ийн нэхэмжлэлээр “ ... Болдын эзэмшлийн барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй хэрэгт тухайн үед хариуцагч Х.Б- сөрөг нэхэмжлэлдээ ... буулгах шаардлага гаргасан барилгын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй“ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Шүүхэд Х.Б- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч барилгыг буулгасан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба уг барилгыг захиран зарцуулах эрхтэй гэдгийг ч нотлоогүй болно. Уг барилгын эзэмшлийн талаар маргадаггүй.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь зохигчдын хооронд үүссэн өөр эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд эд хөрөнгийн маргааны талаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биш юм. Уг хэрэгт нотлох баримт болгож буй баримт нь Х.Б-ын 2010 оны 10 сарын 20-ны өдөр бичсэн “... Н.Б- нь уг барилгыг барихад Х.Б- миний оруулсан хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулсан учир бидэнд ямар нэг өмч хөрөнгийн маргаангүй болно” гэсэн баримтыг үндэслэн Н.Б-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх” нэхэмжлэл шүүхээр хангагдаж шийдвэрлэгдэх учиртай байсан. Дээрх нотлох баримтыг шүүх буруу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Х.Б-ын 2010 оны 10 сарын 20-ны өдөр бичсэн тодорхойлолт нь 3 давхар барилгыг Н.Б- 2 давхар барилгаар сольсон асуудалд хохирлын талаар бичсэн тодорхойлолт бөгөөд Х.Б-ын хөрөнгө оруулж барьсан барилгын төлбөрийг барагдуулсан гэсэн болохоос барилга Н.Б-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн гэсэн ойлголт биш юм. Мөн хариуцагч Н.Б-ийн буулгаж, нураасан барилгыг 2010 онд Х.Б-ын бичиж өгсөн тодорхойлолтоор эзэмшилдээ авсан байна гэж шүүх дүгнэсэн бол яагаад 2016 онд Н.Б- шүүхэд “Х.Б-ын эзэмшлийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх “нэхэмжлэл гаргасан талаар дүгнэлт хийгээгүй вэ гэдэг нь ойлгомжгүй юм. Хариуцагч Н.Б-ийн 2014 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2016 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс харахад нураасан барилга, хөрөнгийн эзэмшигч нь Х.Б- гэдгийг хүлээн зөвшөөрч байсан тул уг нэхэмжлэлийг гаргах болсон. Эндээс дүгнэхэд буулгасан гэх барилга нь Н.Б-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч өөрийн эзэмшлийн хөрөнгийг буулгасан гэдгээ нотлоогүй болно. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 1238 дугаар шийдвэртэй Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй хэрэгт түүнийг эзэмших эрхтэй болохыг тогтоосон. Уг хэрэгт Х.Б-ыг цуг барилга барьж байсан барилгын материалын хохирлыг Н.Б- барагдуулсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан байдаг. Гэвч дээрх шүүхийн шийдвэрээр Х.Б-ын барилгыг эзэмших асуудлыг шийдвэрлэн тогтоосон болон Н.Б- нь Х.Б-од хэдэн төгрөг өгч хохирол барагдуулсан баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Б-ыг барилга эзэмших эрхгүй болох талаарх үйл баримтыг тогтоогоогүй болно.

Хэрэв Х.Б-ын барьсан барилгын төлбөрийг 2010.10.20-ны өдөр барагдуулсан бол Н.Б- өөрийн эзэмшил ашиглалтдаа яагаад шилжүүлж аваагүй, 2014 оны 07 сарын 10-нд барилгыг буулгаж, газар чөлөөлөх нэхэмжлэлийг Х.Б-од холбогдуулан гаргасан талаарх үйл баримтыг шүүх анхаараагүй болно. Энэ талаар 2016.12.02-ны өдрийн УДШ-н хяналтын шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч Н.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрхэн төлбөр барагдуулсан талаар тодруулж асуухад тэрээр нотолж чадаагүй юм. Шүүх зөвхөн нэхэмжлэгч Х.Б- өөрийн хөрөнгөөр барьсан барилга болохыг нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд нотлох баримтыг эргэлзээгүй байх талаас нь анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Хариуцагч Н.Б- бусдын эд хөрөнгөд хохирол учруулаагүй болохоо нотолж чадаагүй байхад хохирол шаардах үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх Х.Б-ыг “хамтран ажиллах гэрээнээс гарсан” болох нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэжээ. Гэрээний талууд гэрээс татгалзах, гэрээг дуусгавар болгох, гэрээний харилцаанаас гарах нь уг гэрээний дагуу бий болсон эд хөрөнгийг гэрээний нөгөө талаас шаардах эрх нь үүсэхгүй байх үндэслэл болохгүй юм. Тэгээд ч анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдэд нэхэмжлэгч Х.Б-ыг гэрээнээс гарсаныг тогтоосон болон маргаан бүхий нураагдсан барилгыг өөрийн хөрөнгөөр бариагүй болохыг тогтоосон заалт байхгүй гэдгийг шүүх анхаараагүй бөгөөд Х.Б-ын барилгын эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон учир гэм хор шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь буруу болсон. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг хэлбэр бөгөөд өөрийн хууль ёсны эрх зөрчигдөж буйг шүүхээр хамгаалуулах шаардлага билээ. Цаг хугацааны хувьд 2010 оноос илүү 2014, 2015-2016 оны үйл баримтуудыг анхаарч үзэх, Н.Б-, Х.Б-од хичнээн төгрөг төлж барилгыг эзэмшилдээ авсан гэж үзэж байгааг тодруулж өгнө үү. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.19-ний өдрийн 232 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Н.Б-ид холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн амны Эко хотхоны 3-1 тоот 234 м.кв талбай бүхий барилгыг дур мэдэн нурааж, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 282,535,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийг барилга, газартай холбоотой ямар нэгэн эрхгүй гэж тогтоосон тул шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Н.Б-ийн нэхэмжлэлтэй Д.Отгонжаргал, Х.Б- нарт холбогдох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аманд байрлах 1.5 га газраас Х.Б-, Д.Отгонжаргал нарын эзэмшлийн дутуу баригдсан барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, Х.Б-ын гэрчилгээ бүхий газарт дэд өртөө, зам бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгуулах, нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас өөрт ногдох хэсгийн газрыг ашиглах эрхтэйг тогтоолгох, барилгыг эзэмших, ашиглах эрхтэйг тогтоолгох тухай Д.Отгонжаргалын хамтран ажиллах гэрээний дагуу газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Ч.Энх-Амгалангийн газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01326 дугаар тогтоол хэрэгт авагдсан ба шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд тухайн шаардлагаасаа татгалзсаныг баталж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-ын Н.Б-ид холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Б- хамтран ажиллах гэрээнээс гарсан нь тогтоогдсон, түүний 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичсэн “...Н.Б- нь уг барилгыг барихад Х.Б- миний оруулсан хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулсан учир бидэнд ямар нэг өмч хөрөнгийн маргаангүй болно” гэсэн тодорхойлолтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцсэнгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, буулгасан гэх 3 давхар барилгын эзэмшил, зохигчдын маргаж буй үйл баримт, цаг хугацааны талаар үндэслэл бүхий дүгнээгүй байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,   шийдвэрийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн амны Эко хотхоны 3-1 тоот 3 давхар барилгыг нураасны хохирол 282,535,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа “...2017 оны 06 сарын 19-ний орой миний эзэмшлийн барилгыг сууриар нь бүрэн буулгасан нь миний эд хөрөнгөд хууль зөрчиж, гэм хор санаатайгаар учруулсан” гэснээс үзэхэд барилгыг буулгахдаа нэхэмжлэгчийн хөрөнгөд хохирол учруулсан, эсхүл барилгын үнээр хохирсон аль хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нураагдсан барилгын хэмжээгээр хохирсон гэж шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2016 оны 11 сарын 25-ны өдрийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайланд “Барилга нь хоёр айлын нийлүүлж барьсан барилга ба нэг тал нь иргэн Х.Б-ынх” гэсэн байх бөгөөд уг байрны хувьд Х.Б-, Ч.Энх-Амгалан, Н.Чимгээсүрэн нарын эзэмшил тодорхойгүй, нэхэмжлэгч нь хохирлыг бүхэлд нь шаардах эрхтэй эсэх нь ойлгомжгүй байна. 

Түүнчлэн Н.Б-оос Д.Отгонжаргал, Х.Б- нарт холбогдуулан гаргасан Зайсангийн аманд байрлах 1.5 га газраас Х.Б-, Д.Отгонжаргал нарын эзэмшлийн дутуу баригдсан барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн гурван шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон тухай баримт хэрэгт авагдсан ба хариуцагч Н.Б- нь 2017 оны 06 сарын 19-ний өдөр тухайн газар дээрх барилгыг буулгасан эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:     

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 232 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,575,000 /нэг сая таван зуун далан таван мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН