Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02431

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02431

 

 

 

 

Х.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэртэй, Х.Болдын нэхэмжлэлтэй Н.Батдоржид холбогдох, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Болд, түүний итгэмжлэгдсэн төлөөлгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2005 онд Н.Батдоржтой харилцан тохиролцож, түүний эзэмшлийн газар дээр 100% өөрийн хөрөнгөөр барилга барьсан. Анх 1 дүгээр барилгыг барьсан боловч 2010 оны 05 сард Н.Батдоржийн хэлснээр 3 дугаар барилгын 1 тоотоор сольсон. 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтаар X.Болдын байшингийн оронд байр өгөх, Н.Батдоржид гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг санал болгосон. Тус уулзалтын тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт 2016 оны 3 сарын 02-ны өдөр үзлэг хийснээр уг бичгийн хэлбэрт хөрвүүлсэн яриа зөөврийн флашд бичигдсэн ярианы агуулгатай тохирч байгааг тэмдэглэсэн. Үзлэгт 2 талын өмгөөлөгч, гэрч нийт 9 хүн оролцсон. Мөн 2014 оны 5 дугаар сарын 26-ны тэмдэглэлд X.Болдод байр санал болгосон боловч саналыг хүлээж аваагүй тул 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Н.Батдорж X.Болдын барилгыг буулгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ тооцоо дууссан Г.Долгорсүрэн, Ч.Чимгээсүрэн, П.Нарантуяа нарыг нэр заасан. Дээрх үйл баримтууд нь цаг хугацааны хувьд 2010 оноос хойш болсон үйл явдлууд учир Зайсангийн амны Эко хотхоны 3 давхар 3-р барилгын 1 тоот барилгын эзэмшигч X.Болдтой тооцоо хийгээгүй болохоо Н.Батдорж хүлээн зөвшөөрсөн баримтууд болно. Нэхэмжлэгч X.Болд нь өөрийн эзэмшлийн 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотын хөрөнгөнд үнэлгээ хийлгэх хүсэлтийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр газар дээр нь ирж тухайн үеийн зах зээлийн ханшаар 3 давхар барилгад эд хөрөнгийн үнэлгээг гаргасан. Иймд уг үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэн нураасан 3-р барилгын 50 хувь болох 3-ын 1 тоотод ногдох 282 535 700 төгрөгийн гэм хор учруулсан үнийн дүнг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайландаа дурдсан ... барилга нь хоёр айлын нийлүүлж барьсан барилга ба нэг тал нь иргэн X.Болдынх гэснээс үзэхэд тус 3-р барилга нь 1 ба 2 тоот гэсэн 2 эзэмшигчтэй бөгөөд 1 тоот нь нэхэмжлэгч X.Болдын эзэмшил, 2 тоот нь Ч.Энх-Амгалангийн эзэмшил байсан. Н.Батдоржоос Х.Болд, Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нарт холбогдуулан дутуу баригдсан барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлэх тухай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт иргэн Ч.Энх-Амгалан бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай гуравдагч этгээдээр оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Батдоржтой тохиролцсоны үндсэн дээр бие даасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж гарсан бөгөөд энэ талаар 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т баталсан. Тус шийдвэрээр X.Болдын барилгын залгаа барьсан 3-ын 2 тоотын эээмшигч Ч.Энх-Амгалангийн барилга эзэмших эрх дуусгавар болсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 3-р барилгын 2 тоотын хэсгийг нураахдаа X.Болдын хэсгийг үлдээсэн нь 3-ын 1 тоот зөвхөн X.Болдын эзэмшил мөн болохыг нотолсон. Иргэн Ч.Чимгээсүрэнгийн хувьд Н.Батдоржийн ашиглалтын газар дээр дутуу барьсан барилгын тооцоог 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэлцлээр бичгийн баримт үйлдсэнээр уг Эко хотхонд барилга эзэмших эрх нь дуусгавар болсон. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Н.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эко хотхоны 6 хүнээс 3 нь тооцоо дуусаад гарсны нэг нь Н.Чимгээсүрэн гэж нэр заасан. Ч.Чимгээсүрэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, оролцоогүй. Иймд X.Болдын барилгын үнэлгээнд Н.Чимгээсүрэн хамаарахгүй. 3-р барилгын 50 хувийн эзэмшигч байсан Ч.Энх-Амгалангийн хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нурааснаас жилийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр X.Болдын 3-ын 1 тоот барилгад байсан эд зүйлсийг өөр барилгад шилжүүлсэн тухай мессеж X.Болдын гap утсанд ирсний дагуу барилга дээрээ ирэхэд X.Болдын эзэмшлийн 3 давхар барилгын хэсгийг сууриар нь буулгасныг мэдсэн. Иймд 736 дугаар тогтоолын хянах хэсэгт дурдсан иргэн Ч.Энх-Амгалан, Ч.Чимгээсүрэн нарын эээмших эрх дууссаныг дээрх үйл баримтуудаар нотолж байгаа тул энд зөвхөн X.Болдын эзэмшлийн 3-р барилгын 50 хувьд ногдох хэсэг буюу 3-ын 1 тоот барилгын хөрөнгөнд хамаарах хохирлыг нэхэмжилж байгаа тул эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохирол болох 282 535 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Батдорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тодруулга, тайлбарыг эс зөвшөөрч дараах тайлбаруудыг өгч байна. 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн уулзалт түүнд хууль зөрчин нууцаар бичлэг хийсэн бөгөөд мөн хурлын тэмдэглэлд зөвхөн нэр бүхий хүмүүс гарын үсэг зурсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр биш баримтууд гэдгийг өмнөх шүүхээр шийдвэрлэсэн. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дутуу баригдсан барилгыг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, барилга эхлэх, үргэлжлүүлэх ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан хууль бус үйл ажиллагааг зогсоох Улсын байцаагчийн ... Дутуу баригдаж орхигдсон барилгыг 2014 оны 7 дугаар сарын 10-ны дотор буулгах, ... Зөрчлийг арилган албан шаардлагын хариуг хамгаалалтын захиргаанд ирүүлэх Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хууль ёсны албан шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэл нь байсан. Х.Болдын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлбөр тооцоогүй гэсэн өөрийн гараар бичсэн баримт нь хэрэгт авагдсан ба, мөн нотлох баримтаар үнэлэгдсэн. Хэрэгт өгсөн үнэлгээний төвийн тайлангаар тогтоогдсон 282 525 700 төгрөг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй. Тус барилга нь Н.Батдоржийн Ч.Чимгээсүрэн, Г.Долгорсүрэн нараас худалдан авсан барилга юм. Хөрөнгийн үнэлгээний төв нь барилгын эзэмшил өмчлөлийг тогтоох эрх зүйн субъект биш учир хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Ч.Энх-Амгалан бие даасан шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан нь уг барилга Х.Болдын эзэмшил болохыг нотлохгүй. Ч.Чимгээсүрэн өөрийн барилгатай холбоотой гарсан зардлыг бэлэн мөнгөөр төлбөр тооцоог дуусган Н.Батдоржийн өмчлөлд шилжүүлсэн нь уг барилга нь Н.Батдоржийн өмч болохыг нотолдог. Хууль бусаар ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан, Н.Батдорж өөрийн өмчлөлийн барилгыг буулгасан байдаг. Дээрх тайлбаруудаас харахад Х.Болд нь ямар баримтыг үндэслэн өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотолсон болон нэхэмжилж байгаа зүйлийнхээ үндэслэл болсон анхан шатны нэг ч баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон тодруулсан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор уг барилгаа буулга гэсэн албан шаардлагыг үндэслэж барилгыг буулгасан. Барилгыг зөвшөөрөлгүй буулгасан асуудал дээр 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Х.Болд тухайн барилгыг эзэмших ашиглах эрхгүйг тогтоосон. Тус шүүхийн шийдвэрүүдийг үндэслэж барилгыг нураасан. Өмнөх эзэших ашиглах, өмчлөх асуудлыг 3 шатны шүүх шийдсэн. Мөн 1-р барилгаас 3-р барилга руу шилжсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тэр талаар ямар ч баримт байдаггүй. Шилжсэн бол гэрээ хэлэлцээр эсвэл дутуу баригдсан барилгын гэрчилгээ ч юм уу байх ёстой. Тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авсан талаар Х.Болдын өөрийн тодорхойлт байдаг. Мөн барилга барихтай холбоотой Омо барилга ХХК-аас 10 000 000 төгрөгийг буцааж авсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны шийдвэрээр бүгдийг тогтоосон. Ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч 280 000 000 төгрөг нэхэмжилж байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр Х.Болдыг өмчлөх эрхгүй болохыг тогтоосон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Батдоржоос нийт 180 719 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Болдод олгон, үлдсэн 101 816 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Болдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 570 629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 1 061 545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Болдод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр 180 719 700 төгрөгний хохирлыг барагдуулж 101 816 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь барилга барьж эхэлсэн 2005 оноос хойш 1 ам.долларын ханш 1000 гаас 2570 төгрөг болсон, ханшийн өсөлтийг дагаад барилгын материалын үнэ өртөг, бензин түлш, цалин хэд дахин нэмэгдсэн, орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 500 000 төгрөгөөс 2-5 сая төгрөг болтлоо өссөн. Гэтэл 272 м.кв талбайтай манай барилгын үнийг 70-80 м.кв орон сууцны үнэтэй дүйцүүлсэн нь өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаар 282 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад 180 000 000 төгрөг байтугай 282 500 000 төгрөгт ч багтаахад хүрэлцэхгүй. Х.Болд 272 м.кв талбайтай З давхар барилгынхаа 1 м.кв талбайн үнийг 1 000 000 төгрөг буюу / 282 000 000 төгрөг: 272 м.кв =1 038 600 төгрөг/ хамгийн бага үнийн дүнгээр нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс 1 м.кв-ыг 660 000 төгрөг /180 700 000 : 272=664 400 төгрөг/ болгож бууруулсан нь үндэслэлгүй. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч X. Болд нь тус Эко хотхонд 3 давхар барилгыг 2 дахиж барьсан. Учир нь манай анхны 94 хувийн гуйцэтгэлтэй 1-р барилгын 1 тоот З давхар барилгыг Н.Батдоржийн хүсэлтээр 60 хувийн гүйцэтгэлтэй 3-р барилгын 1 тоот 2 давхар барилгаар сольж 3-р давхрыг гүйцээн нэмж барин дээвэр, хаалга , цонхыг битүүлж, фасад хийж 95 хувийн гүйцэтгэлтэйгээр 2010 онд дуусгасан. Иймд X. Болд үндсэндээ 3 давхар барилга 1 бүтнийг, 2 давхар барилгыг 3 давхар болтол гүйцээж 1 давхар нэмж барин, нийтдээ 4 давхар барилга барьсан боловч зөвхөн 3 давхар барилгын үнийг нэхэмжилж зөрүү 1 давхарт ногдох үнийг нэхэмжлээгүй. /Барилга сольсон, дутуу барилгыг гүйцээж барьсан баримт, фото зургууд хавтаст хэрэгт авагдсан./

Барилгын талыг буюу 3-р барилгын 2 тоотыг нураасны дараа 3-ийн 1 тоот хэсэгт үнэлгээ хийлгэсэн нь барилгыг хямдаар үнэлэхэд нөлөөлсөн бөгөөд барилгын талыг нураагаагүй , дээврийг задлаагүй үед нь үнэлүүлсэн бол илүү өндөр үнэлгээтэй байх байсан. Барилгын тал нь нураагдсан тохиолдолд барилга үнэ цэнээ алдаж үнэлгээ буурдаг тухай үнэлгээний мэргэжилтэн тайлбарласан. Энэ нь Н.Батдорж манай барилгыг санаатайгаар нурааснаас болж барилгын үнэлгээг бууруулж, бага дүнгээр үнэлэхэд шууд нөлөөлсөн. Шүүхээс барилга нураахыг хориглосон шийдвэр гарсаар байхад газраа зарахын тулд манай барилгыг санаатайгаар нурааснаас болж давхар давхар хохирол амссан. Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх.....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Гэвч 282 535 700 төгрөг нэхэмжилснээс 101 816 600 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж 180 719 700 төгрөг гаргуулах болсон нь гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх. хохирлыг барагдуулахад өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаар 282 м.кв талбайтай 3 давхар барилгыг барихад 180 719 700 төгрөг амьдрал дээр хүрэлцэхгүй бодит байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж 101 816 600 төгрөгийг нэмж Н. Батдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарлан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг буруу үнэлж хэргийг тал бүрээс нь үнэн зөв шийдвэрлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг нь өөрийн өмчлөлийн барилга болохыг нотолсон анхан шатны нэгч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэжээ. Гэтэл уг барилгыг Ч.Чимгээсүрэн, Г.Долгорсүрэн нараас авч тооцоо хийсэн хэлцэл баримтыг шүүх хуралд гарган өгсөн. Харин эсрэгээрээ барилгыг өөрийнх гэснийг нотолсон Х.Болд гэсэн нэртэй анхан шатны нэгч баримт, хэлцэл,гэрээг гаргаж өгөөгүй. Барилгыг барьсан эзнээс худалдан авсан баримт байсаар байтал Ч.Энх-Амгалангийн нэр гарын үсэг бүхий барилга үргэлжлүүлэн барих зөвшөөрөл хүссэн өргөдлийг Х.Болдод барилгаа шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэхүү өргөдөлд барилга шилжүүлсэн талаар нэгч үг үсэг байхгүй. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна гэсэн боловч тухайн гэрээг дуусгавар болгон талууд гэрээнээс гарсан болохыг тогтоосон 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3142 дугаар шийдвэр, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1350 тоот магадлал, 1326 тоот тогтоолоор тус тус тогтоосныг ямар үндэслэлээр үгүйсгэж хүчингүй болгосон мь тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Х.Болд нь өөрийн дутуу баригдсан барилгыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь Ч.Чимгээсүрэнгийн дутуу баригдсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь Ч Энх-Амгалангийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийн хуулбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь илт хууль бус үндэслэл болжээ. Тухайн өргөдөлд зөвхөн Ч.Энх-Амгалан өргөдөл гаргасан байгааг Х.Болдынх гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн. Улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан шаардлагыг Н.Батдоржид гэж нэр зааж өгсөн байтал илт эсрэгээр нь X Болдынх болгон дүгнэжээ. Гэрч Ч.Чимгээсүрэнгийн гэрчийн мэдүүлэгт уг барилгыг зөвхөн Н.Батдоржид шилжүүлэн өгсөн болохыг гэрчилж мэдүүлэг өгсөн байтал шүүх бүр эсрэгээр нь Х.Болдод шилжүүлсэн болох нь нотлогдож байна хэмээн үндэслэж зарим шаардлагыг хангасан нь хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй. Дээд шүүхийн 1326 тоот тогтоолоор Х.Болдод холбогдох газар, барилгыг эзэмших. ашиглах эрхгүй болохыг тогтоосон анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол улсын 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүйдүүлэн өмчлөх, ашиглах, эзэмших эрхгүй. Х.Болдын барилга гэж шийдвэрлэн гэм хор учруулсан гэж Н.Батдоржоос 180 719 100 төгрөгийг гаргуулан Х.Болдод олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Болд нь хариуцагч Н.Батдоржид холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Талуудын хоорондын маргааны зүйл болж байгаа барилга нураасан хохирлын хэмжээг шүүх тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг зөрчсөн байна. Зөвхөн нэг талын гаргасан дээрх баримтаар өөрийн хөрөнгөөр барьсан барилгыг хариуцагч нураасантай холбоотой нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг үнэн зөв эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэх нь учир дутагдалтай.

Хохирлын хэмжээ буюу эд хөрөнгөд гарсан зардал, төсөвт өртгийн хэмжээ эсхүл тухайн тухайн хөрөнгийн бүртгэлийн үнэлгээ зэргийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох учиртай. Хэргийн 22-25 дугаар талд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Барилга үнэлсэн тухай тайлан гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримт авагдсан байх бөгөөд уг тайланг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгожээ. Хэдийгээр нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлохоор Барилга үнэлсэн тухай тайлан гэх баримтыг гаргаж өгсөн байх боловч дээрх баримт нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийг үзэж танилцан, 11 дүгээр сарын 25-ны өдрөөр үйлдэгдсэн байх тул Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхээс томилогдсон, тусгай мэдлэгээ ашиглаж энэ үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж хийсэн дүгнэлт гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж тус тус заасан. Эдгээрээс үзвэл тухайн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Энэхүү баримт нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийн агуулга бүхий бичгийн нотлох баримтаар хэрэгт авагдсан атал хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй, үнэлгээ гаргасан үйл ажиллагаа шүүхийн хяналтад хийгдээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм.

Маргааны үйл баримтыг дүгнэхэд шаардлагатай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх түүнчлэн үнэлэх журам зөрчсөн байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 676 000 000 төгрөгийг, хариуцагчийн 1 061 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ