Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00809

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэр           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8,606,646 төгрөг, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920,000 төгрөг, нийт 9,526,646 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01520 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 06 сарын 01-нээс 07 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 929,151 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. Гэвч “Э” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн авахгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2017 оны 05 сарын 03-ны өдөр үйлчилгээ хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн авсан. Харин мөн сарынхаа 30-ны өдөр намайг орон тоо хасагдаж байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж мэдэгдэл өгч үүгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, компанийн дотоод журмын 9.5, 9.5.2-т зааснаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор заасан боловч одоог хүртэл шалтаг заан мөнгө, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургууль төгссөн дипломыг өгөхгүй байна. Иймд “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны 2016 оны 07 сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэлх /207 өдрийн, нэг өдрийн цалин 41,578 төгрөг/ цалин 8,606,646 төгрөг, нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920,000 төгрөг, нийт 9,526,646 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулж, даатгалын дэвтэр тус бүрт cap тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Д.Б- нь “Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байхдаа алдаа гаргасны улмаас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 01520 дугаар шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шаардлагын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны буюу 929,151 төгрөгийг Д.Б-д олгож, ажилд эгүүлэн томилсон. Иймд 2016 оны 07 сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин 8,606,646 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920,000 төгрөг гаргүулах шаардлагын хувьд Д.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч компанид үйлчилгээ хариуцсан ажилтан албан тушаалд ажилд орсон бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр уг орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгч хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцагчид тэтгэмж олгохгүй гэсэн асуудал үүсгээгүй тул хуулийн дагуу олгоход татгалзах зүйлгүй. Бусад шаардлагын хувьд хариуцагчийн зүгээс бичиг баримтыг олгохгүй гэх асуудал тавиагүй. Нэхэмжлэгч Д.Б- өөрөө одоог хүртэл компани дээр очиж аваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,907,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, хариуцагч “Э” ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн талаарх бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмжийн 920,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний урьдчилан төлсөн 167,377 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулах, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227,666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,606,646 төгрөг,  нэг сарын тэтгэмж 920,000 төгрөг, нийт 9,526,646 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн бичилт хийж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай” гэж, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тус хэрэгт хариуцагчаар оролцсон “Э” ХХК нь ИХШХШТХ-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн хүрээнд оролцсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан хурал нь өөр шүүх хуралдаантай давхцсан тул хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох хүсэлтэй байсан тул ийнхүү хурал давхацсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих байтал хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаар ирүүлсэн байтал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Мэтгэлцэх зарчим нь маргалдагч талууд шүүхийн өмнө өөр өөрсдийн байр суурийг өрсөлдөн нотлох хэлбэрээр илрэх учиртай. Гэтэл мэтгэлцээний аль нэг тал байхгүй, эсвэл мэтгэлцэх талууд шүүхэд байр сууриа харилцан илэрхийлэх боломж нь тэнцүү хэмжээнд байж чадахгүй бол мэтгэлцэх зарчим зөрчигдөхөд хүрнэ. Тэр ч үүднээс хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд заавал оролцох хүсэл зоригоо илэрхийлэн, тухайн зарлагдсан хурал нь өөр хуралтай давхцсан хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд уламжилсаар байтал эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2 хүнийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байхад шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарт мэдэгдээгүй болно. Мөн хариуцагч компанид шүүх хуралдааны товийг албан ёсоор мэдэгдээгүй байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалыг тус тус ИХШХШТХ-н 176.2.2-т заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 8,606,646 төгрөг, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 920,000 төгрөг, нийт 9,526,646 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн дипломыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, 2016 оны 07 сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалин 8,606,646 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1520 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг “Э” ХХК-ийн   оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 929,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр оперейшн хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17-03 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын байр цомхотгосон гэх үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь тогтоогдож байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч 8,606,646 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг 8,907,270 төгрөгийн хэмжээнд гаргуулахаар шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч нь нэг сарын тэтгэмж 920,000 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, дээд сургуулийн диплом гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэл зааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн 115 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Цолмонбаатар, Н.Баярхүү нарыг оролцуулахаар итгэмжлэл олгосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй, тэрээр төлөөлөгчийн үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “Э” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,666 /хоёр зуун хорин долоон мянга, зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН